Гурав дахь Кимийн Солонгос АНУ-д цӨмийн зэвсгээрээ далайлгалаа

3-р сарын 11, 2013 8:52 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 450
Энэ жил Солонгосын хойгийн дайн зогссоны 60 жилийн ой тохиож буй.

Б.БАРС

Энэ жил Солонгосын хойгийн дайн зогссоны 60 жилийн ой тохиож буй. Гэтэл өвөө аав хоёрынхоо араас БНАСАУ-ын тө­рийн тэргүүнээр өргөмж­лөгд­сөн Ким Чен тус хойгт ээлжит удаагаа хурцадмал байдал үүсгэлээ. БНСУ АНУ-тай хамтарч цэргийн хээрийн сургууль хийж эхэлсний хариуд Пхеньян АНУ-д цөмийн дайралт хийж болох тухай мэдэг­дэв. Үүгээр зогсолгүй хоёр Солонгосын гал зогсоох тухай 1953 оны гэрээнээс дангаараа татгалзах болс­ноо зарлаад байна.

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийхдээ, “АНУ цөмийн дайныг өдөөн асаахыг эрмэлзэж буй энэ үед бид өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалах үүднээс дайсны штабуудад цөмийн урьд­чилсан цохилт өгөх эрхээ эдлэхэд бэлэн” гэжээ. Ийм мэдэгдэл хийх болсон шалтгаан нь дээр дурьд­санчлан БНСУ, АНУ-ын хамтарсан хээрийн сур­гууль хийж эхэлсэн явдал аж. Энд тэмдэглэхэд, энэ сарын 1-нээс эхлээд дө­рөв­дүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх тус хээрийн сургууль дэлхийн хамгийн далайцтайд тооцоогддог байна. Хээрийн сургуу­лийн үеэр хамтрагч талууд хамгаалалт төдийгүй дав­шилтын ажиллагаануудыг туршин сургуулилдаг ажээ.

Жил бүр болдог энэ хээрийн сургуулийг БНСУ, АНУ хойд хөр­шөөс заналхийлэх явдал эрс нэмэгдсэнийг урьд­чилан тогтоох зорилготой гэж мэдэгддэг бол Пхеньян эсрэгээр, улс оронд нь халдан довтлохыг бэлдэж байгаа хэрэг гэж үзэж байгаа юм. Пхеньян тун удахгүй улс орон даяа­раа бүх цэргийн хээрийн сургууль хийхээр бүх бэлт­гэлээ базаажээ. Тэрхүү хээрийн сургуулийн явц­даа Пхеньян өмнөд хөр­шийнхөө эсрэг өдөөн хат­гасан үйлдлүүд хийх тө­лөвтэй тухай Сөүл мэдэг­дэж байгаа юм. Солонго­сын хойгт байдал улам бүр хурцдан БНАСАУ, БНСУ армиудаа өндөржүүлсэн бэлэн байдалд оруулаад байна.  

НҮБ-ын Аюулгүйн зөв­лөл цөмийн зэвсэг турш­сан БНАСАУ-ын эс­рэг сөрөг арга хэмжээ авах талаар хуралдахын өмнөхөн ийм үйл явдал өрнөж байгаа юм. НҮБ-аас гаргасан мэдэгдэлд, “БНАСАУ дэлхий ний­тийн аюулгүй байдалд ноц­тойгоор заналхийлж байгаа тул энэ улсын эсрэг хамгийн хатуу хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Хоёрдугаар сарын 12-нд тус улс цөмийн ээлжит туршилтаа хийсэн нь НҮБ-ын хууль тог­тоом­жуудыг ноцтой зөрч­сөн явдал мөн” гэжээ.

Хоёр Солонгосын сөр­гөлдөөн өргөн далайцтай байлдааны ажиллагаанд хүргэхгүй ч орон нутгийн шинж чанартай хилийн зэвсэгт мөргөлдөөнүүдэд хүргэж болзошгүй талаар олон улсын байдлын нөлөө бүхий тоймчид сэтгэл зовнин мэдээлж байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *