“Хойд урсгал-2”-ыг аврах: Европ тив хувь тавилангаа сонгож байна

5-р сарын 23, 2018 12:00 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 61
5-22-11

Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

Иван Даниловын  РИА Новости-д бичсэн аналитик өгүүллийг орчуулан хүргэж байна.

Зарчмын хувьд Вашингтонтой юуны ч талаар тохиролцож болдоггүй, яагаад гэвэл АНУ-ын удирдлага өөртөө хүлээсэн үүрэг амлалтаа зарчмын хувьд сахиж биелүүлэх чадваргүй гэдгээ ДональдТрампын засаг захиргаа бас дахин харууллаа. Хэдийгээр АНУ-ын  төрийн департамент “Хойд урсгал-2”-ыг хориг арга хэмжээнд хамааруулахгүй талаар албан ёсны тайлбарыг өнгөрсөн жил нийтлүүлж байсан ч “Газ пром”-той хамтран энэхүү төсөлд үйл ажиллагаа явуулж байгаа европын компаниудыг залхаан шийтгэх асуудлыгамерикийн дипломатын өндөр албан тушаалтнууд бас дахин сөхөж тавилаа. Энэ ч бага хэрэг. The Wall Street Journal– ын мэдээлж байгаагаар Дональд Трамп Ангела Меркельд тулган шаардлага тавьжээ.Өөрөөр хэлбэл, Герман улс “Хойд урсгал-2”-ын бүтээн байгуулалтаас татгалзах ёстой, үүний хариуд Трамп АНУ, Европын холбооны хооронд үүссэн худалдааны харилцан маргааны асуудлаар хэлэлцээр хийж эхлэхийг зөвшөөрөх юм байна. Оросын мэдээллийн болон шинжээчдийн нийгэмлэгийнхний америкийн талыг баримтлагч хэсэг дээрх мэдээг нэн даруй өлгөж аваад “АНУ-ын зах зээл бол Европын хувьд Оросын хийгээс илүү чухал. Тийм болохоор “Хойд урсгал” дуусаа, “ираны тохиролцоо” ч өнгөрөө, ер нь Брюсселиэс Москва, Бээжин хүртэлх бид бүхний хувьд долларын тогтолцооны бүхнээс агуу эздийн өмнө аль эртнээс өвдөг сөгдөж, дэггүйтэж, буруу зөрүү ярьсныхаа төлөө тэднээс өршөөл эрэх хэрэгтэй” гэх маягийн мессежийг янз бүрийн өнгө аясаар улиглан давтах ажээ.

Энэ бол бодит байдлын эргэн тойрныг онилж чадаагүй, дэндүү болхи үнэлгээ юм. АНУ-аас тусгаар байхын төлөөх тэмцэлдээ хэр зэрэг хол явахад бэлэн бэ гэдэг асуудал Европын холбооны удирдагч нарын өмнө үнэхээр хурцаар тавигдаж байгаа билээ. Харин энэхүү сонголтын үйл явцыг өнгөцхөн харахад амар хялбар мэт боловч үнэндээ бол шуудхан шийдэх аргагүй ихээхэн нарийн түвэгтэй асуудал юм.

АНУ-ын эсрэг европынхны “бослого” өнөөдөр ч эхэлж байгаа юм биш, нэлээд хэдэн жилийн өмнө, Европын Холбооны элитүүд Вашингтоны зүгээс асар их дарамт шахалт үзүүлж байсан хэдий ч европын тусгаар тогтнолын үлдэгдлийг бүрэн дүүрэн устгах санаа агуулсан “Трансатлантын худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл” хэмээх баримт бичигт гарын үсэг зурах ажиллагааг тасалдуулж чадсанаас үүдэлтэй юм. Энэхүү “түншлэл” – ийн баримт бичигт гарын үсэг зурсан тохиолдолд Европын холбоонд юу тохиолдох байсан бол гэдгийг ойлгохын тулд хэрвээ Орос улс шүүхийн дээд эрх мэдлээ,жишээлбэл, Гаагийн хөндлөнгийн шүүхэд, эсвэл Вашингтоны ямар нэг шүүхэд шилжүүлэхийг (шүүхийн журмаар аливаа хуулийг өөрчлөх боломж) зөвшөөрсөн олон улсын гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд юу болох байсан бол гэдгээр зүйрлүүлэн төсөөлж болох юм.“Трансатлантын худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл” хэмээх баримт бичигт гарын үсэг зурсан тохиолдолд АНУ, америкийн корпорацуудын ашиг сонирхолд үйлчилдэг тусгай шүүх хэрвээ америкийн компаниудын ашиг сонирхлыг зөрчсөн бол европынхны аливаа хууль тогтоомжийг, түүний дотор Европын холбооны тодорхой нэг улс орны хууль тогтоомжийг ч өөрчлөх эрхтэй болох байсан. Энэ бол францын болон германы бизнес үүний нарийн учрыг ойлгож, францын болон германы улс төрчдийг бараг л албадан байж энэ асуудлаар хийж байсан хэлэлцээрийг “унагаа”-сан эгзэгтэй цаг мөч байсан билээ.Хөгтэй нь, Трамп ч гэсэн “Трансатлантын худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл”-ийн эсрэг байсан бөгөөд, үүний учир нь 2015 онд хэлэлцэж байсан хувилбар түүний бодлоор “Америкт хангалттай хэмжээний ашигтай байгаагүй”-д оршдог. Тэгэхээр Трамп “Хойд урсгал-2”-оос татгалзахыг Меркелээс шаардаж, оронд нь худалдааны шинэ гэрээг хэлэлцэж эхлэхийг санал болгоно гэдэг бол Обамагийн засаг захиргааны санал болгож байснаас ч долоон дор нөхцөлтэйгөөр Европын холбоог бүрэн талхидах гэрээний тухай ярина гэсэн үг юм.

Энд өгүүлж байгаа тохиолдолд Вашингтон-Брюсселийн хоорондох зөрчил европуудад оросын хий, эсвэл америкийн борлуулалтын зах зээл хоёрын аль нь илүү чухал вэ гэдгийг сонгохтой хамааралгүй гэдгийг  оросын олон шинжээч ерөөсөө ойлгохгүй байна. Эдийн засгийн тусгаар тогтнолоо томсгох хийгээд Трампын багийн улс төрийн амбийцад нийцүүлэн эдийн засгийн болон улс төрийн тусгаар тогтнолоо бүрмөсөн алдах хоёрын аль нэгийг сонгох суурь сонголтын тухай энд өгүүлж байгаа хэрэг билээ. Хэрвээ европын элитүүд болон бизнес тусгаар тогтнолын талаарх өөрсдийн төлөвлөгөөнөөс татгалзахад бэлэн байсан бол өнөөдөр өөрийнхөө ухрах замыг таслаж, дипломат бослого гарган “Ираны тохиролцоо”-ноос гарахыг татгалзаж, Европ тив хувь тавилангаа өөрийн гарт авах цаг болсон гэх мэдэгдэл хийлгүйгээр үүнийг тэртээ 2015 онд хийж болох л байсан.

Америкийн эсрэг байр сууриа илэрхийлэх, өөрийн ашиг сонирхлыг эцсээ хүртэл хамгаалахад бэлэн байх чиглэлээр Европын холбооноос ямар нэг хурц тод, нийтэд үзэгдэж харагдахуйц алхам хийхгүй гэдэг нь мэдээж. Евро парламентын депутатууд лавтайяа Ираны парламентын гишүүд шиг хуралдааны танхимд Америкийн төрийн далбааг шатааж, “Америкт үхэл!” гэж хашгирахгүй. Хэв маяг, темпераментын хувьд Европын улс төрийн соёл бол шаардлагатай тохиолдолд АНУ-ыг “радио идэвхит үнсэн нурам” болгож хувиргахаар тусгайлан бодож боловсруулсан өндөр технологийн нэн шинэ зэвсгийн танилцуулга хийж байхдаа ч дээд зэргийн эелдэг зангаа хадгалж чаддаг Владимир Путиний арга барилтай илүү ойр дөхөм билээ.

“Ираны тохиролцоо”-ноос гарсны хариуд Европын холбоо олигтой чангахан дуугарч чадсангүй, тийм болохоор европын улстөрчид эсэргүүцсэн хэдий ч Total, Maersk гэх мэтийн Европын аварга том компаниуд Иранаас гарч байна хэмээн зарим шинжээч, тайлбарлагч нар сэтгэл дундуур байцгаана. Үнэндээ бол геополитикийг покер, шатар хоёрын хольц мэт санагдуулам олон хэмжээст стратегийн тоглоом маягаар биш, харин гудамжны хөлбөмбөгийн тоглолт мэтээр зүйрлэдэг хүмүүст бол европын улстөрчдийн үйлдлүүд мөлгөр мохоо санагдах нь аргагүй. Софид болсон Европын холбооны албан бус уулзалтын өмнө бид Ираны асуудлаар Америкийн эсрэг явуулах үйлдлийн нэлээд үр ашигтай аргын талаар ингэж бичиж байсан билээ. Тухайлбал “Объектив шалтгааны улмаас (одоо үүн дээр Дональд Трампын протекционизм нэмэгдсэн) Америкийн зах зээлд хүрэх боломжгүй хэмжээгээрээ дундаж зэрэглэлд багтах  Европын, Хятадын, Японы болон бусад олон компани бий.Олон улсын банкуудтай тогтоосон холбоо харилцаагаа алдах вий, гадаад эдийн засгийн үйл ажиллагааныхаа долларын санхүүжилтгүй болчих вий гэсэндээ л тэд хориг, хязгаарлалтаас айдаг. Хэрвээ тэдэнд зориулан зөвхөн евро, юань, йен, рубль зэргээр гадаад худалдаа эрхлэхзагвар бий болж, улмаар томоохон (улсын болон тусгайлан байгуулсан) банкууд тэднийг “хортой” үйлчлүүлэгчид гэж үзэлгүйгээр хамтран ажилладаг байх аваас америкийн хоригууд утгаа алдах болно.”

Таамаг маань 100 хувь оножээ. Софид болсон уулзалтын үр дүнгээр нийтлүүлсэн Евро комиссын албан ёсны мэдэгдэлд “Бид, Европын комисс, Европын холбоо бүхэлдээ манай Европын бизнесийг, ялангуяа жижиг, дунд компаниудыг хамгаалахын тулд бүхнийг хийх ёстой. Европын холбооноос гадуур, Иранд үйл ажиллагааг санхүүжүүлэхэд Европын төсвийн баталгааг ашигладаг байх үүднээс Европын хөрөнгө оруулалтын банкинд тавьсан хязгаарлалтыг чөлөөлөх үйл явцыг эхлүүллээ. Энэ нь Иран дахь Европын хөрөнгө оруулалтыг дэмжих боломжийг Европын хөрөгө оруулалтын банкинд олгох бөгөөд, ялангуяа жижиг, дунд компаниудад энэ нь ашигтай байж болох юм” хэмээн дурджээ.

Энэхүү мэдэгдлийг оросын болон барууны олон нийтийн мэдээллийн бараг бүх хэрэгсэл, шинжээч огт сонсоогүй юм шиг дүлий дүмбэ царайлсан нь хачирхалтай бөгөөд тэд америкийн хориг арга хэмжээний эсрэг үйлдэл хийхэд зориулан бүр 1996 онд баталсан “Хоригоос хамгаалах Европын холбооны удирдамж”-ийг ашиглах гэх мэт европын зүгээс авч хэрэгжүүлэх сөрөг араги хэмжээний үр ашгийн тухай асуудлыг хэлэлцэхэд анхаарлаа төвлөрүүлцгээжээ.

Энэ зуур дээр өгүүлсэн Америкийн хоригийн нөлөөг тэглэх чиг хандлага аль хэдийнэ хэрэгжиж эхэлсний эхний жишээ бас л оросын медиа нийгэмлэгийнхний хараанаас гадуур болж өнгөрчээ. Тегеранд элэгтэй хандана гэдэгт итгэхэд бэрх “Америкийн дуу хоолой” радио тавдугаар сарын 18-нд хориг тавьсан хэдий ч Британийннефтийн Pergas консорциум Ираны төрийн өмчит нефтийн компанитай Керанж ордоос арван жилийн хугацаанд 655 сая баррель нефть олборлох хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай мэдээлэв. Контрактад гарын үсэг зурах ёслолд Иранд суугаа Их Британийн Элчин сайд оролцсон явдал энэ үйл явдлыг онцгой сонирхолтой болгожээ. Долларын тогтолцооноос ихээхэн хамааралтай, АНУ-ын өмнө эмзэглэх зүйл дэндүү олонтой болсон Францын аварга том Total гарч байхад АНУ-д хэрэгжүүлдэг ганц ч төсөлгүй, нефть, нефтийн үйлчилгээ эрхэлдэг 14 компаниас бүрдсэн консорциум хоригийг хэрхэн тойрч гарахын үлгэр жишээ болж харагдаж байна.

АНУ, Европын холбоо хоорондын зөрчлийн талаар хэлэлцэхдээ Европын улстөрчид дур зоргоороо авирладаггүй гэдгийг санах хэрэгтэй. Европын улс төрийн бодит нөхцөл байдал Оросоос ялгаатай нь номинал эрх мэдэл (ерөнхийлөгч, ерөнхий сайд, депутатууд) бол зөвхөн бодит эрх мэдлийг эзэмшигч-санхүүгийн урсгал, европын банк, корпорацуудын хяналтын багцыг гартаа бат бэх атгаж байгаа “европын хуучин гэр бүлүүд”-ийн арга хэрэгсэл гэдгийг АНУ-ын өөдөөс чангахан дуугарчих чадалтай улс төрийн лидер Европт одоогоор алга хэмээн мэдэгдэж байгаа хүмүүс ойлгохгүй байгаа юм. Эммануэль Макроноос улс төрийн эр зориг, ямар нэг дайчин шинж чанар эрж олох, дараа нь үүнээсээ ургуулан холыг харсан дүгнэлт гаргах нь дэндүү тэнэг хэрэг болно, яагаад гэвэл мөн чанартаа (хэлбэрийн хувьд биш) Макрон бол ердөө оршин тогтнох бүхий л хугацаандаа Америкийн олон ерөнхийлөгчийн нүүр үзсэн, Трамп, түүний улс төрийн шантааж үзүүлэх арга барил нэг их онцгой сэтгэгдэл төрүүлэхгүй тийм хүчнийхний хэвлэлийн нарийн бичгийн дарга л юм. Макрон (Ротшильдүүдийн ордны экс банкир), Британийн The Economist (Ротшильдүүдийн ордны мэдлийн хэвлэлийн газар) хоёр дуу нэгтэйгээр Трампыг буруутган шүүмжилж байгаа нь дураараа авирласан хэрэг огт биш биз ээ. Тэд дор хаяж Европын улс төр, эдийн засгийн элитүүдийн ихээхэн хэсгийнхний байр суурийг л илэрхийлж байгаа юм.

Владимир Путинтэй уулзсаныхаа дараа илэрхийлсэн Ангела Меркелийн байр суурь АНУ-ын эсрэг үйл ажиллагааны Европын стратегитэй яв цав нийцэж байна. Европ тив бүхнийг өөрийнхөөрөө хийх болно, гэхдээ Вашингтонтой эв найртай байх хүслээ үе үе илэрхийлэхээ мартахгүй байх гэдэгт л энэхүү стратеги оршиж байгаа болно. Германы канцлер “Хойд урсгал-2” барилга байгууламжийг зогсоохоос татгалзсан боловч оросын хийг дамжуулсны төлөө төлбөр авахаа үргэлжлүүлэх баталгааг Украинд олгох хэрэгтэй тухай мэдэгдлээ. Ингэхдээ Меркель транзитээр авахыг хүсч байгаа хэмжээг тодорхойлоогүй бөгөөд үүнийг зориуд хэлээгүй байх магадлалтай. Украинаар 10 – 15 тэрбум куб метр хий дамжуулахад бэлэн байгаагаа “Газпром” нэг бус удаа мэдэгдэж байгаа нь үндсэндээ германы хүслийг биелүүлнэ гэсэн хэрэг юм. Гэхдээ энэ тоо Украины ашиг орлогыг олон дахин багасгаж байгаа юм байна. Украины хий дамжуулах систем алдагдалгүй ашигтай байхынтулд дамжуулах хийн хэмжээг хоёр, гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай ажээ.

Мэдээж, бүх юм өөрчлөгдөж болно л доо. Брюссель, Вашингтон хоёр нэгмөсөн түнжин тасартал муудалцсаны дараа л сэтгэл онгойтол амьсгаа авч болох юм. Үйл явдал цаашдаа хэрхэн өрнөх талаар одоохондоо дараах байдлаар төсөөлж болох юм. Тухайлбал: Европын холбоо резин тасрах хугацааг аль болохоор хойшлуулан цаг хожихыг хичээнэ, энэ хугацаанд амжиж олон улсын худалдааг долларын бус тогтолцоонд шилжүүлэх эхлэлийг тавих, “Хойд урсгал-2”-той өөрийгөө холбох, европын арми бий болгох үйл явцыг эхлүүлэх гэх мэтээр байр сууриа бэхжүүлэх. АНУ харин нөхцөл байдлыг зүйл бүрээр улам хурцатгаж, татварыг нэмэгдүүлэх байх. Ийм стратеги амжилт олно гэж үнэлэхэд хэцүү, нөхцөл байдлыг америкийн олон арван шинжээчдийн үзэл бодлын үүднээс авч үзвэл Вашингтоны хувьд онцгой нааштай зүйл хэлэх боломжгүй. Америкийн нөлөө бүхийForeign Policyсэтгүүлийн дипломат эх сурвалжийн мэдээлснээр “АНУ-ын европ дахь зарим холбоотон америк-европын харилцаа ямар сайхан байсныг харамсан дурсаж эхэлсэн” бол бундестагийн гадаад бодлогын хорооны дарга Норберт Рёттген (Norbert Röttgen)-ний мэдэгдсэнээр трансатлантын хэрүүлээс ашиг олз хүртэх гол хүн бол “амжилтандаа итгэж ядсан” Владимир Путин болох ажээ.

Хятадын төрийн CGTN телевизээр “АНУ-ын зүгээс гаалийн татвар нэмэгдүүлж байгаагийн хариуд угтуулсан арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа тухайгаа Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) удирдлагад Европын холбоо мэдэгдсэн байна. Европын комисс АНУ-аас оруулах хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд 25% – ийн гаалийн татварыг зургадугаар сарын 20-ноос эхлэн ногдуулахаар бэлтгэж байна” хэмээн мэдээлж байна. Хэрвээ энэ санаа хэрэгжих аваас Европын холбоо цаашид ч зодооноо үргэлжлүүлэхээр шийджээ гэсэн үг.

Европын холбоо хийгээд ОХУ-ын харилцаанд нарийн түвэгтэй асуудал олон байгаа хэдий ч европын хөршүүддээ бид амжилт хүсэх нь зүйтэй. Барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслийн шинжээчдийн зүй ёсоор сэжиглэж байгаачлан үүсэн нөхцөл байдлаас ОХУ зөвхөн хожих болно.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *