Ховдын сонгогчид гишүүдээ ингэж дүгнэлээ

3-р сарын 12, 2015 11:14 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хөндөх сэдэв Уншсан: 738
Манай сонины “Сонгогчийн үг” энэ удаад Ховд аймагт ажиллалаа.

Б.ДАМДИН-ОЧИР

Манай сонины “Сонгогчийн үг” энэ удаад Ховд аймагт ажиллалаа. Энэ тойргоос сонгогдсон С.Бямбацогт, Д.Батцогт нарын гишүүд бий. Тэдний талаар нутгийн сонгогчид ингэж ярьсан. Онцлог нь энд саналаа хэлсэн хүмүүсийн дийлэнх нь ямар нэгэн байдлаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм.

 

ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

Х.Буянхүү:

/ Ховд аймгийн Жаргалант сумын иргэн/

-Барилгад насаараа ажилласан. Өндөр насны тэтгэвэртээ суугаад хувиараа ажиллаж байна. Миний ах дүү нар бүгд хөдөө байдаг. Аарц, ааруул тэднээсээ аваад энд боловсруулаад худалддаг. Янз бүрийн сүү, цагаан идээ хийдэг. Идээний ул боовыг ааруулаар орлуулан хийдэг маань хурим найрын үеэр захиалга их авдаг байх жишээтэй. 15 орчим жил энэ үйлдвэрлэлээ хийж байна. Ингэж ажиллахдаа элдэв зээл тусламж энэ тэрд хамрагдаж үзээгүй. Бор зүрхээрээ л ажиллаж, амьдарч байна. Хийсэн бүтээгдэхүүнээ Ховддоо борлуулдаг юм. Тэгэхээр УИХ-д сонгогдсон гишүүдийн талаар сайн мэдээлэл байдаггүй юм. Бодвол ажиллаж л байгаа байх. Манай Ховдоос С.Бямбацогт байгаа. Д.Батцогт гэж сүүлд нь сонгогдсон. С.Бямбацогт бол олон жил Их хурлын гишүүнээр ажиллаж байгаа даа. Гишүүд маань чадан ядан хөдөлмөр эрхэлж байгаа бидэн шиг хүмүүсийг нэгтгээд юмуу, нэгбүрчлэн  дэмжиж өгөөч гэж хүсмээр байдаг юм. Ингээд дэмжээд өгөөч гээд явж хөөцөлдөж чадахгүй юм л даа. Уг нь болдог бол цагаан идээг төрөлжүүлж хийдэг жижгэвтэр цехийн хөрөнгө оруулалтын дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Би залууст зааж сургаад, хүмүүсийг ажлын байраар хангасан үйлдвэрлэл ч явуулж чадна. Одоо бол гэртээ л үйлдвэрлэлээ явуулж байна. Бүтээгдэхүүнээ хяналтын байгууллагуудад дээжилж шинжлүүлээд л явдаг юм.

 

МАЛЧДАД СЭТГЭЛ САНААНЫ ДЭМЖЛЭГ ЧУХАЛ

Д.Оюунцэцэг:

/Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн малчин/

-Мал маллахын хажуугаар малын үс ноос, шир сураар янз бүрийн юм хийнэ. Тэрийгээ борлуулчихна. Би гэр бүлээрээ малаа маллана, ийм эд зүйлсээ хийнэ. Миний нөхөр аймгийн алдарт уяач Эрдэнэбат гэж хүн бий. Малаас гарч байгаа ашиг шимээ зөв хүртэхийг хүүхдүүддээ сургадаг хүн. Бид ширмэл ширдэг, сураар бугуйл хазаар өөр юу байдаг юм, бүгдийг хийнэ. Би сая аймгийн төв рүү орж ирэхдээ өөрсдийнхөө хийсэн эд зүйлээс гадна нөхрийнхөө ээжийн 73 настайдаа хийсэн  жинхэнэ захчин монгол гутлыг авчирсан. Захчин монгол гутал одоо ховордсон. Уллагаа сайн, оёдол далд гээд маш сайн гутал л даа. Одоо ингэж хийх хүн үнэндээ ховор.  Энэ мэтээр ажиллаад, амьдраад байна даа. Манай аймгаас УИХ-д С.Бямбацогт байгаа. Бас Ерөнхийлөгч маань байна. Манай сумынх шүү дээ. Гишүүн маань хааяа ирнэ. Ер нь бол тэд улс орны бодлого барих ажлаа хийж таарна. Малчин бидэнд дэмжлэг хэрэгтэй л байна. Мөнгө төгрөг биш сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбар, малчид бид ингээд ажиллаад хөдөлмөрлөөд байна. Ийм, тийм бүтээгдэхүүн урлаж байна. Үүнийг маань сурталчлах гэдэг юм уу, урам зориг өгдөг болох хэрэгтэй байгаа юм.

 

“…МАНАЙ БУЛГАНЫХАН” ГЭЭД СүЙД БОЛДОГ ЮМ…”

Ш.Батгэрэл:

/Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн малчин/

-Би малчин. Хажуугаар нь сураа элдээд бүтээгдэхүүн хийнэ. Хурдан морины ташуур, хазаар ногт, бугуйл, ширмэл ширдэг, тоохуу гутал хийдэг. Хошлон дээс, олом жирэм гээд зөндөө л юм хийнэ. Жилдээ таван үхрийн арьс элдээд л 7-9 алд бугуйл хийдэг. Ямааны арьсыг хүртэл элдээд цай, давсны гоёмсог уут хийчих жишээтэй. Эхнэр Туяа маань бас цагаан идээгээ боловсруулаад худалддаг. Зах зээлийн нийгэмд ингэж л амьдарч байна. Малаас гарсан түүхий эдээ л боловсруулж байна гэсэн үг. УИХ-д манай аймгаас баз хүргэнүүд гарсан гэдэг юм. Үнэн юм уу, худал юм уу мэдэхгүй. Булган сум бол 10 мянган хүн амтай. Булганд л гарчихад Ховд аймгаас гарлаа гэсэн үг гэж ярьдаг. Сонгуулийн үеэр “…Манай Булганыхан” гээд сүйд болдог юм. Сонгуулийн шоу л юм даа. Гэхдээ бид тэднээс юм хараад, гуйгаад байх шаардлага байхгүй. Зах зээл бол залхуурсан хүний хохь л гэсэн үг шүү дээ.

 

ХОВДДОО ТОМ ҮЙЛДВЭР Л БАРИМААР БАЙНА

С.Цэдэндамба:

/Ховд аймгийн Ховд хотын Буянт багийн иргэн/

-Би таксинд явдаг ажилтай. Уг нь түүхий эдийн чиглэлийн мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээрээ ажиллах боломж алга. Эхнэр маань зах дээр жижиглэнгийн наймаа эрхэлдэг. Ер нь ийм ажил хийж байгаа хүмүүс төр засгийн дэмжлэг туслалцаа, элдэв арга хэмжээнд хамрагдаж чаддаггүй шүү дээ.  Нийгмийн даатгалаа өөрөө төлнө ч гэдэг юм уу, юм юмнаас нь л хол байдаг юм. Гол төлөв банкны зээлээр л ажиллах санхүү юмаа болгоно. Манайх гурван хүүхэдтэй. Нэг нь дээд сургууль төгссөн. Хоёр нь эндээ дунд сургуульд сурч байна. Манай аймгийн С.Бямбацогт, Д.Батцогт гэж хоёр гишүүн бий. Энэ хоёр гишүүн ажиллаж л байгаа байх. Харин Ховддоо томоохон үйлдвэр баримаар байна. Тэгвэл олон хүн ажилтай болно. Хамгийн гол нь ажлын байр л хэрэгтэй байгаа юм.

 

ТЭР ХОВДООС СОНГОГДСОН Ч ГЭСЭН…

Б.Болдоо:

/Зэрэг сумын харьяат/

-Манай аав, ээж хоёр хоёулаа багш. Эхнэр маань ч бага ангийн багшаар 20-иод жил ажиллаж байна. Харин миний хувьд ажилчин л хүн дээ. Аймгийн Усны аж ахуйд 17 жил ажилласан. Өрмийн мастер. Одоо хувийн машинаараа таксийн үйлчилгээнд явж амьдралаа залгуулж явна даа. Өөр ажил хийнэ гэхээр нас тавь гарсан хүнийг чинь хөгшин гээд авахгүй юм. Таксинд явж тав, гурван төгрөг чангаагаад яахав болж л байна. Бид чинь амьдарч сурсан хүмүүс шүү дээ. Өмнөх нийгэмд ч зах зээлийн өнөөгийн үед ч хөл алдахгүй явах тийм чадвартай болсон шиг. Ер нь манай хязгаар нутаг Ховдынхон дандаа бэлэнчилж дээш харж бусдаас хайр хишиг горилж явдаг биш өөрсдийн хөдөлмөр зүтгэлээр олон арван жил бусдын дор орохооргүй амьдарч байгаа. Улс орны эдийн засаг хямарлаа л гэх юм. Тийм их дор ороогүй л байх. Манайх ам бүл тавуул, гурван хүүхэдтэй. Хоёр нь оюутан болсон. Манай аймгаас сонгогдож төр төлөөлсөн хоёр хүн бий С.Бямбацогт, Д.Батцогт гээд. Тэдний ажил үйлийн үр дүн нь мань мэтэд төдийлөн ийм юм хийлээ, барьлаа гэсэн мэдээлэл байх л юм. Үнэндээ ч тэд Ховдоос сонгогдсон ч гэлээ улс, эх орны төлөө гэх ажил албатай хүмүүс шүү дээ. Зөвхөн Ховдын иргэдийн төлөөлөл гэх нь ч харьцангуй ойлгоц байх.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 12

Site Officiel Vente Cialis Cialis 5mg. 28 Comprimidos Precio [url=http://buyciali.com]buy cialis[/url] Approved Canadian Pharmacies Online Propecia Dieta Wann Nehme Ich Levitra Ein

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *