Х.Тогтохсүрэн: Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 100 тэрбум төгрөг зарцуулна

11-р сарын 7, 2017 8:00 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 21
11-7-2

Т.БАТСАЙХАН

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгч хоригийн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тогтохсүрэнгийн байр, суурийг сонслоо.

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийн асуудалд байр сууриа нэгтгэсэн гэлээ. Хурлаар ямар дүгнэлтэд хүрэв?

-2017 оны Төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Ерөнхийлөгчийн хоригт хууль зөрчсөн гэх асуудал дурдаагүй байна. Тиймээс бүлгийн гишүүд  100 хувийн саналаар хүлээж авах шаардлагагүй гэдэгт санал нэгдсэн.

Өмнөх хоригийг харахад МАН-ын гишүүд 100 хувийн саналаар хүлээж авахгүй гэсэн боловч  УИХ-ын чуулганы хуралдаан дээр зарим гишүүдийн байр суурь өөрчлөгдсөн байсан?

– Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан хориг дээр  зарим гишүүн  бүлгийн хуралд оролцоогүй байсан. Тэд УИХ-ын чуулганы хуралдаанд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Өнөөдөр гэхэд бүлгийн гишүүдийн ирц 70 гаруй хувьтай байна. Гишүүд хоригийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Үлдсэн 30 хувь ч олонхийн саналыг хүндэт­гэнэ гэдэгт найдаж байна.

-2018 оны Төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой.  Одоо хэдхэн хоногийн хугацаа үлдлээ.  УИХ-ын гишүүд төсөвтэй танилцаж амжих уу?

-УИХ-ын гишүүд 2018 оны төсөвтэй танил­цах хангалттай боломж бий. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны төсөв хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудлыг шалгаж өнөөдөр гэхэд Байнгын хороонд дүгнэлтээ танилцуулна. Ажлын хэсэг 2018 оны төсөв ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзсэн. 2018 оны төсвийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэгт нийцэж байгаа эсэх болон 2018 онд Засгийн газар орлогоо нэмэгдүүлж, зарлагаа бууруулсан эсэхийг ажлын хэсэг шалгаж байгаа. Мөн МАН-ын бүлгийн гишүүдээс Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 100 тэрбум төгрөг төсөвлөх саналыг гаргасныг гишүүд дэмжсэн учраас ажлын хэсэг дүгнэлтээ энэхүү саналыг оруулахаар болсон.

Жижиг, дунд үйлд­вэрлэлийг дэмжих санд 100 тэрбум төгрөгт төсөвлөх саналыг бүлэг гаргажээ. 2017 оны төсвийн тодот­голд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд олгох нэрийдлээр гишүүдэд нэг тэрбум төгрөг хуваарилсныг Сангийн сайд хассан. 100 тэрбумыг нөгөө хассан 72 тэрбум  төгрөг эргээд ороод ирэв үү гэсэн хардлага төрүүлж байна?

-2017 оны төсвийн тодотгол хэлэлцэж байх үед гишүүдэд нэг тэрбум төгрөг тараах гэж байсан талаар яриа гарсан. УИХ-ын гишүүдийн мөнгө төсөвт суух боломжгүй гэж бодож байна. Энэ асуудлыг гаргаж ярьсан хүмүүстээ бид бүлгийн хурал дээр анхааруулга өгсөн. Цаашид гишүүдийн төсөв гэж байгаа бол нэрээр нь тусгах ёстой, үгүй бол тойрогт нь хуваарилсан мөнгөө тодорхой хэлж байх хэрэгтэй. 2017 оны төсвийн тодотголд тусгасан 72 тэрбум төгрөг бол ХХААХҮЯ-ны шугамаар жижиг, дунд үйлдвэрлэлд олгож буй мөнгөний эх үүсвэрийг нэмэгдүүлж тооцсон мөнгө. МАН-ын бүлгийн зүгээс орон нутгаар болон яамдаар дамжиж байгаа хөрөнгө оруулалтад УИХ-ын гишүүд хяналт сайн тавьж байгаарай гэдэг анхааруулгыг өгч байгаа.

Ерөнхийлөгчийн хориг тавьсан 94,5 тэрбум төгрөг нь ямар зардлуудыг танасан юм бэ. Уг нь зардлаа хасах нь зөв байх ёстой. Гэтэл яагаад Ерөнхийлөгч хориг тавих болов. Ерөнхийлөгчтэй холбоотой зардлыг хассан юм уу?

-Ерөнхийлөгчийн хоригт дурьдсан 94,5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зардлаас хассан. 60 орчим төсөл хөтөлбөрийг хооронд нь зохицуулалт хийж байж хассан зардал юм. Цаг хугацааны хувьд хөрөнгө оруулалтын зардалд тодорхой тавих шаардлага байх ёстой. Үлдэж байгаа нэг сарын хугацаанд зарим нэг төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө санхүүжилтийг бүрэн өгч дуусгах боломжгүй төслүүд байсан учраас хассан гэж ойлгож болно.

Засгийн газрын өрийн хэмжээ ирэх онд хэр зэрэг нэмэгдэх вэ. Сөрөг хүчний зүгээс жил бүр Засгийн газар нэг их наяд төгрөгөөр өрөө нэмээд яваад байна гэсэн шүүмжлэлийг хэлж байсан?

-2018 оны Төсвийн төслийг өргөн барихдаа Засгийн газар ОУВС-тай хоёр зүйлийг тохирсон. Үүнд, зарлага нэмэхийн  тулд орлого нэмэгдүүлэхийг хориглосон, төсвийн алдагдлыг найман хувьд барих ёстой гэдэг дээр талууд тохиролцсон. 2017 оны жилийн эцсийн тодотголоор 2.7 их наядын алдагдал буюу ДНБ-ний 9.5 хувьтай байгаа юм. Үүнийг 1.5 хувиар бууруулж оруулж ирж байгаа учраас төсвийн алдагдлыг нэмэх боломжгүй болж байгаа юм. Төсвийн тогтвортой байдал, төсвийн хү­рээний мэдэгдэлд өрийн хэмжээг ДНБ-ний 80 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан. 2018 онд Засгийн газар ДНБ-ний 76.1 хувьд байхаар оруулж ирсэн. Тиймээс энэ нь хуульд бүрэн нийцэж байна гэж үзэж байгаа.

Ерөнхийлөгч Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьснаар цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө зэрэг олон асуудалд гацаа үүсээд байгаа. Хоригийг хэзээ хэлэлцэх вэ?

-Төсвийн тодотгол баталсны дараа өдрөөс шууд хэрэгжих ёстой байсан ч Ерөнхийлөгч хориг тавьсан. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээж авна, авахгүй гэсэн шийдвэр гаргахаас нааш ямар ч санхүүжилт олгогдохгүй. Тиймээс УИХ аль болох богино хугацаанд хоригийг хол­богдох Байнгын хороо­доор хэлэлцээд ирэх пүрэв гаригийн чуулганы хурал­даанаар хэлэлцэж шийдвэрээ гаргах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *