Х.Тэмүүжин сайд түүхий төслөө татлаа

4-р сарын 18, 2013 9:53 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 451
Үндсэн хуулийн дараа орох ач холбогдол, хамрах хүрээ ихтэй зарим хуу­лийн төслийг өчигдөр УИХ-ын Хууль зүйн байн­гын хороогоор хэлэлцлээ.

Д.БОЛОР

Үндсэн хуулийн дараа орох ач холбогдол, хамрах хүрээ ихтэй зарим хуу­лийн төслийг өчигдөр УИХ-ын Хууль зүйн байн­гын хороогоор хэлэлцлээ. Мөрдөх алба, Маршалын алба, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Гэрч хохирогчийн хамгаа­лах хуулийн төсөл, Төл­бөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэхээр хууль тогтоогчид таван цагийн туршид зөвлөж, сөрж ярилцсаны эцэст нэг мөр болгов. Мөрдөх албаны тухай хуулийн төслийг хууль санаачлагч Х.Тэмүү­жин сайд өөрөө эргүүлэн татсаныг эс тооц­вол бусад нь “төрөхөд” нэг шатаар дөхлөө. Хууль зүйн яамнаас боловсруулан оруулж ирсэн  дээрх төс­лүүд нь нэршлээс эхлээд нийгмийн харилцааг зохицуулахад урьд хожид байгаагүй хууль юм. Тодруулбал, Маршалын албаны тухай хууль, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай,  Гэрч хохирогчийн хамгаалах хуулийн төсөл, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслал­цааны тухай хуулийн төс­лийг шинээр боловс­руулжээ. Дээрх хууль төрснөөр хууль, шүүхийн салбарт нэлээд өөрчлөлт орох тухай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин онцолсон. Тухайлбал, Цагдаагийн албаны болон Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд зааснаар албан тушаал дагаж цол олгодог болох юм байна. Газар, хэлтсийн дарга болвол цагдаагийн хурандаа цол зүүнэ. Дэд дарга болоод албаны дарга нарын ту­хайд ажилласан жилээсээ хамаарч дэд хурандаа, хошууч цолтой. Ахмад, ахлах дэслэгч, дэслэгч гээд цол бүр өөрийн гэсэн месстэй байх юм. Энэ нь  олон жил үр бүтээлтэй ажилласан хугацаагаасаа хамаарч цол авахгүй гэсэн үг. Дээрээс нь гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгахад онцгой гавъяа байгуулсан, бусдыг аврах хамгаалах баатарлаг үйлс бүтээсэн ч гэсэн дэд хурандаа, хурандаа цол олгохгүй. Зөвхөн газар, хэлтсийн дарга болвол хурандаа хэмээх хүндтэй цолыг зүүх заяа тохиох юм байна. Хамгийн хачир­халтай нь, удирдах албан тушаалаасаа буувал хурандаагийн мөрдөсөө өгөөд ямар албанд очихоос хамаарч өөр цол авах гэнэ. Үүнийгээ хуулийн төсөл санаачлагч нь ажил хийдэг нь албан тушаал хаших цэвэр өрсөлдөөн гарна гэж онцлов. Харин Маршалын албаны тухай хуулийн төсөл нь нэлээд онцлогтой. Энэ хуулийн зохицуулах ажил нь сэжигтэн, ялтанг хуяглах үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн ажлыг гүйцэтгэх тухай юм байна. Үүнийгээ Шүүхийн шийд­­вэр гүйцэтгэх ерөн­хий газрын харъяанд байгуулах юм байх. Харин салбарын сайд энэ хуулийг санаачилсан шалтгаанаа тайлбарлахдаа “Өнгөрсөн онд хошууч генерал Ч.Амарболд нарын шүүх хурал боллоо. Гэтэл хэв журам сахиулах ёстой өнөөх цагдаа нар нь дарга нартаа хууль ёсны шаардлага тавьж чадахгүй байсан. Тэгэхээр цагдаа нарыг өөрсдөөр нь мануулж сахиулах нь учир дутагдалтай гэж үзлээ. Нэгнээ өөгшүүлэх шинж­тэй” гэж хариулав. Ши­нээр бүтэц, бүрэлдэхүүн болгож байгаа учраас багагүй хэмжээний төсөв шаардах нь ойлгомжтой. Тухайлбал, Маршалын алба нь Маршалын албаны төв байгууллага болон тойргийн журмаар зохион байгуулагдсан Маршалын албад буюу “Тойргийн маршалын албан”-аас бүрдэх гэнэ. Төв байгууллага нь хэд, хэдэн бүтэцтэй байхаар төлөвлөжээ.

 Үүнд, мөрдөн шалгах, эрэн сурвалжлах алба, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах алба, гэрч, хохирогчийн аюулгүй байд­лыг хангах алба, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх, нүүлгэн шилжүү­лэх ажлыг зохион бай­гуулах алба, тусгай бүлгээс бүрдэх юм байна. Маршалын албаны төв байгууллагын дарга нь маршал, дэд дарга нь тэргүүн дэд маршал, дэд маршал, тойргийн Маршалын албаны дарга нь тойргийн маршал, дэд дарга нь тойргийн дэд маршал цолтой юм байна. Х.Тэмүүжин сайдыг хуулийн төсөл бүрээ нэг бүрчлэн танилцуулсны АН, МАН-ынхан хоёр талцан багагүй маргаан өрнүүлсэн юм.

Ц.Нямдорж:

-Өнөөдөр УИХ байх хэрэг байна уу. Хуулийн төслөө УИХ-д даргад өргөн мэдүүлэлгүйгээр байнгын хорооны хуралдаанд оруулж ирж байгааг юу гэж ойлгох вэ. Хуулийг арай дэндүү зөрчиж, парламентад ёсыг уландаа гишгэж байгаа юм биш үү. Дэг жаяг зөрчин байж оруулж ирсэн эдгээр хуулийн төслийг дахин нягтлуулахаар буцаах саналтай байна. УИХ болоод хуульчид оролц­сон томоохон хэмжээний ажлын хэсэг байгуулан тал бүрээс нь сайн судалсны дараа хэ­лэлцэх нь зүйтэй. Хуулийн төслийг өнгөц харахад л асар их алдаа дутагдал харагдаж байна.

О.Баасанхүү:

-“Шударга ёс” эвс­лийн зүгээс Гэрч, хохи­рогчийг хамгаалах хуулийн төслөөс бусдыг нь эргүүлэн буцаах саналтай байна. Хуулийн төслийг харж байхад батлаагүй хуульд тулгуурлахаас эх­лээд алдаа мадаг тоймгүй харагдлаа. Нөгөө талаас Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дараа батлах ёстой. Суурь хууль нь байхгүйгээр бусад харилцааг нь зохицуулах гээд байгаа юм. Энэ бол ганц Батад хамаатай хууль биш шүү. Монголын 2.8 сая хүний ажил, амьдралтай холбоотой учраас нухацтай хандах нь зүйтэй юм.

Ө.Энхтүвшин:

-Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн болох гэж байгаа учраас АН-ынхан шуурхайлаад байх шиг байна. Өөрсдөө хууль, эрх зүйд өөрчлөлт оруулсан гэж хэлэхийн тулд түүхий хууль төрүүлэх гэж яарсан хэрэг болох нь. Тэгвэл яарах шаардлагагүй. Суурь хуулийг нь гарсны дараа хэлэлцэх нь зөв.

Х.Тэмүүжин:

-Та нар хууль, шүүхийн байгууллагын шинэчлэл гэж амны зоргоор ярьдаг. Үүнийх нь хариу болох хуулийн төсөл оруулаад ирэхээр болохгүй гэх юм. Юуны учир байна. Ойлгохгүй юм” хэмээн гишүүд өөр хоорондоо гурван цаг га­руйн хугацаанд мэтгэлз­сэн. Эцэст нь, Мөрдөх албаны тухай хуулийн төслөөс бусдыг нь хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *