Х.Тэмүүжин: Эрх мэдэл, мөнгөтэй нь хуулиас дээгүүр байх цаг дууссан

8-р сарын 29, 2012 9:56 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 397

Д.БОЛОРМАА

 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

 

-Та Хууль зүйн яам хэмээх амаргүй салбарыг удирдахаар боллоо. Өдгөө захын хүн хууль, хүч­ний байгууллагыг ёс зүйгүй авирлаж, хүний эрхийг уландаа гишгэдэг, хүнд сурталтай тухай шүүм­жилж байна. Хууль зүйн яамны харъяа агентла­гуудын албан хаагчдын гүйцэтгэх үүргийн чана­раас таны ажлын үзүүлэлт гарч бай­даг. Та эхний ээлжинд юуг өөрчлө­хөөр зэхэж байна вэ?

-Өөрчилж шинэчлэх юм их байна. Шууд түү­нийг гээд нэрлэх хэцүү. Яагаад гэвэл энэ салбарт нэн даруй өөрчлөх асуу­дал ар араасаа цувран хүлээж байгаа. Тиймээс нэн тэр­гүүнд энэ асуудлыг шийд­нэ гэж хэлэхэд хэцүү бай­на. Сайдаар томилогд­сон даруйдаа харъяа агентла­гийн салбарын­хан­тай уулз­лаа. Өнгөрсөн даваа гариг гэхэд  цагдаа­гийн удирдлагыг дуудаад “Та нар төсөв, хууль шаар­дах­гүй нэг ажлыг ирэх сард эрчимжүүл” гэсэн үүрэг өглөө. Цагдаа­гийн албан хаагчид иргэд­тэй дээрэн­гүй, зүй бусаар харьцдаг харилцааны до­голд­лоо таслан зогсоохыг шаард­сан юм. Гэхдээ энэ нь ямар ч шаардлага тавих­гүй, хууль завхаруулна гэсэн үг биш. Мэдээж хууль сахиу­лах ажилла­гаа­ны явцад бэрхшээл тулгардаг. Ха­рин шаард­лага, зарчим нь хууль ёс­ны байхыг шаар­даад бай­гаа юм. Энэ нам­раас эх­лэн цагдаагийнхны зан ха­рил­цаа хууль ёсных бай­хаас гадна иргэдээ хүндэлдэг болно гэж харж байна.

Тэд өөрчлөлтөө иргэн  хүнд мэдрэгдтэл харуулах ёстой. Харуулж чадахгүй бол “Ажлаа өгөөд явцгаа” гэж шаардсан.  Энэ бол хууль зүйн салбарт хийх шинэчлэлийн эхлэл. Үүгээр л цагдаа болоод хуулийн байгууллага шинэчлэгдэнэ гэсэн үг биш. Энэ намрын чуулга­наар Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Цагдаагийн байгууллагын эрх зүйн байдлын тухай гэх мэт есөн хууль өргөн барихаар бэлтгэж байна. Хуулийнханд өндөр шаардлага тавих учраас үүнийг дагж цагдаагийнхаа эрх зүйн байдлыг сайжруулах ёстой.  Өнөөдөр цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцдэг хүн бий. Тэгвэл өнөөдрөөс эхлээд хууль сахиулах үйл ажиллагаанд мөнгө, танил тал, албан тушаал нөлөөлж чадахгүй. Хэн эрх мэдэл, мөнгө төгрөгтэй нь хуулиас дээгүүр байх цаг дууссан шүү.

-Хууль сахиулагчдын зан харилцаанд өөрчлөлт гарах болов уу?

-Хууль зүйн яамны шинэтгэлийн хүрээнд хийх таван зүйлийг дурдъя. Нэгдүгээрт, хууль сахиулах үйл ажиллагааг шинэ төвшинд гаргах тухай юм. Хууль хэрэгждэг шиг хэрэгждэг болгохын тулд хууль  сахиулах үйл ажиллагаанд орж байгаа бүх байгууллагуудыг  стандарттай болгоно.  Гудамжинд цагдаа иргэнийг зогсоогоод бичиг баримтыг шалгахад хүртэл стандарттай байна. Стандарт нь хуулиар тогтоохоос биш хувь хүний дур зоргоор тодорхойлогдохгүй. Хоёрдугаарт, хууль зүйн бодлогоо цэгцлэх тухай. Хэн дуртай нь хуулийг тайлбарладаг, бичдэг байдлаа зогсооё. Өөрөөр хэлбэл, хуулийн тухай хууль гаргана гэсэн үг. Хууль санаачлагч, хууль боловсруулагчийн зүгээс хуульд ямар нэгэн байдлаар өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа хүний зүгээс ч хууль боловсруулахад оролцох оролцоог бий болгох тухай юм. Үндсэн хуульд заасанчлан хууль санаачлах эрх гурван субьектэд байгаа ч зарим тохиолдолд үүнд хязгаар тавих ёстой. Тухайлбал, УИХ-ын гишүүдийг татвартай холбоотой хууль санаачлахыг хориглоё. Ард түмний мөнгийг манах ёстой УИХ-ын гишүүд  “Татварыг тэгж нэмье. Тойрогтоо мөнгө татмаар байна” гээд зогсч байх жишээтэй. Үүнээс болж татвар төлөгчдийн мөнгийг үрэлгэн зарж байна.   Мөн хууль санаачлах, боловсруулах, батлах үйл явцыг хэрхэн чанаржуулах вэ гэдгийг бодох ёстой. Гуравдугаарт, төрийн албыг нийтийн алба болгох тухай. Төрийг хүнд сурталгүй, авлигагүй, ашиг сонирхлын зөрчилгүй, иргэндээ хүрч үйлчилдэг нээлттэй байлгах юм. Дөрөвдүгээрт, мэргэжлийн тогтолцоог дэмжих тухай. Өнөөдрийн нийгэмд хариуцлагагүй хүн хэн байна гэхээр хуульчид болж байна. Өмгөөлөгчдөөс болж шүүх хуралдаан болдоггүй, шүүх хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж иргэд хохирдог. Танил тал, мөнгөтэй хүн хууль хэрэгжүүлэхгүй байна. Эцсийн дүндээ хуульчид гэдэг мэргэжилтнүүд хэр зэрэг шударга, хариуцлагатай байхаас гадна  олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх нэр хүндтэй байгаа эсэх тухай асуудал хөндөгдөнө. Үүнийг шийдэлгүйгээр шударга ёс тогтоно гэж байхгүй. Тавдугаарт, иргэдийг бизнес хийж хүний гар харалгүй амьдралаа авч явахад саад учруулж буй хүчин зүйлийг хэрхэн шийтгэх вэ зэрэгт шинэчлэлт, өөрчлөлтийг хийхээр зэхэж байна. Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохион байгуулалттай, эдийн засагт хор хөнөөл учруулдаг гэмт хэргийн эсрэг яаж тэмцэх вэ гэдгээ бодох ёстой. Гэмт хэрэгтэй тэмцэх шинэ мөрдөх албыг үүсгэж, цагдаагийн зохион байгуулалтыг шинэчлэх,  нотлох арга зүйг өөрчилнө. Тэгэхгүй бол авлигачдыг халаасны хулгайчдыг ялладаг аргаар яллаж чадахгүй гэдэг нь тодорхой болчихсон шүү дээ. Мөнгө, эрх мэдэл, танил талаараа хуулийн хариуцлагаас мултардаг байдлыг зогсоох, шүүх хуралдаанд нотлох аргачлалаа өөрчлөх, шүүх хуралдааны процессийг илүү боловсронгүй болгох гээд шийдэх асуудал их байна. Тэгэхгүй бол авлигын хэргээр нэг ч хүн шоронд орохгүй шинжтэй болж байна. Авлигын хэргийг мөрдөж шалгаад “Нотолж чадсангүй. Андуурсан байна, түүнийг матжээ” гэх тогтолцоо руу орчихсон. Энэ утгаар зохион байгуулалттай далд үйлдэгддэг албан тушаал, хүний наймаа, хар тамхи, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх арга барилыг өөрчилнө. 

-Өнгөрсөн  УИХ, Засгийн газар Ерөнхий­лөгчийн санаачилсан Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийг дэмжээгүй санагдана. Магадгүй  салбарын сайд өөр намын хүн байсан учраас шүүхийн шинэтгэлийн багц хуулийг дэмжээгүй гэж ярих хүн бий. Харин таны зүгээс энэ хуулийг хэрэгжүүлэх талаар хэрхэн ажиллах вэ?

-Өмнөх Засгийн газарт Ерөнхийлөгчийн санаа­чил­сан хуулийг  хэрэг­жүүлэхийг хүсдэггүй байсан үе бий. Тухайн үед Ерөнхийлөгч хоёр зүйлийг хатуу  шүүмжилж байлаа. Хууль зүйн биш шударга ёсны сайдтай больё гэж.  Яагаад гэвэл дотоод хэргийн чиг үүргийг давамгайлан хэрэгжүү­лэхээр Хууль зүйн сайд нь нийгэмд шударга ёс бэхжүүлэх тогтолцоог хариуцах бус иргэдээ хянадаг, цагддаг болчихсон. Үүнээс болж хүний эрх хөндөгдөж, шүүх,  хуулийн байгууллагын шинэтгэл орхигдож байгаа юм. Аргаа бараад Ерөнхийлөгч “Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн яам хийхгүй бол  би чирэхээс өөр арга алга” гэж хэлж байсан шүү дээ. Уг нь Ерөнхийлөгчийн эрх, үүргийн хүрээнд ийм чиг байхгүй. Гэхдээ хариуцсан яам нь ажлаа хийхгүй байсан учраас тэгж хатуу зэмлэсэн хэрэг. Нуулгүй хэлэхэд, өмнөх Засгийн газрын Хууль зүйн яам нь  Засгийн газрын хуулийн хэлтэс шиг хуулийн үг үсэг засахаас бус бодлого тодорхойлж чадаагүй. Тэгвэл өнөөдрөөс эхлэн үг үсэг засаад суух биш хуулиа хэрэгжүүлдэг яам болно. Шүүхийн бие даасан, шүүн таслах ажиллагаа шударга, тасралтгүй явах тэр баталгааг нь хангахын тулд манай яамныхан ажиллах ёстой.

-Яамныхаа харъяа байгууллагын дотоод чадавхийг яаж бэхжүүлэх юм бэ. Өнөөдөр эрүүгийн цагдаа нар гүйцэтгэх ажиллагаа нэрээр хангалт сайтай байдаг ч хэв журам сахиулах цагдаа нарт бороохойноос өөр зэвсэг алга. Хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ч мөн адил ийм ялгаа байна?

 -Дотоод чадавхийг нь бэхжүүлэх ажлыг эргэж харах ёстой. Дотоод их сургуулийг нэгтгэсэн нь зөв үү гэдгийг дүгнэмээр байна.  Тэдний мэргэжилтэн бэлтгэж байгаа агуулга, зарчмыг  шинэ шатанд гаргах ёстой. Дээрээс нь одоо байгаа ажилтнаа шинэ арга барилтай мэргэжлийн сургалтад хамруулах нь зүйтэй. Байгууллага бүрт шинэтгэлийг өөрөө манлайлж байгаа албан хаагчдыг дээш нь татаж олон нийтэд харуулна. Харин авлига авдаг, ху­вийнхаа асуудлыг шийд­дэг, дотооддоо бүдүүлэг ааш авир гаргадаг, хууль зөрчдөг хүнийг ажлаас нь хална.  Албан хаагчиддаа буруу манлайлсан хүнд хариуцлага тооцно гэсэн үг.  Цагдаа, хилийн цэрэг болж өгвөл гаднаас шинэ хүн оруулахгүйгээр дотор нь байгаа мэргэшсэн, ур чадвартай зөв хүнийг дэмжинэ.

-Та яриандаа зохион байгуулалттай далд хэрэг буюу хүн худалдаалах, хар тамхи, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зосгоох тусгай алба байгуулна гэсэн. Үүнийг тодруулж ярихгүй юу?

-Мөрдөн байцаах албаны тухай хуулийн төсөл боловсруулагдаад дуусч байна. Өөрөөр хэлбэл, Монголд зохион байгуулалттай, далд үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэргийг мөрддөг шинэ алба байгуулах юм. Энэ албанд шинжлэх ухааны орчин үеийн арга техник, аргачлалыг ашиглана. Хүчирхэг алба бий болгохтой зэрэгцээд хүний эрхийг зөрчихгүй байх талаас хяналтыг нь сайжруулах ёстой. Өнөөдөр иргэдийн өргөдөл гомдлоор хулгай танхай, дээрмийг мөрдөхөд зориулсан бүтэц, зохион байгуулалттай байна. Гэтэл шинэ төрлийн гэмт хэргүүд нь маш их мөнгө эргэлдүүлдэг,   эрх мэдлийн оролцоотой, хил хязгаар нь улс дамнаж байна шүү дээ.

-Шинээр байгуулах мөрдөх алба нь цагдаагийн байгууллагын харъяа байх юм уу?

-Цагдаагийн харъяа биш. Цагдаагийн чиг үүрэг нь хоёр тусдаа байдаг. Хэв журам сахиулах, өргөдөл гомдолтой холбоотой мөрдөн шалгалт явуулах. Шинээр байгуулах мөрдөх алба нь Хууль зүйн яамны харъяа байх болно. Дээрээс нь Тагнуулын ерөнхий газрыг шинээр байгуулах шаардлага байна. Тагнуулын ерөнхий газар бол гадаадад тагнуулын үйл ажиллагаа явуулахаас  биш Монгол улс дотроо байгаа үйл явцтай зууралдаад байх шаардлагагүй.

-Тэгвэл таны санаач­лагаар байгуулагдах алба нь С.Зориг агсны хэргээс эхлээд илэрдэггүй олон хэрэг дээр нарийвчлан ажиллах уу?

-С.Зоригийн хэрэг нийгмийг цочроосон. Улс төрийн аллагыг  илрүүлэхэд бидэнд юу байна гэхээр юу ч алга. Хүний үсийг аваад шинэчлэх лаборатори  алга. Шинжлэх ухааны ололт хэрэглэх техник алга.  Дээрээс нь хөрөнгө оруулалт ч гэж алга. Мөрдөх алба гэдэг маш том лаборатори, мэдээллийн баазтай, нарийн зохион байгуулалт, гүйцэтгэх ажлын маш том туршлагатай  байх ёстой. Бид 20 жилийн туршид шударга ёс, аюулгүй байдлынхаа тогтолцоо, иргэний эрх чөлөөг хамгаалдаг систем рүү хөрөнгө оруулалт хийгээгүй. Юунд хөрөнгө оруулалт хийв гэхээр ямаа, албан хаагчдын тансаглал, шаардлагатай, шаардлагагүй төрийн бүтэц рүү хөрөнгө оруулалт хийсэн.  Дээр нь халамжийн үрэлгэн тогтолцоо руу хэтэрхий их мөнгө орууллаа. Мөнгө  байсан уу гэвэл байсан. Гэхдээ цагдаа, хуулийн байгууллагын байшин савыг хар даа. Өрөвдмөөр ядарсан байна.  Дээрээс нь албан хаагчдынх нь нийгмийн баталгаа ямар өрөвдөлтэй харагдаж байна гээч.  Хэрэглэж байгаа тоног төхөөрөмж нь ямар өрөвдөлтэй байна вэ. Үүнийг эргэн харахаар Монгол Улсын аюулгүй байдал, иргэдийн эрх чөлөө, хөгжлийн дэвшлийн тулгуур болдог зүйлд хөрөнгө оруулалт хийгээгүй байжээ. Наад зах нь 2008 оны долдугаар сарын 1-нд хэдэн цагдаа бамбайтай байв. Дээрээс нь  хэдэн цагдаа гэр хороололд байна гээд л шийдэх асуудал бишгүй байна. Төсвийн тодорхой хэсгийг шүүх, хуулийн байгууллагад зоригтойгоор зориулах ёстой.

-Долдугаар сарын 1-ний хэргийг та анхнаасаа  анхааралтай ажиглаж байсан. Үүнийг иргэд өөр өөрсдийнхөөрөө хүлээж авсан. Зарим нэг нь “Буруугүй хүнийг ялласан” гэх бол нөгөө хэсэг нь “Төр тусгай үүрэг гүйцэтгэ гэж хайр найргүй зүтгүүлчихээд эргээд өөрсдийг нь яллаж таарахгүй” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, цагдаа буудсан нь үнэн юм бол төр өөрөө яагаад хариуцлага хүлээж болдоггүй юм бэ?

-Цагдаагийн байгууллагын ажил олгогч нь төр. Ажил олгогчийнхоо хувьд албан хаагчдын нийгмийн асуудал, эрх зүйн байдалд анхаарах ёстой. “Төрийн нэрийн өмнөөс яв” гэчихээд ард нь гол эзэд нь сугарч үлдээд байж болохгүй. Цагдаа бол бусад жирийн төрийн албан хаагчдыг бодвол амь насаараа дэнчин тавьж тангараг өргөж ажилладаг. Бусад хүн туршлага, мэдлэгээрээ төрд зүтгэж байгаа бол цагдаа хүчний байгууллагынхан амь биеэрээ зүтгэж байна. Үүнийг ялгаж салгах цаг болсон. Миний хувьд долдугаар сарын 1-ний хэрэгт хэн нэгнийг буруутгахаас илүү ийм үйлдэл дахин давтуулах­гүйн төлөө ажиллана. Тухайн үед хариуцлага алдсан хүмүүст хариуц­лага тооцох асуудлыг ч хөндөнө. Тэр нь шоронд суулгах тухай биш “Цагдаагийн албанаас та холдоно уу” гэсэн шаардлага тавих болно. 

-Шинэ алба хэзээ байгуулагдах юм бэ?

-Өргөс авч байгаа мэт маргааш байгуулна гэж байхгүй. Хууль нь  батлагдана. Төсөв мөнгө нь шийдэгдэнэ гээд хугацаа хэрэгтэй. 2013 оны зургадугаар сард байгуулаад хэвийн үйл ажиллагаа нь 2014 оноос эхлэх байх гэсэн төсөөлөл байна. Дэд бүтцийн шинэтгэлд цаг хугацаа хэрэгтэй. Харин зан харилцаа бол хугацаа шаардахгүй шинэтгэл юм. Тухайлбал, барилгаа шинээр барих гэж буй Нийслэлийн цагдаагийн газрын нэг давхарыг  нийтийн бие засах газартай болгож чадах уу гэхэд цагдаагийн дарга цочирдож байна лээ. Нийслэлийн цагдаа иргэдэд үйлчилдэг байхын тулд нийтийн бие засах газар, иргэд ороод хө­лийнхөө чилээг гаргадаг танхимтай байх ёстой. Түүнээс биш үүдэндээ нэг цагдаа зогсоогоод “Оруулна, оруулахгүй” гэж болохгүй. Харин мөрдөх алба бол өөр. Нууц байх ёстой.

-Цагдаа, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны удирдлагуудыг өөрчлөх тухай “бор шувуу” нисэх боллоо. Таныг өөрийн хүнээ тавина гэж байна?

-Хүн солих нь асуудал биш. Эхлээд бид бодлогоо өөрчилнө. Бодлогоо гар­гаж тавиад энэ бодлогыг хэрэгжүүлж чадах хүн байна уу гэдгийг харах ёстой. Хэрэв энэ бодлогыг хэрэгжүүлж чадахгүй гэ­вэл өөрчилнө. Өөрчиллөө гээд шинэ удирдлагууд нь АН-ын болоод Х.Тэмүүжиний хүн гэж хардах хэрэггүй. Зөвхөн шилдэг мэргэжилтэн байх болно.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *