Х.Болорчулуун: Ноён уулаа ухчихаад хамгаалалтад аваад яах юм бэ

10-р сарын 27, 2015 10:24 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 277
10-27-2d

М.ГАНЦЭЦЭГ

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар санаачилж өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Эдгээр төслийг энэ долоо хоногт УИХ-ын холбогдох байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Төслүүдийн талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууны байр суурийг  хүргэе.

Ноён уулыг улс хамгаалалтдаа авах гэж байна. Энэуулыг ухах талаар гишүүд өнгөрсөн хавар их талцсан.Уул усаа хамгаалах таны байр суурь хэвээр үү?

-Ноён уул өмнө нь Урт нэртэй хуулийн хязгаарт багтчихсан байсан. Гэтэл стратегийн ач холбогдол бүхий ордод оруулах замаар ашиглахаар өмнө нь хоёр ч удаа УИХ-д оруулж ирсэн. УИХ буцаасан, олон гишүүн энэ ордыг ашиглахыг дэмжээгүй. Иргэд ч нэлээд тэмцсэн, суулт, өлсгөлөн зарласан. Гэтэл Засгийн газар гурав дахиа оруулж ирлээ. Үүний цаана мөнгө цагаан, нүд улаан гээч л болж байх шиг. Магадгүй намынх нь санхүүжилт явдаг юм болов уу. Эндээс харахад гаднынхан Монголд дуртай хууль, тогтоолоо  захиалж гаргуулдаг болжээ. Монголын төр, парламент ямар хэврэг болсныг харуулж байгаа хэрэг. Ноён уулд гаднынхан хоёр тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийнэ гэсэн. Тэгээд 10 жилийн хугацаанд 10-хан хувийн ашигтай ажиллах юм гэнэ. 10 хувийн ашгийн төлөө энэ сайхан уул ус, байгалийн баялаг, онгон дагшин булш бунхныг битгий сүйтгээсэй гэж бодож байна. Ноён уулаас 5-6 гол салбарлаж Хараа гол руу цутгадаг. Тэгэхээр Хараа гол бүхэлдээ бохирдоно. Энэ бол аюул.  Монголчууд яагаад Ноён уул гэж нэрлэсэн юм бэ гэдгийг бодох ёстой. Хаад язгууртныхаа булш бунхныг онголсон байдаг юм. 1920 онд Богд хааны зарлигаар Ноён уулыг үндсэндээ дархалчихсан шүү дээ. Төрийн хамгаалалтад авсан гэсэн үг.

Ноён ууланд олон нинжа очсон, иймд хамгаалалтад авах ёстой гэж үзсэн юм биш үү?

-“Сентерра Гоулд” компани зохион байгуулалттайгаар баахан нинжа оруулсан. Тэгээд “Нинжа нар хамаагүй орж байна, бид ухна” гэж л асуудлыг дахиж УИХ-д оруулж ирлээ. Монголын төр байгаа юм бол хэдэн нинжаг зохицуулж болно шүү дээ. Зориудаар үймүүлж, хэвлэлээр шуугиан дэгдээж байгаад хамгаалалтад авах гэж байна. УИХ-ын тогтоолын төсөлд Ноён уул орчмын газрыг хамгаалалтад авна гэж бичжээ. Ноён уулаа ухчихаад тэр орчмын газрыг хамгаалалтад аваад яах юм бэ. Ноён уул олон салбар уулстай. Хамгийн өндөр нь 1759 метр өндөр Ноён уул. Хатан уул нь  1722  метр өндөр. Ноён, Хатан уулын дунд “Сентерра гоулд” компани лиценз авсан. Гацууртын ам нь Ноён, Хатан оргилын яг дунд байгаа юм. Ноён уулынхаа талыг байхгүй болгочихоод юуг нь хамгаалалтад авах гэж. Энэ Засгийн газар хүмүүсийг хэтэрхий хуурсан, амиа бодсон увайгүй үйлдэл хийж байна. “Центерра гоулд” компанийн захирлын хэдэн жилин өмнө хэлсэн үг баримтаар байна лээ. “Монголын улстөрчдийг лоббидож байгаад ашиглана” гэсэн гэдэг. Тэрээр дахин дахин лоббидоод байна шүү дээ.

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох төсөл дахиад УИХ-д орлоо. Үүнийг дэмжихүү?

-Гацууртын ордын 20 хувийг төр эзэмшихийг дэмжээгүй, дараа нь 34 хувийг ч зөвшөөрөөгүй. Одоо хэдэн хувь болгох гэж байгааг бүү мэд. Бид өвгөд, эрдэмтдийнхээ үгийг сонсох хэрэгтэй. Бид эсэргүүцэх дуртайдаа биш хор хохирол нь их учраас ийм байр суурьтай байдаг. Яагаад судар бичигт Ноён уулын тухай бичсэн байдаг вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Энэ бол аав ээжийгээ хөдөөлүүлчихээд, өөрөө ёс суртахуун болоод эдийн засгийн ядууралд оронгуутаа эцэг, эхийгээ оршуулсан газрыг ухаж ээмэг, бөгжийг нь ухаж байгаатай адил зүйл. Ноён уулыг ухвал Монголд маш их гамшиг учирч болзошгүй. Сүүлийн үед судлаачид Хонгор сумынхаас ч илүү хортой байх болно гэж бичиж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *