Гурав дахь ерөнхийлөгчид ял оноож, хорих анги руу нууцаар ачлаа

8-р сарын 3, 2012 10:35 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 248

Ч.ЗОТОЛ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энх­баяр нарт холбогдох хэр­гийн шүүх хурал  Сүхбаа­тар дүүргийн шүүхэд өчигдөр өглөөний 09.30 цагаас эхлэн үргэлжилж дундаа нэг цагийн завсар­лагатайгаар оройн 22 цаг өнгөрөөж шийд­вэрээ гаргалаа.  Хэрэгт авагдсан материалууд хэт нэг талыг барьсан, хууль эрхзүйн ямар ч үндэслэлгүй, жи­шээлбэл, “Өргөө”, зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины  менеж­мен­тийн хувьчлалыг авч үзэхдээ газрын зөвшөөрөл өгөгдөөгүй, үнэлгээ хийг­дээгүй   байтал үнэлгээний байгууллагаар  газрыг үнэлүүлж хохирол тооц­сон, энэ нь  гэрч, хохи­рогчийн мэдүүлгээр  батлаг­даж байгаа ч хэрэг  мөрдөн шалгах, ял төлөвлөх явцад харгалзаж үзээгүй, анхнаасаа зохион байгуулсан, яллах төсөөл­лөөр хийгдсэн гэсэн шүүмж­лэлийг өмгөөлөг­чид болон шүүгдэгчдийн зүгээс  хэлж, мөн  баримтаар няцааж байлаа. Энэ үндэслэлээр улсын яллагч Ё.Сагсай, шүүх хуралдааныг даргалагч С.Соёмбо-Эрдэнэ нараас татгалзах саналыг уржигд­рын шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Нарангэрэл гаргаж байсан билээ. Ингэж үзэх үндэслэл байна гэсэн хардлага,тэр бүү хэл илэрхий байдал ч шүүх хурлын явцад ажиглагдаж байсан юм. Тухайлбал,  шүүх хурлын явцад  прокурор О.Мөнх­баатар байнга утсаараа  оролдож, мессеж бичиж, ирсэн хариуг уншиж, түү­нийгээ Ё.Сагсай проку­рорт уншуулсан, Ё.Сагсай прокурор сайн харахгүй байсан тул ирсэн мессе­жийг цаасан дээр хуулж бичээд бусдын  нүдийг хариулан уншуулж бай­сан нь  сэтгүүлчдийн анхаар­лаас мултарч чадаагүй.

Шүүх хурал мэтгэл­цээ­ний зарчмаар явагдах учиртай. Энэ үүднээс яллах дүгнэлтийг  уншиж  сонсгосны дараа  Н.Энх­бая­рын өмгөөлөгч С.На­ран­гэрэл байр сууриа илэрхийллээ.  Тэрээр “Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлд  талууд тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зарчмаар шүүн таслах ажиллагааг явуулна гэж тов тодорхой заасан байгаа. Мэтгэлцэнэ гэдэг маргана гэсэн үг. Тодорхой нотлох баримтыг үндэслэсэн маргааны дүнд бид үнэнд хүрнэ. Хэрэг явдалд  бодитой, иж бүрэн дүн шинжилгээ хийж чад­на. Гэтэл шүүх хурал мэт­гэл­цээнгүйгээр явагдаж, Эрүүгийн байцаан шийт­гэх хуулийг ноцтой зөрчиж байгаа  учраас энэ асуудлыг би шүүх хуралдааны протоколд албан ёсоор тэмдэглүүлж, энэ бол Монголын төр эрүүгийн байцаан шийт­гэх үйл ажиллагааны ардчилсан зарчмаас  ухарч байгааг дотооодод төдий­гүй дэлхийн хамтын ний­гэмлэгийн улс орнуудад харуулсан зохисгүй ба­римт боллоо гэдгийг тэм­дэглэж үлдээх саналтай байна” гэлээ. Шүүх хурал­дааныг даргалагчийн зүгээс талуудын хэлсэн үг баримт болж хурлын тэмдэглэл, протоколд тусч байгаа гээд мэтгэлцээн өрнүүлэхгүйгээр шүүх хурлыг явуулахаар шийд­вэрлэсэн нь ямар нэгэн  журам зөрчөөгүй хэмээн  онцлов.

С.Нарангэ­рэл өөрийн гаргаж буй үндэслэлийг давхардуу­лалгүй  товчхон  хэлсэн юм. Тэрээр “Өнөөдөр бид эх орныхоо үнэн мөнийн ариун сүмд орж ирээд байна гэж байгаа шүү. Өнөөдөр 1937 он биш ээ. Өнөөдөр аль тэртээх цаг шиг Монго­лын нийгмийн удирдах нэг хэсэг нь нөгөөгөө хэл­мэгдүүлж байсанд  цэг тавигдсан эсэхийг   до­тоод­доо төдийгүй, дэлхий дахинд энэ  шүүх хурлаар харуулна.  Лондонгоос  шүүх хуралтай холбоотой нэгэн албан бичиг ирснийг та бүхэнд танилцуулъя. Их Британийн Ерөнхий сайдаас “Бид Монголын шүүхийн дотоод үйл ажиллагаанд шууд оролцож чадахгүй ч Их Британи нь Монгол Улс, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрдсөн хүний эрхийн болон, эрхзүйн стандартуудыг дагаж мөрдөнө гэдгийг хүлээж байгаа. Бид энэ байр сууриа Лондон дахь Монголын Элчин сайдын яам, Монголын  Засгийн  газрын холбогдох яаманд илэрхийлсэн. Мөн НҮБ ч анхааралдаа авна гэдэгт итгэж байгаа” гэсэн бичгийг ирүүлсэн. Энэ юуг харуулж байна гэхээр шүүх хурлыг гадаад ертөнц маш анхааралтай харж байгааг харуулж байна.

Эрхэм хүндэт шүүгчид ээ, би прокурорын ялын шүүмжлэлийг анхаа­рал­тай сонслоо. Шүүх хурлын эхэнд Ё.Сагсай прокуро­рыг шүүх хуралдаанаас санал гаргахаар гаргаж байсан миний татгалзал маш үндэслэлтэй байсныг яллах дүгнэлт харууллаа. Энэ хүнд  анхнаасаа Н.Энх­­баярыг  яллах төсөөлөл бий болчихоод одоо түүнийг  ямар ч үнэ цэнээр хамаагүй нийгмээс олон жилээр тусгаарлах санаархлаа хэрэгжүүлж байна.  Үүнийг найман жил гаруй буюу урт хугацаатай хорих ял оноохоор санал гаргаж байгаа явдал харуулж байна. Шүүх хуралдаанд  яллаж байгаа болон ца­гаат­гаж байгаа барим­туудыг оруулъя. Үүнийг өмгөөлөгч болон  прокурор харилцан мэтгэлцэж үнэн мөнийг харуулъя гэсэн миний саналыг улайран эсэргүүцэж байсны учир утга түүний өөрийнх нь хэлсэн үгээр тайлагдлаа гэж би бодож байна.

Эрхэм хүндэт шүүгчид ээ, би өмгөөллийн үгээ ойлгомжтой байх үүднээс  дараах дэс дарааллаар та бүхэнд танилцуулъя. Нэгдүгээрт, Н.Энхбаяр нарын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явагдав.  Хоёрдугаарт, нотлох баримтыг цуглуу­лах ажиллагаа хэрхэн яаж явагдав. Гуравдугаарт, гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал. Өөрөөр хэлбэл, таван хэрэгт өгч буй эрхзүйн дүгнэлтийг өмгөө­лөгчид хэрхэн үзэж байна вэ гэдэг талаас. Дөрөв­дүгээрт, шүүх хуралдаан хэрхэн явагдав. Эцэст нь, энэ бүхэнд өмгөөлөгчийн зүгээс өгөх санал, үндэс­лэлээ гаргаж тавья.

Хавтаст хэргээс  мөр­дөн шалгах ажиллагаа хэрхэн явагдсаныг  үзэхэд  иргэн Н.Энхбаярыг олон нийтийн дунд олон жил яригдаж байсан хов жив, цуу яриа зэрэг бүхий л зүйлээр шалгажээ. Өргөн хүрээтэй, олон хүнийг хамарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тэр хүнийг харлуулж болох, буруутаж болзошгүй бүхий л зүйлийг   шалгажээ гэд­гийг би хавтаст хэрэгтэй танилцсаны хувьд хэлье. Тэнд зөвхөн Н.Энхбаяр төдийгүй, түүний гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, ах дүү, төрөл төрөгсөд тэр бүү хэл туслахаар нь ажиллаж байсан хүнээс өгсүүлэн ойр дотнын хүмүүсийг бүгдийг хамруулан шалга­сан байна. Ингэхдээ банкны дансаас эхлээд гэр орон, гар утасны яриа гээд арай яаж бие засдаг вэ гэдгийг шалгаагүй юм шиг байна. Бусдыг нь бүгдийг шалгаж, маш олон хүнд эрүүгийн хэрэг үүсгэ­сэн байна. Тухайлбал,  Монголын бурхан ша­шинт­ны төвийн тэргүүн Д.Чойжамц гуайгаас эх­лээд албадан тогтоолуудыг хэд хэдэн удаа гэр орон албан ажил руу нь явуу­лаад бүх гэрчийг айлган, сүрдүүлэх ажиллагааг хийсэн байна. Түүнээс гадна гэрч Ж.Мяг­маржар­гал, До.Чу­луунбаатар на­рыг урьд­чилан хорьсныг та бид мэдэж байгаа. Мөн Ж.Саруулбуянг хорих гээд хоёр удаа шүүгчийн захирамж гаргаж биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хорьж ча­даагүйг хавтаст хэрэгт тэмдэглэжээ. Н.Энх­бая­рын тухайд та бид мэдэж байгаа, 300 гаруй цагдаа, тусгайгийн бүлэг орол­цуулж ихээхэн  сүр дуу­лиантай  баривчлах ажил­лагаа хийснийг  Монго­лын ард түмэн, хүн болгон надаар хэлүүлэлт­гүй  сайн мэднэ. Ингэж Монголын нийгэмд айдас, хүйдэс бий болго­сон байна. Угтаа гэрч, хохирогч, шинжээч нарын сэтгэлзүйд дарамт учруулах, тэдэнд нөлөө­лөх, бэлтгэх ажиллагааг явуулсан болохыг энэ байдал харуулж байна. Н.Энхбаяр дарга өөрөө, өөрийнхөө эрхийн төлөө амь насаараа дэнчин тавьж тэмцээгүй бол, түүнийг нь  Монголын ард түмэн дэмжээгүй бол энэ шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн шүүхэд биш Төв аймгийн урьдчилан хорих төвд нууц, далд, хаалттай  болох байсан байх аа. Харин өнөөдөр телевизүүд шууд дамжуулж, монгол­чууд анхаарч, сонирхож байна. Дуулиантай хэр­гийг улс орны хэмжээнд дамжуулах, монголчуудад үнэн мөнийг харах, сонсох боломжийг нээж өгсөн шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнд талар­хаж байгаагаа хэлье.

Эрхэм хүндэт шүүгчид ээ, миний бие өмнө дурд­сан баримтуудад тулгуур­лан шүүх ажиллагаа эрүү шүүлт тулгасан хүнлэг бус байдалд явагдсан гэдгийг  хэлье.  Ганц хүнийг алба­дан саатуулахын тулд тө­рийн албадлагын бүх хү­чийг хэтрүүлэн хэрэглэсэн энэ ажиллагаа  нь өөрөө дур мэдэн баривчлах ажиллагаа гэж Иргэний ба улс төрийн олон улсын факт, түүнийг тайлбар­ласан Олон улсын хүний эрхийн хорооны тогтоолд тэмдэглэгдсэн байдаг. Мөн эрүү шүүлт тулгасан гэж үздэг юм байна. Хэргийг мөрдөн шалгах явцад эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Би тү­рүүнд хэл­сэн, хууль бусаар хийгдсэн барив­чилгаа гэж. Эрүү шүүлт тулгасан хүнлэг бус нөх­цөлд авагдсан бүх гэр­чийн болон шинжээчийн мэдүүлгүүд, цуглуулсан баримтууд нь Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх хуульд болоод Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн дагуу нотлох баримтуудаас хасагдах ёстой. Үүнээс гадна Н.Энхбаярыг сэжигт­нээр тооцох тогтоолыг өөрт нь танилцуулаагүй. Энэ бол маш  ноцтой зөрчил. Яа­гаад гэвэл, тэр хүн ямар хэргийн төлөө юуны уч­раас хүнд ял тулгуулж байгаа гэдгээ мэдээгүй. Тийм боломж олгоогүй.  Н.Энхбаяр  дарга өөрөө АТГ-ын даргад албан би­чиг явуулсан нь 48 дугаар  хавтаст хэрэгт авагдсаныг шүүгчид танилцсан гэдэгт  би итгэлтэй байна. Хуулиар олгогдсон эрхээ эдэлж, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй  гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Нөгөө талаас, Н.Энхбаяр  төрийн өндөр албан тушаал хашиж байсан, төрийн амин чухал нууцуудыг мэддэг. Түүнийг нь зад­руулахгүй гэж төрийн тус­гай албаны­хан  хамгаалж байгаа тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зай­лах, шүүх таслах ажилла­гаанаас зугтах ямар ч боломж  байхгүй. Төр өөрөө хамгаалж байгаа хүнээ тэгж сүртэй баривчлах ямар үндэслэл байсан юм бэ. Аюултай гэмт хэрэгтэн гэсэн ойлголтыг  тэр  баривчил­гаагаар  Монголын ний­гэмд бий болгоё гэж зорь­сон нь нөхцөл байдлаас харагдаж байна. Мөрдөн байцаах ажиллагаа нэг талыг барьсан. Хавтаст хэрэгт авагдсан бүх гэрчийн мэдүүлэг дандаа субектив санаа бодол, ингэсэн байх, тэгсэн байх гэсэн  хов жив, ам дамж­сан цуу яриа, төсөөлөлд тулгуур­ласан. Тэгээд шалгах ёстой асуудлууд орхигд­жээ. Тухайлбал,ТВ-9 телевизтэй холбогдуулж  тоног төхөөрөмж бэлэглэх ажлыг гардан зохион байгуулсан Японы Агишу байгууллагын тэргүүн Бим­жалбу гуайг АТГ  яагаад бичгээр байцаал­гаагүй юм бэ. Хавтаст хэрэгт байгаа гэрчүүд түүнийг онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлж байгаа шүү дээ. Нотлох баримтууд энэ мэтээр Н.Энхбаярт ашигтай талуудыг зохиуд орхигдуулж харлуулж, шийтгэж болох зүйлүү­дийг цуглуулсан. Түүний­гээ ч бас сайн хийж чадаагүй нь харагдаж байна. Ийм л  мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн байна.  Шахалт үзүүлж, хүч хэрэглэхийг хориглосон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна. Энэ бол хариуцлага биш цаанаа тусгай улс төрийн үүрэг даалгавар биелүүлсэн ажиллагаа юм. Үүнийхээ төлөө хоёр прокурор юу горилж, юу  бодож суугааг би хэлж  мэдэхгүй шүү дээ.

Одоо би Н.Энхбаяр гэм буруугүй гэдэг нотолгоог гаргаж хэлье. 2012 оны хоёрдугаар сард Японы Буддын байгууллагын тэргүүнээс түүнд   телеви­зийн тоног төхөөрөмж хан­дивласан тухайгаа албан бичиг ирүүлсэн байгаа. Гэтэл Ё.Сагсай прокурор нотлох баримтуудыг  арай дэндүү  гуйвуулж байна. Тухайлбал, Д.Чойжамц гуайн мэдүүлэгт “шашин”  гэж байгааг өнөөдөр  Ган­данд гээд уншиж байна. Ингэж болох юм уу. Бид хүний хувь заяа, улс орны ирээдүйн эрх ашиг, Монголд үнэн мөн байх уу, үгүй юу гэдгийг ший­дэх гэж байна. Д.Чойжамц гуай бол хэргийн хамгийн гол гэрч. Түүнийг шүүх хуралд байлцуулах учир­тай. Гэтэл шүүх бүрэл­дэхүүн зөвшөөрсөнгүй. Улсынхаа тэргүүн хамбад хүч хэрэглэх, гэр оронд нь дайрч орохыг зарим оронд зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл, хүний шүтэх, бишрэх эрхэд халдсан үйлдэл гэж үздэг. Манайд эсрэгээр нь хэрэгжүүлж байна. Мөрдөн байцаах шатанд прокурорын зөвшөөрөлгүй явагдсан  үйл ажиллагааны эцсийн үр дүн Монголын нийгэмд ийм аймшигтай тусч байна гэлээ.

Үдээс хойшхи хурал­дааны үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энх­баяр байр сууриа илэр­хийллээ.  “Шүүх шударга  шийдвэр гаргах нь Монголд хууль эрхзүйн тогтолцоо зөв явж буй эсэх,хүний эрхийг дээдэл­дэг эсэх,  ард­чилсан зарчим алдагдсан уу, үгүй юу, шударга ёс байна уу, үгүй юу гэдгийг тодор­хойлох болно гэдгийг  онц­лов. Тиймээс   сүүлчийн шатанд өөрийн мэдэж бай­гаа нотлох баримт бо­лон бодож санаж байгаа­гаа  ийнхүү илэрхийлж байгаагаа шүүх бүрэл­дэхүүн,  хуралд оролцож  буй талуудад дуулгав. Тэрээр шүүх хурлыг  шинэ, хуучны зөрчилдөөн болж байгааг онцлоод энэ нь хүнээр нь хэлж байгаа бус арга барилыг хэлж байна гээд   прокурорууд хуучин цагийн  аргаар ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандлаа. Ялангуяа хүнийг заавал яллах гэж улайран зүтгэж, өөрсдөө түүнийг гүйцэлдүүлэхээр нотлох баримтыг мушгин гуй­вуулж  байна” гээд прокурор О.Мөнхбаатар, Ё.Сагсай нар Д.Чойжамц хамбын мэдүүлэг доторх Шашинд  гэсэн үгийг удаа дараа Ганданд хэмээн уншиж, тэр өнцгөөс тайлбарлаж  байгаа нь хууль зөрчсөн,  гүтгэж, хэлмэгдүүлэхийн төлөө улайрсан ажиллагаа гэв.

Дугаар шилжих мөчид:

Хавтаст хэрэгт авагдсан материалуудад  үндэслэн өмгөөлөгчдийн цуглуулсан баримт, гэрч, хохирогч /мөрдөн бай­цаал­тын шатанд ингэж хэрэг бүрдүүлсэн болохоос үнэндээ бол энэ хэрэгт ямар ч хохирогч байхгүй/, шүүгдэгчдийн зүгээс хэрэг үүсгэх үндэслэлгүй, тиймээс хэрэг хийсэн нь нотлогдохгүй байгаа, мөн  ял шийтгэл ногдуулах нь шударга бус гэдгийг   удаа дараагийн  шүүх хурлын мэтгэлцээнд ийнхүү  гаргаж тавьж байсан юм.  Гэсэн ч  өчигдөр 22.45 цагт  Сүхбаатар дүүргийн шүүх шийдвэрээ гаргаж,  Н.Энх­баяр нарыг гэм буруутайд тооцон дөрвөн жилийн хугацаагаар хорих,   До.Чулуун­баата­рыг 2.1 жил хугацаагаар,  Ж.Мягмаржаргалыг  3.6 жилийн хорих ялаар  тус, тус яллаж  жирийн дэг­лэмтэй хорих ангид эд­лүүлэхээр тогтоол уншлаа. Шүүгчид Нийс­лэлийн өм­чийн харил­цааны  газрын орлогч дар­га Д.Дулам­сүрэнг цагаатгасан юм.

Тогтоол уншсаны да­раа сэтгүүлчдийг танхи­маас гардагш гаргаж  цаг­даа нар шүүхийн  арын хаалгаар Н.Энхбаяр нарыг  авч гарсан юм.  Энэ үеэр МАХН-ын гишүүд, дэмжигчид  шүүх шударга бус шийдвэр гаргалаа хэ­мээн Сүхбаатар дүүргийн  гадаа эсэргүүцлээ илэр­хийлсэн. Зарим эх сурвал­жийн зүгээс шүүхийн тог­тоол урьдчилаад гарчихсан байсан гэдгийг хэлж байлаа. Шүүх хурлын эхний өдрөөс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс долоо хоногийн хугацаатай өндөржүүлсэн хамгаа­лалтад гарсан. Шүүх хурал үргэлжилсэн гурван өдрийн турш тэд  эргүүл, хамгаалалтаа чангатгаж байсан   нь үүний  илэрхийлэл гэдгийг ч зарим хүн хэлж байлаа. Дугаар шилжих мөчид МАХН 00.00 цагт  намын­хаа байранд хэвлэлийн  хурал зарласанаа  хэвлэл, мэдээллийнхэнд  мэдэг­дэв.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 5

Indications For Keflex cialis without a doctor’s prescription Propecia Agente Comprar Cialis Malaga Viagra 50 O 100

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *