Хэрхэн Япон маягаар амьдрах вэ

8-р сарын 2, 2018 10:15 am Нийтлэгч: Ангилал Танин мэдэхүй , Энтертайнмэнт Уншсан: 34
8-2-7

Д.ЭНХЭЭ

Хүмүүс яагаад урт насалдагийг япончууд олон жил судалж байна. Эрдэмтдийн дүгнэлт, зөвлөмжүүдийг тэр дор нь практикт нэвтрүүлэх гэж хичээж, амьдралыг уртасгаж, чанарыг сайжруулах олон хөтөлбөр боловсруулан улс орон даяараа хэрэглэж, хэрэгжүүлсээр байна. Японы судлаачид Москвад хүрэлцэн ирж манай эмч нартай туршлага солилцонгоо мэдлэгээ хуваалцахаар тохирсон талаар болон япончуудын урт наслалтын нууцын талаар rg.ru-д бичсэнийг орчуулан хүргэж байна.

“Японд одоо хүнийг өтлөх насандаа ч идэвхтэй, тэнхлүүн байхын тулд эрүүл чийрэг өндөр наслах хугацааг урт болгох зорилт тавьж байна” хэмээн герантологийн үндэсний төвийн сургалт, инновацийн төвийн захирал Хидетоши Эндо өгүүлэв. “Тэр ч бүү хэл, албан ёсны өндөр насыг 65 – аас 75 болгох тухай маргаан ч явж байна” хэмээн шинжээч онцлов.

Эндо докторын өгүүлсэн зарим “нууц” – ыг дор дурдав.

ЗӨВ ХООЛ

“Японы уламжлалт хоол хүнс дэлхийд хамгийн эрүүлд тооцогддог газрын дундад тэнгисийнхийг ерөнхийдөө санагдуулдаг” хэмээн японы герантологич өгүүлэв.

Ургамлын гаралтай хоол хүнсийг тэргүүн зэрэгт тооцно. Ногоо, жимсийг өдөр бүр хэрэглэнэ. Загас, далайн бүтээгдэхүүнийг мөн л өдөр бүр хэрэглэнэ. Өөх тос голцуу ургамлын гаралтай. Амьтны гаралтай уураг өндөг (долоо хоногт дөрөв хүртэл). Япончууд мах бага иднэ. Тахиаг хэрэглэж хэвшчихсэн, харин улаан махыг, жишээлбэл, алдартай сайн чанарын үхрийн махыг зөвхөн баярын ширээнд л хэрэглэнэ.

Европууд улаан дарс уудаг. Япончууд ч спиртийн хэрэглээнээс нэг их татгалзаад байдаг­гүй. Гэхдээ ихэнхдээ хэм­жээгээ маш сайн таа­руулж уудаг. Саахар, амт­танг маш бага, тунгаа­гаагүй нишингийн бор саахрыг илүүд үзнэ. Япон гал тогооны онцлог бол сүүн бүтээгдэхүүн огт байдаггүй. Японы цагаан хоол бол сүүгүй газрын дундад тэнгисийнх гэж хэлж болно.

Япончуудын дийлэн нь амьтны гаралтай өөх тосыг иддэггүй, гэхдээ өндөр настан олонтой­гоороо нийтэд танигдсан Окинава арлынхны нутгийн заншил болсон хоолны нэг бол ястай, хуйхтай нь ялз чанасан гахайн мах. Ийм хоолыг коллаген ихтэй, үе мө­чинд сайн, арьсыг залуу хэ­вээр байлгадаг гэж үздэг.

Японы өвөрмөц өөр төрлийн хүнсний бүтээгдэхүүн бол мэдээж, усны ургамлууд (тэдгээрт амин дэм, бичил элементүүд их), мөн буурцгийн төрлийн хүнс, юуны өмнө буурцгийн тофу бяслаг, мисо нухаш. Түүнийг онцгой мөөгөнцрөөр исгэж ферментжүүлсэн буурцаг болон цагаан будаагаар хийдэг. Ургамлын уураг ашигтай ч шингэхдээ тааруу. Буурцгийг ферментээр боловсруулах нь уургийг шингэцтэй болгоно.

Олон нэр төрлийн хоолыг жигнэж, чанаж бэлтгэнэ, харин загасыг бараг түүхийгээр нь иддэг. Хуурсан, шарсан хоол бараг хэрэглэдэггүй. Баримталдаг гол зарчмын нэг нь – бүх хоолыг хуучирч муудаагүй шив шинэхэн материалаар бэлтгэнэ. Орц бага. Савх барих нь зооглох хугацааг удаашруулна. Үүний үр дүнд нэг удаагийн хооллолтоор япон хүн европ хүнээс дунджаар 20 хувь бага иддэг.

ХАЛУУН ХООЛ ХҮНСНЭЭС ТАТГАЛЗАЖ СУРГАХ

Японд хорт хавдрын өвчлөлийн дунд ходоодны хорт хадвар олон жил тэргүүлсэн. Бүх хүнийг ходоодоо заавал тогтмол дурандуулах үүрэгтэй болгосноор нас баралтыг бууруулж чадсан. Хэт халуун хоол идэх зуршил, нимгэн хальсыг түлэхуйц цай ундаа уух нь эрсдлийн гол хүчин зүйл гэдгийг эрдэмтэд олж тогтоосон. Улс орон даяар сурталчилгааны ажил өр­нүүлж, боломжтой бүх арга хэрэгслээр дээр өгүүл­сэн бүхэн ямар айх­тар хор уршигтай бо­лохыг хүмүүст итгүүлж үнэмшүүлсэн.

ӨДӨРТ 10 ГРАММ ДАВС

1970-аад онд улс орон даяар зүрх, судасны өвч­­лөлийн төвшин өндөр байсан бөгөөд эрүүлийг хамгаалахын удирдлагууд шалтгааныг арилгах ажлыг нухацтай барьж авсан. Бүхэлдээ япончуудын уламжлалт хоол хүнс эрүүлд тооцогдоно. Гэхдээ нэг муу зүйл байсан нь хүмүүс давсыг ихээр, өдөрт 30 – 40 грамм хэрэглэдэг байв. Энэ нь нас ахихын хэрээр даралт ихсэх, шигдээс болох, цус харвахад хүргэж байв. Улс орон даяар “давсны эсрэг” хөтөлбөр хэрэгжүүлж, одоо давсны хоногийн дундаж хэрэглээ 10 граммаас хэтрэхгүй болсон. “Үр дүн нь нүднээ илт. Япончуудын судасны эрүүл мэнд эрс сайжирсан. Ширээн дээр давсны сав, бас тэгээд амтлаа ч үгүй байж давс нэмдэг танай орос заншил намайг гайхашруулдаг юм”  хэмээн Эндо доктор тайлбарлав.

ӨНДӨР НАСТНУУДАД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ХООЛ ХҮНС

Хоол хүнсэндээ уураг хэрэглэх. Энэ бол 75-аас дээш насныханд зориулж японы герантологичдын гаргасан зөвлөмжийн нэг. Тэгэхгүй бол хүн “хатингаршиж хуурайшин” хүч тамираа алдана. Одоо Японд өндөр насны дэмийрэлтэй тэм­цэх үндэсний ээл­жит хөтөлбөр боловс­руулж байна. Өндөр настан­гуудад зориулж тусгай хоол хүнс боловсруулж байна: тухайлбал, өндөр настнууд ердийн мах, загасыг амархан залгиж чадахуйцаар жижиглэн нухаш маягийн болгож байна.

ХӨДӨЛГӨӨН БОЛ АМЬДРАЛ

Япончууд хөдөлгөөнд их хүч, анхаарал зарцуулдаг. “Алхах бол Японд моод болсон”  хэмээн доктор Эндо онцлов. Өглөө бүр “Радиогийн гимнастик” хөтөлбөрт улс орон даяар ихэнх оршин суугчид идэвхтэй оролцдог. Ахмад үеийнхэнд зориулсан “Нураагаа тэгшил” хэмээх нийт үндэстнийг хамарсан хөдөлгөөн бодож олцгоосон. Энэ бол уян хатан чанарыг хөгжүүлэх онцгой дасгал. “Энэ дасгал биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжи­хэд чухлаас гадна унаж, бэртэхээс сэргийлдэг” хэмээн япон герантологич үзэж байна.

НИЙГМИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО

Ихэнх япончууд маш өндөр настай болсон ч ой санамж, саруул сэтгэх чадвараа хадгалж чаддаг. Гэхдээ Альцгеймерийн өвчлөл өвгөрч хөгширч байгаа бусад ертөнцийн нэг адил бас хааяа гарсаар л байдаг. Түүнийг анагаах эм хараахан гаргаж аваагүй байна, гэхдээ Альцгеймерийн өвчинтэй хийх тэмцлийн гол цохилт судсыг эрүүл байлгахад оршино. Чихрийн шижин болон цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлж байгаа ашигтай бүхэн бол хөгшрөлтийн үед ухаан мэдрэл самуурахаас сэргийлдэг” хэмээн доктор Эндо өгүүлэв. Японд зөв хооллолт, сэтгэл санааны хямралтай (стресс) тэмцэх (япончууд харин ажил алба, гэр бүлийн амьдралын хувьд тогтвор суурьшилтай байдаг хэвшил нь стресстэй тэмцэхэд тус дэм болдог), бие бялдрын идэвхтэй хөдөлгөөнөөс гадна нийгмийн идэвхжил, нийгмийн холбоо харилцааг (сонирхлын янз бүрийн клубууд ажилладаг) хадгалахыг чухалд үздэг.

ЯАГААД ИНГЭЖ УРТ НАСАЛДАГ ЮМ БОЛ

Японд урт наслалтын статистикийг нийтэд ил болгожээ. Asahi сонинд мэдээлснээр 2017 оны дүнгээр эрэгтэйчүүдийн дундаж наслалт 81.1 жил, эмэгтэйчүүдийнх 87.3 жил болжээ. Гэхдээ Швейцарьт эрэгтэйчүүд өөрсдөөс нь таван сараар, Хонконгт  бүр найман сараар илүү насалдаг болохоор япончууд сэтгэл дундуур байдаг ажээ.

Япончуудын өөрс­дийнх нь үзэж байгаагаар олон зүйл хоол хүнснээс шалтгаалдаг аж. Тухайн хоол хүнс, эсвэл ундаа организмд ямар ашиг тустай талаар урьдчилан судалж мэдэлгүйгээр хэрэглэх япон хүн маш ховор. Амттай алим, улаан лооль байлаа гэхэд япон хүн дээд зэргийн ашиг тустай байхад өдөрт хэдийг, ямар байдлаар идэх хэрэгтэйг асууж сонирхоно. Жишээлбэл, Мацумото хэмээх жижгэвтэр хотод шүүс шахдаг вакуум төхөөрөмж зохиожээ. Шив шинэхэн хэрчсэн жимс агаартай холилдож исэлдэлгүй, шим тэжээлээ хадгалдаг байхад уг төхөөрмж хэрэгтэй. Ийм аппарат 800 ам.долларын үнэтэй ч, эрэлт ихтэй байдаг.

Токиод сүүлийн сар маш халуун байлаа, жар гаруй настай хүн  өглөөний дөрвөн цагт муураа хөтлөөд салхи­луулна, цэвэр агаар муу­ранд ч бас хэрэгтэй аж. Ингэж явахдаа нохойгоо хөт­лөөд салхилж яваа дал гаруй насалсан хөрш­тэйгөө таарна. Тэд өглөө бүр ингэж уулзахдаа эрүүл байхын тулд хэрхэн хоол­лох талаар санал солилцоно. Эрүүл мэндэд ашиг тустай хоолны жор маш олон янз, бараг жил бүхэн маркетологуудын хү­чин чармайлтаар “бүх юманд” хэрэгтэй шинэ хүнсний бүтээгдэхүүн гарна.

Хоол хүнс судлаачдын үзэж байгаагаар японы гал тогоо ерөөсөө урт наслахад дэм тустай. Усны ургамлууд, өөх тосгүй мах, загас, ногоон цай  бүгд л сайн, ашигтай. Ингэхдээ пүүсүүдэд ажил­ладаг япончууд эрүүл хоол хүнсний хажуугаар бараг орой бүр баар цэнгээний газраар ордог. Тэгэхдээ тэд их уухдаа биш.

Юутай ч япон хоол хүнс шингэхдээ сайн. Японы аптек бүхэнд амин дэм, био нэмэлт бүтээгдэхүүн, гепапротекторууд хамгийн хүндтэй байранд байдаг.

Японуудын өөр нэгэн онцлох шинж бол жил бүхэн заавал урьдчилан сэргийлэх үзлэгт ордог явдал, үүний тулд зориулсан даатгал бараг хүн бүрт бий. Тийм болохоор олон тохиолдолд хүнд өвчнийг ч эрт үед нь оношлон илрүүлснээр эмчлэх боломж эрс нэмэгдэнэ.

Ийм үед эмч нар боломжтой бол хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим баримталдаг нь сонин. Зарим нь эмчид үзүүлэнгээ энд тэнд өвдөж байна хэмээн гомдоллоход нь “тэвчээртэй бай, аяндаа зүгээр болно”, эсвэл “тамхиа багасга” гэх мэт ерөнхий зөвлөмж өгснөөр хязгаарлах жишээтэй. Гэхдээ дур мэдэж өөрөө өөрийгөө эмчлэхийг хатуу хязгаарласан, заавал хүчтэй үйлчилгээтэй гэхгүй олон эмийг зөвхөн жороор олгодог.

Урт наслахад нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл бол эмч нарын үзэж байгаагаар халуун устай ваннд хэвтэх. Бараг бүх япон хүн унтахаасаа өмнө хагас цаг халуун устай ваннд хэвтдэг. Халуун рашаантай амралт, сувилалд амрах явдал маш түгээмэл. Галт уулын нөлөөгөөр халуун рашаан улс орон даяар хааяагүй элбэг, бараг рашаан бүхэнд төсвийн зочид буудлаас гадна таван одтой, тагтан дээрээ халуун рашаанд орох ваннтай өрөө бүхий хувийн зочид буудал баригдчихсан. Үнэтэй зочид буудлын нэг өрөө хоногийн 300 – 500 доллар байдаг ч эрэлт ихтэй байдаг.

Амьдралын идэвхтэй хэв маяг болох ууланд явган аялах, дорно дахины ганцаарчилсан тулааны урлагт суурилсан гимнастикийн дасгал хөдөлгөөн, унадаг дугуй энэ бүхэн тийм ч сүүлийн байранд орохгүй.

Амьдралын тохь тухын үзүүлэлтээр Япон улс дэлхийд бараг нэгдүгээрт шахуу ордог нь япон амьдрал стресс бага, хэвийн жигд байдагт оршдог. Амиа хорлох үзүүлэлтээр Япон улс тэргүүлдэг гэх яриа хий хоосон үлгэр домог, энэ үзүүлэлт энд дэлхийн дунджаас доогуур.

Эцэст нь өгүүлэхэд, японы засаг захиргаа иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө үнэхээр нухацтай ажилладаг орчин үеийн дэд бүтэц бий болж, эрүүл мэндэд ашиг тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрүүдэд хөнгөлөлт олгож, тамхидалтыг багасгахыг оролдох гэх мэт олон зүйл хийсээр байна. Шалтгаан нь зөвхөн хүнд хайртайдаа төдийгүй, хүн ам хөгширч байгаагийн хэрээр ахмад настныг арчилж сувилахад төсвийн хувьд өртөг өндөр болно, харин эрүүл саруул тэтгэвэрийн хүн өвчтэй хүнээс хямд зардал шаардана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *