Холоо байсан Всеволод Эмильевич Мейерхольд ойртлоо

11-р сарын 27, 2013 12:25 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 671
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын зөвлөх хэмээх өндөр хүндэтгэлтэй албан тушаалд 2013 оны найман сарын дундуур тохоон томилогдоод хэдхэн хонож байх даа Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, найруулагч Чимиддоржийн Ганхуягтай тааралдсан.

Ц.ТӨМӨРБААТАР  

/ССАЖ-ын Сайдын зөвлөх, Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин /

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын зөвлөх хэмээх өндөр хүндэтгэлтэй албан тушаалд 2013 оны найман сарын дундуур тохоон томилогдоод хэдхэн хонож байх даа Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, найруулагч Чимиддоржийн Ганхуягтай тааралдсан. Шинэ ажилд томилогд­сондоо би ч өөрөө сайн итгээгүй шахам байсан цаг. Тэгтэл манай хүн сонссон байсан учраас баяр хүргэснээ:”-За, Төмөрбаатар ах аа, бидэнд хэрэгтэй нэг сайхан ажил цаана чинь хийгдчихээд байна. Одоо та л дэмжих хэрэгтэй болно доо” гэж билээ.

Би учрыг сайн ойлгол­гүй хий гайхан “-Тэр чинь юу билээ?” гэсэн. Тэгтэл Ганхуяг өмнөөс:

-Өнөө алдарт Всеволод Мейерхольдын бүтээлийн түүвэр эмхтгэл орчуулагдаад хэвлэлтэд бэлтгэгдэж байна. Ёстой хэрэгтэй ажил… гэхэд нь би тэсэлгүй таслан:

-Хэн орчуулж байгаа юм бол? Тэгээд яг Мейерхольдын өөрийнх нь бичсэн бүтээл юм болов уу? Мейерхольдын тухай бичсэн судлагааны янз бүрийн ном байдаг шүү дээ гэж асууж билээ.

Ингэж асуух учир на­дад бас байсан юм. Манай тайз, дэлгэцийнхний дунд домог мэт яригддаг хоёр хүний нэг болохоор тийм ч ёстой байх биз. Нэг нь Станиславский, нөгөөх нь энэ хүн. Станиславскийн систем, бараг л гол эсэргүүцэгч нь Мейерхольд гэсэн ойлголт манайхны дунд эртнээс тогтсон зүйл. Бас Сталины их хэлмэгдүүлэлтийн үед баригдан алуулсан, сүүлд цагаатгагдсан; Станиславскийн шавь нь атлаа… энэ тэр гээд л муулсаар өдий хүрч байгаа юм. Тэгсэн мөртлөө дэлхийн кино урлагт ноёлох байр сууринд хэдийнэ гараад ирсэн Холливудын кино индастри чухам Мейерхольдын онолын боловсруулалт, тоглолтын арга барил тууштай баримтлагч шавь нарынх нь хүчин зүтгэлийн үр дүн гэдэг болоод удаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл урд өмнө манайд, манайд ч гэж дээ хуучнаар ЗХУ-д сураг нь сонсогдохоос цаашгүй домог мэт муу голдуу мэдээ сонсогддог хэдий ч тайз, дэлгэцийн урлагийн их онолч, нийлмэл урлагийн эх хөрсийг хагалсан их найруулагч гэдгийг мэддэг байсан болоод би тэгж амьсгаа дээртэй хүлээж авсан хэрэг. Бас түүнээс гадна манайд, манайд гэдэг маань Цагааны Цэгмид-Цэгмидийн Төмөрбаатарынд гэсэн үг л дээ, Всеволод Мейерхольдын түүвэр зохиолын 1968 онд хэвлэгдсэн хоёр боть хоёулаа байдаг юм. Аавын минь номын сан л даа. 

Би орос хэлээр уншиж гавихгүй ч гэсэн эргүүлж тойруулж үздэг, доторхи зураг сэлтийг нь үгүй ядаж хардаг хүн. Тэгтэл орчуулагч Н.Пүрэвдагва гуай энэ номыг олох гэж үйлээ үзсэнийг сонсоод ааваараа өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрөлгүй яахав. Бас давчуухан энэ хорвоод Пүрэвдагва гуай бид уулзаад л явдаг хэрнээ хэрэгтэй юмаа ярьж хөөрдөггүй, амьдрал гэгч мөн ч хий л бужигнахаас цаашгүй юм даа гэх гашуун бодол зурах шиг болсон.

Ганхуягийн хэлсэн миний үүрэг тодорхой. Би нэгэнт Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд алба хаших болсон болохоор анхны, магадгүй мэргэжлийнхээ дагуу хамгийн түрүүнд хийх ёстой ажил үүрэг бол Мейерхольдын түүвэр зохиолын эмхтгэлийг хангалттай тоогоор хэвлүүлж, тайз, дэлгэцийн урлагийн онол аргачлалыг түгээн дэлгэрүүлэх явдал болж таарав. Ингээд би гэдэг хүн яамныхаа удирдлага-сайд, орлогч сайд, төрийн нарийн бичгийн дарга нартаа дуулгатал нааштай хүлээн авсанаар өнөөдөр та бүхэн уг номыг дэлгэж байна. Танин мэдэхийн цуцашгүй эрэлчин та бүхний уран бүтээлийн онгодод лавтай ташуур болно хэмээн баттай итгэхийн учир ийнхүү энэ номын дөрөөг мялаан хэдэн үг тэрлүүлэв.

Энэ агуу хүний санаа оноо, бодит нөлөө манай орны тайз, дэлгэцийн бүтээлд байдаг уу, хэдийд орж ирсэн бол гэсэн асуулт аяндаа гарч ирэх нь ойлгомжтой.

Монгол оронд орчин үеийн тайз, дэлгэцийн урлаг зөвлөлтийн (хуу­чин нэрээр) мэргэжилт­нүүдийн заавар зөв­лө­гөөгөөр ханаа шийрлэж, өрхөө татсан, чухам тэр үед буюу 1940-өөд онд Мейерхольд ЗХУ-ын гол гол театрт жүжиг, дуурь найруулж, оросын уран зохиолчдыг тайзны урлагт урвуулан татаж, шинэ за­луу уран бүтээлчид бэлтгэх мэргэшлийн сургуульд хичээл заах, бичиж туурвиж, удирдаж байсан театр нь баруун европын орнуудаар уригдан аялан тоглолт хийж байсан болохоор тэгж бодох үндэс бидэнд бий гэж  санадаг. Монголын тайз, дэлгэцийн үеийн алтан үеийнхэнд тухайн үед Зөвлөлтөд хүчээ авч, суу билгээ дуурсгаж байсан хүмүүс л багаараа ирж зааж сургасан гэдгийг бид түүхээс мэддэг шүү дээ. Тэгж сурсан хүмүүсийн нэг нь миний аав байсан учраас л дээрх хоёр түүвэр зохиолыг олж номын сандаа залсан байж таарна. Түүвэр зохиолын орчуулга, нэмж олсон материалыг анхааралтай үзтэл манай анхны уран сайхны киноны нэг “Сүхбаатар”-ын гол дүрд тоглосон Л.Свердлин хэмээх алдарт жүжигчин В.Мейерхольдын гарын шавь нарын нэг ажээ.

“Сүхбаатар” киноны талаар “БНМАУ-ын соёлын түүх, (1941-1960), дэд боть, УБ, 1986 номонд хэн хэн, хэрхэн, яаж тоглосон тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. “…Л.Свердлин их жанжны үйл амьдрал, ардын хувьсгалын үйл хэрэгт зүтгэж явсан хүмүүстэй уулзан ярилцаж, жанжны зан төрх, харц, алхаа, гишгээ, хөдөлж зангахыг хүртэл заалган сурсны үр дүнд тийнхүү үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүр бүтээжээ…” гэх зэргээр бичсэн байна. Мөн цааш нь уг номонд “…киноны эсрэг талын дүрүүдийг бүтээсэн монгол жүжигчдийн дотроос Ц.Цэгмидийн Эрдэнэ гүн, Сю Шү Жаны дүр тоглолтын дээд зэргийн ур чадвараараа үзэгчдийн сэтгэлд хоногшин үлджээ…” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл миний аав БНМАУ-ын төрийн шагналт,  ардын жүжигчин Цагааны Цэгмид алдарт Мейерхольдын шавьтай, тайз дэлгэцийн бүтээл хэрхэн туурвих номлол суртал дэлгэрүүлэхээр биечлэн зүтгэгч элч төлөөлөгчидтэй хамтран ажилласан хүний нэг болж таарав. Энэ кино манайд 1940-өөд оны эхээр анх гарснаасаа хойш манайхан өнөө хэр үзсээр байгаа болохоор илүү олныг нурших илүү биз. Юутай ч эндээс хөөн бодвол энэ номыг манай оронд түгээн дэлгэрүүлэх үйлсэд зүтгэнэ гэдэг аавынхаа өмнө хүлээсэн хүүгийн үүрэг ч гэж би бодоход хүрч байна.

Тайз, дэлгэцийн ур­лагийн хүлээн зөвшөөрөгдсөн их онолч, дэлхийн бүх цаг үеийн шилдэг найруулагчдын нэг; улстөрийн хэлмэгдэлд өртөн буудуулж, сүүлд нь цагаатгагдсан гэгддэг хэдий ч зохиол бүтээл нь “холхон” байсан Всеволод Эмильевич Мейерхольдын бүтээл та бүхэнд лав нэгийг сануулж, нөгөөг төрүүлнэ хэмээн найдна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *