“ГОК”-ынхон дэнж хотойтол наадлаа

6-р сарын 29, 2018 9:31 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг , Шуурхай Мэдээ Уншсан: 57
_DSC0048

Д.ОЮУНЧИМЭГ

“Эрдэнэт үйлдвэр” компанийн 40 жилийн ойн баяр наадам энэ сарын 27-нд болж өндөрлөлөө. “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” наадам дааганы уралдаанаар эхэлж баярын жагсаал, 128 хүчит бөхийн барилдаан, сур болон шагайн харваагаар үргэлжилсэн юм. Наадмын талбайд таван хошуу мал нь бэлчиж, хөсөг тэргээр нүүдэллэх малчин айл гээд хөдөөгийн амьдралыг харуулсан нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн юм. “Монгол ахуй сайхаан. Орчин цагт бид ахуйгаасаа холдоод байгаа шүү. Ядаж баяр наадмаар хүүхэд залуустаа эртний нүүдэл хийгээд хөдөөгийн амьдралыг харуулж байх хэрэгтэй” хэмээн наадамчин олон хөөрөлдөж байв.

Алдартнуудаар чимсэн баярын жагсаал

  

Эрдэнэт үйлдвэр 32 цехтэй. Тэд ёслолын жагсаалдаа өөрсдийн онцлогийг харуулан Эрдэнэт хотын төв талбайд жагссан юм. Харин наадмын талбайд тус үйлдвэрээс төрж гарсан алдар цуутнуудын жагсаал болж үзэгчдийн сэтгэлийн хөгийг хөндлөө. Эрдэнэт үйлдвэрээс Хөдөлмөрийн баатар тав төрсөн бол Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт уурхайчид, Төрийн шагналт, гавъяат гээд олон арван алдартнууд цугласан олонд хүндэтгэл үзүүлсэн юм.

Хүчит бөхийн барилдаанд тус үйлдвэрийн үндсэн болон туслах, нийгмийн цехүүдийн нийт 128 бөх барилдсанаас Авто тээврийн байгууллагын бөх, аймгийн заан Д.Золбаяр түрүүлсэн бол шагайн харваанд зургаан баг өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Монгол Улсын гарамгай мэргэн Ө.Тогоо ахлагчтай Авто тээврийн байгууллагын ахмадын баг эзэлжээ. Харин үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс Ил уурхайн харваач, аймгийн мэргэн н.Ганчулуун, Эрчим хүчний цехийн харваач, спортын мастер н.Ганхуяг, Баяжуулах үйлдвэрийн харваач, аймгийн мэргэн спортын мастер н.Өлзийхутаг, эмэгтэйчүүдээс ДЦС-ын харваач н.Баасанжаргал, Авто тээврийн байгууллагын харваач, аймгийн мэргэн, спортын мастер н.Золзаяа, Спорт ордны харваач, спортын мастер н.Дэлгэрмаа нар эхний байруудад шалгарсан байна.

Мөн хурдан дааганы уралдаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчдын уяа сойлгыг нь тааруулсан 84 хурдан даага шандас хүчээ сорьсноос “Эрдэнэт үйлдвэр” компанийн Ерөнхий захирал, Монгол улсын Алдарт уяач, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэнгийн хээр даага түрүү магнайллаа.

Ерөнхий захирал,Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,

Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэн

-ХХ зууны манлай бүтээн байгуулалт, Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсны түүхт 40 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе. Монгол орны өнцөг булан бүрээс илгээлт өвөрлөсөн залуусын цуваа энэ зүгт хөвөрч, Эрдэнэт овооны дэргэд их бүтээн байгуулалт сүндэрлэсэн юм. Монгол, Орос “ахан дүүс”-ийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны үр дүнд Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн хөгжилд хүргэснийг бид мартах учиргүй. Эрдэнэт үйлдвэр улсын хөгжлийг түүчээлсээр ирлээ. Өнгөрсөн хугацаанд  шат дараатай өргөтгөл шинэчлэл хийсний үр дүнд одоо 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үндэсний үйлдвэр болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байна.

СГЗ Д.Дашдондов

-Би 1975 оноос ажиллаж эхэлсэн. Эх орны эрдэнийн сан болсон Эрдэнэтийн уурхайтай хувь заяагаа холбосон нь миний бахархал. Үйлдвэрийн сүлд дуу “Уурхайчин” дууны үгийг бичсэн нь надад олдсон том боломж байв. Үе үеийн уурхайчид болон Эрдэнэтийнхэндээ баярын мэндийг дэвшүүлье.

Алдарт геологич Г.Сандуйжав

-Одоогоос 54 жилийн өмнө дөнгөж сургууль төгсөөд ирсэн юм. Анх Чехүүдтэй цуг ажиллан нөөцийг нь тогтоох үйл явцад оролцсон. Эрдэнэт үйлдвэрийн нөөцийг гурван үе шатаар тодорхойлсон. Анх Чехүүдтэй түүний дараа монголчууд, хамгийн сүүлд Орос инженерүүдтэй хамтран хүдрийн нөөцөө тогтоож байлаа. Ингээд үйлдвэр байгуулагдан үйлдвэр дагасан том хотыг бий болгосон нь бидний бахархал.

“Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар

-Эрдэнэт үйлдвэрийн алдартнуудаараа бахархаж байна. 2016 оны зургаадугаар сард Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголынх болсон. Ингэснээр түүхэнд байгаагүй өндөр ашигтай ажилласан. Энэ хэрээрээ улсын төсөвт мөн нэлээдгүй татварыг төвлөрүүлж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн онд нээлттэй тендер зарлан дотоодын үйлдвэрлэгчдийг ханган нийлүүлэгчээр сонгон хамтарч ажилласан. Үүгээрээ үйлдвэрлэлийг каластераар хөгжүүлэх боломжийг олон нийтэд харуулсан гэж боддог.

Засвар механикийн заводын үйлчлэгч С.Янжинлхам

 

-Үйлдвэрийн 40 жилийн ой өргөн дэлгэр сайхан болж байна. Миний ээж Эрдэнэт үйлдвэрийн ахмад ажилтан. Би үе залгамжлан ажиллаж байгаадаа баяртай байдаг. Манай үйлдвэр улсынхаа хөгжилд дорвитой хувь нэмрээ оруулдагаар нь би бахархдаг. Баяр наадмын мэндчилгээг үйлдвэрийн нийт ажилтан албан хаагч болон нутгийн зон олондоо хүргэе.

Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсанаас хойш 45 жил өнгөрчээ. Дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсноос хойш 40 жилийг тойрчээ. Ойгоо тэмдэглэж буй “Эрдэнэт үйлдвэр” компанийг Сүхбаатар одонгоор шагнасан юм. “Одоогоос 40 жилийн өмнө буюу 1978 онд Монгол, Орос хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт нь зэс, молибдений хамтарсан үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан байдаг. “Эрдэнэт үйлдвэр” компани байгуулагдсан цагаасаа хойш улсын төсвийн гуравны нэгийг дангаараа бүрдүүлж ирсэн бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хүнд жилүүдэд төсвийн бүрдүүлэлтэд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн гавьяатай” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга наадамчин олонд ирүүлсэн мэндчилгээндээ онцолсон байлаа.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *