“Хааны эрэлд” сургуулилтад Бутан, Катар улс анх удаа оролцож байна  

6-р сарын 13, 2018 2:59 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 49
6-13-10

Б.БАЙГАЛЬ

Олон улсын цэргийн томоохон дадлага сургуулилт болох “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагаа Монгол Улсад 15 дахь жилдээ эхэллээ. Сургуулилт өнөөдөр Тавантолгойн цэргийн баазад эхэлж байгаа талаар Зэвсэгт хүчин болон Америкийн цэргийн армиас өчигдөр мэдээлэл өгсөн юм.

Манай улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд  үүргийнхээ дагуу  энх тайвны үйлсэд идэвхтэй оролцож Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг НҮБ-ын  олон улсын ажиллагаанд оролцуулж, чадавхыг нэмэгдүүлэхийн тулд хоёр талын болон олон улсын цэргийн сургалтыг хийсээр иржээ. Эдгээрээс хамрах цар хүрээ, ач холбогдлын хувьд томд тооцогдох сургуулилт бол  “Хааны эрэлд” юм. Анх 2003 онд Монгол Улс, АНУ хамтарсан  сургууль хэлбэрээр эхлүүлсэн бол 2006 оноос олон улсын хэмжээнийх болон өргөжжээ.  Хэвлэлийн хурлын үеэр олон улсын сургуулилтын багийн удирдагч, бригадын генерал Л.Гансэлэм “Энэ жилийн “Хааны эрэлд” сургуулийг Монголын Зэвсэгт хүчин болон олон улсын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын болон НҮБ-ын цэргийн ажиллагааны нийтлэг тактик, арга техникүүдээс суралцах, түүнийг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулж байна. Энэ удаагийн сургуульд 26 орноос 1400 гаруй цэргийн алба хаагч хамрагдана.  Энэ жил Бутаны вант улс анх удаа цэргийн ажиглагч, Катар улсаас  салааны бүрэлдэхүүн оролцож  буйгаараа онцлогтой. Сургуулилтын хүрээнд  бригад, бателеоны удирдлага штабын бэлэн байдал, түүний удирдлаган доорх тактикын сургууулиудыг зохион байгуулж явуулдаг. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх 850 хүнтэй цэргийн бие бүрэлдэхүүнээс  мөн оролцоно” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд таван тивийн 52 орны 13000 гаруй цэргийн алба хаагч оролцож энхийн сахиулах ажиллагааны арга туршлагыг эзэмшин суралцсан бөгөөд жилээс жилд өргөжиж, оролцогч орнуудын тоо нэмэгдсээр байгаа юм. Энэ талаар Аляска дахь АНУ-ын Хуурай замын цэргийн Үндэсний гвардын 297 дугаар ангийн захирагч хурандаа Петр Монделли ““Хааны эрэлд-2018” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт нь дэлхийн аюулгүй байдалд чиглэсэн. Энэ жилийн сургалт НҮБ-ын үйл ажиллагаа, цагийн байдалд тулгуурлан штаб, хээрийн сургалт болон удирдлагыг бэлтгэх сургалтуудыг зохион байгуулж буйгаараа чухал холбогдолтой. Монгол Улс болон АНУ бусад улстай хэрхэн хамтран ажиллах,  шийдвэр гаргах зэрэг сэдвүүдээр оролцож байна. АНУ-аас 200 цэргийн  албан хаагч ажиллаж байна” гэв.

“Хааны эрэлд-2018” сургуулилтын хүрээнд командын штабын, ротын хээрийн, салаадын хээрийн, тусгай хүчний, усны, гар хийцийн тэсрэх төхөөрөмжийн эсрэг ажиллагааны, энхийг сахиулах ажиллагааны сургагч багшийн, мэдээлэл олзворлох болон бололвсруулах арга ажиллагааны, хүн эмнэлгийн сургалт, дадлага болон хүмүүнлэгийн ажиллагааг зохион байгуулах юм байна. Рот, салаадын түвшний сургуулиар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд тактикийн түвшинд үүрэг гүйцэтгэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны мандатад заагдсан нийтлэг үүргийг гүйцэтгэх мэдлэг, дадлага, ур чадвар олгох, харилцан туршлага солилцох, үүссэн цагийн байдалд рот, салааны болон тасгийн захирагч нар бие даан, оновчтой шийдвэр гаргах, салбаруудын харилцан ажиллагааг зохион байгуулах, удирдах арга барилд дадлагажуулах үндсэн зорилготой. Эдгээр дадлага, ур чадваруудыг явган эргүүл, бүслэн нэгжих ажиллагаа, шалган нэвтрүүлэх цэг, хүмүүнлэгийн бараа түгээх, баазын харуул хамгаалалт, цувааны хамгаалалт, иргэдийг үймээн, самууныг хянах, өвчтөн шархдагсдад эмнэлгийн  анхны тусламж үзүүлэх, гар хийцийн тэсрэх төхөөрөмжөөс хамгаалах зэрэг сургалтын цэгүүдээр суралцагчдад эзэмшүүлэх юм. Сургуулилтын хүрээнд иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн ажиллагааг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулах бөгөөд олон улсын цэргийн эмч нарын хамтарсан баг тус дүүргийн 4, 7, 24, 26 дугаар хороодын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөжээ.

Сургуулилт өнөөдрөөс 28-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *