Х.Мөнх-Эрдэнэ: Зам мөнгө олох хэрэгсэл биш бүтээн байгуулалт

1-р сарын 6, 2016 10:43 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 148
1-6-2

Д.ОЮУНЧИМЭГ

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шилдэг аж ахуйн нэгж байгууллага,бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг. 2015 оны авто замын салбарын оны онцлох “Entrepreneur”-ээр “Арж капитал” компани шалгарсан юм. Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа “Аржкапитал” компанийн захирал Х.Мөнх-Эрдэнийг урилаа.

Салбарынхаа шилдэг компани болсонд баяр хүргэе. Өнгөрсөн жил танай компанийн хийсэн бүтээнбайгуулалтын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Өнгөрсөн онд манай компани амжилт, бүтээлээр дүүрэн байлаа.

Сүүлийн хэдэн жил улсынхаа бүтээн бай­гуу­лалтад оролцон, авто замын салбарт хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Сүхбаатар аймгийн Баруун-Уртыг нийслэлтэй холбосон замын ажлыг хийж дуусгасан. Мөн Дорнод аймгийн нутагт зам барилгын ажлыг хийж байна.

Авто замын салбарыг тийм ч амар биш гэдгийг хүмүүс хэлдэг. Гэтэл та энэ салбарт үйл ажиллагаагаатасралтгүйгээр, үр бүтээлтэй үргэлжлүүлж байна?

-Ер нь монголчууд бид өөрсдөө бүтээн байгуулалтаа хийж сурах хэрэгтэй. Миний хувьд авто замын инженер мэргэжилтэй. Гадаад, дотоодын төслүүдэд ажил­лаж байгаа. Тухайлбал, японуудын барьсан нарны замын ажилд ахлах инженер хийсэн. Энэ ажлыг гүйцэтгэх явцдаа нэлээд зүйлийг сурч, авто зам барих стандарт болон ажлын туршлага хуримтлуулсан. Үүний дараа өөрийн компанийг байгуулан Хэрлэнгийн гүүрийг барьсан. Манай компанид гадны төслүүдэд ажилласан, туршлагатай залуучууд бий. Тиймээс олон улсын хэмжээнд хийсэн бүтээн байгуулалтыг эх орондоо хийхийг бид эрмэлздэг.

Зам барих өртөг өндөр байна гэдэг. Манай нөхцөлд нэг км замыг хэдэн төгрөгөөр барих ёстой гэж табоддог вэ?

-Зам гэдэг нийгмийн захиалгаар хийдэг ажил. Эдийн засгийн үр ашиг нь урт удаан хугацаанд гардаг. Түүнээс зам барьж дууссаны дараа ашиг нь гардаг бүтээн байгуулалт биш. Огт үр өгөөжгүй зүйлд хэтэрхий их хөрөнгө оруулалт хийж байгаа нь харамсалтай гэх нь ч бий. Гэвч энэ нь маш буруу ойлголт. Бартаагүй сайхан замаар хоног хугацаа, зарцуулалтаа хэмнэж байгааг хүмүүс ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хоёр хоногт 500 мянган төгрөг зарцуулах нэг өдөрт 150 мянган төгрөг зарцуулах хоёр ялгаатай. Тухайлбал, Баянхонгор аймагт хүнсний дэлгүүр ажиллуулдаг хүн бараагаа тээвэрлэхийн тулд зарцуулдаг мөнгө нь 20-30 хувь багасч байгааг анхаарах хэрэгтэй. Үүгээр үр өгөөж нь тодор­хойлогдоно. Ерөнхийдөө улсын хөгжил зам нь ямар байгаагаас харагддаг гэдэг шүү дээ. Түүнчлэн зам барих өртөг, үнэлгээ бусад улс орнуудтай харь­цуулахад илт хоцрогдсон. Хэдийгээр хүмүүс өндөр үнэтэй гэж байгаа ч төрийн бодлогоор зохи­цуулах учиртай. Мэдээж хувийн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр зам барина гэж байхгүй. Тэгэхээр зайлшгүй төрийн захиалгаар хийх ажил. Манайд барьж байгаа найман метрийн өргөнтэй, асфальтан хучилт нь долоон см гэдэг дэлхийд байхгүй стандарт. Гэтэл энэ төрлийн замыг манайд 250 мянган ам.доллараар хийж байхад, дэлхийд нэг сая орчмоор барьдаг юм. Тэгэхээр замын чанар сайн, муу байх тухай ярихад хэцүү. Бидний гол зорилго аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажилд гар бие оролцон, улсынхаа бүтээн байгуулалтад хувь нэмэр болох явдал.

Нэг км замыг нэг тэрбум төгрөгөөр барьж байгаагийн шалтгаан нь тендертэй холбоотой хэмээн хүмүүсхэлдэг. Магадгүй тендер авахын тулд өгсөн мөнгөө зам барих зардалдаа шингээж байна гэх нь бий.Таныхаар?

-Энэ мэтчилэн хардлага дагуулдаг гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ манай компани улсын хэмжээнд 100 гаруй км замыг бие даан барьдаг цөөхөн газруудын нэг. Тэгэхээр ажил авахын тулд авлига өгөх шаардлагагүй. Өндөр зэрэглэлийн замуудад хэдхэн аж ахуйн нэгж өрсөлддөг учраас үүнтэй санал нийлэхгүй. Ер нь аливаа ажлыг гүйцэтгэх үед янз бүрийн хэл ам салдаггүй. Тиймээс хийж, бүтээснээрээ энэ бүхэнд хариулт өгнө гэж боддог.

Танай салбарт мэр­гэжилтэй боловсон хүчин дутмаг учраас гүйцэтгэсэн ажлын чанарт нөлөөлж байгаагахмад ажилтнууд, мэргэжилтнүүд хэлдэг. Танай компанийн хувьд ажилт­нуудаа хэрхэн бэлдэж байна?

-Замын салбарын мэргэжилтнүүдийг ЗХУ-д бэлтгэж байсан. Сүүлийн үед олон улсад бэлтгэж байгаа. Одоогоор энэ салбарт 600 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэдэг. Гэтэл 1000 гаруй замын инженер ажиллаж байгаа учраас эрэлттэй мэргэжилд ордог. Мөн дотооддоо инженер, техникийн мэргэжилтнийг бэлтгэж байна. Хэрэв энэ хурдаараа явбал ойрын таван жилд замын салбарт мэргэжлийн боловсон хүчин хангалттай болно гэж боддог. Миний хувьд Замчдын холбоо зэрэг байгууллагад ажилладаг. Тиймээс салбарын хэмжээнд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулахад хамтран зүтгэж байна. Манай компанийн хувьд 50 гаруй замын инженертэй.

Замын чанар, стандартын талаар хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Магадгүй энэ нь тухайн ажлыг гүйцэтгэжбайгаа ажилтан, удирдлагуудтай шууд холбоотой байх?

-Зам гэдэг нийгмийн захиалгаар хийдэг ажил учраас мөнгө гэж харалгүй чин сэтгэлээсээ хандаж, хийх ёстой. Манай компанийн хамт олон хийж байгаа ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж байгаа учраас чанарын шаардлага хангасан зам барьдаг гэдгээрээ бахархдаг. Барилгын салбар дотроо замчид 1996 оноос хойш хамгийн анх олон улсын стандартыг нэвтрүүлсэн. Учир нь зөвлөх компаниуд сүүлийн 10 жилийн туршид хяналт тавьж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Хуучин төрөөс хамааралтай компаниуд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо хувийн хэвшлийнхэн олон улсын төвшинд хүрч ажиллаж байгаа. Замыг барих болон ашиглалтад авах үед нь шалгадаг. Ер нь олон удаагийн шалгалтыг давж хэрэглэгчдэд хүрдэг бүтээн байгуулалт юм шүү дээ. Орчин үед багажны хүчин чадал маш сайн болсон. Тухайлбал, аль хэдийнэ хийж дуусгасан замыг ямар түүхий эд, технологиор барьж байгуулсныг төвөггүй мэддэг болсон. Үүний үр дүнд муу, чанаргүй зам барих нь бараг л байхгүйтэй адил зүйл. Харамч хүн хоёр дахин төлдөг гэдэг. Тэгэхээр арайхийж олсон ашгаа салхинд хийсгэхийг хэн ч хүсэхгүй. Мэдээж уулын мод урттай, богинотой байдаг шиг энэ салбарт сайн, муу зүйл бий л байх. Хэн нэгэн хариуцлагагүй хүнээс болоод энэ том салбарын үйл ажиллагааг нийгэмд харлуулж харуулах нь харамсалтай.

Хяналт шалгалтын талаар та ярьж байна. Энэ нь маш хэцүү асуудлын нэг яах аргагүй мөн. Тухайлбал,төрөөс санхүүжилт авч байгаа ажлыг төр өөрөө хянана гэдэг байж болохгүй зүйл хэмээн мэргэжилтнүүдхэлж байсан?

-Өмнө нь захиалагч байгууллага өөрөө хянадаг байсан. Энэ нь тийм ч зөв сонголт биш. Захиалагч, гүйцэтгэгчээс гадна хяналт, зөвлөх үйчилгээ үзүүлэх хөндлөнгийн байгууллага ажилладаг болсон нь олон улсын жишигт ойртож байна гэсэн үг. Сүүлийн гурван жилд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг үндэсний компаниуд бий болсон. Дөнгөж эхэлж байгаа учраас дутагдалтай зүйл бий. Мэдээж яваандаа сонгодог утгаараа хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Уг нь олон улсад энэ төрлийн ажлыг гүйцэтгэхэд даатгалын сис­темтэй хамтарч ажил­ладаг. Харин манайд даатгалын салбар төдий­лөн хөгжөөгүй байна. Тиймээс гүйцэтгэгч ха­риуц­лагаа хүлээдэг. Олон улсын жишигт хяналт хийж, хүлээж авсан газар нь хариуцлагаа хүлээдэг. Гэтэл манайд эсрэгээрээ. Тэгэхээр энэ салбарт ажил эрхлэнэ гэдэг том хариуцлага. Тиймдээ ч бизнесийн хувьд эрсдэл өндөртэй салбарын нэг юм. Магадгүй цаа­шид энэ бүхэн сайжирч, олон улсын жишигт хүрнэ гэж бодож байна.

Авто замын салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-2012 оноос аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлсэн. Энэ хэрээр үндэсний компаниуд бий болж, техник технологийн шинэчлэл хийсэн. Гэвч төрийн бодлого дутмаг байгаагаас дийлэнх аж ахуйн нэгжүүд одоогоор ажилгүй зогсч байна. Хэдийгээр хувийн бизнес ч гэлээ  их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан байгаа. Яагаад гэвэл, нэг хүний цаана 3-4 хүн бий. Манай компанийн хувьд 600 гаруй ажилтантай. Тиймээс 1800-2400 хүний ахуй амьдрал надаас шалтгаална гэж боддог. Харин замын салбарт 600 гаруй компани бий гэвэл дор хаяж 20 орчим мянган хүний амьдрал, санхүүгийн эх үүсвэрийн тухай яригдана. Хамгийн гол нь хүмүүсийг ажилтай, орлоготой байлгахын тулд төрийн бодлого зөв байх ёстой юм шүү дээ. Түүнчлэн замын үнэлгээнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мэдээж 1150 төгрөгийн талхыг 600 төгрөгөөр хий гэчихээд муу байна гэх нь утгагүй. Үүнтэй нэгэн адил хамгийн хямд үнээр барих ёстой гэдэг шаардлага тавьчихаад маш муу байна гэх нь хэт өрөөсгөл асуудал.

Тэгвэл тендер зарлаж зам бариулах нь хэр оновчтой гэж бодож байна?

-Тендерийн хууль дутагдалтай байгаа нь бүх зүйлийн эхлэл болж байна. Үнэ дагаж чанар гэдэг. Тиймээс бага үнэ амласныг нь сонгочихоод муучлаад байх нь зохисгүй. Үндэсний хэмжээний, бүтээмж өндөртэй, туршлагатай компаниудыг өрсөлдүүлэн, шалгаруулалтаа явуулах хэрэгтэй болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 7

Buy Propecia New Zealand Effetti Collaterali Levitra Spain Buy Propecia cialis online Amoxicillin Pediatric Dosage Presentacion Propecia Canadian Pharmacy Tylenol 3

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *