Х.Баделхан: Ипотекийн зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах боломжгүй

12-р сарын 5, 2018 1:16 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 13
d5b64782e26a3920e0a9935e8f4afdf69a5949a6

С.САРУУЛ

Засгийн газраас ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газраас баталсан ипотекийн зээлийн 500 тэрбумыг хэрхэн зарцуулах вэ?

-Улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд  татан оруулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Энэ нь хөнгөлөлттэй зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглүүлэх зорилготой юм. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж нэмэгдэж байна.  Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган батлуулах бөгөөд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хооронд гэрээ байгуулж, Монголбанкаар дамжуулан банкуудад олгоно. Журамд өөрчлөлт орсноор амины орон сууц барихад зориулан 60 хүртэл сая төгрөгийн зээл олгох боллоо.

Зээлийн гэрээ банкуудтай холбоотой журамд өөрчлөлт оруулах уу?

-Банкууд санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн зорилгод нийцүүлэн ашиглах, зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах, банкнаас иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөлгүй, төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулдаг зэргийг энэ журмаар хориглосон. Аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, орон сууцны нийт талбай 80 м.кв-аас ихгүй нийтийн зориулалттай орон сууцанд хөнгөлөлттэй зээл олгоно. Мөн инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэл төгрөгийн зээл олгож болохоор журамд тусгасан.

-Зээлийн хүүг долоон хувь, урьдчилгааг 25 хувь болгох саналыг Засгийн газарт өргөн барьсан гэсэн? 

-Зээлийн хугацаа 360 хүртэл сар, жилийн хүү найман хувь, урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас багагүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас ихгүй байна. Зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байх бөгөөд төлбөрөө урьдчилан төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцно.

Зээлдэгч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, хугацаа хэтэрсэн зээлийн өр, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон улсын бүртгэлийн лавлагаатай, өмнө нь зээлд хамрагдаж байгаагүй, барьцаатай байх ёстой. Амины орон сууц барихаар зээл хүсэгч нь дээрхээс гадна орон сууц барьж байгаагаа тодорхойлуулсан, барих газар нь өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас багагүй байх ёстой юм. Өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 2700 гаруй зээлдэгчид 233 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна.

-Зээлийн урьдчилгааг бууруулах боломжгүй юу?

-Манай улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байгаа учраас зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах боломжгүй гэж үзсэн. ОУВС-тай тохирсны дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас Сангийн яаманд шилжүүлнэ. Тэр үед хүү, урьдчилгааг бууруулах боломж бүрдэнэ гэж харж байгаа. “Буянт-Ухаа 2” хороололд баригдаж буй 972 шинэ орон сууцнууд ашиглалтад орохоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, түрээсийн орон сууцны санд оруулах эсэхийг шийдвэрлэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *