Х.Алдармөнх: Монголдоо хоёр дахь том драмын театрыг байгуулна

9-р сарын 16, 2015 3:28 pm Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 83
1h

Ч.ГАНТУЛГА

“Урлаг” булангийнхаа энэ удаагийн дугаарын зочноор Булган аймгийн төв театрын дарга Х.Алдармөнхийг урилаа.

-Театр хөл хөдөлгөөн багатай байна. Уран бүтээлчид амарчихсан  юм уу?

-Уран бүтээлчид одооноос ажилдаа ороод, жигдэрч байна. Манай театр 52 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ хавар бид Н.Ганхуяг багшийн хоёр жүжгийг тоглосон. Ахлах болон бага  ангийн сурагчдын хонхны баярт зориулсан гэж ойлгож болно. Харин энэ намрын үзвэрээ Д.Батбаяр гуайн “Гэгээ” жүжгээр хийхээр төлөвлөөд байна.

-Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар танай театрт ирж жүжиг тавина гэсэн мэдээлэл байна?

-Найруулагч Н.Наран­баатар манай нут­гийнх. Тиймээс бид найруу­лагчаа болон драмын театраас нэг жүжигчин уриад хамтарч уран бүтээл хийх санаа байна. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй. Тиймээс энэ тухай ярихад эрт байна. Харин өнөөдөр манай театр хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны 60 насны ойд зориулсан дууны уралдаан зохион байгуулах гэж байна. Дууны чиглэлээр сурдаг оюутнуудаас эхлээд сайн дурын уран сайханчид, мэргэжлийн дуучид оролцоно.

-Хөдөө орон нутгийн театрууд драмын урлагийг хөгжүүлэх талаар бодлого, төсөл гаргаад эхэлчихсэн. Танай театрын хувьд энэ тал дээр хэрхэн анхаарч байна?

-Бид 2008 онд 10 гаруй хүүхдийн зардлыг аймгаас гаргаад СУИС-д сургахаар явуулсан. Түүнээс найман оюутан аймагтаа ажиллаж байна. Нэгэн үеийн залуу уран бүтээлчдээр цус сэлбэсэн гэж ойлгож болох юм. Миний болон аймгийн баримталж байгаа бодлогоор манай театр 2018 он гэхэд нэрт жүжигчин Ц.Цэгмидийн нэрэмжит драмын театр болно. Бид үүгээрээ монголдоо хоёр дахь том драмын театрыг байгуулах зорилготой ажиллаж байна.

-Хөдөө, орон нутгийн театрын бүтэц их ядмагхан байдаг. Бүтцийн хувьд та ямар бодлого баримталж байна?

-Бид жижиг бүтцээс татгалзаж байгаа. Учир нь зөвхөн мюзикль, болон драмын жүжиг тоглодог болохын тулд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай. Хөдөө орон нутгийн теаруудад яамнаас ч хүчлээд болдоггүй нэг асуудал бий. Энэ нь нэг ангид 10 гаруйхан хүн байдаг. Түүний оронд бүтцээ томруулаад хөгжимчдөө театр ангийнхантай нийлүүлээд мюзикль тоглодог болгочихъё гэсэн санаа. 10 хөгжимчнөөс сайн аялгуу гарна гэдэг хэцүү. Гадаадын том, том театрууд энэ бодлогыг л баримталдаг. Жишээлбэл Европт театрыг сав мэтээр ашиглаж байна. Бүх театр, чуулгууд нь тусдаа. Тэд зөвхөн гэрээгээр л төв театртаа ирж тоглодог. Үүнтэй адил манай төвийн бүст “Сэлэнгийн долгио”, “Эрдэнэт” чуулгын нэг нь л баймаар байна. Харин орон тоог нь нэмэх хэрэгтэй. Тэгвэл зардал хэмнэхээс гадна уран бүтээлчид илүү чадвартай болно.

-Үүгээрээ та аймаг бүр өөрийн брэндтэй болъё гэсэн санааг хэлэх гээд байна уу?

-Яг зөв. 10 гаруйхан хөгжимчинтэй театр байгаад яах юм бэ. Түүний оронд хөгжимчдийг нь нэмээд өг л дөө. Тэгээд тэр аймгийн театр зөвхөн хөгжмөөрөө л онцгой бай. Бид 40 жүжигчинтэй бол драмын том, том жүжгүүдийг асуудалгүй тавина шүү дээ. Манай жүжиг ангид 11 хүн бий. Тэгэхээр масс шаардсан жүжиг тавина гэдэг үлгэр. Хөөрхий хөгжимчин, дуучид маань хувцсаа солиод хамт тоглох жишээтэй. Зөвхөн манайд биш орон нутгийн бүх театраас энэ дүр зургийг харж болно. Үүнээс болоод бид дэлхийн сонгодог бүтээлүүдийг үзэгчиддээ хүргэж чадахгүй явна.

-Хотод жилд хэдэн мянган хүүхэд урлагийн сургууль төгсч, ажилгүй хүмүүсийн тоог нэмж байна. Тэднээс орон нутгийн театрыг зориод ирэх уран бүтээлч ховор байна уу?

-Одоо харьцангуй нэмэгдэж байна. Гэхдээ үүнээс болоод сайн уран бүтээлчдээ алдах магадлал бас байна. Манайд багш нарын цалин л өндөр. Тиймээс хөгжмийн сургууль төгсөөд ирсэн хүн дуу хөгжмийн багш болох сонирхолтой байдаг. Уг нь театрт ажиллавал сайн уран бүтээл хийх чадалтай уран бүтээлч. Гэхдээ тэд эцэст нь амьдралаа л боддог юм.

-Урлагийнханд үзүүлэх төрийн хангамж тааруу, цалин бага болохоор аргагүй байх л даа?

-Бид нэгэнт л амьдрах байр, хангалттай цалинг нь өгч чадахгүйгээс хойш тэр хүн ирээдүйгээ бодох нь зөв. Үүнийг өөрчилмөөр байна. Үнэхээр чадалтай уран бүтээлчдээ сэтгэл хангалуун амьдрах, зөвхөн уран бүтээлдээ бие сэтгэлээ зориулах боломжийг олгож чаддаг бол сайхан.

-Төсвөө яаж батлуулж байна. Зарим аймгийн театр жилд хоёр шинэ уран бүтээл тавина гэсэн зорилтыг төсөвдөө тусгадаг юм билээ?

-Орон нутгийн театрууд адилхан. Бид олсныхоо хэрээр зарах эрхтэй. Харин бусад зардал байхгүй. Зөвхөн цалин, халаалтын мөнгө орж байна. Бид 60 сая төгрөгийн орлоготой ажилласан бол үүнийгээ зөвхөн уран бүтээлдээ зарцуулна. Гэхдээ уран бүтээлээс олж байгаа орлогын хэмжээ хүн амынхаа тооноос шалтгаалаад аймаг бүрт харилцан адилгүй. Мөн орон нутгийн театруудын үзвэрийн үнэ их бага байдаг. Үүнийг бид одооноос эвдэж байна. Учир нь нэг уран бүтээлийн цаана хэдэн хүний хүч, хөдөлмөр шингэсэн билээ.

-Энэ жил танайх хэдий хэмжээний төсөв уран бүтээлдээ зарцуулав?

-40 гаруй сая төгрөгийг уран бүтээлдээ зарцуулсан байна. Гэхдээ энэ бага тоо шүү дээ. Манайд зураач алга. Улаанбаатраас зураач авчиръя гэхээр үнийг нь дийлдэггүй. Энэ мэт тайзны арын ажилтан, нарийн мэргэжлийнхэн дутмаг. Би театрт ажиллаад таван жил болж байна. Энэ хугацаанд яамнаас болон өөр, бусад урлагийн байгууллагаас нарийн мэргэжлийнхэнд зориулсан сургалт зохион байгуулсангүй. Дуучин, бүжигчид нь сураад байдаг. Гэтэл өнөөх зураач, оёдолчин, гэрэлтүүлэгч нарт зориулсан сургалт алга.

-Танай театр аялан тоглолт хэр хийдэг вэ?

-Театрууд Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ гэсэн аймгаар их тоглож байна. Аргагүй л дээ. Тэнд хүн ам, зах зээл арай илүү байна. Манай уран бүтээлчид ч энэ аймгуудад тоглодог. Харин энэ жил Буриадад очиж, тоглолт хийхээр гэрээ хэлэлцээр хийж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *