“Хил дамнан ниссэн шувууд минь эргэн ирээрэй”

7-р сарын 15, 2013 9:21 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 1038
Хилийн цэргийн ерөнхий газар байгуулагдсаны 80 жилийн ой удахгүй тохионо.

Д.БОЛОРМАА

Хилийн цэргийн ерөнхий газар байгуулагдсаны 80 жилийн ой удахгүй тохионо. Эх орныхоо торгон хил, уулсын хязгаар, аглаг тал, алгын чинээ чулууг хүртэл сахиж яваа энэ байгууллагын үүх түүх дундрашгүй баялаг. Энэ баялаг түүхтэй Хил хамгаалах ерөнхий газартай нас чацуу таван отряд байдаг юм байна. Түүний нэг нь Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр анги. Ойгоо тэмдэглэх гээд завгүй суугаа 0131 дүгээр ангиас “Монгол Улсын төлөө” сурвалжлагыг бэлтгэлээ. Энэ ангид голдуу Өвөрхангайн цэргүүд ирж алба хаадаг юм байна. Хэзээ мөдгүй ойгоо тэмдэглэх өдөр тулаад байна гэсэн хүмүүс хаа сайгүй. Газрын зурагтай хүндэтгэлийн самбар барихаар 10 гаруй албан хаагч алх, хөрөө барьчихсан үзэж тарж байна. Хажууханд нь хугацаат цэргүүд бололтой хэсэг залуус Соёлын төвдөө засвар үйлчилгээ хийгээд л. Ангийнхаа өнгө төрхөнд анхаарч яваа энэ шинэчлэлийн багийг ангийн орлогч Ү.Батсайхан ах удирдах ажээ.

 

НЭР НЬ ЛХАМ, ӨӨРӨӨ ЛАМ

 

Өөр хоорондоо жигтэйхэн элгэмсүү цэргийн найзуудтай танилцлаа. Тэднийг Б.Батмөнх, О.Жаргалтогтох, Ж.Дорждагва, Б.Лхам гэдэг юм байна. Бүгдээрээ Өвөрхангайн хөвгүүд. Тэдэнтэй хэсэг хөөрөлдлөө.

 

-Цэргийн алба хаахад сайхан байна уу. Эх орноо хамгаалах хүндтэй үүрэг та бүхэнд ногдсон байна шүү дээ?

Б.Батмөнх:

-Сэтгэл маш өндөр байна. Ангидаа гэхээс илүү харуулын байрандаа байхад илүү гоё байдаг юм. Эх орноо гэсэн омогшил, бахархал хил дээр байхад илүү мэдрэгддэг гэх үү дээ. Хааяа, тэртээх уулсыг харийн орных гэж бодохоор харамлаад уйлмаар санагддаг шүү. Эр цэрэг болно гэдэг сайхан юм аа. Намайг цэрэгт татагдахад манай найзууд “Чи халагдах өдрөө тоолно” гэж шоолж билээ. Тэгвэл үгүй шүү. Би харин ч гэрээт цэрэг болж үлдэхээр шийдсэн.

О.Жаргалтогтох:

-Намайг цэргийн алба хаах болсныг найзууд маань сонсоод итгээгүй. Би СУИС-ийн дуулаачийн ангид сурч байсан юм. Гэсэн ч цэрэгт явж үзмээр санагдаад байхаар нь сургуулиасаа жилийн чөлөө аваад хүрээд ирсэн дээ. Ирсэндээ би огтхон ч харамсахгүй байна. Олон найзтай боллоо. Эх орноо хамгаалах, хайрлах сэтгэл маань илүү төрсөн гээд сайхан зүйл нь илүү олон.

-Та бүхнийг ангийнхаа хамгийн авъяаслаг хөвгүүд гэх юм билээ?

Ж.Дорждагва:

-Ангийн дарга Б.Баярбат, орлогч дарга Ү.Батсайхан ах нар “Чи чадаж байна” гэж хэлэхээр нь омогшоод шүлэг бичсэн. Урам зориг бурмаас илүү хүчтэй юм. Би танай сонины уншигчдад зохиосон шүлгээ уншиж өгье. Энэ шүлгээ ангийнхаа ойн хүндэтгэлийн арга хэмжээнд уншина гэж бодож байгаа.

Өврийн нутаг өлгий минь билээ

Өвгөдийн шаштир түүхэн билээ

Монгол яст, Монгол түүхт, Монгол дээлтэй

Морьтон ардын үрс цэргийн албанд айсуй.

Элбэрэлт эжий минь өргөсөн сүүн цацал

Аян замын уртыг мялааж явдаг

Энх тунх амьдралын маань алтан багана болсон

Аав маань харин хүүгээр омогшиж явдаг юм аа.

Байлдагчийн мөрдөсөө хүндлэн дээдэлсэн

Соёмбот алтан тугандаа соёрхож бас мөргөсөн

Бахархам омогшил тэмүүлэх сэтгэлтэй шинэхэн байлдагч би байна.

-Үнэхээр сайхан шүлэг байна?

-Баярлалаа. Манай найз О.Жаргалтогтох илүү авъяастай. Дуулна гэж уйлуулна шүү дээ. Ангийн бүх арга хэмжээнд дуулдаг. Эгч ээ, та энэ найзтай маань ярилц. Үг дуу цөөтэй ч нэг яривал хамаг юм хамж шимээд ярьж өгнө дөө. Нэр нь Лхам, өөрөө лам хэмээн инээцгээх.

Б.Лхам:

-За, болилдоо та нар. “Хийморийн сан тавиад өгөөч” гэж гуйгаад ирдэг л биз дээ гэж бусдыгаа хөгжөөнө.  Би цэрэгт татагдаагүй байсан бол Энэтхэг явж бурханы ухаанд суралцана гэж бодож байсан юм. Гэхдээ эр хүн болж төрснийх цэрэгт явж үзмээр санагдаад тэр. Халагдаж очоод Энэтхэг явна даа.

-Чи ангийнхандаа заслыг нь хийгээд өгнө биз?

-Өө, тэгэлгүй яахав. Манай ангид албан хаагч болон хугацаат цэргүүдийн бясалгадаг шашны нэг өрөө байдаг юм. Түүндээ суугаад засал ном тавиад өгнө өө. Ангийн удирдлагууд “10 орчим жил лам цэрэг ирээгүй. Чиний ирсэн нь юутай сайхан бэ” гээд надад их сайн ханддаг шүү хэмээн инээх ажээ.  Ийнхүү цэрэгт татагдаж ирээд нөхөрлөсөн дөрвөн залуу эх орон, элгэн садан, анги отрядынхаа тухай дуусашгүй яриа дэлгэсэн. Цэрэгт ирсэн даруйдаа нэгэндээ хоч хүртэл өгөөд амжжээ.  Б.Батмөнхийг нөхөд нь 82 гэж дууддаг гэнэ. Тэрээр ангидаа хамгийн өндөр нь буюу 182 см учраас тэр. Харин Ж.Дорждагвыг бичээч, Б.Лхамыг лам,  О.Жаргалтогтохыг “сумын од” гэж дууддаг гэнэ. Сумын од гэсний учир нь орон нутагтаа дуулах авъяасаараа танил болсон учраас тэр юм байх.  Эцэст нь тэд “Ангийнхаа түүхэн ойгоор ирсэндээ баярлаж байна. Эх орноо манана гэдэг үнэхээр сайхан ажил юм аа. Цэрэгт татагдаж ирээд л эх орон, уул усаа хайрлан хамгаалах сэтгэл маань илүү ихээр нэмэгдсэн. Бид хилийн зурваст байгаа ширхэг чулууг ч өшиглөөд гаргачих вий гэж эмээдэг. Хил дамнан ниссэн шувууд минь эргэн ирээсэй гэж залбирдаг” хэмээн дуу нэгтэй ярилаа.

         

Ү.Батсайхан:

МАНАЙ АНГИАС ДОЛООН ГЕНЕРАЛ ТӨРСӨН

Ангийн орлогч дарга, дэд хурандаа Ү.Батсайхантай цөөн хором ярилцлаа.

 

-Хилийн цэргийн 0131 дүгээр анги нь Хил хамгаалах ерөнхий газартай нас чацуу гэсэн. Баялаг түүхтэй байгууллагынхаа үүх түүхийн талаар яриач?

-Манай отряд 1933 онд Дотоодыг хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдаж байсан түүхтэй. Хил хамгаалах ерөнхий газартай чацуу цөөн аймгийн нэг бол яах аргагүй мөн. Ерөнхий газар ойгоо энэ сарын 19-нд тэмдэглэх юм билээ. Манайх энэ сарын 26-27-нд болно. Бид бүхэн өнгөрсөн оноос эхлэн 80 жилийн ой угтсан 80 бүтээлч ажил хийлээ. Өөдлөх айл үүднээсээ гэгчээр харуулын хаалга, хүндэтгэлийн талбайгаа хүртэл засч шинэчиллээ. Дайчин алдрын танхим гэж анги байгууллагын өв санг хадгалдаг байшингаа сэргээж чадлаа. Ингэснээр ангийнхаа үүх түүхээ авч үлдэх, улам баяжуулахад онцгой үүрэгтэй юм. Энэ дашрамд ангийн удирдлагуудад талархсанаа илэрхийлэх ёстой. Аймгийн Засаг дарга Б.Бадраа хилчдийнхээ үйл ажиллагааг маш ойлгож бүх талаар нь тусалж байдгийг хэлье.

-Та хилчдэдээ мэндчилгээ дэвшүүлэх боломжтой?

-Манай ангиас долоон генерал төрсөн байна. Манайх шиг ийм олон генералтай анги байгаа эсэхийг сайн мэдэхгүй юм. Энэ завшааныг ашиглаад Монголын хилийг дөрвөн зүг найман зовхист хамгаалж байгаа нийт хилчдэдээ болон хилийн 0131 дүгээр ангид алба хааж байсан үе, үеийн хилчдэдээ ойн баярын мэнд хүргэж байна.  Хилчдийн алдар үеийн үед бадарч байх болтугай гэж ерөөе.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *