ХАР МӨР ДАГУУЛСАН “ГАВЪЯА”

8-р сарын 24, 2018 7:59 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 79
8-24-4
-Хорин сэтгүүлчийг хоморголон шийтгэсний 40 жилийн ой 2018-2019 онуудад тохиож байна-

Г.ЖАМЬЯН

Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч

Дөчин жилийн өмнө яг өдийд бид  байцаагдаж байлаа. Бид гэдэг маань хэн юм бэ? “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч, хүүхдийн зохиолч Ж.Даш­дондог, (сүүлд Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн бол­сон)“Улаанбаатарын мэ­дээ” сонины эрхлэгч, нэрт орчуулагч Г.Дугар, Улаанбаатар хотын намын хорооны хэлтсийн  дарга, идэвхтэн бичигч Д.Мандшир (улстөрийн ажилтан ганц хүн холбогдсон юм)“Улаанбаатарын мэ­дээ” сонины на­рийн бичгийн дарга Ш.Ганжууржав, тасгийн дарга Ө.Цэдэндорж, Д.Дашдорж, сурвалж­лагч О.Рэнчин, Д.Дулмаа,“Залуучуудын үнэн” сонины сур­валж­лагч  Хорлоо, Дуламханд(ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн гэргий агсан), гар зурагчин, МОНЦАМЭ-гийн сурвалжлагч Шагдар, М.Шийрэв (сүүлд МУСГЗ болсон), хэвлэл  утга зохиол хянах газрын ажилтан Ж.Барамсай (шог зохиолч, сэтгүүлч) Монгол кино үйлдвэрийн найруулагч Нямсүрэн, Эвлэлийн ажилтан идэвхтэн бичигч дөрвөн хүн, “Эсэргүү”“Харш үзэлтэн”  “Монгол-Зөвлөлтийн найрамдалд ан цав суулгагч” гэх мэтээр цоллогдон арга хэмжээ авагдаж, халагдах нь халагдаж, нутаг заагдах нь заагдан, хүнд хүчир хөдөлмөрт зүтгэж билээ. Тухайн үед хууль хяналтын бүх байгууллагын дээр Н.Лувсанравдан, Б.Дэжид нараар удирдуулсан Намын хянан шалгах хороо гэдэг нүсэр бүтэц ажиллан, хүний хувь заяагаар дур мэдэн тоглож байсан үе. “Гавъяа” найрууллыг анхлан бичигч нь би. Дараа нь “Залуучуудын үнэн” сонинд М.Шийрэв бид хоёр бичиж, Монголын радиогоор “Дуусаагүй хөрөг” радио найруулал явуулж билээ. 1978 оны мартын 8-ны баяраар шөнийн ээлжийн ажилчид ажлаасаа буугаад автобусаар явж байтал Улсын их сургуулийн үүдний зам дээр тэдний автобусыг нэг том машин хүчтэй дайрч эргүүлээд зугтаачихсан юм. Автобус шатаж эхлэсэн. Тэр дотор явсан хориод ажилчныг 19-хөн настай залуу З.Содномжамц үүрч дүүрэн зөөж амийг нь авраад өөрөө таалал төгссөнийг л  бид бичиж, зөвшөөрч, хянаж, хэвлэж, радиогоор нэвтрүүлсэн буруутай. Автобусыг дайраад зугтсан том машин нь Оросын цэргийн гурван согтуу офицер жолоодсон байлдааны машин байсанд л хэргийн гол оршиж байлаа. Эрхэм дээдсийн бодлоор бол тэр аймшигт осол аваарийг чимээгүй дарж өнгөрөөн, Монгол-Зөвлөлтийн найрамдлыг хамгаалах байж л дээ. Тухайн үе бол Оросыг шүтэн биширч, Хятадыг үзэн ядаж байсан цаг үе юм. Ядаж Хятадууд миний найрууллыг хэвлэл мэдээллийн төв хэрэгслэлээр хэвлэж, нэвтрүүлж, “Оросууд Улаанбаатарт цусан зам татуулж байна” гээд гал дээр тос нэмчихсэн юм билээ. Дотооддоо “эсэргүү” бидний тухай намын үүр хороодын бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, намын дээд сургуулийн хичээлийн программд оруулан “Харш үзэлтний тухай” хичээл орж байсан байгаа юм.

Ингээд л бидний 20 сэтгүүлч 1978 оны гуравдугаар сараас 1979 оны тав, зургадугаар сар хүртэл мөрдөн мөшгөгдөж байсаар 1979 оны тавдугаар сарын 29-нд болсон намын хянан шалгах хорооны хурлаар гол хэрэгтэн гэх Ж.Дашдондог, Г.Дугар, Д.Мандшир бид дөрөв арга хэмжээ авагдаж эхлэсэн. “Толгойлогч” намайг МАХН-аас хөөж, ажлаас халан, прокурорын мэдэлд шилжүүллээ. Ж.Дашдондогийг МАХН-аас хөөхийг сануулан донгодож, ажлаас халан, МХЗЭ-ийн төв хорооны гараашид диспетчирээр, Г.Дугарыг МАХН-аас хөөхийг сануулан донгодож Орос гуравдугаар трестийн авто баазын гараашид монгол хэсгийн ахлагчаар, Д.Мандширийг цахилгааны дэд станцад слесарь-ээр ажиллуулах шийдвэр гарч билээ. Намайг Улсын ерөнхий прокурор генерал С.Бүдрагчаа аварсан. Г.Жамьянгийн асуудалд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдал алга гэсэн юм гэнэлээ. Одооных шиг эрх баригч намын зарц прокурор байсан бол намайг ялтан болгочих л байсан байх. Прокурор хэрэгсэхгүй болохоор намын хянан шалгах хороо өөрөө арга хэмжээ авсан. Хугацаагүйгээр нутаг заан, модны үйлдвэрт 10 жил зургаан сар хүнд хүчир хөдөлмөрт зүтгүүлж байгаа юм. 450 төгрөгнөөс дээш цалин олгож болохгүй гэсэн дагалттай, нийгмийг аюулаас хамгаалахын байнгын хяналтанд ажилласан даа. Иргэний эрх хязгаарлагдмал. Жишээ нь хэвлэн нийтлэх эрхгүй. Хуралд оролцож үг хэлэх эрхгүй. Эмнэлэгт хэвтэхэд хүртэл шалгана.Хаана явна, байнгын нэг хүн дагаастай, ийм нөхцөлд идэр залуу насаа үднэ гэдэг харамсалтай л юм билээ. 43-54 нас гэдэг бол эр хүний ид бүтээж туурвидаг, хийсэн хөдөлмөрөө дүгнүүлдэг, сайхан үе шүү дээ. Тэхэд би хөлдүү хар модтой л ноцолдож байлаа даа.

Биднийг жил гаруй мөрдөж байцаасан. Бүгдийг л  адилхан байцаасан гэдэг юм. Намайг Намын төв хорооны ажилтан Дондов, Намын хянан шалгах хорооны ажилтан Жаал хоёр байцааж байсан. Гол нь “ямар санаа зорилготой Монгол-Зөвлөлтийн найрамдлын эсрэг зүйл бичсэн бэ?” л гэнэ. “Хэний даалгавраар, хэнд үйлчилсэн бэ?” ч гэнэ. Асуулт хариултыг бичихийн зэрэгцээ дуу хураагуурт бичиж авна. Өрөө тасалгааг маань нэгждэг байсан юм билээ. Би нэг удаа сэжиглээд ширээнийхээ нүд болгонд тэмдэг хийсэн. Өглөө ажилдаа ирэхэд тэр тэмдэг хөдөлсөн байдаг байлаа.

Нэг найз маань Болгарт эмчлүүлээд ирэхдээ над хоёр “нууц бэлэг” авчирлаа. Одоо бол хааяагүй л байдаг зүйл л дээ. Нэг нь шалдан хүүхнүүдтэй хөзөр, нөгөө нь биеэ үнэлдэг газрын өнгөт фото сэтгүүл. Ширээндээ нуучихаад залуучууд бид хааяа сонирхож үзнэ. Хөзрөөрөө би хоёр гурван удаа тоглочихсон. Нэгжлэг яваад байгааг мэдэнгүүтээ энэ хоёроо, бас бус зүйлтэй шатаасан гэх мэтээр байцааж, нэгжиж байгаад л шийтгэсэн л дээ. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа биднийг бүгдийг цагаатгасан. Хавтаст хэргээ үзье гэж гуйсаар байгаад намын төв хорооны архив дээр хэдэн минут сонирхож билээ. Их том хавтастай зүйл. Тэнд өнөөх хөзөр, сэтгүүл хоёрын бүх зургийг фотогоор аваад хавсаргачихсан байсан. Би олон удаа тус болж, итгэж явсан хүмүүс маань миний эсрэг мэдүүлэг өгсөн байлаа. Харин “Тэр ч дээ” хэмээн бодож явсан хүмүүс намайг хамгаалж мэдүүлсэн байх юм.

  Ер нь их муу хүмүүс биднийг шийтгэсэн л дээ. Өөлж болох бүх зүйлийг цуглуулсан байсан. Жишээ нь “Залуучуудын үнэн” сонины гар зурагчин найруулалд маань нэг гар зураг хавсаргасан юм. Шатаж байгаа автобуснаас хүн үүрч гаргаж байгаа, доор нь цус асгарч байгаа зураг. Тэр зургийг “Оросыг баавгай” болгож зурлаа гэж гүтгэх жишээтэй. Ийм хилс, дэгс зүйлээр материал бүрдүүлэн, бидний 20 сэтгүүлчийг шийтгэж билээ.

Биднийг шийтгэсэн хүмүүсээс МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга асан Г.Адъяа, биднийг өмгөөлж хамгаалж байсан хүмүүсээс МАХН-ын Төв хорооны хэлтсийн дарга асан Ц.Балхжав, Д.Цахилгаан нарын цөөн хэдэн хүн одоо амьд сэрүүн байх шив дээ.

Энэ хэрэг явдлын талаар МУСГЗ сэтгүүлч Г.Золжаргал “Үнэний мөрөөр” нэг цагийн баримтад кино хийж, би “Сөрж Сөхөрч туулсан хорвоо” дурсамжийн номондоо дэлгэрэнгүй оруулсан байгаа.

  Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн сэтгүүлч судлаач Б.Галаарид, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч болмогцоо улстөрийн хилс хэргээр зовж зүдэрч, үхэж үрэгдэж яваа бидний 20 сэтгүүлчид: “Тухайн үед нь та нарыгаа өмгөөлж хамгаалж чадаагүй Монголын сэтгүүлчдийн байгууллагын өмнөөс уучлал гуйя” гэсэн өргөмжлөл батламж, дурсгалын зүйлийг хүн болгонд хүртээсэнд баярлаж явдаг юм. Тэр үеийн хорин сэтгүүлчээс маань зургаахан нь амьд сэрүүн байлаа.

Би энэ дашрамд нэг зүйлийг Монголын сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлч нөхөддөө хандаж хэлмээр байна. Манай сэтгүүлчдийн 100 жилийн түүх бол дан тэмцлийн түүх юм шүү. Орчин үеийн сэтгүүл зүй  судлаачид, Их дээд сургуулийн багш нар энэ түүхийг гуйвуулан, дан “цагаан” талаас нь намын бодлогод нийцүүлэн ном зохиолоо бичсэн байгаа. Сэтгүүлчдийн маань тэмцлийн өчүүхэн нэг хэсэг нь “Гавъяа” найрууллын хэрэг юм. Монголд өлсгөлөн гэж зүйлийг чинь анх сэтгүүлч хүн зарлаж байлаа. “Үнэн” сонины ажилтан сэтгүүлч О.Цэдэндорж 1990-ээд оны үед хилс хэргээр шоронд тамлагдаж байхдаа 53 хоногийн өлсгөлөн зарлаж, харгис бурангуй хуучин тогтолцооны эсрэг зориг баатарлагийн жишээг үзүүлсэн. Энэ мэтчилэн баримт  олон бий. Орчин үеийн судлаачид маань энэ бүхнийг нуун далдалж Монголын сэтгүүл зүйн хөгжил тэмцлийг зөвхөн өөрсдийнхөө мэддэг 1990 оноос хойшихоор төсөөлж, бичиж туурвих болсонд харамсаж явдаг юм даа.

Бидний 20 сэтгүүлчийг улстөрийн “эсэргүү” болгож хоморголон шийтгэсэн “Гавъяа” найрууллыг бүрэн эхээр нь

ГАВЬЯА

/Найруулал/

…Хаашаа л харвал есөн эрдэнийн шигтгээтэй тансаг сайхан ордон. Хивс дэвссэн голын шатаар нь хар хувцастай өндөр цагаан залуу, алтан од шигтгээтэй цав цагаан хувцас өмссөн гоолиг охин хоёр дээшээ өгсөж байна. Хар хувцастай нь Содномжамц. Заяаны хань болж байгаа тэр охин хэн ч юм дээ?

Нэг сургуульд байсан нөгөө хэн нь ч юмуу? арай ч биш шиг. Ямар ч болов үзэсгэлэн төгс, сайхан охин байна. Араас нь аав, ээж, төрөл төрөгсөд нь бүгд өгсөж байна. “Зэвгээ гуай та түрүүнд нь гараарай!” гэхэд ээж нь хүүгийнхээ араас дөхөж очив. Хүү нь ээжээсээ өндөр, махлаг цагаан залуу. Ээж ээ” гээд хүү нь дэлхий уярам инээмсэглэлээ.

“Содномжамц аа! Миний хүү” гээд өөдөөс нь сарвайсан нь шатан дээр хальт гишгэн хөл алдлаа…гээд цочин сэрэхэд харанхуй дунд Зэвгээ гуай ганцаархнаа бүхэл хажуулж байв.

Унтраалгаа асаахад хүүдээ зассан ор нь хоосон, гал дээр жигнэсэн хоол унд нь халуунаараа байна. Цагаа харвал шөнийн нэг цагаас 20 минут өнгөрч байлаа.

Зэвгээ гуай чийдэнгээ унтрааснаа “одоо л миний хүү ирнэ дээ” гэж бодоод автобусны алсын чимээ чагнав. Алсад машины дуу чимээ тасарна гэж ердөө үгүй. Гэвч хүүгийнхээ ирдэг урт улаан автобусны дууг ээж нь хаанаас ч танина. Ойролцоох замын хөл хөдөлгөөн дунд тэр автобусны дуу хараахан сонсогдохгүй л байна.

Зэвгээ гуайн нойр хулжлаа. Саяын зүүднийхээ тухай бодож байна. Ээж нь хүүгийнхээ ярьсан зүйлийг зүүдэллээ шүү дээ. Ойрмогхон ажлын газрынх нь хоёр залуу гэрлэхэд миний хүү хуримын ордон гэгчид очиж үзсэн юм гэнэ билээ. Ирээд болсон явдлыг нэгд нэгэнгүй ээждээ ярин, тэр гоёмсог сайхан ордныг магтаж билээ. Миний хүү ч гэсэн удахгүй дээ. Ээж нь буянтай бэрээрээ хөлөө хучуулна. Ямар сайндаа л ээжийн үлдээсэн алтан ээмэг, нэг шинэ хурган дотортойгоо хадгалаад байхав дээ….Ажил сургуультай хүүхдүүд энэ сайхан цагт ямар юмаар дутах биш. Гэхдээ ээж ааваасаа өвлөдөг эртний уламжлалт ёс бий. Тэгээд л хорь хүрч байгаа хүүтэй эх хүн гэдэг чинь элдвийг бодох юм. Эцгийн энэ голомтонд чинь, энгэр газрын цэцэг шиг, туяарсан бэр буухыг хэн байг гэхэв дээ…гэж Зэвгээ гуай бодож хэвтэнэ.

…Энэ мөчид Улаанбаатар хотын төв хэсгийн нэгэн гудамжинд юу болж байгааг одоо үзье. Чихэр боовны үйлдвэрийн шөнийн ээлжийн ажилчдыг зөөх автобус 10 минутын өмнө ирээд үүдний дэргэд хүлээж байв. Хойшоо, долоон буудлын чигт гэртэй хэдэн хүн орж суулаа. Нөгөө, ээжийнхээ зүүдэнд уул шиг ханхар эр болж ирсэн Содномжамц хүү ч нөхөдтэйгээ гарч ирээд “ШМ-11” маркийн гурван хаалгатай том автобусны хамгийн урд талын сандал дээр очиж суугаад танил жолоочтойгоо наргиа яриа үүсгэж байв. Хамгийн сүүлд хувцсаа сольж өмссөн Цэрэндэжид орж ирээд хаалганы арын суудал дээр суухдаа:

-Одоо ч хүн үлдсэнгүй шиг байна аа гэв. Жолооч араагаа залгаж хаазаа аажуухан нэмлээ. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болох гэж байгааг хэлэх үү, хотын гудамж хөл хөдөлгөөн татраагүй, гудамжны гэрлэн чимэглэл солонгын долоон өнгөөр алаглан байна.

Автобус оёдлын үйлдвэрийн нэгдэл дээр очиж шөнийн ээлжнээс буусан хэсэг хүн аваад замдаа орлоо. Автобусанд байтугай, замын хажуугаар яваа хүмүүс бүгд л баярын урам зориг оржээ. Хэдэн хүүхэн:

Ханан хээтэй алчуурыг

Ханцуйнаасаа битгий салгаарай

Хавар намрын зургаан сардаа

Хайртыгаа битгий мартаарай… гэж хоолой нийлүүлэн дуулж явна. Бодвол хаа нэгтээ баярын ширээнээс дөнгөж босоо биз дээ.

Автобус Монгол Улсын их сургуулийн нэгдүгээр байрны үүдээр өнгөрөх гэж явтал хажуу талаас нь нэгэн том машин ирж хүчтэй мөргөөд тэр автобусыг яах ийхийн завгүй бүтэн эргүүлж зогсоолоо. Автобусанд явсан хүмүүс бүгд голдоо шавааралдан унаж, шил төмөр мөргөцгөөсөн байв. Содномжамц ухаан балартсаныг бүү мэд, сандарсандаа тэгснийг ч бүү мэд нэг мэдэхнээ арын сандлын хөлөөс барьчихсан хэвтэж байв. Аажуухан бостол толгой, цээжин бие, нуруу нь хүчтэй өвдөж, хөлөөс нь ямар нэг юмаар татаад уячихсан юм шиг байв. Толгойгоо тэмтэрч үзвэл хаанаас нь бүү мэд, цус гарч байлаа. Тэгмэгц өр­гөн шар бүснийхээ үзүү­рийг тайлж гурав нугалаад толгойгоо боочихов.

Дэргэд нь өчнөөн хүн ухаантай, ухаангүй хэвтэж, байтал автобус өрөөсөн талаасаа шатлаа. Содномжамц босч хэд алхвал бие нь гайгүй бололтой. Цэрэндэжид гуайгаа татаж босгоод арайчүү чирч гулдарсаар замын хашлага түшүүлж суулгав. Тэгтэл сандал доогуур нэг хүн хөдөлгөөнгүй хэвтэж байв. Энэ хүнийг оёдлын үйлдвэрийн нэгдлийн ажилчин Батсуурь болохыг танив. Тэгээд Содномжамц сандлын доороос татаж гаргаад үүрлээ. Хоёулаа унаж, мөлхсөөр сая нэг юм автобуснаас гарахад гал улам ихсэж, муухай хиншүү үнэртэж байв. Содномжамц ерийн зангаар тайван байлаа ч гэсэн тэр олон хүмүүст бүгдэд нь туслах хэрэгтэй байв. Дахиад л нэг хүн гаргалаа, дөрөвдэхийг нь сугадаж буулгалаа. Нэг хүн буух гээд ойчоод өгснийг чирсээр нилээд холдууллаа. Хэд хэдэн хүнийг гарахад нь тусалж сугадаж, тэвэрч явлаа. Ингэж самбаа чөлөөгүй зүтгэсээр хорь орчим хүнийг тусалж дэмжин шатаж байгаа автобуснаас гаргахад алсаас угсраа дохио хангинав. Жаал хүү “Түргэн тусламж ирж байна” гэж бодож амжив.

Гэнэт Содномжамцын дотор харанхуйлж, цээж нь дэлбэрэх гэж байгаа юм шиг болсноо залуу хүү өөрийн эрхгүй сөхрөхөд гарт нь замын хашлаганы хүйтэн чулуу дайралдав. Орчлон дэлхий дайвалзан ганхаж, одот тэнгэр дээрээс нь хөмрөх шиг боллоо. Сөхөрсөн өвдөг хар замыг цоолон шигдэх шиг болж, сайхан тэргүүн нь эх дэлхийгээ наллаа. “Содномжамцаа босоод ир. Эх орны чинь цэнхэр тэнгэр, эгэл нөхдийн чинь инээд баясал, ээжийн чинь чанасан халуун цай хүлээж байна. Босоод ир” гэх шиг салхи зөөлхөн шивнэвч залуу огт хөдөлсөнгүй.

Содномжамц босч ирсэнгүй. Яг энэ үед түргэн тусламжийн тэрэг ирж, осолд орсон хүмүүс, түүн дунд Содномжамцыг аваад гэмтлийн эмнэлэгт очсон юм. Утас, арван зүг найман зовхист хангиналаа. Энэ бол энх тайван цагийн түгшүүр. Энэ түгшүүрийг сонссон эмч хүн өргөсөн тангаргийнхаа дагуу хэзээ ч бэлэн байдаг. Даш, Дэмбэрэл, Хүнбиш, гэмтлийн эмч нар хоромхон зуур хүрээд ирцгээлээ. Эмч бүхэн нэг хүн хариуцан авав. Биеийн байдал нь хамгийн хүнд өөрийн ухаангүй ирсэн З.Содномжамцыг гэмтлийн туршлагатай их эмч Дэмбэрэл гардан авлаа. Яаралтай бүх арга хэмжээ авсан боловч хожимджээ. Залуу хүү ухаан оролгүй байсаар энхрий халуун зүрх нь цохихоо больжээ. Хожим хойно гэмтлийн эмч нар:

-Уураг тархинд цус харвалт болоход голдуу тэр дороо ухаан алдах боловч зарим тохиолдолд цөөн минутаас 3-6 цаг хүртэл хугацаанд ухаан саруул байх тохиолдол байдаг. Хэрэв цус харвалт газар аваагүй байхад мэс засал хийж амжвал амь насыг нь аварч болдог юм. Ийм баримт манай практикт олон арав байлаа. Содномжамцын хувьд бол тархины цус харвалт анхандаа бага байсан боловч олон удаа хүчлэн хөдөлж ажилласнаар цусны эргэлт түргэсэн даралт эрс нэмэгдэж, цус алдалт уураг тархийг бүхэлд нь бүрхсэн учир амьсгал зогсож, улмаар амь алдахад хүргэсэн юм. Содномжамц гэмтэнгүүт тайван байсан бол амь насаа алдахгүй ч байж болох байсан гэж ярьцгаасан юм.

Ингэж өргөн олныхоо төлөө амиа өгсөн хүн бол эвлэл, пионероор хүмүүжсэн манай мянга мянган жирийн залуусын л нэг билээ. Тэр хорвоод хичнээн богинохон хугацаа элээсэн ч эрхэлж өссөн ээж аавтай, элбэрэл хайраа хуваалцах эх, эгчтэй, ижилдэж дассан түмэн нөхөдтэй, энхрийлж хайрлах багш, дарга нартай, өнөр хүний нэг байсан юм. Уул нь Төв аймгийн Угтаалын САА-н харьяат Зундуйн отгон хүү билээ. Өлгийтэй байхад ээж нь нас барснаас төрсөн эцэг Зундуй гурван нялх хүүгээ өсгөж бойжуулах эцэг хүний их хариуцлага ногдсон юм. Тэгэхэд төрсөн эгч Зэвгээ нь “гурван хүүгий чинь өсгөж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж өгье” гэж мах цусны ураг хүний сайхан сэтгэлээр хандаж билээ. Тэгээд Зэвгээ гуай тулгын гурван тотго шиг гурван сайхан хүүгээ энх цагийн жаргал дунд, эхийн ариун хайран дунд умбуулан өсгөсөнсөн. Том хүүг сургуульд орох болоход хоёр ахыг нь төрсөн эцэгт нь өгөөд хамгийн хайртай отгон хүү Содномжамцаа дэргэдээ аван өтлөхийн цагт жаргал эдэлж, ядрахын цагт хөлөө хучуулна гэж боджээ. Тэгээд Зэвгээ гуай хүүгээ өсөж өндийх бүрийд сэтгэлийн жаргал эдлэн, үртэй хүний жаргалын үй түмэн мөрөөдлөөс амсаж билээ.

Содномжамц, ээжээ­сээ эрхэлж наадаж өссөн, айл саахалтынхнаасаа эвлэл, пионерийн бай­гууллагаасаа сургуулийн танхим, үйлдвэрийн цехээс өнөө үеийн залуу хүний нандин сайхан хүмүүжил бүхнийг тусган авч байсан юм. Ээж нь:

-Хүн жаргал ч даадаг, зовлон ч даадаг байх ёстой. Өнөө үед та нарт зовох юм алга. Ганцхан энэ аз жаргалаа л даах хэрэгтэй. Зарим залуу хүн жаргал даахгүй ташуурч замаа алдах юм. Тэгж л болохгүй. Эрдэм сурч, ажил үзэж, хүнд тус болж явахаас эрхэм юм байхгүй. Танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ гэсэн өвөг дээдсийн чинь сургаал бий. Хүнд тусалж, хүний хайр хүндэтгэл хүлээж, өргөн олныхоо дунд явах хэрэгтэй гэж өд сөрөв нь гүйцээгүй балчирхан оюун ухаантайгаас нь сургаж байсансан. Тэгээд Содномжамцын ухаан санаанд хүнийг хайрлах, хүнд туслах сэтгэл шингэж, тэр нь сүүлдээ хүний төлөө амиа өгөхөд хүргэжээ.

Тэр нийслэлийн 10 жилийн 17 дугаар дунд сургуульд байхдаа бас л хүний хайр татсан хүү байв. Хөгжимдөж дуулна. Тэгэхдээ голдуу ээж, аавын тухай, тэр дундаас “элэгдэхийн өмнө элэгддэг нь энгэр тохой хоёр уу даа” гэж дуулах дуртай байлаа. Зураг сайхан зурж, сургуулийнхаа самбар, ханын сонин бүгдийг хийдэг байв. Таалал төгсөхөөсөө арваадхан хоногийн өмнө нэг өдөр олон том цагаан цаас авчирч, “ээж ээ, би бүгдээрэнд нь зураг зурна” гэж билээ. Тэгээд домогт жанжин Хасбаатарын зургийг зурж дуусгаад, аугаа их Лениний хөргийг дөнгөж эхлээд орхисон байна.

Өнөө үе ямар үе билээ! Хорин зуунд үзэгдээгүй хосгүй их хөдөлмөр-тэмцлийн үе билээ. Энэ гайхамшигт зууны хүрдийг эргүүлж, цагийг түлхэж яваа ажилчин хүний алдар гавьяа юутай их вэ? Тэгээд ч З.Содномжамц ажилчин ангийн эгнээнд орох гэж хар нялхаасаа хүсэн хүлээж билээ. Наймдугаар ангиа төгсмөгц Улаанбаатар хотын хүнсний ТМС-д саналаараа орж суралцан сайн сурлагатай, мэргэжлийн IV зэрэгтэй төгссөн юм.

Хүний амьдралд хэзээ ч мартагдашгүй дурсгалт явдал олон байдаг. Амьдралын алтан үе гэж нэрлэдэг энэ дурсгалт үйл явдал Содномжамцын богинохон амьдралд ч хэд хэд тохиолдож билээ. Түүний нэг нь хүнсний ТМС-ийн Слесарийн ангийн дэргэдэх МХЗЭ-ийн гишүүнд элсэхээр гаргасан өргөдөлдөө: “Би МХЗЭ-ийн гишүүн болж эх орон, ард түмнийхээ төлөө чин үнэнчээр хөдөлмөрлөж, сурах болно. Эвлэлийн гишүүний өндөр нэр төрийг ариунаар сахин явж, үе тэнгийн олон залуусыг үлгэрлэн манлайлагчаар сурч хүмүүжүүлэхийг зорьж байна” гэж бичсэн байж билээ. Нээрээ ч МХЗЭ-ийн хүмүүжүүлсэн мянга мянган цог золбоот, тэргүүний охид хөвгүүдийн нэг нь Зундуйн Содномжамц байлаа. Тэр ХЗЭ-ийн үүр, хорооны хурал бүрд хүмүүжлийн сургууль гэсэн ухамсартайгаар оролцож, нөхдийн үг сургамжийг сонсон, өөрөө ч нөхөд олондоо хандан үг хэлдэг байсан юм. Түүний хэлсэн үг бүр жинтэй, хүмүүжлийн өргөн утга санаатай, нөхөд, хамт олныхоо төлөө гэсэн гүн эрмэлзэл шингэсэн байлаа. Тэр, бүр пионерийн гишүүн байхаасаа эхлэн Олег Кошевой, Зоя Космодемьянская, дайчин тэмцэгч Бор нарын зэрэг дайны хүнд үеийн болон энх тайван цагийн эрэлхэг хатан зоригтон, БХЛКЗЭ, МХЗЭ-ээр хүмүүжсэн гавьяат үйлстний тухай уншиж, кино жүжгээс үзэж сонирхох дуртай байлаа. МХЗЭ-д элссэний дараа энэ хүсэл тэмүүлэл нь улам бүр нэмэгдэж байсны дээр манай үеийн баатруудын жишээ дууриаллаас суралцаж БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Ц.Амгалан, Алдарт нэхмэлчин Б.Гүнжилам нартай хэд дахин уулзалт хийхэд оролцон сэтгэл нь ихэд догдлон хөдөлж байжээ. Тэгээд ч нөхөддөө “эдний жишээгээр ажиллана” гэж ярьж байсан удаа бий. Тэр, Улаанбаатар хотын чихэр боовны үйлдвэрийн печень цехийн хаалга татаж, ажилчин хүний шинэхэн цэнхэр комбинзон өмссөн дурсгалт өдрийнхөө тухай өөрийн тэмдэглэлд:

-“Амьдрал гэдэг хязгааргүй далай руу хөл тавьсан өдөр” гэж гарчиглан үлдээжээ. Амьдрал гэдэг үнэхээр хязгааргүй мөртлөө өгөөмөр баян далай юм. Тэр далайд Содномжамц салхинд хөөгдсөн жирийн нэг “завь” явахыг хүсэхгүй билээ. Өмнөө тодорхой зорилготой, чиглэсэн шулуун санаа зоригтой, өөрөө өөрийгөө болон нөхөд хамт олноо залж чадах хүчирхэг “хөлөг” байхыг зорьсон юм. Тэгээд ч хөдөлмөрт жинхэнэ үнэн санаанаасаа хандан, хийж, бүтээх аугаа их хүсэл тэмүүллээр жигүүрлэн шамдаж байлаа. “Печень цехийн машинууд Содномжамцыг ирсээр эрэг нь гацаж, элэгдэхээ больсон юм” гэж нөхөд нь тоглоом болгон ярьдаг байлаа. Залуу хүү, өөрийнхөө ажлыг хийчихвэл нөхөддөө туслана. Өдрийн ээлжинд гарсан хирнээ хэний ч даалгаваргүйгээр оройн ээлжинд дамжаад ажиллачихна. Хүн хүч дутвал хайрцаг сав хадах, печень савлах, ачиж хураах, ер нь Содномжамцад гар бие оролцдоггүй ажил үгүй байлаа.

Содномжамц амьдрал­даа уурлаж үзээгүй хүн билээ. Дэргэдээ хүн уурлах, маргахыг хараад жигтэйхэн хачирхаж “Ээж маань, уур биеийг зовоодог” гэж хэлдэг юм. Энэ улс биеэ л зовоож байна даа” гэж нөхөддөө хэлдэг байжээ. Содномжамц хүнд тус болох, тэр дундаа ахмад настан, хүүхдэд туслахын төлөө юугаа ч хайрладаггүй байлаа. Замын хажууд ачаагаа даахгүй суугаа эмээг ээжтэйгээ зүйрлэн өрөвдөөд галт тэрэгний буудал хүргэж өгөн, хичээлээсээ хожимдож байсан удаа ч бий. Ер нь л хүний төлөө төрсөн хүн байлаа.

Сүхбаатарын районы ОСГ-ны 35 дугаар хорооны Яргайтын VI гудамжны 10 тоот хашааг зорьж явахдаа, ээжийнх нь тухай элдвийн зүйлийг бодож явлаа. “Очихлоор хэзээд уйлна. Өвөр дээрээ эрхлүүлж өсгөсөн ээж нь байтугай, өргөн олон түмэн харамсаж сэтгэл зүрхэндээ уйлж байгаа юм чинь. Харин тэр эхийн эмзэг сэтгэлийг дахин хөндөх л хэцүү санагдав.

Өрөөсөн нүд нь дөнгөж гэгээтэй, хүний царай ялгаж танихгүй болохоор Зэвгээ гуай хэн орж ирж байгааг ч мэдсэнгүй. Хэнийг ч угтдаг уриалгахан зангаараа:

-“Миний хүү дээшээ суу” гэж хүүгийнхээ ор руу урилаа. Тэр орны цаадах хивсэн дээр ээж хүү хоёрын толгойгоо нийлүүлэн авахуулсан зураг байлаа. Орны толгойд түшүүлсэн өндөр ширээн дээр Содномжамцын авахуулсан зурагны өмнө зул мандаажээ. Ээж нь хүүгийнхээ дурсгалд мөнхийн бамбар асаасан байна. Ээждээ бол тэр зурагт гэрэлт хөшөө юм.

Зэвгээ гуай хүүгийнхээ тухай ярихын өмнө тэсч чадсангүй эх хүний аугаа их хайр энхрийлэл, харамсал, гунигийн илэрхийлэл хэдэн дусал нулимс унагалаа. Тэгснээ дээд уруулаа хүчлэн хазаж, нулимсаа арчсан юм. Тэгээд жирийн тайван ярьж эхэллээ. Тийм хүү хүмүүжүүлсэн энэ эх, хичнээн тэвчээртэй, хатан зоригтой хүн болохыг бид ойлгосон.

-Хичнээн харамсаад яахав дээ, эргэж ирэх биш. Үргэлж л зүүд нойр, зүрх сэтгэлд хамт байх юм. Түмний төлөө, тэр хорин хүний төлөө амиа өгсөн гэж бодохоор сэтгэл жаахан уужрах юм. Хэзээний тийм зантай хүүхэд санасан хүслээ л гүйцээж дээ. Хүү минь амьд гарсан бол над шиг хорин эхийн хойноос хичнээн нулимс урсах байсан юм бүү мэд. Тэгэхээр миний хүү, ээж шигээ тэр олон эхийн, үр хүүхдийн, эмээ өвөөгийнх нь бүгдийнх нь төлөө амиа өгсөн юм гэж бодохоор, тэд одоо элэг бүтэн жаргалтай тэнүүн байгаа гэж бодохоор баярлах юм. Би хүүдээ “Хүний жаргалаар жаргал хийхийг бүү бод. Харин өөрийн жаргалаар хүнийг жаргааж явахыг хичээ” гэж захидаг байсан юм. Тэгэхээр ийм л тавилан хүлээж байсан юм байхдаа гэж бодогдоно. Хүү минь өөд болсон ч над олон хүү бий. Арван жил, ТМС-ийнх нь хүүхдүүд, ажлын газрынхан нь бүгд л ирж хүүгээс минь өөрцгүй асарч тойлж байна. Түлээ түлшийг минь буулгаад хагачиж өгөөд, хараагүй болж байгаа нүдийг минь эмч дуудаж үзүүлээд хэзээ ямагт дэргэд минь байцгааж байна. Ертөнцийн мөнх бусыг үзсэн ч хүүгээ гавьяатай эцэслэсэнд нь сэтгэл дүүрэн байдаг юм гэж Зэвгээ гуай ярьж байна.

Ирэх жил дал хүрэх энэ эмээд үдийн нар шиг ганц хүүгээс нь өөр эрхэм юм юу байх билээ дээ. Гэлээ ч эх орноо өргөн түмнээ гэсэн сэтгэл, зориг хүч өгч, хазайж гишгэсэн ч хөл нь чигээрээ, хараа нь муудсан ч мэлмий нь гэрэлтэй хэвээрээ байна.

МХЗЭ-ийн жирийн гишүүн Зундуйн Содномжамцын гэгээн дүр дуусаагүй орхисон хөрөг шигээ бид бүхний сэтгэлд мөнхрөн үлдэж, манай үеийн залуу хүн бүхний эрхэм гэгээн дууриалал болж байна. Хөөрхөн хүүгээ алдсан эхийн царай баргар, хайртай шавиа гэсэн багшийнх нь толгой бөхгөр, итгэлт нөхрөө гэсэн найз нөхдийнх нь сэтгэл харанхуй явна. Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороо эгнээнээсээ төрүүлж гаргасан олон мянган гавьяат үйлстнийхээ нэрсийн жагсаалтад арван есхөн настай Зундуйн Содномжамцын нэрийг үүрд мөнхлөн бичлээ. Улаанбаатар хотын хүнсний ТМС-ийн багш сурагчид цуглаан хийж хайртай нөхрийнхөө дурсгалыг хүндэтгээд Содномжамцынхаа баатар­лаг сайхан үйлсээр сурч хүмүүжихээ илэрхийллээ. Энэ сургууль З.Содномжамцын дурс­галын самбар бий болгож алдрыг нь мөнхжүүлэх, намар болгон Содном­жамцынхаа нэрэмжит хичээл хийх зэрэг ажил зохиохоор төлөвлөжээ. Чихэр боовны үйлдвэрийн ажилчин залуучууд сайн нөхрийнхөө ажлыг хамтаараа хийе гэсэн хөдөлгөөн өрнүүлж, төлөв­лөгөөгөө сар бүр дараа­лан биелүүлж байхын дээр печень цехийн залуучууд Содномжамцынхаа ажлыг хамтарч хийгээд цалинг ээжид нь гардуулан өгч байх сайхан санаачилга гаргалаа.

Содномжамцаар амиа авруулж, бие тэнхээ нь эрүүл саруул болсон, одоо эмнэлгээс эдгэрч гарч байгаа олон хүн дундаасаа хөрөнгө хуримтлуулан ээжийг нь эргэж очин “Таныг бид насан турш төрсөн эхээ гэж хүндэтгэн, өөдөсхөн үрийн чинь ёсоор хайр халамж бүхнээ зориулж явах болно” гэжээ.

Хашаандаа эднийх хоёр гэрээрээ байдаг. Сайн хөрш нь Цэрмаа гуайнх. Хайрт үрээ алдаж өнчирсөн Зэвгээ гуайд эднийхэн зүйл бүрээр тусалж, халамж анхаарал хайр хүндэтгэл бүхнээ зориулж байдаг юм.

Залуу үеийнхний маань гавьяа алдрын эрхэм үйлс дунд МХЗЭ-ийн жирийн гишүүн Зундуйн Содномжамцын баатарлаг үйлс, гэгээн дурсгал тодоос тод гийж байна. Түүний гавьяа энх тайван үеийн баатарлаг үйлс, хүн чанарын аугаа их сорилт болон үлдлээ.

Зэвгээ гуай ганц хайртай хүүгээ алдсан ч эх орныхоо мянга мянган залуусаар бахархан өнөр эхийн нэгэнд өөрийгөө тооцон сууна. Манай залуус ч Зэвгээ гуайн хүү, тэр гавьяат хүүгийн нь хөдөлмөр алдрын замыг үргэлжлүүлэгчид гэж зүй ёсоор бахархдаг юм.

Л.ШИНКАРЕВ: НА ПЕРЕЛОМЕ ВЕКОВ

(1989 онд “Известия” сонинд хэвлэгдсэн өгүүллээс)

Помню одну историю. По ночной столице шел автобус, разводя после смены рабочих. С автобусом столкнулся грузовик, развернулся и скрылся. А автобус загорелся. Молодой Монгол, получил, ушибы , вытаскивал потерявших сознание из огня. Он всех спас, но сам умер в больнице. Рабочие продолжали числить в бригаде и отдавали зарплату его матери. Об этом рассказали газеты была передача по радио. Не кому в голову не приходил вопрос, что за грузовик налетел на автобус. Но власть предержащие спохватились: за рулем грузовика был советский шофер, а потому не есть ли очерки о парне посягательство на нерушимую дружбу? Со скандалом сняли с работы авторов, редакторов, цензоров, отправили в степь нести трудовую повинность…

Нэгэн түүхийг сөхөж байна, үйлдвэрийн шөнийн ээлжээс буусан ажилч­дыг суулгасан авто­бус нийслэлийн гудам­жаар явж байв. Мөнөөх автобустай ачааны машин мөргөлдөж осол гарлаа. Автобус ч шатав. Залуу эр гэмтэл авсан боловч аюун бэтэрч, ухаан алдсан хүмүүсийг га­лаас чирч гаргасан юм. Тэ­рээр бусдын амь насыг аварч, өөрөө эмнэлэгт нас бар­сан. Ажилчид түүнийг бри­гад­даа бүртгэж, цалинг нь эхэд нь олгодог байсан аж.

Энэ тухай сонинуудад бичиж, радиогоор ярив. Хэний ч толгойд автобусыг дайрсан ачааны машины талаар элдэв санаа төрсөнгүй. Харин төрийн эрх баригчид “ачааны машиныг зөвлөлтийн жолооч барьж явсан нь мэдээж. Тийн атал монгол залууг алдаршуулсан найруулал гарсан нь эвдэршгүй найрамдалд харшилж байна” хэмээн шүүрэн авч зохиогч, эрхлэн найруулагч, хянагчдыг ажлаас нь шуугиантайхан хусаж, хүнд хүчир хөдөлмөрийн талбарт хөөн явуулжээ.

 

“Залуучуудын үнэн” сонин. 1978 оны тавдугаар сарын 10. №54

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *