Хотын даргын асуудлыг НИТХ 15 цагт хэлэлцэнэ

11-р сарын 23, 2018 1:30 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 11
46519983_499061073938852_6011409065555525632_n

Ц.БАЯР

НИТХ өнөөдөр/2018.11.23/  9.30 цагаас хуралдаж Хотын даргыг  огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч ирц бүрэлдэхгүй хойшлоод байна. “Хоёр намын бүлэг саналаа нэгтгэж байгаа”  гэсэн боловч 12:00 цагийн үед МАН-ын бүлгээс хурлыг 15 цаг хүртэл хойшлуулсныг  мэдэгдсэн юм.

С.Мөнхчулуун: 45 төлөөлөгчийн бүгдийнх нь байр суурийг авна

Уг нь өглөөнөөс хойш намын бүлэг  хуралдсан. Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарын “А”, “Б” танхимын үүдээр ч хүн явуулахгүй удсан. 11.00  цагийн үед МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө “ Засаг даргыг огцоруулах асуудлыг хэлэлцэхдээ эхлээд намууд бүлэг дээрээ саналаа нэгтгэнэ.  Дараа нь  ИТХ-ын нэгдсэн хуралдаан дээр шийдвэрээ танилцуулдаг дүрэмтэй. Тэгвэл одоогоор ирц бүрдээгүй байна. 45 төлөөлөгчөөс АН-ын 11, МАН-ын 14 төлөөлөгч  нийт 25  төлөөлөгч ирсэн. Хэдийгээр ирц боломжтой харагдаж байгаа ч 45 төлөөлөгчийг бүгдийг байлцуулж байж бүлэг дээр гаргасан шийдвэрээ танилцуулъя гэсэн байр суурьтай байна. Үүнд би хувийн байрын сууриас хандаж болохгүй” гэсэн юм.

С.Амарсайхан: Хотын дарга Ерөнхий сайдад өргөдлөө өгөх байх

Харин  12.00 цагийн үед Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан сэтгүүлчдэд тайлбар хийсэн юм.  Тэрээр тайлбартаа” Хотын дарга Ерөнхий сайдтай  өөрөө уулзаад огцрох өргөдөлөө өгөх болов уу. Одоогоор манай бүлэг тайлбар хийх боломжгүй. Бүлгийн хурал  14.00  цаг хүртэл хойшилж байна. Түүний дараа 15.00 цагт ИТХ-ын ээлжит бус хуралдаанд  бүлгийн шийдвэрүүд танилцуулагдаж огцруулах эсэх талаар  санал хураана” гэлээ.

Ц.Баатархүү: МАН-ын төлөөлөгчид засаглалын хямрал үүсгэж байна

АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү  мөн энэ үеэр мэдээлэл хийсэн юм. Тэрээр ”Монгол Улсын хуулийн дагуу ИТХ-ын хурлыг тав хоногийн өмнө зарладаг. Ингээд өнөөдөр 9.30 цагаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдааныг  хийхээр товлосон. АН-ын бүлэг  9.00 цагт цугларсан. Нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 34-ийг  буюу нийт суудлын 76 хувийг бүрдүүлж байгаа үнэмлэхүй олонх  болсон МАН-ын бүлэг хурлаа хийсэн, хийгээгүй гэдэг ойлгомжгүй байдлаар хурлаа хойшлуулсаар байна. Нийслэлийн ИТХ-ийн тэргүүлэгчдийг үнэмлэхүй олноор бүрдүүлж байгаа эрх баригчид зарласан хурлаа яагаад цагтаа хийхгүй байна вэ. Хуралдаан болгоны цагийг сунжруулаад байх юм. Нийслэлчүүдийн өмнө яаралтай хэлэлцэх ёстой олон асуудал байна. Төсөв, өвөлжилтийн бэлтгэл ажил гээд бусад асуудал шат дараалан хүлээгдэж байхад эдний бүлэг, хоорондын тэмцэл, МАН дээр байгаа тэмцлээ төрийн хэрүүл тэмцэл болгочихоод  хурлаа ч хийж чадахгүй байна. Нийслэлийн ИТХ-ын чуулганыг тасалдуулж засаглалыг хямрааж байгаад АН-ын бүлэг харамсч  байгаагаа илэрхийлж байна. Нийслэлийн иргэдэд 2016 онд сонгуулиар гарч ирэхдээ амлаж байсан амлалтуудаа биелүүлэхийн оронд хурлаа ч хийж чадахгүй байгаад  нийслэлийн иргэд бухимдалтай байна. Тэд өнөөдөр МАН-д итгэл үзүүлсэндээ харамсч байгаагаа удаа дараа бидэнд илэрхийлсээр байна. Манай бүлэг  Хотын даргыг огцоруулах асуудал дээр   саналаа нэгтгэж байна. Шийдвэрээ Нийслэлийн ИТХ-ын чуулган эхлэх үеэр албан ёсоор мэдэгдэнэ. Харамсалтай нь чуулганы хуралдаан эхлэх эсэх нь тодорхойгүй байна” гэлээ.

МАН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байгаа энэ үед Ерөнхий сайд  нь огцорвол түүнийг дагуулан  Нийслэлийн Засаг даргаа огцоруулъя гэсэн байр суурьтай байгаа талаар албан бус эх сурвалж ярьж байна.

Эх сурвалж: www.polit.mn