Хэрэглээний зээлийг хязгаарласнаар бизнесийн зээлийн хүү буурна

7-р сарын 2, 2018 8:55 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 99
fc111ef07146da145e2459bf958e49f77fbce70c

Ц.МЯГМАРБАЯР

Өнгөрөгч зурга­дугаар сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан. Энэ тогтоолын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр олгох, нөхцлийг нь өөрчлөх иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй гэсэн үг.

Жишээлбэл, хэрэг­лээ­ний зээл авахыг хүссэн иргэний татварын дараах орлого нь 500 мянган төгрөг байвал түүний сард төлөх зээлийн үндсэн болон хүүний нийт төлбөрийг 350 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй. Хэрэв тус зээлдэгч өмнө нь авсан зээлийн төлбөрт сар бүр 200 мянган төгрөгийг төлдөг бол шинээр авах хэрэглээний зээлийн сарын нийт төлбөрийг 150 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй хэмжээнд зээлийн хэм­жээг тодорхойлно. Ингэснээр тус зээлдэгч тат­варын дараах орло­гынхоо хамгийн багадаа 30 хувь буюу үлдсэн 150 мянган төгрөгийг өөрийн амжиргаа болон бусад хэрэгцээндээ зарцуулахаар авч үлдэх ёстой болж байна. Мэдээж зээлийн хүү, хугацаа, сард төлөх хуваарь нь тогтмол байх эсэх, мөн зээлдэгч нь өөр зээлтэй эсэхээс хамаарч дээрх дүн өөрчлөгдөнө.  Мөн хэрэглээний шинжтэй импорт I улирлын байдлаар өнгөрсөн оноос 28 хувиар өссөн.

Харин бизнесийн салбарын зээлийн өсөлт сүүлийн есөн улирлын туршид дунджаар 1.5 хувьтай байж байгаад таван сарын байдлаар тав орчим хувь болж өсч эхэлж байна. Бизнесийн зээл дорвитой өсөхгүй, зөвхөн хэрэглээний зээлд банкуудын зээлийн эх үүсвэр зарцуулагдах нь цаашид ажлын байр, иргэдийн орлого дорвитой нэмэгдэхгүй байх төлөвтэй. Түүнчлэн төлбөрийн тэнцэл, өрийн дарамт нэмэгдэх, санхүүгийн салбарт зээлийн чанар муудах эрсдэл хуримтлагдах, эдийн засаг шокт өртсөн тохиолдолд сэргэлт удаан болох гэх зэрэг сөрөг үр дагаврууд үүсэхээр байгаа аж.

Бусад улс орнуудын судалгаагаар өрхийн өр нэмэгдснээр дунд хугацаандаа буюу гурав орчим жилийн дараанаас нийт хэрэглээг бууруулах замаар эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг гэжээ. Манай улсын хувьд өрхийн өрийн одоогийн түвшин нь дунд урт хугацааны эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх түвшинд хүрсэн гэсэн судалгааны дүг­нэлт гарсан гэж Монгол­банкны мөнгөний бодло­гын газрын төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамал­сувд ярьж байна.

Нөгөө талаас Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр иргэдийн сарын дундаж нэрлэсэн цалин 998400 төгрөг байна.  Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутгавал цэвэр орлого дунджаар 811386 төгрөгтэй тэнцэнэ. Харин амжиргааны баталгаажих доод түвшин 198600 төгрөг байгаа бөгөөд энэ нь 811 мянган төгрөгийн 24.5 хувийг эзэлж байна.Иймд иргэд цалин, тэтгэвэр гэх мэт тогтмол орлогоо барьцаалж зээл авсан тохиолдолд зээлийн сарын төлбөр нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дараах орлогын 75.5 хувиас хэтэрвэл наад захын амьжиргааны зарлагаа танах эсвэл нэмж зээл авах, зээлээ сунгах шаардлагатай болох тул өрхийн өрийн дарамт нэмэгдэх, зээлгүйгээр амьдрах боломжгүй болж өрийн торонд орж, түүнээс гарч чадахгүй байх эрсдэл нэмэгдэнэ.

Дээрх тооцоог дөрвөн ам бүлтэй, хоёр хүний цалингийн орлоготой өрхийн хувьд хийхэд зээлийн сарын төлбөр нь өрхийн орлогын 49 хувиас хэтэрвэл өдөр тутмын зайлшгүй хэрэглээгээ санхүүжүүлэх боломжгүй болж байна. Иймд дээр дурдсанчилан өр, орлогын харьцааг 70 хувиар тогтоосноор зээлдэгч нь амжиргааны наад захын хэрэгцээгээ хангах орлогыг өөртөө авч үлдэх шаардлагыг тавьж байгаа нь тэднийг хамгаалж буй хэрэг юм. Хэрэгжиж эхлэх хугацааг хойш тавихаар банкууд урьдаад хэрэглээний зээлээ ихээр нэмэгдүүлэх байх гэсэн болгоомжлол бий.

Энэ тухай мэргэжил­тэн хэлэхдээ “ Ийм зүйл гарч болзошгүй. Гэх­дээ мөнгөний бодло­гын хорооны хурал дээр хэрэглээний зээлийн эрсдлийн жинг нэмэгдүүлэх тухай хувилбар бас яригдсан. Энэ бол хэрэгслүүдийн хувьд байж болох сонголт юм. Банкууд таны хэлсэн үйл хөдлөл хийвэл ирээдүйд өөрийн хөрөнгө талдаа илүү зардал үүрэх эрсдэлтэй. Банкууд хугацаа олгож байгаа нь шок үүсгэхийг хүсээгүй бөгөөд бизнесийн стратегиа аажмаар өөрчлөх цаг хугацааны орон зай өгч байгаа юм” гэлээ. Хэрэглээний зээлээр жижиг бизнесээ тэтгэдэг олон хүн бий. Энэ хүмүүст хязгаарлалт тогтоочихож байгаа юм биш үү гэсэн хардлага төрж байна. Гэвч банкуудын шинээр олгох хэрэглээний зээл хязгаарлагдахаар  эргээд бизнесийн зээлийг түлхүү олгож эхэлнэ гэж харж байна.Түүнчлэн бизнесийн зээлийн нийлүүлэлт нэмэгдэхээр банкуудын бизнесийн зах зээл дээрх өрсөлдөөн нэмэгдэж, хүү ч буурна гэсэн хүлээлт байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *