Хамгийн урт агуйгаа 10 лицензээс чөлөөлөх шаардлагатай

3-р сарын 26, 2015 9:29 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 601
Монгол орны хамгийн урт агуйгаар тогтоогдсон ч өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд судлагдаагүй

Б.СОЛОНГО

Түрүүч нь http://zuuniimedee.mn/Show.aspx?category=1403&wp:post_id=3951

 

Монгол орны хамгийн урт агуйгаар тогтоогдсон ч өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд судлагдаагүй Цагаан дэлийн агуй Дорноговь аймгийн Айраг сумын нутагт бий. Уул уурхайн хар мөрийн цаана мартагдах дөхсөн тус агуй ямар гайхалтай нууцыг агуулж байгааг олж мэдэлгүй, байгалийн өвөрмөц тогтоцтой энэ газраа зөв ашиглан хамгаалж чадалгүй өнгөрсөн тоон дээр ярих цаг тун ойрхон иржээ. “Зууны мэдээ” сонины сурвалжлах баг Дорноговь аймгийн Айраг сумын төвөөс баруун зүгт 25 орчим км зайд, тус сумын Нард багийн нутагт орших Цагаан дэлийн агуйн тухай бэлтгэсэн сурвалжлагыг цувралаар хүргэж байгаа билээ.

 

ДОТРОО ЖИЖИГХЭН НУУРТАЙ, МӨСӨН УНЖЛАГАТАЙ

Цагаан дэлийн агуй хоёр амтай. Нэг нь эгц доошоо дүүжингээр ордог, нөгөө нь 2-3 метр орчим гүн, таван ханатай гэрийн буйрын хэмжээтэй нүх байсныг орж үзсэн нутгийн иргэд ярьдаг гэнэ. Түүнчлэн дотор нь ороход сэрүү татсан, агуйн гүнд зарим газраа улаан хондтой, цэнхэр туяатай мөс байсныг баталж байна. Харин судлаачдын тэмдэглэж үлдээсэн мэдээллүүдээс хамгийн дэлгэрэнгүй нь агуй судлаач, доктор Э.Авирмэдийн “Монгол орны агуй” ном юм. Тус номонд дурдсанаар уг агуй нь дотор талын үзэмж гайхалтай бөгөөд агуйн доторх кварцит болон талст бүрдэл, нуурын цэнгэг ус, мөсөн танхимын уруу унжуу багана, хана бүрхсэн олон мөсөн талст, эртний амьтны ясны цуглуулгыг хамгаалах шаардлагатай гэжээ. Гэхдээ түүний хийсэн судалгаа 2008 оноос өмнөх үед хамаарах билээ. Түүнээс хойш агуйг дорвитой судалсан судлаач бараг үгүй юм байна. Орон нутгийн удирдлагуудын зүгээс юуны түрүүнд агуйн судалгааг бүрэн гүйцэд хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.

Цагаан дэлийн агуй хоорондоо холбоотой хоёр том танхим, үндсэн дөрвөн гол хонгилоос бүрдэнэ. Доктор Э.Авирмэд гадаадын судлаачдын хамтаар судалгааны ажил хийж байхдаа агуйн нийт уртыг 607.5 метр, хонгилын дундаж өргөнийг 5.9 метр, дундаж өндрийг 9.5 метр гэж тэмдэглэжээ. Энэ нь тэдний хүрч чадсан цэг хүртэлх нийт урт гэдгийг онцолж байв. Агуйн гол хонгилын дунд хирд агуйн амнаас 55 метр орчим яваад дөрвөн метр хэртэй босгоор доош ороход агуйн мухрыг хааж тогтсон 2х4 метр хэмжээтэй жижиг нуур байдаг байна. Нуурын ус одоо ч байгааг сумын байгаль орчны мэргэжилтэн хэлсэн. Түүнчлэн эхний агуйн амнаас 20 гаруй метр зайд агуйн шалыг бүрж тогтсон бүрмэл мөс, хана туургыг хучиж үүссэн мөсөн талстууд, унжуу мөсөн багана зэрэг мөсөн танхим бий гэнэ. Доктор Э.Авирмэд агуйн хонгил тус бүрийн хэмжээ, онцлогийг мэргэжлийн төвшинд тодорхойлон бичиж үлдээсэн байгаа бөгөөд энэ нь 2008 он хүртэлх судалгааны үр дүн тул түүнээс хойшхи долоон жилийн хугацаанд уул уурхайн үйл ажиллагаа агуйд хэрхэн нөлөөлснийг дахин судалж, тогтоох шаардлага байгаа юм.

Монгол орны хамгийн урт агуйгаар тогтоогдсон Цагаан дэлийн агуйг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахад их тохиромжтой. Айраг сумын төв хүртэл шинэхэн засмал зам, өдөрт хоёр удаа очих галт тэрэг бий. Сумын төвөөс 25 км орчим ямар ч тээврийн хэрэгслээр саадгүй хүрэх боломжтой юм. Агуйг бүрэн үзээд гарахад 4-6 цаг шаардлагатай бөгөөд дотор нь ямар нэгэн хорт хийн агууламж байхгүй, шувууны сангас багатай, дотор талын үзэмжээр гайхалтай гэдгийг судлаачид тэмдэглэжээ. Түүнчлэн жилийн аль ч улиралд жуулчдыг хүлээн авах боломжтой бөгөөд жуулчид ирсэн тохиолдолд тус газраас холгүй орших Шар ханан, Хэцүү Тээгийн агуйг үзүүлж, Тээгийн уул, Их Нартын хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулах боломжтой юм.

Гэхдээ энэ бүхний өмнө хийх ёстой ажлууд бий. Юуны түрүүнд Цагаан дэлийн агуйг улсын тусгай хамгаалалтад авч, түүний эргэн тойронд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагааг цэгцлэх ёстой. Өмнөх нийтлэлд дурдсанчлан Цагаан дэлийн агуйг тойроод 10 компани ашиглалтын лиценз эзэмшиж байгаа бөгөөд тэдгээрийн олборлолт хийж буй газрыг нөхөн сэргээхээс нааш аялал жуулчлал хөгжүүлэх ямар ч нөхцөлгүй байгаа юм. Мөн агуйн амны нурсан хэсгийг нөхөн сэргээж, аюулгүй байдлыг бүрэн хангах шаардлага байгаа. Үүний тулд орон нутаг, салбарын яам, эрдэмтэн мэргэд, хэвлэл мэдээллийн байгууллага бүхий л талаас хамтран ажиллах хэрэгтэй болоод байна.

 

ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХЫН ТУЛД 10 ЛИЦЕНЗТЭЙ ТУЛГАРНА

Цагаан дэлийн агуй байрлаж байгаа Баруун цагаан дэл хэмээх газар нь жоншны нөөцөөр баялаг тул орон нутагтаа хамгийн их лиценз олгогдсон газар юм байна. Цагаан дэлийн агуйг тойроод ашиглалтын лиценз бүхий 10 компани байгаа бөгөөд хэрэв агуйг улсын тусгай хамгаалалтад авахаар болоход эдгээр 10 лицензийг цуцлах шаардлагатай болох юм.  Учир нь тухайн обьектыг улсын тусгай хамгаалалтад авахын тулд эргэн тойрны гурван км газрыг хамтад нь авдаг. Дээрх компаниудын олборлолтын талбайн ихэнх нь үүнд хамаарч байгаа тул лиценз цуц­лах асуудал яах аргагүй гарч ирэх юм. Тодруулбал, “Таван баатар”, “Хүрээ дэл”, “Дунфанлунма”, “Эм Си Ти Ти”, “Экилешия”, “Мөнхболор хүрээ”, “Бушуо-Уул”, “Алтанбарга”, “Талст­бурхант” /хоёр лицензтэй/ гэсэн компаниуд жонш олборлох ашиглалтын лицензтэй. Эдгээрээс дотоодын хөрөнгө оруулалттай “Алтанбарга”, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мөнхболор хүрээ”, “Экилешия”, “Эм Си Ти Ти”, “Дунфанлунма” гэсэн таван компани арай идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Харин өнгөрсөн онд төсөвт татвар төлсөн нь гадаадын хөрөнгө оруулалттай “Эм Си Ти Ти”, “Экилешия”, “Дунфанлунма”, “Талстбурхант” гэсэн дөрвөн компани л байна.  Тус компаниудын ашиглалтын лицензүүд 2031-2042 он хүртэл хүчинтэй байгаа юм.

Айраг сумын газар нутгийн 90 хувь нь лицензэд эзлэгдсэн байсныг өнгөрсөн хугацаанд багасгасаар 14 хувьд хүргэж чадсаныг сумын байгаль орчны мэргэжилтэн Т.Бямбацогт хэлж байсан. Ер нь сумын хөгжил дэвшил, эдийн засагт уул уурхайн компаниудын оруулж буй хөрөнгө оруулалт маш бага бөгөөд лицензийн тоо багасах тусмаа сайн, гэхдээ лицензүүдийг цуцаллаа гэхэд ашиглаж байсан талбайг нь нөхөн сэргээлгэж чадахгүй хаягдах вий гэж Айраг сумын Засаг дарга С.Ганбаатар ярилаа. Тиймээс юуны өмнө одоо эвдэгдэн орхигдсон газруудыг нөхөн сэргээлгэх ажил юу юунаас илүү чухал байгаа гэнэ. Тус суманд тусгай зөвшөөрөл авсан ихэнх компаниуд өөрсдөө олборлолт хийдэггүй, бичил уурхайчдын жоншийг худалдан авч зөвшөөрлөө ашиглан урагш нь гаргаж ашиг олдог байна. 2000-аад оны үед эх замбараагүй олгосон уул уурхайн лицензүүдийн хор уршиг ийнхүү үргэлжилсээр.

Өнгөрсөн намар хэсэг иргэдийн хүсэлтээр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Цагаан дэлийн агуйд ажиллаад ирсэн. Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт агуйг улсын тусгай хамгаалалтад авах талаар ажиллахыг үүрэг болгосон гэж мэдээлсэн юм. Ямартаа ч Монгол орны хамгийн урт агуйгаа улсын хамгаалалтад авахын тулд дээр дурдсан есөн компанийн 10 лицензийн асуудал тулгарахаар байна. Түүнээс өмнө эрдэмтэн, судлаачдын багийг дахин бүрдүүлж, сүүлийн жилүүдэд хийгдээгүй судалгааны ажлыг Цагаан дэлийн агуйд явуулах нь олон асуултын хариуг олоход туслах биз ээ.

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Levitra Erfahrungsaustausch Cialis Urgente Free Shipping Zentel Best Website Tablets Amex Accepted cialis no prescription Maxifort Zimax 100mg Zithromax Azithromycin Tablets Comprar Cialis Uso Diario

Gueree
2018 оны 9-р сарын 19

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *