Хоёр аварга

2-р сарын 5, 2013 10:11 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 884
Энд толиулуулж буй зураг түүх өгүүлж байна. Үндэсний спортын ууган гавьяат мастер, дархан аварга Бадамдоригийн Түв­дэндорж, даян аварга Ц.Чимэд-Очир хоёрын энэхүү зургийг орос зураг­чин 1944 онд авсан юм билээ.

Д.НАДМИД

 

Энд толиулуулж буй зураг түүх өгүүлж байна. Үндэсний спортын ууган гавьяат мастер, дархан аварга Бадамдоригийн Түв­дэндорж, даян аварга Ц.Чимэд-Очир хоёрын энэхүү зургийг орос зураг­чин 1944 онд авсан юм билээ. Тэр жил нь Ц.Чи­мэд-Очир улсын баяр наа­дамд түрүүлж аварга цол хүртсэн жил байлаа. Орос зурагчин зураг авах газраа улсын циркийг сонгожээ. Одоо олны мэдэхээр хүнс­ний дөрөвдүгээр дэлгүү­рийн ард байдаг Улсын төв циркийн хуучин дугуй байр л даа. Тухайн үед тэнд арай л орчин тохьтой хий­гээд гэрэлтүүлэг сайтай байсан болов уу. Монго­лын хоёр хүчитний эл зу­раг өнгөрсөн жил Улаан­баатар хотноо нээгдсэн “Зуун дамжсан амьдрал” нэртэй оросын гэрэл зураг архивын газартай хамтар­сан үзэсгэлэнд тавигдсан юм.

Булган аймгийн Сэ­лэн­гэбүрэн (Хангал) су­мын харьяат Б.Түвдэн­дорж улсын наадамд 1939, 1945, 1946, 1952, 1953, 1954 оны наадамд долоон удаа түрүүлж 1944, 1951 онд үзүүрлэсэн байдаг. Мөн найман удаа шөвгөрч байсан гэж намтарт нь бичээстэй бий. Булган аймгийг анхдагчдын өл­гий нутаг гэдэг. Тэр дотор Б.Түвдэндорж аварга Монголын тамирчдаас “Спортын гавьяат мастер” цолыг анх хүртсэнээрээ тэмдэглэгдсэн нь бий. Мөн түүнийг бөх хүний үлгэртэй сайхан зан ча­нар, бие галбир тэгш нь онцлог. Бас гараа дэвээ сайхантай хөнтөрч суйлах мэхийг нь хориход бэрх, хөлд нь орвол даруулж дуусдаг байсан гэж үеийнх нь дурсамж болгон ярьдаг. Тэгвэл Б.Түвдэн­дорж аваргатай наадмын дэнжид ид өрсөлдөж бай­сан хүн нь даян аварга Ц.Чимэд-Очир юм. 1944, 1946 онд энэ хоёр хүчтэн улсын баяр наадмын үзүүр, түрүү булаалдахаар үлдэж эхний жил нь Ц.Чимэд-Очир 1946 онд нь Б.Түвдэндорж түрүүлж байсан түүхтэй юм байна.

Цэдэндоржийн Чимэд-Очир аварга Архангай айм­гийн Хайрхан сумынх (хуучнаар Түшээт хан ай­маг). Улам нэмэх, бат хүчит, хурц шаламгай, шалгарсан хүчит, улсын даяар дуурсах, харилтгүй хүчит чимэг, даян аварга цолтой. Барилдааны ам­жил­тыг нь хэлбэл улсын их баяр наадамд 1944, 1950 онд түрүүлж 1946, 1952 онд үзүүрлэн 1945-1957 оны үед зургаан удаа шөвгөрч байж. Чимэд-Очир авар­гын нэг онцлог нь нэлээд хожуу буюу 27 нас хүрч байж улсын наадмын дэн­жид гарч ирсэн бөх. Ба­рил­дааны хувьд их догшин хурц барилдаантай гэдэг. Мэхэндээ хүчтэй. Халж суйлах, гуядах, гуд татах мэхийг гарамгай хийдэг байжээ. Үг дуу цөөтэй даруухан сайхан хүн бо­ловч яг барилдах болохоо­роо тэр зан нь огт алга болж учраагаа барьж аван­гуут сэгсрээд л хаях. Наад­мын өдрүүдэд Ц.Чимэд-Очир аваргатай үг яриа өдөөд огтхон ч нэмэргүй байсан гэж ахмадууд хэлэх юм билээ. Шинэхэн үеийн домогт хоёр аваргын өрөөд зогсож буй энэ зураг Монгол үндэсний бөхийн түүхэнд хүндтэй байрыг эзэлж байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *