Хайрст үлд дархлаа сулрах, стресст орохыг андахгүй

10-р сарын 26, 2017 9:46 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 28
10-26-6х

Р.ОЮУН

АШУҮИС-ийн Арьс судлалын тэнхимийн багш Б.Дашлхүмбэтэй ярилцлаа.

Псориаз юунаас болж үүсдэг юм бол. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Монголд псориаз буюу хайрст үлд сүүлийн үед их гарч байна. Тиймээс “Псориазтой тэмцэх дэлхийн өдөр”-ийг энэ сарын 29-нд зохион байгуулах гэж байна. Дэлхийн хүн амын  хоёр хувь нь энэ өвчнөөр өвчилж байна. Азийн оронд арай бага буюу 1000 хүнд 10 орчим байхад манайд харьцангуй өндөр байна. н.Долгор багшийн судалгаагаар дөрвөн хувь буюу дэлхийн дунджаас өндөр байна гэсэн тооцоо гарсан. Энэ өвчнийг үүсгэгч олон шалтгаан бий. Тухайлбал, өөрийн дархлааны системийн гажуудалтай холбоотой. Мөн сэдрээдэг хүчин зүйлүүд байна. Стресс, архи, тамхи, ханиад шуу­хитнаа, ялангуяа, хоолой өвдөх нь сэдрээх гол хүчин зүйл болдог. Үүнээс гадна таргалалт, чихрийн шижин, даралт ихсэхэд уудаг болон тайвшруулдаг эм бас нөлөөлдөг.

Энэ өвчний үед ямар зовиур, шинж тэмдэг илэрдэг юм бэ?

-Арьс амархан хууларч, гуужиж унадаг, улаан өнгөтэй тууралт өв­дөг, тохой, хуйхаар эхэлж гар­даг. Хүмүүс үүнийг үлд гэж явж байгаад сүүлд нь онош­логддог тохиолдол бий.

Оношоо зөв тогтоосон үед бүрэн эмчлэгдэх бо­ломжтой юу. Ямар эм­чилгээ илүү үр дүнтэй байдаг вэ?

-Бүрэн эдгэхгүй, харин тодорхой хугацаанд эмчлэгдэнэ. Эдгэх гэдэг нь олгой авахтай адилгүй. Эмчлэгдэнэ гэдэг нь псориазаа эмчлээд алга болгосон ч хэзээ нэг өдөр дахин гарч ирдэг. Зарим хүнд хэдэн долоо хоногийн дараа гардаг бол заримд нь хэдэн жилийн дараа гарах тохиолдол байна. Тухайлбал, хүмүүс 2-3 сарын дараа минийх эдгэчихсэн гэж ярьдаг. Манайд 100 хувь үндсээр нь алга болгож чадахгүй байгаа. Харин сүүлийн гурван жилд дэлхий нийтээр анагаах ухааны хөгжилтэй холбоотойгоор эмчилгээний шинэ аргууд гарсан. Энэ аргууд 100 хувь эмчилж, 100 хувь алга болгосон нь 40 орчим хувь байна. 10 хүний дөрвийнх нь бүрэн эмчлэгдэж байгаа ч өндөр өртөгтэй. Тиймээс энэ хүмүүст судалгаа, шинжилгээ хийх тусламж зайлшгүй хэрэгтэй учраас бид псориазтой тэмцэх сан байгуулсан. Сангийнхаа шугамаар ЭМЯ болон холбогдох мэргэжлийн шийдвэр гаргадаг хүмүүст хандаж эмийг нь даатгалд хамруулж, тодорхой хөнгөлөлт авах, эмийн компа­ниудтай эмээ бөөний төв байгуулж өгө­хийг хүссэн. Энэ хү­мүүс эмээ 10-20 хувь хөн­гөлөлттэй үнээр авах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Энэ мэтээр бидэнд хийх ажил их байна.

Ойролцоогоор хэдэн төгрөг эмчилгээнд зарцуулдаг вэ?

-Жилийн эмчилгээнд 20-30 мянган ам.доллар зарцуулна. Манайх шиг ийм эрүүл мэндийн системтэй газарт нутаг­шиж чадахгүй. Гадаадад эмчилгээний ахиц гарч байна, нөгөө талаар псориаз нь амьдралын хэв маягтай холбоотой. Хүмүүсийн сэтгэл гутрал, амиа хорлох оролдлого, ерөнхийдөө сэтгэцийн эмгэгүүд жирийн хүмүүсийг бод­вол 2-3 дахин их байна. Ингэхээр энэ хүмүүст анхаарал, халамж зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байгаа. Ер нь стресстэй хүмүүс өвдөх хандлагатай байна. Нөгөө талаас энэ өвчин нь хүнийг стресст оруулдаг. Эдийн засаг, сэтгэл санааг хямрааж амьдралын чанарыг нь алдагдуулна. Тухайлбал, 60-80 мянган төгрөгийн үнэтэй тосыг аваад хоёр хоног түрхэхгүй байх жишээтэй. Гэтэл загатнаад, хорсоно. Өвчин л юм чинь эмчлэхгүй бол болохгүй. Үр дүнтэй тоснууд нь өртөг өндөртэй. Манай нөхцөлд авч байгаа цалингаа бүгдийг нь зарцуулах учраас эдийн засгийн хувьд их хохиролтой. Гоо зүйн хувьд хаг унаад байгаа юм шиг биен дээр нь юм гарахаар сэтгэл зовдог. Тиймээс сэтгэцийн өвчлөлд амархан өртдөг. Үүнийг дагаад амиа хорлох, сэтгэл гутралд орох нь  их.

Псориазтой гэдгээ мэдвэл хамгийн түрүүнд хаана хандах вэ?

-Ямар ч гэсэн мэр­гэжлийн буюу арьс суд­лаач буюу хайрст үл­дээр мэргэшсэн эм­чид үзүүлэх хэрэгтэй. Манайхан зөвшөөрөлгүй, уламжлалтын хятад эмч нарт их үзүүлдэг. Энэ эмч нь гудамж, орцонд үзэж хүчтэй гармоны тариа хийж байна. Тариа нь түр хугацаанд үрэвслийг намжаагаад 2-3 эсвэл зургаан сарын дараа эргээд сэдэрдэг. Энэ үедээ арга хэмжээ авсан ч дийлдэхгүй нөгөө тариагаа хийлгэх болдог. Ингэснээр бие махбодиос үрэвслийг эсэргүүцдэг, дарангуйлдаг даавар нь ялгарахаа болино. Тэгэхээр энэ хүн дааврын хамааралтай болно гэсэн үг. Хүмүүст анхааруулахад мэргэжлийн бус, зөвшөөрөлгүй, хятад бичигтэй эм, тариа бүү хийлгээч гэж хэлмээр байна.

Энэ тууралт хүнд халдварладаг уу?

-Халдварлахгүй. Цус шүүрээд ирэхээр нь хүмүүс “Ямар муухай юм бэ” гэж боддог. Тэрнээсээ өөрөө ч санаа зовдог. Өвчин нь сэдэрсэн зарим хүн зун нимгэн хувцас өмсөхөөс ичдэг. Мөн энэ өвчин удамших хандлагатай байгаа. Тухайбал, аав ээжийнх нь нэг нь ийм өвчтэй бол төрөх хүүхэд псориазтой байх магадлал 14, хэрэв хоёулаа бол 41, нэг өндгөн эсийн ихрүүд 55-60 хувийн магадлалтай. Энэ өвчнийг яагаад анхаарах ёстой вэ гэхээр зүрх судас, бодисын солилцооны өвчлөл өндөр байдаг. Мөн жирийн хүмүүсээс харвах эрсдэл 28, зүрх судас, судас хатуурах нь 54 хувиар илүү өндөр. Хайрст үлдтэй хүмүүс бусад хүнээс хоёр насаар бага насалдаг гэсэн эрсдэлт хүчин зүйл бий. Бусад эрхтэн системийн өвчлөл дандаа хамт явдаг. Тиймээс энэ хүмүүст зөв менежмент хийх шаардлагатай.

Цус шүүрнэ гэхээр хүндэрсэн гэсэн үг үү. Хэдэн насныханд илүү тохиолдож байна вэ?

-Хүнд үедээ ингэдэг. Энэ өвчний онцлог нь тууралт цусны судсыг өргөсгөдөг. Дэлхий дээр өсвөр насны ид сайхан амьдралаа зохиох гэж байгаа, идэвхтэй амьдралтай 20-30 насныханд их тохиолдож байна. Тиймээс сэтгэл гутралд орох нь аргагүй шүү дээ. Манай оронд ч гэсэн 20-30 насныхан их байгаа. Манайд хоолой өвдөх нь их байгаа болохоор үүнийг дагаад залуу үеийнхэнд илүү тохиолдож байгаа нь анзаарагдсан. Үүнээс гадна хоёр, гурван сартай хүүхдэд ч псориаз илэрч, эмчилгээ хийлгэсэн тохиолдол байгаа. Тиймээс залуужиж байна гэж хэлж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *