Хэзээ, хэнийг гэдэг нь нууц байсан.

11-р сарын 6, 2015 3:21 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized , Намууд , Сонгууль , Улс төр Уншсан: 101
11-5-11_700x700

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг уржигдар орой АТГ-аас баривчилжээ. МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Э.Эрдэнэжамъян, тус намын дэргэдэх  “Ардчилал, шударга ёс-Монголын залуучуудын холбоо”-ны тэргүүн О.Буяннэмэх нар өчигдөр намын байран дээрээ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Э.Эрдэнэжамъян:

-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын  сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр /уржигдар/ Авлигатай тэмцэх газраас баривчилсан.  Юуны өмнө албан ёсоор мэдэгдэхэд энэ баривчилгаа бол МАХН-ын удирдлагуудын эсрэг хийж байгаа хэлмэгдүүлэлтийн дараагийн нэг үе шат гэж үзэж байна.

 

Э.Эрдэнэжамъян:

-Эрт орой хэзээ нэгэн цагт манай намын гишүүд, сайд нар, УИХ-ын гишүүн, удирдлагуудын хэн рүү нь ч ирэх тийм заналхийлэл байсаар байсан. Харин хэзээ, хэнийг  гэдэг нь нууц байсан. Харамсалтай нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг баривчиллаа. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой, сонгууль дөхсөн, МАХН-ын нэр хүнд сэргэж, үйл ажиллагаа идэвхжиж  байгаатай холбоотойгоор бидний үйл хэргийг сааруулах, айлгах зорилготой арга хэмжээнийх нь нэг хэсэг гэж үзэж байгаа. МАХН иймэрхүү хэлмэгдүүлэлтийг үзсээр ирсэн. Саяхныг хүртэл үзсэн, өнөөдрийг хүртэл үзэж байна. Ийм хэлмэгдүүлэлтээс бид айхгүй. МАХН-ыг шоронд хорьж, хэлмэгдүүлж айлгахгүй. Бид Оюутолгойг ард түмэнд ашигтай байлгахын төлөө, Тавантолгойг Монголын ард түмэнд өгөхийн төлөө, замбараагүй төр засгийг эмх журамд оруулахын төлөө энэ байтугай юмнаас айхгүй гэдгээ албан ёсоор хэлж байна.

Ц.Шаравдорж:

-МАХН өнөөгийн Засгийн газарт орж УИХ-д суудалтай, улс төрийн өөрийн байр суурьтай, үзэл бодлоготой хүчний хувьд өнөөдөр монголчуудын төлөө, шударга ёсны төлөө үйл ажиллагаа явуулж байгаа нам гэдгийг тэмдэглэж хэлье. Энэ үйл ажиллагааг тасалдуулах, саад болох  алхмуудтай бид тэмцэх болно. Бид олон шалгалтыг давсан, одоо ч гэсэн янз бүрийн шахалт шаардлага, элдэв янзын алхамд хариу өгч байгаа. Цаашдаа  ч Монгол Улсын төлөө, монголчуудын нийтлэг эрх ашгийн төлөө тэмцэнэ.

Энд нэг зүйлийг тодорхой хэлье. Монголд өнөөдөр юу аюул тарьж байна гэхээр нийтийг хамарсан мөрдөлт хэлмэгдүүлэлт, тагнах чагнах ажиллагаа ердийн үзэгдэл болсон. 1937 оны их хэлмэгдүүлэлтийг бид одоо хүртэл түгшүүртэйгээр ярьдаг. Тэр хэлмэгдүүлэлтийг дахин давтахгүй байх ёстой гэж байнга ярьдаг. Гэтэл өнөөдөр улс төрийнхөө өрсөлдөгчдийг, монголчуудын төлөө гэж дуугарсан зөв бодолтой, зөв санаатай хүмүүсийг мөрдөн мөшгих, хэлмэгдүүлэх үйл ажиллагаа нийтийг хамарсан үзэгдэл боллоо. Энэ үйл ажиллагаанд шударга үнэнийг олох ёстой хуулийн байгууллага татагдан орж байгаад үнэхээр харамсаж байна. Шүүх, прокурор, цагдаа, АТГ бол өнөөдөр Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлдэг үзэл бодлын арга хэрэгсэл болж хувирсан нь нэг талаасаа аймшигтай, нөгөө талаасаа гутамшигтай үзэгдэл. Өнөөдөр монголчууд айдас дунд амьдарч байна. Тиймээс өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах гэж, өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх гэж ард түмний өмчийг ашиглах гэж монголчуудыг тэр тусмаа шударга үйл ажиллагаатай намыг, намын удирдагчдыг айлгах арга зам руу орж байна. Тийм учраас монголчуудыг нэг нэгээр нь дарангуйлдаг, хүнийг, бусдыг, улс төрийнхөө бусад намыг дарангуйлдаг ийм үзэгдлийг бид таслан зогсоох ёстой. Үүний эсрэг МАХН хэлэх үгээ хэлж, үйл ажлаа тогтмол явуулна. Ард түмний төлөө чин үнэн үг хэлж байгаа тэр улстөрчдийг яаж хэлмэгдүүлдгийг бид харсан. Н.Энхбаяр Оюутолгой, Тавантолгойг Монголын ард түмэндээ өгч өмчлүүлэх ёстой тэр ашгийг ард түмэн хүртэх ёстой гэсэн үгээ хэлснээр хэлмэгдсэн. Нэг хоёр хүнийг айлгадаг байсан бол одоо нийтийг хамарсан айдас монголчуудыг нөмөрч байгаа нь туйлын аюултай үзэгдэл.

Өнөөдөр Монголд хууль ёс, шударга ёс гэдэг зүйл байхгүй болж. Бид үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг тунхагласан ардчилсан орон. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний салшгүй эрхүүдийг заачихсан. Жишээлбэл, тэр дотор өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчтэй байх, үзэл бодлоо хамгаалах гээд заачихсан. Гэтэл бидний авсан мэдээллээр бол урд шөнөжингөө /уржигдар/ ямар ч өмгөөлөгчгүйгээр тэр хүмүүсийг дарамталж мэдүүлэг авсан байна. Энэ мэтээр бидний тунхаглаад байгаа шүтэж, ширээний ном болгосон Үндсэн хууль  зөрчигдөж, хүний эрхийг зөрчиж байгаа нь туйлын аймшигтай байна. Бид МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг ямар нэг гэмт үйлдэл үйлдсэн гэдэгт итгэхгүй байна. Хуулийн байгууллага тийм байдлаар шалгаж байгаа бол бас нэгэн хэлмэгдүүлэлт эхэлж байна. Тиймээс өнөөдөр энэ хурлыг хийж байгаа МАХН-ын байр суурь тодорхой. Шударга үнэний төлөө цаашид явна. Энэ их хэлмэгдүүлэлтийн золиос болж байгаа хүмүүсээ хамгаална.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Э.Эрдэнэжамъян дарга Г.Шийлэгдамбыг 461 дүгээр хориг ангид байхгүй байна гэж цахим хуудсандаа бичсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

Э.Эрдэнэжамъян:

-Баривчилсан гэдгийг нь сонсоод Шадар  сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ бид нар хаана байгаа, ямар учраас баривчилсныг нь мэдэхийн тулд АТГ-т  очсон. Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах зорилгогүйгээр  хүний эрхийг хангаж байна уу, өмгөөлөгчтэй байна уу гэдэг үүднээс очсон. Биднийг  12:00-02:00 цаг хүртэл тэнд байхад АТГ-ынхан “Тийм зүйл байхгүй. Тийм хүн баривчлагдаагүй” гэсэн янз бүрийн мэдээлэл өгсөн.  Бидний олсон мэдээллээр бол Г.Шийлэгдамба сайд 04:00 цагийн үед 461 дүгээр ангид очсон юм билээ. Шөнийн 12:00 цагаас өглөөний 04:00 цаг хүртэл энэ хүнийг АТГ-ынхан хаана юу хийлгэж ямар байцаалт авсныг бид мэдэхгүй байна.

Бид очсоныхоо үр дүнд хамт баривчлагдсан хүмүүс нь ажлын бус цагаар прокурор, шүүхийн тогтоолгүйгээр хууль бусаар хүйтэн байранд байцаагдаж байсныг сулласан. Өнөөдрөөс эхлээд тэр хүмүүс байцаалтаа өгч байгаа.

Г.Шийлэгдамба сайдыг мөнгө авч байхад нь АТГ илрүүлж, баривчилсан гэсэн мэдээлэл байна?

Э.Эрдэнэжамъян:

-Г.Шийлэгдамба бол авилга авах хүн биш. Нэг сонин зүйл нь АТГ-ын 30-40 хүн очиход тэр үед нь хүн авилга өгч таараад. Өөрөөр хэлбэл, нэг хүн хэдэн зуун сая төгрөг өгч байхад нь АТГ-ын 30-40 хүн очиж таарч байгаа нь хэн ч бодсон үлгэрийн зүйл байгаа биз дээ. Энэ мэтчилэн АТГ-ынхан их гоё кино зохиол шиг ажилладаг байхгүй юу. Энэ үйлдэл нь биднийг бүр эргэлзүүлж байгаа юм. Ялангуяа МАХН шиг шоовдорлуулж, дандаа тагнуулж, мөрдүүлж байгаа намын Ерөнхий нарийн бичгийн дарга тийм зүйл хийнэ гэж байхгүй. Тэгэхээр баривчилсан нь өөр зүйл байгаа байх. АТГ-ынхан шалгаад мэдээлнэ биз. АТГ-ынхан зохиож  монтажлаад хийчихдэг. Бид бол намынхаа хүнд, Г.Шийлэгдамбад, нөхөртөө итгэнэ. Түүнээс биш улс төрийн явуулга хийдэг, гар хөл болсон муухай зүйлд итгэхгүй.

Өмгөөлөгч авсан уу?

Э.Эрдэнэжамъян:

-Бид хөөцөлдөж байна. Өмгөөлөгч нартай уулзаж байгаа. Нэг харамсалтай зүйл нь АТГ-ын эсрэг дуугардаг өмгөөлөгч олдохоо больж. АТГ-тай заргалдаад явж байгаа өмгөөлөгчдийг айлгадаг, дарамталдаг, эрхийг нь хасуулдаг, шоронд хорьдог юм байна. Ийм байдалтай болсон болохоор бид өнөөдөр хүнээр өмгөөлүүлж чадахгүй ядарсан ард түмэн болж.

АТГ-аас албадан саатуулахдаа гурван удаагийн зарлан дуудах хуудас өгдөг. Хуудас өгсөн юм болов уу?

Э.Эрдэнэжамъян:

-МАХН-ын тодорхой ажил хийж байгаа бүх хүнийг өдөрт нэг удаа АТГ-аас дуудаж байцаадаг. Эрүүл мэндийн сайд хийж байхдаа Н.Удвал сайд манай яамны аппаратын 60 хувь нь АТГ-аас ирүүлсэн бичигний хариуг өгөхөд зарцуулагдаж байна гэж аргаа барж байсан. Тийм хяналтад ажиллаж байж АТГ-ын 30-40 цагдаа байж байхад нь тийм зүйл хийх үү. Тэр кино зохиолоо болио. Монголын ард түмэн итгэхгүй. Бид байдаг бүх аргаар тэмцэнэ гэдгийг АТГ-ынхан болон захиалсан хүмүүст нь хэлчихье.

Ц.Шаравдорж:

-АТГ-ын энэ баривчилгаа яагаад зориуд өчигдөр /уржигдар/ болов гэж. Хоёр нөхцөл байдлыг зориуд иш татмаар байна. Нэгдүгээрт, өнөөгийн эрх барьж байгаа зарим хүн, бүлэглэлийн хэсэг нь элдэв янзын асуудалд орооцолдоод хорих газар байгаа. Тийм учраас тийм хүмүүсээ олны анхаарлаас хөндийрүүлэхийн тулд зориуд ийм арга хэмжээ зохиосон байхыг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт өчигдөр /уржигдар/ МАХН, МАН-ын удирдлагад ахмадууд өргөн барих бичгээ гардуулсан. Ирэх сонгуульд хамтарч орохын чухлыг тэмдэглэж уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалт  олон улстөрчийн анхаарлыг татаж  түгшээсэн байж магадгүй. Тийм учраас энэ асуудалд сэтгэл нь түгшиж, дараа дараагийн бохир улстөрөө бодсон улс төрийн хүчин хуулийн байгууллагыг ийм зүйлд оруулсан байж магадгүй гэсэн таамаг байна. Монголд цэвэр улс төр гэж алга. Сонгогч олныхоо өмнө хийсэн, хийх гэж байгаа ажлаа танилцуулдаг шударга өрсөлдөөн байхгүй болсон. Заавал наана нь  хүч хэрэглэн тооцоо бодох ийм зүйл газар авсан байна. Энэ хаанаас гараад байгааг хүмүүс сайн мэднэ.

МАХН засгаас гарах талаар ямар байр суурьтай байгаа вэ?

Ц.Шаравдорж:

-МАХН-ын хувьд төр нь тогтвортой түмэн олон нь айдасгүй амьдраасай гэж боддог нам. Харамсалтай нь Засгийн газрыг огцруулах янз бүрийн асуудал улс төрчдөөс гараад байна. Бид Засгийн газар нь тогтвортой ажиллаасай гэж бодож байна. Гэтэл өнөөдөр өөрийнх нь намын болон өрөөл бусад улстөрийн хүчнийхэн энэ Засгийн газрыг унагаж, энэ улс орныг үймээнтэй шуугиантай тогтворгүй байдалд турхирсан үйл ажиллагаа явуулаад байгаа та бүхэн харж байгаа байх.

Э.Эрдэнэжамъян дарга захиалагчтай гэж хэллээ. Захиалсан хүнийг нь баримттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлачих юм бишүү?

Э.Эрдэнэжамъян:

-Баримтаа надад үзүүлж байдаг захиалагч байхгүй.

Таны бодлоор захиалсан гэж хардаж байгаа хүн хэн бэ?

Э.Эрдэнэжамъян:

-Би зөндөө ял аваад хаширсан хүн. Гэхдээ айгаад байх зүйл алга. Хэлчихье. Улс төрийн цаг хугацааных нь хувьд их сонирхолтой үе гэдгийг Ц.Шаравдорж дарга хэллээ. Засгийн газар хамгийн эмзэг үе дээрээ байна. Огцрох уу, үгүй юу гэсэн. Тэгэхээр хамгийн эмзэг цэг нь хэн бэ гэсэн чинь УИХ-ын гишүүн биш сайд харагдаж байна. Тэр нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга. Энэ хүнийг нь тоншчихвол Засгийн газар яваад  өгнө гэж тэр хүн тооцоолж байна. Тэрнийх нь золионд өртөж байна гэж харж байна. Засгийн газрыг тогтвортой байлгах гэж байгаа Ч.Сайханбилэгийг унагавал  хэнд ашигтай байгаа юм. Сайханбилэгийг юм уу АН-ыг өмөөрч байгаа юм биш. Засгийн газар унаад юу болох юм. УИХ Засгийн газраа тогтвортой байлгаж чадахгүй байна. Бүх замбараагүй зүйл бүтэлгүй УИХ-д байна гэдгийг МАХН-аас хэлж байгаа.   Ер нь УИХ аль болох эрт тараад, ард түмнийхээ сонголтоор шинээр байгуулагдаасай гэж үзэж байгаа. Түүнээс биш ямар нэгэн байдал, хэн нэгний явуулгаар Засгийн газрыг унагах асуудалд автаад байх зохимжгүй. Ер нь бол АТГ-ын дарга, Ерөнхий прокурорыг томилдог ганцхан хүн бий.Тэрэнтэй нийлсэн хэчнээн хүн байгааг мэдэхгүй байна.

Г.Шийлэгдамба сайдын ар гэрийнхэн энэ талаар мэдээлэл өгсөн үү?

Ц.Шаравдорж:

-Гэр бүлийнхэн  нь мэдээж түгшиж л байгаа. Ар гэрийнхэн нь мэдээлэл авсан байх. Бидний хувьд өмгөөлөгч авч чадаагүй байгаа.

УИХ-ыг тараах байр суурин дээрээ хэвээрээ байгаа юу. Энэ асуудал ямар шатандаа явж байна вэ?

Ц.Шаравдорж:

-УИХ-ын үйл ажиллагаа зөвхөн МАХН-д биш нийт ард түмэнд таалагдахгүй байгаа. Төрийн түшээд хувийн амбицаар улс төрийн ашиг сонирхлоор асуудалд хандаж, шийдэх ёстой асуудлаа шийдэж чадахгүй байна. Тийм чадваргүй байдалд орчихлоо. Улсын төсөв ямар байна. Гэтэл энэ асуудлаа шийдвэрлэж чадахгүй. Нийгэм, эдийн засгийн ямар олон асуудал шийдлээ хүлээж байна. Гэвч хоорондоо маргалдсаар л цагийг авч байна. Тийм учраас сонгогчид энэ УИХ-ыг тарах хэрэгтэй гэж санал бодлоо хэлээд байгааг олон нийт сонсч, харж байгаа байх. Ингэж нэг ч гэсэн хоног хожиж, Их хуралд суух ёстой хүмүүс нь төрийн бодлогоо тодорхойлж, асуудлыг ард түмэнд ашигтайгаар шийдээсэй гэсэн байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Үндэслэлээ боловсруулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *