Х.Владимир: Оюутолгойн гэрээг дэмжсэн  хүмүүс эсэргүүцэж байсан мэтээр ярих болжээ  

4-р сарын 23, 2018 12:20 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 96
31150312_1827985407231843_1329312482853912576_n-550x300

Ч.Олдох

Оюутолгойн  болон Дубайн гэрээ   байгуулагдсан  үнэн түүхийн эргэн тойронд Эрдэс баялаг үндэсний нийгэмлэгийн тэргүүн  Х.Владимиртай ярилцлаа.

-Оюутолгойн болон Дубайн гэрээ  өнөөдрийн сэдэв болж  амтай болгон ярьж, дэмжиж байсан хүмүүс эсэргүүцэж байсан мэтээр сурталдах  болов. Та мэргэжлийн хүн, бас гэрээг анх байгуулахад оролцож байсны хувьд үнэнийг хэлэх байх?

– Дубайн гэрээг УИХ-аар хэлэлцэх үед нэлээд  хэдэн гишүүд  худлаа ярьж байсан, сэтгүүлч та нар ч бас анзаарсан байх.  Бараг л бүгдээрээ л Оюутолгойн гэрээний эсрэг дуугарч байсан юм шиг. Яг үнэндээ тийм байгаагүй юм. Гэхдээ  Дубайн гэрээг ярихаас өмнө Оюутолгойн гэрээ яаж байгуулагдсан юм бэ гэдгийг эргэн дурсах хэрэгтэй л дээ.

-Тэр тухай үнэн түүх яаж эхэлсэн юм бэ?  

– УИХ-ын гишүүн М Энхболд,  С.Хүрэлбаатар нар  2007  онд  М.Энхболдын тэргүүлж байсан Засгийн газрын  оруулж ирсэн гэрээний төсөл маш ашигтай  мундаг төсөл байсан мэтээр сайрхаж яриад байдаг.  2007 оны гэрээ бол Тогтвортой  байдлын гэрээ, 1997 оны АМТХ-ийн хүрээнд  10 жилийн хугацаанд ямар ч татвар түрээс авахгүй  баялгаа ховх соруулахаар тийм л нөхцөлтэй гэрээ. Энэ хуулийн нөхцлөөр бид “Бороо”-гийн 40 тн алтыг таван  жилийн дотор ямар ч татваргүй эксдортлоод дуусгасан шүү дээ. Энэ гэрээгээр явсан бол дараагийн “Бороо”-гийн орд шиг түүх давтагдах байсан юм.

– Тэгэхээр Оюутолгойн гэрээ яаж байгуулагдсан  гэсэн үг вэ?

– 2008 оны  УИХ-ын ээлжит  сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал , ард  түмэндээ байгалийн баялгаас 1,5 сая төгрөгийн хувь хишиг хүртээх  МАН\ хуучин МАХН\-ын амлалт, 1 сая төгрөгтэй тэнцэх хувьцаа эзэмшүүлэх  АН-ын амлалтыг биелүүлэх үүрэгтэй байсан. МАН  УИХ-д 45 суудалтай үнэмлэхүй  олонх  байсан боловч амлалтаа биелүүлэх зорилгоор  АН-тай хамтарсан Засгийн газар  байгуулсан. УИХ-аас Оюутолгой, Тавантолгойн стратегийн ордыг зах зээлийн эргэлтэнд оруулах  40, 57 дугаар тогтоолууд гарсан. Эдгээр тогтоолуудад Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах  үндсэн суурь зарчимуудыг тодорхой зааж өгсөн  үүнд хоёр нам амлалтаа биелүүлэхийн тулд  урьдчилгаа төлбөр авах, нэр нөлөө бүхий хараат бус гадаадын байгуулгаар аудит хийлгэхийг ч мөн тогтоолд  тусгасан байсан.

– УИХ-аар хэлэлцэгдсэн үйл явцын талаар та юу хэлэх бол?

УИХ-ын  40 дүгээр толтоолыг хэрэгжүүлэхээр Засгийн газраас  Эрдэс баялгийн сайд  Д.Зоригтоор ахлуулсан ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж  УИХ-д  2009 оны хоёрдугаар  сард өргөн барьсан. Оюутолгойн гэрээний төслийн эхний хувилбар  өргөн баригдсан өдрөөс эхлээд нийгэмд маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Гэрээний маш олон зүйл  заалт  Монгол Улсын  мөрдөгдөж байсан хууль тогтоомжоос давсан байсан . Тийм учраас УИХ-ын  Эдийн засгийн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Г. Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг  гарч  гэрээг хэлэлцэж , гэрээний төслийг  Монгол Улсын  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцүүлэн сайжруулах 13 заалт бүхий дүгнэлтийн хамт  Засгийн газрын ажлын хэсэгт хүргүүлж , гэрээний анхны хувилбарыг буцааж байлаа.

– Дараа нь дахиад гэрээг  УИХ-д  оруулсан. Дахиад буцаасан бил үү?

-Гэрээг дараа нь УИХ-ын  Эдийн засгийн байнгын хороон  дээр байгуулсан ажлын хэсэг,  Засгийн газраас  Эрдэс баялгийн  сайд Д.Зоригтоор ахлуулсан ажлын хэсгийн хүрээнд  хэлцэгдээд,  УИХ-ын  Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хурлаар  хоёр  удаа хэлэлцээд буцааж байсан. Буцааж байсан шалтгаан нь тухайн үед  зэс дээр тогтоосон алдарт 68 хувийн татварыг тойрч гарах ямарч боломж байгаагүй. Энэ татварыг орлуулах өсөн нэмэгдэх татварын шаталсан хувилбараар орлуулахаар гэрээнд заасан байсан. 68 хувийн татварыг хөрөнгө оруулагч тал хэзээ ч зөвшөөрдөггүй байсан юм.

Хамгийн сүүлд гэрээг Ерөнхий сайд С.Баярыг  Япон улсад албан айлчлал хийж байх  үед  2009 оны  долдугаар сарын дундуур  УИХ-ын ажлын хэсэг , Төсвийн Байнгын хороотой хамтран Оюутолгойн гэрээнд оруулсан өсөн нэмэгдэх татварын заалт нь  68 хувийн татварын  хүрээнд хэрэглэх хууль зүйн чадамжтай талаар хэлэлцээд  гэрээний энэ хувилбарыг хэрэглэх хуулийн заалт байхгүй гэдэг үндэслэлээр гэрээний төсөл гуравдахь  удаагаа Засгийн газрын  ажлын хэсэгт буцаагдсан.

– Гэрээ буцаагдах завсраар  холбогдох хуулиудыг засварлаж өөрчлөлт оруулах зэргээр замаа зассан гэдэг шүү дээ?

-Ерөнхий сайд С.Баяр  Японоос эргэж ирээд  унасан хүүхэд ууртай гэгчээр  МАН-ын \МАХН\     УИХ дахь бүлгийг хаалттай  хуралдуулж,  УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар  сарын дундуур  хийлгэж  Оюутолгойн гэрээг байгуулахад саад тотгор болоод буй зарим хуулийн заалтуудыг өөрчлөх хуулийн  төслийг   УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр  шийдвэрлэсэн  нь тэр л дээ.  Тухайн үеийн МАН-ын \МАХН\  45 гишүүний   42 гишүүн дэмжиж гар өргөн баталж,  гурван  гишүүн, тухайлбал   Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн,Ш. Сайхансамбуу нар эсэргүүцэж  гар өргөөгүй.    Тухайн үеийн МАН\МАХН\  УИХ-д олонхи байсан учир ээлжит  бус чуулганаар Оюутолгойн гэрээнд зориулсан дээрх хуулийн төслүүд батлагдах нь ойлгомжтой байсан юм.

-Хэдэн хуульд, ямар өөрчлөлт оруулсныг тодруулахгүй юү?

Засгийн газрын  ажлын хэсгийг тухайн үеийн  Сангийн сайд  асан  С.Баярцогтоор ахлуулсан байсан.  Эрдэс баялгийн сайд Д.Зоригт  үүргээ муу биелүүлсэн учир  Ажлын хэсгийн  ахлагчаас халагдсан. Засгийн газраас  дөрвөн  хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан. Үүнд, зэсийн  болон  алтны бүтээгдэхүүнд  ногдуулдаг  68 хувийн татварыг хүчингүй болгох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын  хуульд  татвар төлөгчийн татварын алдагдлыг  100 хувь   ирээдүйд шилжүүлэн  найман  жил хүртэл хугацаагаар татвар ноогдуулах орлогоос хасч тооцох , өмнө нь 50 хүртэл хувийг 4 жил хүртэл хугацаатай байсныг өөрчилсөн. Автозамын тухай хуульд өөрийн хөрөнгөөр автозам барьж ашиглах эрх олгох тухай, Усны тухай хуульд өөрсдийн  хөрөнгөөр хайгуул хийж  тогтоосон газрын гүний усны нөөцийг  хайгуул хийсэн компани ашиглаж эзэмших эрх олгох тухай  хуулиудыг  УИХ-ын ээлжит бус чуулганаар батлан, УИХ-аас Оюутолгойн гэрээ байгуулахтай холбогдсон 57 дугаар тогтоол гаргаснаар  Засгийн газарт  Оюутолгойн гэрээ байгуулах алтан шар зам нээгдсэн.

-АН-аас  Оюутолгойн гэрээний төлөө хэн тэмцдэг байсан бэ?

-Оюутолгойн гэрээний төлөө тэмцэх биш, энэ гэрээнд заасан Монгол Улсын  хууль тогтоомжид нийцэхгүй байсан  зүйл заалтуудыг хуульд нийцүүлэх, гэрээнээс Монгол Улсад орох ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах , баялгаа иж бүрэн ашиглах, байгаль экологид хор нөлөөгүй технологи нэвтрүүлэх гэх мэт амин чухал асуудлуудыг л яриад байгаа юм. Ингэсний төлөө бид гэрээг эсэргүүцэгч биш харин гэрээний нөхцлийг Монголын талд ашигтайгаар   хийх, үр хойч үедээ энэ гэрээнээс оногдох ашгийг нэмэгдүүлэх асуудал байгаа юм. АН-аас гэрээг Монгол Улсад ашигтай байлгах үүднээс   УИХ-ын гишүүн Н.Батбаяр, З.Энхболд, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан нарын  гишүүд л эх орончид байсан даа.

–  Зэсийн 68 хувийн татварыг орлуулах татвар гэрээнд тусгаж  болоогүй юм уу, тэр үед?

-Зэсийн 68 хувийн татварыг ашигт малтмалын үнийн  өсөн нэмэгдэх татвараар орлуулж зардлын өсөлттэй уялдуулж татвар оногдуулах хувилбар гэрээний нөхцөлд байсан.  Уул нь  гэрээнд зэсийн 68 хувийн татварын  хүчинтэй хугацааг  2011 оны  нэгдүгээр  сарын 1 хүртэл  гэж заасан.  Энэ хугацаанд  Сангийн яам ашигт малтмалын үнийн өссөн нэмэгдэх  татварын тухай хууль батлуулсан  боловч энэ хуулийг дээрх гэрээний нөхцөлийг Оюутолгойн гэрээнд тусгаагүй учраас өнөөдрийг хүртэл дээрх хуулийн заалтыг Оюутолгойн зэс, алтны баяжмалаас авч чадахгүй байна.  Ер нь бол  Ашигт малтмалын өссөн нэмэгдэх татварын хуулиар зэсийн үнэ 5001 ам.доллараас давсан нөхцөлд “Эрдэнэт” үйлдвэр 16 хувийн ашигт малтмалын нөөцийн төлбөр төлдөг байхад  Оюутолгой компани  таван  хувийн төлбөр  төлөх жишээтэй.  Энэ нь дэндүү шудрага бус,   яагаад гэвэл байгалийн хэзээ ч нөхөгдөшгүй  баялгийг , ард түмний хөрөнгийг шудрага бусаар ашиглаж байгаа явдал шүү дээ, шууд хэлэхэд.

-Дубайн гэрээний талаар та юу хэлэх вэ?  

-Дубайн гэрээ бол гэрээ биш шүү дээ. Ягаад гэвэл  анхны гэрээг гурван  яамны сайдтай баййгуулсан. Тэгвэл дээрх гэрээнд гурван  яамны сайд гарын үсэг зурж баталгаажуулах ёстой. Оюутолгойн гэрээ байгуулсны дараа хоёр  удаа өөрчлөлт оруулсан. Энэ ямар өөрчлөлт вэ гэвэл . Оюутолгойн гэрээ байгуулахад урьдчилгаа болгож авсан 250 сая ам.доллар болон  Монголын талын  34 хувийн эзэмшлийн хөрөнгийн зээлийн  жилийн хүү маш өндөр 12-14 хувиар анхны гэрээнд заасан байсан.  УИХ-ын  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн асан Ш.Сайхансамбуу энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, дээрх байнгын хороон дээр хоёр ч удаа нээлттэй хэлэлцүүлэг хийж, холбогдох тооцоог хийж, АБГБ-ын байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт   хүүг буурулах  чиглэл өгсөн тул Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийсний үндсэн дээр дээрх хүүг 6-7 хувь хүртэл бараг хоёр дахин бууруулж чадсан. УИХ-ын гишүүн С.Баярцогт  “Бид  хоёр  тэрбум ам.долларын ашигтай өөрчлөлт гэрээнд оруулсан” гэж яриад байгаа нь энэ .Энэ бол амжилт өөр гэрээнд өөрчлөлт оруулсан талаар бодит нотлох баримт байхгүй.

-Санхүүжүүлэх төлөвлөгөө гээд байгаа нь юуг хэлээд байгаа юм бэ?  

– Дубайн хэлэлцээрийг санхүүжүүлэх төлөвлөгөө гээд яриад байгаа юм. Хувь нийлүүлэгчийн  хавсралт гэрээнд  санхүүжүүлэлтийн хувьцаа гаргах, энэ хувьцааг хөрөнгөжүүлэх гэсэн нэг заалт бий, гэхдээ шинээр хөрөнгө оруулах, хөрөнгө босгох асуудлыг ТЭЗҮ-ийн шинэчилсэн хувилбар буюу шинэ хүчин чадал бий болгох, асуудлыг хөрөнгө оруулалтын тогтворжилтийн шинэ хуулийн заалтаар хэрэгжүүлж болох талтай. Гэхдээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын тооцоонд үндэсний экспертүүдийг татан оруулах шаардлагатай байна. Далд уурхайн хөрөнгө оруулалтанд үндэсний уул уурхайн мэргэжилтнүүдээр эксперт хийлгэж болно шүү дээ. Улс төрчид хөөрөндөө бие бие хардаж сэрдэж хэрэлдэж байснаас  хамаагүй дээр шүү дээ. Манай энэ яам тамгын газар ажиллаж буй мэргэжилтэнүүд дэндүү чадваргүй, тэгээд улс төрчдийг дагаад бас их улс төржөөд байгаа юм. Ийм нөхцөлд  компаний тухай хуулинд заасан нөхцөлөөр хараат бус үндэсний экспертүүдээ ашиглах нь улс төрчдийн хоосон хий хардлагыг цайруулан хангаж болох талтай..

Эцэст нь тэмдэгдэж хэлэхэд манай улс төрчид хямралыг уул уурхайтай холбож яяриад байх юм. Уул уурхай бол эдийн засаг, маш том эдийн засаг, санхүүгийн, мөнгөний, түүхий эдийн, эрчим хүч, дэд бүтэц энэ бүгдийн үр дүнд тогтвортой хямралгүй өсөн дэвжих эдийн засаг. Өөр ямар ч салбарын эдийн засаг уул уурхай шиг эрчимтэй хөгжиж  чадахгүй.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *