Хадгаламжийн мөнгийг хөрөнгийн зах зээлд эргэлдүүлдгийг хориглоно

12-р сарын 1, 2017 8:59 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Парламент , Улс төр , Эдийн засаг Уншсан: 6
12-1-3

С.УЯНГА

Банкны салбарыг хөн­дөж эхэлсэн Төв банкны санаачлага парламентын танхимд багагүй гацав. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төс­лийг хэлэлцэж эхлэхэд сөрөг хүчин эсэргүүцэж завсарлага авсан бол МАН-ын зарим гишүүд хуулийн талаас илүү хувийг өөрчилж байгаа уч­раас эргүүлэн татах, хаалт­тай хэлэлцэх саналыг хүртэл гаргалаа. Хуу­лийн талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Хуулийн төслийг зур­гаан сарын турш Монгол­банкны ажлын хэсэг ОУВС-тай хамтран олон улсын банкны стан­дар­тад нийцүүлэн бо­ловс­руулсан. Хууль тог­тоомжийн хуулийн 25.1.2-т тухай хуулийн нийт заалтын 47 хувьд өөрч­лөлт оруулж байгаа. Тиймээс хууль зөрчсөн зүйл байхгүй. ОУВС-аас банкны системийг хариуц­лагатай болгох сал­барын шинэчлэлүүд тус­гагд­сан учраас хуулийн төс­лийг үргэлжлүүлэн хэлэл­цэх нь зүйтэй” гэж тайлбарлав.

Тэгвэл Банкны тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах тухайн хуу­лийн төслийн гол үзэл баримт­лал нь Төвбанкны бод­логыг илүү хүчтэй болгох юм. Мөн банкинд эргэлдэж буй иргэдийн хад­галамжийн мөнгийг охин компаниар дамжуу­лан хөрөнгийн зах зээлд эргэлдүүлдэг байдлыг зогсооно гэдгийг хууль санаач­лагчид хэллээ. Одоо­гийн байдлаар банк­ны системд 27 их наяд төгрөгийн активын хө­рөн­гө эргэлдэж байгаагаас гурван их наяд буюу 12 хувь нь банкны эздийн хөрөнгө. Бусад 24 их наяд төгрөг буюу 88 хувь нь ир­гэдийн хуримтлал байдаг юм байна. Тиймээс иргэдийн хуримтлалын эдийн засаг, орлогын аюул­гүй байдалд Төв банк шийдвэр гаргаж, хам­гаалалт хийж байх ёс­той. Банкны системд байгаа иргэдийн хөрөнгө кон­серватив байх ёстой. Хам­гийн эрсдэл багатай, хам­гийн найдвартайгаар банкинд эргэлдэж байх ёстой. Түүнээс биш хамгийн савлагаатай байдаг үнэт цаасны зах зээл, хөрөнгийн зах зээл рүү оруулах ёсгүй. Өөрөөр хэлбэл иргэдийн мөнгийг эрсдэлд оруулж болохгүй гэж хуулийн төслийн Аж­лын хэсгийнхэн үзжээ. Энэ талаар Монгол­банк­­ны  хууль эрхзүйн газрын захирал Б.Ганбат “Хуулийн төсөл дээр банкны охин компани байгуулж байгаатай хол­богдуулан оруулж ирсэн заалтыг банк, түүний хараат болон охин ком­паниар дамжуулан бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж зааж өг­сөн” гэв. Түүнчлэн ир­гэдийн хөрөнгийг удир­даж буй банкируудын хариуц­лагыг өндөржүүлэх асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгажээ.

Мөн Банкны хуулийн өөрчлөлттэй хол­боо­тойгоор олон нийтийн дунд байгаа ойлголт бол зээлийн хүүгийн хязгаарыг төрөөс тогтоох асуудал юм. Тэгвэл энэ  удаагийн Банкны тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлт дотор зээлийн хүүгийн дээд хяз­гаарлалтыг тогтоох заалт байхгүй. Харин Банкны тухай хуулийг дагал­­даж байгаа Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тоо­цоо, зээлийн үйл ажил­ла­гаа­ны тухай хуульд “Төв банкнаас зээлийн хүү­гийн дээд хязгаарыг тог­тоож болно” гэдгийг хууль санаачлагчид нэмж оруулж ирсэн байна. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “2019 оноос ипо­те­кийн зээ­лийг Зас­гийн газарт шилжүүлэх нь зөв гэж бодож байна. Зээлийн хүүгийн хяз­гаарыг Монголбанк тог­тоож болно гэсэн заалтыг Монголбанкнаас оруулж ирээгүй. Бид үүнтэй хол­боо­тойгоор маш олон судалгаа хийж байна” гэсэн тайлбарыг өгч бай­гаа юм. Гишүүдийн зүгээс хуулийн төсөлтэй холбогдуулан сүүлийн үед банкууд нь бизнес эрхлэгч нартай өрсөлдөх, бизнесийн салбар луу хөрөнгө оруулах явдал гарч байна. Тиймээс энэ асуудлыг хуулиар зохи­цуулах ёстой. 820 мянга ор­чим зээлдэгчийн эрх аш­гийг яаж хамгаалах. Мөн арилжааны банкны хүрээнд явагдаж байгаа завх­рал цадигаа алдаж, төр арил­жааны банкны бог­цонд гурван сая иргэнтэйгээ орсны үнд­сэн шалтгаан нь охин ком­пани байгуулах асуудал хэмээн шүүмжилж байгаа юм.

Б.Жавхлан: ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙГАА НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ГАЖИГ ТОГТОЛЦООНЫ ҮР ДҮН

Хуулийн төсөл бат­лагд­­вал Монгол­банкнаас арил­жааны банкинд тавьж буй хяналт шалгал­тын эрх зүйн орчин сай­жирч, түүнийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх, банк сан­хүү­гийн салбарт бий болж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хөгжлийг түргэсгэхэд эрх зүйн хувьд таатай орчин бий болно гэж  үзэж байгаа. Банкны тухай хуулийн зарим зүйл, заалтын утга, агуулга нь олон улсын банк, санхүүгийн үйл ажиллагаанд нийцсэн, илүү ойлгомжтой, тодорхой хэлбэрээр сайжрах болов уу гэж харж байгаа. 1990 онд бид арилжааны банк, Төв банк гэсэн хоёр тогтолцоотой болсон. Өнөөдрийг хүртэл энэ хугацаанд гурван зовлонтой нүүр туллаа шүү дээ. 1990-ээд оны Азийн, 2008 болон 2010 оны эдийн засгийн, энэ удаагийн хямрал гээд хэд хэдэн хямралтай нүүр тулсан. Тэгэхээр тухай бүрт нь хуулиудаа өмнөх туршлагууд дээрээ тулгуурлаж сайжруулж байх ёстой юм. Энэ зарчмын дагуу л өнөөдөр уг хуулийн төсөл орж ирж байна гэж харж болно. Арилжааны банкны хө­рөн­гө оруулагчид, эзэд буюу арилжааны бан­кинд байршиж байгаа иргэдийн хөрөнгийг удирдаж буй банкируудын хариуцлагын асуудлыг ярих нь зүй ёсны хэрэг. Өнөөдөр зээлийн хүү өндөр байгаа нь эдийн засгийн гажиг тог­толцооны үр дүн. Тиймээс асуудлыг томоор харж, төрийн зохицуулалтууд хийх зайлшгүй шаард­лага­тай. Ипотекийн зээл бол арилжааны зээл биш тусгай зориулалтын зээл. Банкиудад дөрвөн хувийн эх үүсвэрийг нь өгч байгаа. Эх үүсвэр нь бэлэн, зориулалт нь тодорхой юм. Харин одоо ярьж байгаа өөрчлөлт бол арилжааны зээлийн хүүгийн асуудал юм.

З.Нарантуяа: БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ТУХАЙ АСУУДЛЫГ ОРУУЛЖ ИРЭХ ШААРДЛАГАГҮЙ

-Банк санхүүгийн салбарыг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, банкны үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр банкны багц хуулийн төслийг оруулж ирж эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа. Гэхдээ анхаарах хэрэгтэй олон асуудал байна. Тухайлбал, Банкны тухай хууль дээр гурван зүйл дээр маш анхааралтай байхгүй бол өнөөдөр эдийн засгийн салбарт үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгээд явж байгаа банкны салбарыг доголдуулах нөхцөл байдал руу түлхэх эрсдэлтэй байна. Банкны зээлийн хүүг тогтоох тухай асуудлыг оруулж ирэх шаардлага байхгүй. Учир нь мөнгөний бодлогыг үндсэн чиглэлийг бат­лахдаа зээлийн хүүг буу­руу­­лах цогц арга хэм­жээг агуулсан страте­гийг Монголбанк боловс­руулж, батлуулж хэрэгжүү­лэх үүрэг болгосон. Тиймээс цаг хугацааны хувьд зээлийн хүүг тог­тоох тухай энэ заалтыг оруулж ирж байгаа нь буруу. Түүнчлэн ОУВС-аас бүх банкууд дээр шал­галт оруулж байгаа. Энэ­хүү ажиллагааны эц­сийн үр дүнг үзээгүй мөртлөө Монголбанкны Ерөнхийлөгч банкуу­дын дүрмийн санг 100 тэрбумаар нэмэг­дүү­лэх шийдвэр гарга­чих­сан байна. Ер нь Монгол­банк­наас мөнгөний бод­ло­гын буюу зах зээлийн арга хэрэгсэл зарчмуудыг хэрэглэхийн оронд шууд захиргаадсан хэм хэмжээнүүдийг гаргаад байна. Энэ нь банкны системд ашиг тус авчрах, сөрөг үр нөлөө үзүүлэх эсэх тал дээр олон талаас нь бодож, дүгнэх шаард­лагатай. Манай улсын банк­нуудын хувьд үнд­сэн төлбөр тооцоо гүй­цэт­гэх чадвар сайн учраас дампуурах банк байх­гүй. Харин энэ олон тодор­хой­гүй битүүлэг ар­га хэмжээний үр дүнд иргэд харилцагчид бан­кинд итгэх итгэл нь буурч болзошгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *