Х байрны мөнгөөр хоёр эмнэлэгт өргөтгөл хийнэ

1-р сарын 21, 2015 8:59 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 644
Ерөнхий сайдын захирамжаар хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан.

Д.ЦЭЦЭГ

Ерөнхий сайдын захирамжаар хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан. Энэ нь өнгөрсөн долоо хоногт хуралдсан Засгийн газраас гаргасан шийдвүүдийн нэг юм. Ажлын хэсэг хэд хэдэн барилга байгууламжийг судлан, мэргэжлийн талаас нь дүгнэлт гаргасан. Ингэхэд ихэнх барилга хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглахад тохиромжгүй гэсэн дүгнэлтийг хийсэн юм. Харин хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам буюу Засгийн газрын Х байрыг эзэмшил газрын хамт нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар болж, орлогоор нь хүүхдийн эмнэлгийн өртгөтгөл барих ажлыг эхлүүлэхийг Сангийн сайд, Эрүүл мэнд, спортын сайдад даалгасан. Ажлын явц ямар шатандаа явж байгаа тухай Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас лавлахад одоогийн байдлаар Төрийн өмчийн хороо гаргасан журмын дагуу дуудлага худалдааг зохион байгуулж байгаа. Дуудлага худалдаанаас орсон орлогыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн орыг нэмэгдүүлэх байдлаар зохицуулахаар болсон. Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн тухайд шинээр баригдаж байгаа. Тиймээс нэмж хөрөнгө оруулалт хийх замаар 150 ортой хүүхдийн эмнэлгийн асуудлыг шийдэхээр болсон гэдгийг хэллээ. Мөн Эрүүл мэнд, спортын яам хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт орны тоог нэмэгдүүлж, өргөтгөл хийхэд  хэдий хэмжээний мөнгө зарцуулах тооцоо судалгааг хийж Ерөнхий сайдад танилцуулсан гэнэ.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *