Х.Бат-Ялалт: Д.Энхбат бол дайны талбарт цэргээ орхиод зугтсан генерал

9-р сарын 11, 2012 10:01 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 201

Д.БОЛОРМАА

 

ИЗНН-ын дэд дарга Х.Бат-Ялалттай ярилцлаа. Тэрээр намынхаа шинэчлэл, өөрчлөлтийг эхлүүлэх “Иргэний Зориг” жигүүр байгуулснаа онцолж байна.

 

-ИЗНН-д таны тэр­гүүлсэн “Иргэний Зориг” жигүүр байгуулагджээ. На­мынхаа удирдлагуудыг шүүмжилж байгаа дуулдсан?

-Намын дүрмэнд жи­гүүр байгуулж болох тухай тодорхой заасан.  Үндэс­ний хороо болон намын их хурлаар удирдлага, тө­лөөллийн байгуулла­гууд­тай  тодорхой нэг асуудалд байр сууриа нэгтгэх зорил­готой гишүүд нэгдэн жи­гүүр байгуулж болно гээд заачихсан. Гэхдээ дүрмийн заалт нь ойлгомжгүй уч­раас ИЗНН-ын хэсэг ги­шүүн “Намаа шинэчилж сайжруулъя гэвэл намын дүрмийг өөрчлөх ёстой” гээд нэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, намаа бусад улс төрийн хүчнээс илүү зо­ригтой, ард түмний итгэ­лийг хүлээсэн хүчин байл­гахын төлөө нэгдэж байна. Хэсэг гишүүн  гэдэг нь “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн миний бие, Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Жар­гал болон н.Дэмбэрэл гэсэн  гурван залуу  улс төрийн үйл явдалд идэвх­тэй оролцохоор шийдлээ.  Өнгөрсөн сонгуулийн дүн бидний төсөөлж байсан  үр дүнд хүрээгүй ч УИХ-д хоёр төлөөлөлтэй болсон. Гэхдээ өнөөдөр намын дотоод амьдрал, дотоод ардчилалд шүүмжлэлтэй хандах олон асуудал байна. ИЗНН дотор юу болдог  талаар хүмүүс төдийлөн мэддэггүй. Би ч гэсэн энэ намд элсэхээсээ өмнө мэддэггүй байсан.  Одоо ажиглахад тодорхой хүмүүс улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа дот­роо зохион байгуулал­тай­гаар байр сууриа нэгт­гэсэн бүлэглэл байна. Гэвч үүнийгээ ил зарладаггүй. Зарлах ч боломжгүй гэж ойлгодог. Нам дотроо улс төр хийж хоорондоо тэм­цэлддэг мөртлөө нийгэм рүү чиглэсэн хандлага бага учраас жигүүр бай­гуулахаар шийдсэн юм.

Зохион байгуулалт­тайгаар  ямар нэг асуудлыг явцуу хүрээнд шийдэж нийгмийг хамарсан томоохон асуудал хөндөж  чадахгүй байгаа учраас бид гурав нэгдсэн нь энэ.

-”Иргэний Зориг” гэх нэрнээс үзвэл хуучин намын нэрийг ашигласан. Энэ нь хуучин намынхан л бүлэг байгуулсан мэт харагдаж байна?

-Иргэний Зориг намын нэр ашиг­лаад байна гэж ойлгож болохгүй. Шударга бус зүйлсийн эсрэг иргэний зориг гаргаж тууштайгаар тэмцэнэ гэсний илэрхийлэл. Нэр бүхий улс төрчид  сонин хэвлэлээр “Иргэний зориггүй ногоорсон юмнууд” гээд шүүмжилж байсан. Энэ үг бидэнд хүнд туссан учраас дахин ингэж хэлүүлмээргүй байна. Улс төрийн сонголтод хариуцлагатай хандаж, улс төрийн амьдралд хэрэгтэй зүйл хийхийн тулд жигүүр байгуулсан. Одоогоор манай нам С.Дэмбэрэл, С.Оюун, Д.Энхбат гэж гурван даргатай.  Хоёр нь УИХ-ын гишүүн бол Д.Энхбат дарга улс төрийн сонгуульд оролцоогүй. Д.Энхбат даргын хувьд үнэхээр ойлгомжгүй хүн. Намыг манлайлах гээд байгаа юм уу, үгүй юм уу. Бидний лидер мөн эсэх нь ойлгомжгүй байна. Тиймээс намын даргын үүргээ гүйцэтгэж байгаа эсэхийг шалгаж өгөөч гэж хяналтын зөвлөлд хандаад байна.  Намын дүрэмд зааснаар намын дарга манлайлалын үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд сахилгын арга хэмжээ тооцох тухай заалт бий. Энэ дагуу хариуцлага тооцох ёстой. Өөх ч биш, булчирхай ч биш байснаас улс төрийн шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй. Бид даргатай мөртлөө даргагүй юм шиг явж байна шүү дээ. Нөгөө талаас манай намын нэрсийн жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон С.Оюун, С.Дэмбэрэл нар намын бодлого, мөрийн хөтөлбөртэй үйл ажиллагаа нь уялдах ёстой. Гэтэл С.Дэмбэрэл УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, С.Оюун Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хуулийн төсөл санаачилсан байна. Энэ нь намын бодлогын хороодоор аливаа асуудлыг шийдэлгүйгээр өөрсдөө дур мэдэж байгаа гэсэн үг.  Цаашид намтай холбоогүйгээр бие даасан гишүүд шиг дуртай хуулиа санаачлах уу эсвэл намын бодлогод нийцсэн хуулийг санаачлахын төлөө ажиллах уу гэдгийг асуумаар байна. Хууль санаачлах эрхийг намынхаа хамт олонтой хэрэгжүүлэх ёстой. Энэ үг намын харъяаны УИХ-ын бусад гишүүнд ч хамаатай.

-УИХ-д ИЗНН бү­лэггүй учраас асуудлыг намын цогц бодлогоор шийдэх боломжгүй юм биш үү?

-УИХ-ын гишүүн бү­лэг байгуулахдаа биш ганцаараа хууль санаачлах эрхтэй субьект. УИХ-ын гишүүн хэнбугай ч гэсэн нийгэмд зохицуу­лагдаагүй харилцааг зохи­цуулах хууль санаачлах юм бол том амжилт. Тэгэхээр бүлэгтэй эсэхээс үл хамаарч өөрийг нь дэмжсэн нам, иргэ­дийнхээ бодлоготой уялдаж явах ёстой юм.

-Та өөрөө намын дэд дарга. Намын бодлогыг чиглүүлэхийн оронд жигүүр байгуулаад намаа хагаралдуулах шан тавьж байгаад шүүмжлэх хүн бий?

-Ингэж ярих юм бол манай дарга нар хүртэл тодорхой жигүүрт харъяалагддаг. Энэ нь олон нийтэд мэдэгддэггүй нууц байдаг юм.  Харин би  намын манлайлагчийн хувьд бүлэглэлд нууцаар байж болохгүй гэж үзээд байр сууриа илэрхийлэх зорилгоор эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж байна. Өөрөөр хэлбэл, нам дотроо байр сууриа илэрхийлэх зорилгоор Монгол Улсын иргэнийхээ эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг эдэлж байгаа юм. УИХ-ын хоёр гишүүн маань ИЗНН-ын “Амьдрал” мөрийн хөтөлбөр, хүний эрх,  эрх чөлөө, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой атал өөр өөр хууль санаачлаад явж байгаа нь  зохисгүй. Үүнийг албан тушаал авах гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж хэлэхээс өөр аргагүй. Энэ утгаар ИЗНН-д албан тушаал эсвэл нэгнээ дэмжих бүлэглэл байгаа учраас “Иргэний зориг” жигүүр байгуулагдах гол шалтгаан болсон. Жигүүр маань албан тушаал хувааж иддэг, намын бодлогын төлөө явдаггүй бүлэгтэй хатуу тэмцэнэ. Дээрээс нь намынхаа дотоод дахь ардчиллыг бэхжүүлж, тэгш бус хуваарилалтыг шүүмжлэх болно. Өнөөдөр АН-д гишүүнээр элсэнгүүтээ УИХ-ын гишүүн болсон хүн байна. Энэ мэтчилэн тэгш бус хуваарилалт , шударга бус шийдвэр, мөнгө, танил талтай нь асуудлыг шийддэг тогтолцоо нийгэмд байгаа учраас бид хөгжихгүй байгаа юм.

-ИЗНН дотроо Иргэний Зориг болон Ногоон намын эрх ашгийг илэрхийлдэг бүлэглэл бий гэдэг. Тэд хоёр намын төлөөлөл гэдэг утгаар өөр хоорондоо зөрчилдөөнтэй байдаг гэх юм билээ?

-Би аль, алинд нь харъяалагдаж байгаагүй хөндлөнгийн хүн. Иргэний Зориг Ногоон намууд эвсэхдээ гэрээ хэлэлцээр хийсэн нь байдаг юм билээ. Гэхдээ энэ хоёр намыг нэгдсэн гэж болохгүй. Яагаад гэвэл Ногоон нам нь өөрсдийн статусыг сэргээчихсэн үед Иргэний Зориг намтай нэгдсэн цөөн хэсэг нь аль намынх вэ гэдэг нь эрхзүйн хувьд ойлгомжгүй болж байгаа юм. Ер нь хэн, хэнтэйгээ нэгдэж нийлэх нь сонин биш. Гэвч манай намд яахын аргагүй ногоон намынхан бол Иргэний Зориг намынхан гэсэн хагарал байна. Хурал зөвөлгөөн болохоор хувь тэнцүүлж орж ирээд хэн нэгнийгээ ялах гээд өрсөлдөхөөс биш бодлогын өрсөлдөөн алга. Үүнийг дунд нь сууж байгаа гишүүд бид хараад  бухимдаж байна.  Д.Энхбат даргын хувьд өөрийг нь дэмжсэн хэсэг бүлэг хүнд тал засч, үлдсэн хэсгийг өөрийнх нь эсрэг мэтээр хандаж болохгүй.

-Түүнийг ИЗНН доторх ногоон намынхаа хэсэг гишүүдийг хатгаж хөл, гараа хийгээд сууж байгаа  гэх яриа байдаг юм билээ?

-Тийм дүр зураг харагдаж байгаа нь үнэн. Өөрөө намынхаа хуралд идэвхтэй оролцохгүй байна. Намын анхан шатны байгуулла­гын удирдлагууд идэвхтэй ажиллахыг хүсдэг ч зо­хион байгуулалт дутаг­далтай байдаг нь намын зөвөлгөөнөөр анзаарагд­лаа. Цаашид энэ дутагдлаа засч, олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулах ёстой.

-Д.Энхбат даргыг ИЗНН-аас хөөх тухай мэдээлэл гарах болсон. Энэ үнэн үү?

-Хөөх тухай асуудлыг тавьж байна. Ямар ч улс төрийн хүчин дарга нартаа хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Д.Энхбат гэдэг хүн даргын хувьд сонгуулийн ажлыг удирдаж орох ёстой байсан ч ороогүй. Дээрээс нь өөрөө нэр дэвшилгүй сураггүй алга болсон. Олон хүн өөрт нь итгээд даргаар сонгосон байхад итгэлийг нь даахгүй байгаад харамсч байна. Сонгуульд оролцоогүй­гээс гадна намаа зохион байгуулалттайгаар дэм­жиж ажиллаагүй нь дайны талбараас зугтсан хэрэг юм.  Д.Энхбат дарга дайны талбарт цэргүүдээ орхиод зугтсан генерал гэсэн үг. Ийм байтал генералгүй цэргүүд яаж сайн байлдах юм бэ. Энэ утгаар намыг удирдаж байгаа хүн тэмцлийн тэргүүн эгнээнд явах ёстой атал зугтаж байгаа нь ёс зүйн болоод хариуцлагагүйн шинж. Өнөөг хүртэл түүнд хариуцлага тооцохыг шаардсан ч дорвитой шийдвэр гаралгүй удлаа.

-ИЗНН Шинэчлэлийн Засгийн газарт хамтран ажиллаж байгаа. Танай намын  ногоон хөгжлийн төлөөх “Амьдрал” мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж гарлаа гэж харахгүй байна уу?

-Сайд маань яаж ажиллахаас шалтгаална. Зоригтой ажиллах ёстой. Жишээлбэл, өмнөх Зас­гийн газрын үйл ажил­лагааг муулахын  оронд алдаа гаргасан этгээдэд хариуцлага тооцох ёстой. Дархан цаазад бүсэд орон сууц бариад тансаг амьдарч байгаа хүмүүсийн хууль бус үйл­дэлд хариуцлага тооцсон юм алга. Үүнээс л  ажлаа эхлэх ёстой. Байгалийн нөхөн сэргээлтээс эхлээд ногоон хөгжлийн эрх зүйн актыг хэрэгжүүлэх хүртэл хийх ажил бишгүй байна шүү дээ.

-Та өөрөө хуульч хүн намынхаа дотоод ардчилалд хэр анхаарч байх юм?

-Манай нам дүрмээ­рээ бол хэвтээ удирдлага буюу анхан шатны байгууллагын эрх мэдэл нь давамгайлсан байдаг. Тэгсэн атлаа дарга нар маань өөрсдийгөө дэмжлүүлэх зорилготой бүлэглэл үүсгэсэн байх жишээтэй. Нам дотроо ардчилал, шударга ёс, тэгш эрхийг бий болгож чадахгүй бол нийгэмд түүнийг байгуулна гээд ярих ч хэрэггүй. Манай  жигүүрийн хийх эхний ажил бол гишүүд бүрт тэгш боломж олгох тухай юм. Ер нь дарга нарынхаа эсрэг жигүүр байгуулаад дутагдалтай асуудлыг олон нийтэд зарлана гэдэг бас л зориг шүү дээ. Бид иргэний зоригоо гаргаад явж байгаа хэсэг залуус. Энэ нь намын удирдлага гэхээс илүү төрийн эрх баригч хуйвалдагч, луйварчидтай тэмцэхийн төлөө бүгдээрээ зоригтой байя гэж уриалж байгаа юм. Цаашид ИЗНН өөрчлөгдөж шинэчлэгдэх байх.

-Энэ нь Иргэний Зориг албан ёсоор бай­гуулсан анхны фракц уу?

-Жигүүр байгуулах эсэ­хийг Үндэсний хороогоор шийднэ гэж дүрмэндээ заасан бий. Одоогоор Үндэсний хороо хуралдаагүй байна. Бид улс төрийн зөвлөлдөө танилцуулж  байна. Гэхдээ дүрэм зохиогчид маань тодорхой нэг асууд­лаар жигүүр байгуулдаг гэж хэлээд байгаа. Энэ нь жигүүр байгуулах харил­цаагаа хүртэл дүрмэндээ зохицуулж чадаагүйн илрэл.

-Тэгэхээр дүрмийг бас өөрчлөх ёстой юу?

-Өөрчилнө. Шударга ёс, тэгш эрх, нийгмийн сайн сайхны төлөө хэн нэгнээс зөвшөөрөл авч тэмцэл хийнэ гэж байх­гүй. Тэмцэл  бол зөвшөө­рөгдөөгүй арга замаар явдаг. Алдаа бодлогын эсрэг бид хэнээс ч зөв­шөөрөл авахгүй. ИЗНН-ын дарга нар маань өөрсдийн буруу зүйлээ хүлээн зөвшөөрдөг бо­лооч гэж хэлмээр байна. Түүнээс биш хүчтэй нь хүчгүйгээ удирддаг адгуусан амьтны хуулийг хэрэгжүүлж болохгүй.

-Та нэг хэсэг “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагыг байгуулан ажилласан. Одоо энэ албаа өөр хүнд өгчихсөн юм уу?

-Миний албыг н.Батбаатар гэдэг залуу хэсэг хугацаанд орлосон. Саяхан хурлаа хийгээд дахин тэргүүнээр нь сонгог­доод ажиллаж байна. Манай байгуул­лага хууль хяналтын байгууллагынхан яагаад шударга бус шийдвэр гаргадаг вэ гэдэгт судалгаа хийж ажилладаг. Шүүх  бүх төрлийн мар­гааныг эцэслэн шийддэг төгсгөл.  Энэ утгаараа шүүхийг шударга байлгая гэвэл эхлээд хуульчидаа шударга байлгахын төлөө алхам хийх ёстой. Өнөөдөр хууль зөрчсөн, хуулиас давсан шийдвэр гаргадаг хуульчид олон байна. Өөрсдөө хуульчид мөртлөө хуулиа зөрчдөг нь нууц биш шүү дээ. Үүнийг өөрчлөх цаг аль хэдийнэ болсон.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *