Х.Баттулга: Уул уурхайн бизнестэй хүнийг төрөөс хол байлгая

10-р сарын 3, 2017 12:17 pm Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 21
10-3-2

С.УЯНГА

УИХын намрын ээлжит чуулган өчигдөр гишүүдийн 67.1 хувийн ирц­тэйгээр хөшгөө нээлээ. Ингэснээр УИХын долоо дахь удаагийн сон­гуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент хоёр дахь намартайгаа золгож, ийнхүү ээлжит чуулганаа эхлүүлж байна. Шинэ залуу гишүүдээр хүч сэлбэсэн энэ удаагийн парламент өнгөрсөн нэг жилийн хугацаанд багагүй шүүмжлүүлсэн ч ард түмний амьдралд хэрэгтэй цөөнгүй хууль, журам баталсан гэд­гийг гишүүд хэлж буй юм. Үүнээс гадна чуул­ганы завсарлагаанаар  Ерөнхийлөгчийн сон­гууль болж, хоёр ч удаа ээл­жит бус чуулган хурал­дуулж, ачаалалтай ажил­лас­ныг УИХын дарга өчигдөр нээлтийн үеэр онцлов.

Түүнчлэн Ерөнхий­лөгч Х.Баттулга анх удаа­гаа чуулганы индэр дээрээс үг хэлж, бодлого танил­цуулснаараа онцлог байлаа.

Чуулганы нээлтийг  ерөнхийд нь Ерөнхийлөгч уул уурхайнхныг чичилж, УИХын дарга поподсон гэж дүгнэж болохоор.

УИХЫН ДАРГА СӨРӨГ ХҮЧНИЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ

УИХын дарга М.Энхболдын намрын чуулганыг нээж хэлсэн үг энэ удаа олны чихэнд төдийлөн наалдсангүй бололтой. Учир нь парламентад 65 суудал бүхий эрх баригч намын дарга Их хурлын чуулганы индэр дээр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэчихлээ гэлцэх хүмүүс олон байлаа. Тэрээр цалин нэмэх, утаатай тэмцэх, төрийн албаны тогтворгүй байдлыг хөндсөн нь бараг л АНын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай солигдчихов уу гэмээр харагдсаныг хэлэх юун. Түүний багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг шат дараатай нэмэх асуудлыг шийдвэрлэхийг шаардсан, 1.4 сая хүн амьдардаг нийслэлийн агаар, орчны бохирдол, утааны асуудлыг шийд­вэр­лэх төрийн цэгцтэй, тууштай бодлого үгүйлэгдсээр байгааг сануулсан. Төрийн алба тогтворгүйгээс албан хаагчид нь мэргэшиж чадахгүй,тэр хэрээрээ төр дархлаагүй болсоор байгааг хөндсөн нь сөрөг хүчний дарга шиг харагдуулав. Өөрөөр хэлбэл, олон жил дараа­лан төр засгаас хонх уясан эдгээр үгсийг парламентад 65 суудалтай, Засгийн газартай  эрх баригч намын дарга хэлж, хэн нэгнээс нэхэж зогсохыг поп гэхээс өөр юу гэх вэ. Үнэндээ МАНаас сонгогдсон гишүүд, Засгийн газарт энэ бүхнийг хийх, санаачлах эрх мэдэл хангалттай байсан. Гэвч өнөөгийн нүүр царай, нөхцөл бай­дал өөрсдийнх нь даргад ингэж харагдаж байгаа бол өрөөлд хэрхэн үнэлэгдэх нь тодорхой биз.

 Мөн өнгөрсөн хугацаанд олонхийн бүлгийн хамаг анхаарлаа хандуулж, хот хөдөөгүй чармайж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөд ч тэс хөндлөн байр суурь илэрхийлэв. Тэрээр цаг нь болсон, өөрчлөх ёстой, бусад улс орны жишиг ийм гэдгээр Үндсэн хуулийн асуудалд хандах нь нэг талаар өрөөсгөл бөгөөдНуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын үлгэр болж магадгүй тул юуг, яаж өөрчлөх вэ гэдгийг сайтар судалж, эрдэмтэн мэргэд, улс төрийн намууд, олон нийтийн санал бодол, хүсэл эрмэлзэлд тулгуурлан, зөвхөнзайлшгүй”-г хөндөх замаар шийдвэрлэвэл зохино хэмээсэн юм.

УИХын дарга энэ үеэрПарламентын бүрэн эрхийн үлдэж буй хугацааг улстөржилтөөс үүдэлтэй элдэв дайвар асуудал тойрон бужигнаж өнгөрөөмөөргүй байна. Тиймээс төрийн бодлого, хууль боловсруулах үндсэн ажилдаа, иргэд сонгогчдын итгэлийг биелүүлэх гол зорилтдоо анхаарлаа төвлөрүүлэх ёстой Шинээр бүрдэх Засгийн газар төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, УИХаас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж ажиллах ёстой. Он гараадЧингис”, “Дим Самбондын зээлийн эхний төлбөр гэрээний дагуу хийгдэж эхлэх ёстой. Энэ бол шинээр байгуулагдах Засгийн газрын төдийгүй Монгол Улсын өмнө тавигдаж байгаа томоохон сорилт юм. Бондын төлбөрийг төлөхдөө га­даад зах зээлээс эх үүс­вэр татаж, дахин санхүү­жүү­лэх аргаар удаан явахгүй нь ойлгомжтой. Тиймээс Засгийн газрын өрийн удирдлагын стра­теги, бүтцийг шинээр тодорхойлж, өрийн үйлчилгээний төлөв­лөгөөг шинэчлэх, Эдийн засгийг сэр­гээх хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, хуримтлал үүсгэх, бий болсон хуримт­­­лалаас өр төл­бөрийн асуудлаа шийд­вэр­лэдэг болоход анхаарах учиртайгэдгийг давхар сануулсан юм.

АЛТНЫ САЛБАРТ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ТОГТООНО

Ерөнхийлөгч Х.Баттулгын уул уурхай, алтны салбартай холбоотой төрийн бодлого, шийдвэр энэ удаагийн чуулганы онцлогийг тодруулав. Юуны өмнө шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллахаа төрийн тэргүүн энэ үеэр мэдэгдсэн юм.

Мөн өнгөрсөн хугацаанд улстөрчдийн гаргаж ирсэн гол алдаа нь гадныхны дэмжлэг, тусламж, зөвлөгөөг  сохроор хуулбарлах, үг дуугүй даган биелүүлэхдээ үндэснийхээ язгуур эрх ашигт яв цав тохируулалгүй явж ирсэнийг санууллаа. Тухайлбал, ОУВСгийн тулгасан болзлуудаас малыг барьцаа хөрөнгөд тооцохгүй гэдэг нь нүүдэлчин монголчуудын хэдэн мянган жилийн турш тээж ирсэн үндсэн хөрөнгийг үгүйсгэсэн. Хүн амаа өсгөх бодлого буюу хүүхдийн мөнгийг халамжтай зүйрлэж байгаа нь оновчгүй байгаа аж. Түүнчлэн дотооддоо үйлдвэрлэж байгаа  барааг гадаадаас авсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцдог болох  хэрэгтэй гэсэн санааг Ерөнхийлөгч хэлсэн юм.

Төрийн тэргүүн энэ удаад шинээр байгуу­лагдах Засгийн газар  уул уурхайн өрөөсгөл хамаарал түүнийг дагасан эрсдлийг бууруулж, эдийн засгаа олон тулгууртай болгох, хөдөө аж ахуй, газар тариалангийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг хэллээ. Мөн тэрээр уул уурхай болон алтын салбарт төрөөс баримтлах бод­логын талаарГазрын баял­гийг лиценз нэрээр цөөхөн гэр бүл завшсан нь эргээд улс төрд, нийгмийн шударга ёсонд хэт гажуудлуудыг авчирч байгааг яаралтай зогсоож, тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол үндэсний эв нэгдэлд хортой тусахаар төлөв байдал ч үүсчээ. Уул уурхайн бизнес эрхэл­дэг хүн Засгийн газарт сайд, төрийн бусад байгуул­лагуудад ажилд орд­гийг хориглох хэрэг­тэй. Өнөөдөр уул уур­хайгаас цутгасан их мөнгө л улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт шударга ёсыг алдагдуулан, хэм хэмжээг эвдэж байгаа нь нууц биш болжээ. Хамгийн том авлигын сүлжээ өнөөдөр уул уурхайгаар дамжин орж ирж байна.

Монгол төр өөрийн мөнгөн тэмдэгтийн чадварыг өндөр байлгахын төлөө алтанд онцгой анхаарахаас аргагүй. Цаашид алт олборлолт, алтны уурхайд төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох ч шаардлага үүсч байна Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монгол банкинд тушааж байх хатуу болзлыг тулгахгүй бол Монголын баялаг монголчууддаа өгөөж өгөлгүйгээр гадагшаа урссаар байна. Би ийм хуулийн өөрчлөлтийг удахгүй УИХд өргөн барина. Энэ бол дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг л бодлого. Манай хоёр хөрш ч алтан дээр төрийн онцгой эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Энэ бол хэн нэгний эрх ашиг бус нийт монголчуудын, Монголын санхүүгийн амин асуудал учраас элдэв эсэргүүцэл, мэдэмхийрлийг үл тоон Монголын төр алтаа бүрэн мэддэг, хянадаг болох нэн тэргүүний шаардлагатай. Алтыг бүрэн хэмжээгээр мэдэлдээ авсны дараачаар бидэнд санхүүгийн үлэмж чадавхи үүсэх нь дам­жиггүй. Дэд бүтэц болон нийгмийн байгууламжууд зэрэг валютын урсгал татахгүй хөрөнгө оруулалтыг валютын зээлээр хийхийг бүрэн хориглох хэрэгтэй. Үүнийг тусгайлсан хууль гаргаж зохицуулах шаардлага үүсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн салбарт шударга ёс алдагдан, улстөржилт хэрээс хэтэрснийг болиулах, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө онцгой анхаарч, хатуу тэмцэх болно гэдгийг энэ индэр дээрээс анхааруулж байна. Ард түмний захиалга, нийгмийн шаардлагыг биелүүлэх гэж би сонгогдсон. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө бүхнийг хийх болногэдгийг онцоллоо.

 Мөн багш, эмч нарын цалинг нэг дор шийдвэрлэх боломж бололцоо байхгүй байлаа ч үе шаттайгаар нэмэх, орон сууцны хөнгөлөлттөй зээлд хамруулах зэргээр санхүүгийн хувьд дэмжих цөөнгүй арга байна. Хуулийн байгууллагын ажилтнууд улс төржиж, хэн нэг улстөрчийн өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл нь болон хувирсан. УИХ, шинээр байгуулагдах Засгийн газар эдгээр олон нийтэд илэрхий болсон дуулиант хэргүүдийг хурдан шуурхай шийдэхэд анхаарлаа хандуулах цаг болжээ. “60 тэрбумын” хэргийн гэрч нь тодорхой, үйлдэл нь тодорхой байхад яагаад эзэнгүй мэт сууж байгаа юм бэ гэсэн асуудлыг ч хөндсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *