Хак Сон Пайк: Ким Жон Ун цөмийн зэвсэггүй болно гэж амлаагүй

8-р сарын 15, 2018 9:08 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 33
8-15-6

Х.ОЮУНБОЛД

Хойд Солонгос  дахь Өмнөд Солонгосын шинжээч, Өмнөд Солонгосын Сэжон хүрээлэнгийн  “Хойд Солонгос судлалын төв”-ийн тэргүүн Хак Сон Пайк хэрэв ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньянтай хэлэлцээр хийхээ боливол АНУ ганцаараа үлдэнэ. Учир нь БНХАУ, Хойд Солонгос үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж ярьжээ.  Өмнөд Солонгост нэртэй улс төр судлаач, АНУ-ын Пенсильвани, Харвардын их сургуульд суралцсан, Хойд Солонгосын улс төр дахь цэргийнхэн хэмээх бүтээлийг зохиогч Хак Сон Пайктай АНУ,Хойд Солонгосын харилцааны тухай ярьсан ярилцлагыг  “el mundo.es” цахим хуудаст нийтэлснээр хүргэе.

Ерөнхийлөгч Дональд Трампын Солон­госын хойгийн тухайд барим­талж байгаа улс төрийн бодлогыг түүний хувиа хичээсэн зан,  ашиг хайж удаа дараа­лан шаардаж Өмнөд  Солон­гост АНУ-ын цэргийг бай­р­­луулна гэснээр то­дорхойлогдож байна. Ийм нөхцөлд Вашингтон Сөү­лийн найдвартай  хол­боо­тон хэвээр байсаар байх уу? 

-Ерөнхийлөгч Дональд Трампт манлайлах удирдагчийн шинж чанар байдаггүй.  Түүнийг урьдчилан  таамаглах боломжгүй. Тэр их хурдан өөрчлөгддөг нь үнэн юм.  АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд бидэнд их эргэлзээ төрүүлдэг ч бид түүний Хойд Солонгостой хийж байгаа хэлэлцээрийн хэлбэрийг эргэлзэлгүйгээр дэмждэг.  Үүнээс гадна бид түүний шууд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай ерөнхийлөгчийн байр сууринаас хэлэлцээр хийх шийдвэр гаргаж  Пхеньянтай ойртох үйл ажиллагаанд түүний хийсэн өөрчлөлтөд найдаж байна.  Өнгөрсөн жил бидэнд цөмийн дайны  аюул нүүрлэж байна гэж бодогдож байсан. Дональд Трамп, Ким Жон Ун нар цөмийн зэвсгийнхээ товчны тухай яриад л.  Тэд цөмийн зэвсэг гэсэн хөзрөөр хэрхэн тоглож байхыг харж байсан нь  зөвшөөрч боломгүй, үнэмшмээргүй зүйл байсан. Гамшиг ч болж байсан. Иймээс л ерөнхийлөгч Дональд Трампын улс төрийн бодлогын өөрч­лөлтийг дэмжих ёстой.

Тэдний Син­гапурт хийсэн хэлэлцээр  Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгоно гэж та таамаглаж байна уу. Өөрөөр хэлбэл, цөмийн зэвсгийн бо­лон пуужингийн туршилтыг хойшлуулна гэдэгт итгэж байгаа хэрэг үү?

-Би Ким Жон Уныг их чухал шийдвэр гаргасан гэж бодож байна.  Тэр сөргөлдөөнийг эцэслэж, шинэ үеийг эхлүүлэхийг хүссэн. Бодит байдалд тэр  олон жилийн өмнө боловсруулсан улс төрийн бодлогыг хэрэгжүүлэхийг  зорьж байна. ЗХУ 1991 оны арванхоёрдугаар сард албан ёсоор унасан. Үүний өмнөхөн  Хойд Солонгосын Ажилчдын намын улстөрийн товчоо Пхеньянд хуралдаж, ЗХУ бутран унахаас өмнө тэд АНУ-д ойртож БНХАУ-ын нөлөөний цар хүрээг тэнцвэржүүлэхийн тулд ашиглах зорилгоор ард түмнийхээ өмнөөс шийдвэр гаргаж баталсан юм. Харин АНУ-ын оролцоотойгоор  хоёр орны харилцааг хэвийн байдалд нь эргүүлэн оруулах, эх орныхоо эдийн засгийн хөгжлийг дэмжихийн тулд найрамдлын хэлэлцээрт гарын  үсэг зурах хэрэгтэй болсон. Үүний хариуд Хойд Солонгос ямар нэгэн зүйл санал болгох шаардлагатай болж, АНУ-ын  цэргийг  Солонгосын аралд оруулах, тэдний цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хөгжүүлэх гэсэн хүсэл эрмэлзлийг хүлээн зөвшөөрсөн.  Ийнхүү Ким Ил Сун 1992 онд Нью-Йорк руу түүний дотны хүнийг энэ саналтайгаа цуг илгээсэн. Гэвч  үүнийг нь АНУ зөвшөөрөөгүй. Учир нь АНУ  Хойд Солонгосын дэглэмийн төгсгөл ойртсон гэж бодсон.  Пхеньян 1994,1996, 2000 онд хоёр Солонгосын төрийн тэргүүн нар уулзах үеэр болон тэр жил АНУ-ын  Нарийн бичгийн дарга  Олбрайт Мадлен  Ким Жон Илтэй уулзахаар айлчлах үеэр илэрхийлэх зэргээр олон удаа энэ хүсэлтээ тавьж байсан. Энэ  асуудал нь Хойд Солонгосын хувьд хөгжил болон оршин тогтнох стратегитай холбоотой асуудал байсан.

Гэхдээ асуудал бол:  Ким Жон Ун  Бээжин, Вашингтны хоорондын  дайсаг­налыг ашиглаж чадна. Харин яагаад тэр цөмийн зэвсгийн хөтөлбөрөө цуцлах болов?

-Хүмүүс Ким Жон Уныг Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгоно гэж амласан гэж бодож байна. Гэхдээ тэр цөмийн зэвсэггүй болгох талаар хэлэлцэхийг зөвшөөрсөн.  Энэ нь ямар учиртай вэ гэвэл Пхеньян АНУ-ын  зүгээс ирэх заналхийллийг арилгах, эдийн засгийн салбарт хамтран ажиллахыг шаардсан. Хойд Солонгос цөмийн зэвсгийг өөрсдийгөө хамгаалах зорилгоор хэрэглэдэг. 2017 онд тэднийх хэрэгжүүлсэн хөтөлбөрөө дуусгахын тулд атомын зэвсгийн хүчин чадвараа сайжруулж бэхжүүлсэн. Мөн  тив хоорондын пуужин харвасан гэхдээ босоо өнцгөөр. Хэрэв Гуамын арлын дээгүүр харвасан эсвэл шууд харвасан бол АНУ-ын тэмдэглэсэн улаан зураасыг давах байсан юм. Ким Жон Уны хувьд түүний цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хөгжүүлэх нь АНУ-ыг хэлэлцээр хийхийг албадах дипломат зэвсэг байсан. Гэхдээ Хойд Солонгос  цөмийн зэвсгийн байгууламж, цөмийн зэвсгээ  устгах боломжгүй. Учир нь  АНУ-ын амлалт дараагийн сонгуулиар өөрчлөгдөж болно гэдгийг тэр мэднэ.   Хойд Солонгосын тал дотроо хийдэг хурлын үеэр одоогийн Засгийн газрын баталсан шийдвэрийг дараагийн засаг захиргаа өөрчилөх юм бол Вашингтонтой хэлэлцээр хийх ямар хэрэгтэй юм гэж асуудаг. Тэдний зөв. Ийм учраас хэлэлцээр хийхийг хүсч байгаа юм.  АНУ-д  энэ нь ч хэрэгтэй. Тэд  цөмийн зэвсгийн болон пуужин харвах туршилтыг хойшлуулснаар хүссэндээ хүрсэн. Ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн зэвсгийн хариу барих тухай ярьж байсан.  Гэхдээ энэ нь зөвхөн хэрэгжихгүй улс төрийн бодлогын зэвсэгнээс өөр юу ч биш. Хэрэв цөмийн зэвсэг ашигласан дайралт хийх бол Хойд Солонгосын бүх удирдлагыг  устгах эсвэл түүнтэй тэнцэхүйц арга хэмжээ авна  гэдэгтээ 100 хувь итгэлтэй байх хэрэгтэй.

Хойд Солонгос АНУ-ын дургүйцлийг төрүүлэх болсоор удаж байгаа. Гэтэл гэнэт Ерөнхийлөгч Трамп  Ким Жон Ун удирдагчтай гар барьж байгаа зураг  АНУ-ын хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүдэд энэ улсыг сурталчилж байгаа юм шиг  гарсан.  Энэ нь  Хойд Солонгосын дэглэмийн хувьд үзэл суртлын сорилт биш гэсэн үг биш үү?

-Үгүй. Эхлээд өмнө нь аймшигтай дайнд гол үүрэг гүйцэтгэсэн АНУ,Вьетнам одоо ойртож байгааг бод. Үүнээс гадна Хойд Солонгос нь эрх мэдэл нь удирдагчид төвлөрсөн  системтэй орон гэдгийг сана.  Тэр бол яг хэмжээлшгүй эрхт хаан шиг. Хүмүүс үндсэн хуульд нь  цөмийн зэвсэглэл багтсан орны хувьд  атомын зэвсгийн хөтөлбөрөө цуцлах их хэцүү гэж ярьж байна.  Гэхдээ Хойд Солонгос шиг удирдагч нь ямар нэгэн шийдвэр гаргавал бүгд түүнийг автоматаар хэрэгжүүлдэг улс орон цөөхөн.

Одоо  улс төрийн стратеги нь өөрчлөгдсөн.  Эдийн засгийн сал­барын хөгжилд ан­хаар­лаа хандуулахаар шийд­вэр­лэсэн.  Хэрэв удирдагч америкчууд найз гэсэн бол найз.  Нөгөө талаар эдийн засгийн нээлттэй байх нь хөгжлийг хүсч байгаа ард түмний хү­сэлтэй нийцэж байгаа юм. Хэдийгээр Хойд Солонгос хаалттай орон ч ард түмэн нь БНХАУ, Өмнөд Солонгост  юу болж байгааг мэднэ. Иймээс улс орон нь энэ чиглэлд хөгжөөсэй гэж хүсдэг. Ким Жон Ун  БНХАУ-ын Дэн Сяопин авсан шиг олон нээлттэй алхмыг батлаад байна.  Тэрээр 20 гаруй эдийн засгийн хөгжлийн тусгай бүс байгуулаад байна. Үүнээс гадна хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний салбарт бүтцийн өөрчлөлт хийсэн. Үүний үр дүнд үйлдвэрлэл нэмэгдэж байна.

Та  Ким Жон Ун  Хойд Солонгосын Дэн Сяопин болж чадна гэж бодож байна уу?

-Тийм. Зөвхөн Ким Жон Ун БНХАУ руу энэ оронд баталж байсан арга хэмжээтэй  танилцахын тулд илгээж байгаа төлөөлөгчдийн хэмжээг харах хэрэгтэй.  Тэр ард түмэндээ амьдралынх нь төвшинг сайжруулна гэж амласан. Ким Жон Ун Шведэд амьдарч байсан учраас барууны нийгмийг мэднэ.  Хэрэв бид энэ өдрүүдэд Хойд Солонгосын нийгмийн амьдарч байгаа орчныг нэг үгээр дүгнэж хэлэх хэрэгтэй бол “Өөрчлөлт” гэсэн үгээр тодорхойлж болно. Хойд Солонгосын ард түмний хувьд Ким Жон Ун бол өөрчлөлтийн билэг тэмдэг. Мөн бидний энэ уулзалтад Хойд Солонгоос зугтаж гарсан хоёр хүн “Тэр бол ааваасаа илүү алдартай” гэсэн юм.

Ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньянтай хийх хэлэлцээрээ хойшлуулахаар шийдвэл юу болох вэ?

-Энэ хэлэлцээрт БНХАУ,ОХУ оролцсон хэвээр байх болно. Ким Жон Ун энэ шинэ бодит байдлыг ухамсарлаж байгаа. Иймээс БНХАУ-ыг АНУ-тай харьцах харилцаандаа дэмжлэг болгон ашиглаж байна. Үүнээс гадна Өмнөд Солонгос бол гол шалтгаан. Хэрэв Дональд Трамп хэлэлцээрээс гарвал Вашингтон энэ үйл ажиллагааны гадна үлдэнэ. Сөүл Пхеньянтай хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Хэн ч Солонгосыг тайван амгалан амьдрах гэсэн эрмэлзлийг гутаах эрхгүй.

Олон жилийн турш хоёр тусдаа явж ирсэн хоёр Солонгос хэзээ нэгдэж, биелшгүй мөрөөдөл нь  биелэлээ олох вэ?

-Сөүл энэ талаар хоёр Солонгос аажмаар нэгдэх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа. Учир нь Хойд Солонгос нь Өмнөд Солонгост уусахыг хүсэхгүй байгаатай холбоотой.  Гэхдээ хоёр орны хамтын ажиллагааны үр өгөөжийг ухамсарлаж байна. Гэхдээ бид бүгд нэгдэнэ гэдэг таамаглал бол өнгөрсөн жилүүдээс алслагдсан болох нь үнэн гэдгийг ойлгож байна.  Мөн Өмнөд Солонгостой хурдан нэгдэхийг бид хүсэхгүй. Учир нь Энэ нь бидний хүрсэн хөгжлийг уналтад хүргэхээс гадна асар их зарлага гарах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *