Гишүүн Ч.Улаан юуг өгүүлэв?

3-р сарын 26, 2015 9:39 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 544
Картын бараанд дугаар­ладаг байсан монголчуудын энэ нийгмийн содон үйл явц нь 21 мянган төгрөг байв.

М.ЦЭЦЭГ

Картын бараанд дугаар­ладаг байсан монголчуудын энэ нийгмийн содон үйл явц нь 21 мянган төгрөг байв. Хүн бол­гонд 1.5 сая төгрөг ол­гох тухай улсаас шийд­вэрлэж сар бүр 21 мянган төгрөгөө авахаар дугаарлаж зогсдог байсан нь монголчууд бидний саяхны түүх.

Манай дарга нар Оюутолгойн ордоо өгс­нийхөө төлөөсөнд урьд­чилгаа мөнгө авч түү­нийгээ хүн бүрт ижил тэгш хуваарилсан нь тухайн үедээ баярлууштай зүйл бай­сан ч одоо эргээд харахад хоосон зүйл байж. 21 мянгаас ямар ч бая­лаг, хөрөнгө, том зүйл үлдээгүй. Дээр нь монголчууд Оюутолгойн ордоо хөрөнгө оруулагч “Рио Тинто”-д зүгээр өгснийхөө хариуд авсан мөнгө нь өндөр хүүтэй арил­жааны зээл байсан гэд­гийг эдийн засагчид, улстөрчид сүүлийн хэдэн жил ярьсаар, хэвлэлүүд бичсээр ирсэн.

Хөдөөний малчин өвөө хүртэл Оюу­толгойгоо тавиад туучих­сан гэдгийг гэрээг нь хараагүй хэрнээ л онож хэлдэг байв. Бид баялгаа гадаадынханд өгснийхөө төлөө өндөр хүүтэй зээлийн дарамтад орж, одоо эдийн засаг уналтад орж улс орон хүндхэн байдалд орсныг олон хүн ярьдаг ч гэсэн үүнийг өмнөх Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ч.Улааны ярилцлага илүү бататгаж өглөө. Тэрээр ТМ телевизийн “Танил хүн” нэвтрүүлэгт орохдоо Оюутолгойн төсөл, гэрээ хийх явц болоод хөрөнгө оруулалтад ноцтой зөрчил байсныг онцлов.

Оюутолгойн орд ашиглах Техник эдийн засгийн үндэслэлд уурхайн ашиглалтын хугацаанд нийт 14.648 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулахаар тусгасан бөгөөд үүнээс 5.174 сая ам.доллар нь анхны хөрөнгө оруулалт буюу баяжуулах үйлдвэрийн ажиллагааг эхлүүлэхээс өмнө ил уурхайг байгуулах, хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэр барих, цахилгаан станц, гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, бусад дагалдах дэд бүтэц зэрэгт зарцуулахаар тодорхойлсон байдаг.

Гэтэл хожим буюу Шинэчлэлийн Засгийн газрын үед анхны хөрөнгө оруулалтын зардлаа хоёр тэрбум ам.доллараар өсгөсөн нь ямар ч санхүүгийн баримт нотолгоогүй байсныг холбогдох хүмүүс илрүүлжээ. Ажлын хэсэг хоёр жилийн хугацаанд ажиллаж энэ ээдрээтэй зүйлийг илрүүлсэн тухай Ч.Улаан гишүүн ярилцлагадаа дурдав. Түүний хэлснээр энэ нь “Рио Тинто”-ийн өгөөш болсон монголчуудын хувьд хүнд хохирол болжээ.

Хөрөнгө оруулалтын зардлаа хоёр тэрбум ам.доллараар хуурамчаар өсгөсөн нь манай талд  маш их алдагдалтай. Хөрөнгө оруулалтын зардал өсөх тусам  хөрөнгө оруулагч компанид менежментийн төлбөр гээд нийт зардлын зургаан хувийн төлбөрийг төлдөг. Дээр нь манай талын төлөх ёстой 34 хувийг нэмэгдүүлж байна гэсэн үг.

Оюутолгой үнэхээр ашиггүй, хариуцлагагүй ажиллаж байгаад Шинэчлэлийн Засгийн газар хариуцлага тооцож ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг өөрчилж байсан. Энэ явцад “Чингис” бонд, “Самурай” бондыг нийлүүлснээс их хэмжээний мөнгө буюу дээр дурдсан хоёр тэрбум ам.доллар ямар ч баримтаар баталгаажаагүй байсан нь илэрсэн байна. Энэ мөнгө нь Монголд оруулсан хөрөнгөд тооцогдож явж байсан аж. Энэхүү хоёр тэрбум ам.долларыг ямар ч санхүүгийн баримтаар нотолж чадахгүй өнөөдрийг хүрсэн байгаа. Энэ нь анхны хөрөнгө оруулалтад ч хамаарахгүй, хөрөнгө оруулалтын гэрээнд ч тусгагдаагүй, цаашлаад хоёр дахь шатны хөрөнгө оруулалт ч биш. Учир нь хөрөнгө оруулалтын гэрээнд хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын тухай огт дурдаагүй юм.

Ийн “Рио Тинто”-ийн ээлжит өгөөшинд орсноо мэдсэн Монгол Улс хоёр жилийн турш ТЭЗҮ-ийн тооцоог авч чадахгүй байсаар Н.Алтанхуягийн Засгийн газар огцорчээ. Харин одоо Оюутолгойн байдал ямар байгаа хийгээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэ талаар юу хийж байгаа нь хэнд ч мэдэгдэхгүй байгаа нь сонин юм. “Том төслүүдээ явуулах уу, үгүй юү” гэсэн мессэж бичиж хариу авсан болохоос түүний үр дүнд юу болсныг Шийдлийн Засгийн газар ажилласан өнгөрсөн 100 гаруй хоногт ямар ч мэдээлэл гаргасангүй. Цаашид юу хийх, яах ёстой вэ гэдэг асуудал төр, засгийн хэмжээнд мухардалд орсон нь илт байна. Үнэхээр Монголын хөгжлийн эхлэл болно гэж олон хүний найдаж байсан төсөл бүтэлгүй болсон. Цаашид Оюутолгойг хөдөлгөж, төслийг үргэлжлүүлнэ гэвэл улам гүнзгий ангалд унана гэдгийг учир мэдэх хүн бэлхнээ хэлээд өглөө.

Энэ тухайд УИХ-ын гишүүн Ч.Улаан хэлэхдээ “Монголын ард түмэн Оюутолгойд маш их найдвар тавьсан. Монгол Улсын хөгжил цэцэглэлт, сэргэн мандалт энэ төсөлтэй холбоотой байсан. Тиймээс бүгд аж ахуйн эргэлтэд оруулъя гэж тухайн үед хандсан. Гэтэл хэдэн жилийн дараа эргээд харахад бидний хүсэж мөрөөдөж байсан зүйл биеллээ олсонгүй. Тэгэхээр анхнаас нь дүгнэж үзэх хэрэгтэй. Одоо Оюутолгойн  төслийг ямар ч хамаагүй үнээр явуулаад байя гэвэл бид улам л гүнзгий нүхэнд унана. Энэ төсөл мордохын хазгай болсон. Монгол Улс 34 хувьдаа үнэ төлсөн, бүр арилжааны банкны зээлийн өндөр хүүтэй үнэ төлсөн. Монголчууд өөрийнхөө баялгийг өндөр хүүтэй арилжааны банкны зээлээр худалдан авсан. Иймд анх гаргасан 10 зүйлтэй удирдамжийг зүйл бүрээр нь хэлэлцэж, УИХ-аас Ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Анхнаасаа бид асуудлын гүнд орж мөн чанарыг ойлгоогүй нь буруу” гэжээ.

Үнэндээ ямар асуудал байгааг ухаарах, анзаарах улстөрчид, сайд, дарга нар тухайн үед буюу Оюутолгойг ашиглах, гэрээ хийх тухай ярьж эхлэх үед байгаагүй юм. Яагаад гэвэл УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн үе байв. Сонгуулийн сурталчилгаа ч эхэлж аль нэг нам нь ялах хэрэгтэй болж, нэг нэгнээсээ давж гарсан бэлэн мөнгөний амлалтаар уралдаж байлаа. Ардчилсан нам нэг сая, Ардын нам 1.5 саяыг амалж байв.  Нэгэнт амалсан зүйлээ өгч сонгогчдын саналыг худалдаж авахын тулд хаанаас ч хамаагүй мөнгө босгох шаардлагатай болсон. Ингээд манай улстөрчдөд Оюутолгой л “саалийн үнээ” болж харагдсан бөгөөд тэндээс иргэддээ үр өгөөж хүртээх тухай бодлого гарган сонгуулийн дараа амлалтаа өгөхөөр улайрсан юм. Ингээд л монголчууд 21 мянган төгрөгийн төлөө үүрээр босож банкнуудын үүд сахидаг түүхийг бичсэн юм. Сар болгон мөнгө өгдөг нь сайхан л санагдаж байв. Гэвч улсынхаа баялгийг гадаадынханд өгчихөөд дээр нь өрөнд орж буйгаа эрх мэдэлтнүүд хэлээгүй байхад иргэд яаж мэдэх билээ.

Оюутолгой эргэлтэд орсон эхний хэдэн жил эдийн засгийн өсөлт боломжийн хэмжээнд хүрэв. Цалингаа авсан өдөр тухайн хүний түрийвч түнтийж, гэр орондоо  хангалуун болчихдог нь жам ёсных гэдэг.  Ийм жамаар хэдэн сар сайхан амьдарсны эцэст монголчууд бид халаасандаа орсон бүх мөнгөө тэр өдөрт нь зарцуулчихаад одоо хоосон суугаа нь харамсалтай. Энэ бүхэнд хэн буруутай вэ. Гэрээ байгуулахыг зөвшөөрч тогтоол гаргаж өгсөн УИХ уу, тогтоолыг батлалцсан гишүүд үү, гэрээний төслийг дэмжсэн Засгийн газар уу, гэрээнд гарын үсэг зурсан гурван сайд уу. Энэ тухайд одоог хүртэл манайхан маргалдсаар байгаа юм.

 

Хэрэв манай улстөрчид гадаадынхантай гэрээ байгуулах туршлагатай байсан бол, асуудалд нухацтай хандсан бол, байгалийн баялгаа эх орондоо ашигтай байдлаар гэрээ хийсэн бол, ядаж хийх гэж оролдсон бол өнөөдөр “Рио Тинто”-ийн аманд орсон өгөөш болохгүй байлаа. Эцэст нь монголчууд баялгаа алдсан, дээр нь сайн, муугаараа улс орны хэмжээнд хүртэл их талцал үргэлжилсээр байна. Харин “Рио Тинто” манайхныг хоёр тэрбум ам.доллараар хууран мэхэлчихсэн  байхад Монголын Засгийн газар, УИХ юу ч хийхгүй байгаа нь хачирхалтай. Оюутолгойн төсөл цаашаа явах уу, үгүй юү гэдгийг шийдэх нь асуудлын гарц ч гэлээ дахиад гоомой юм хийвэл гүнзгий ангалд унадаг аюултайг бодож яваа сайд, гишүүд бий байх.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 14

Viagra Dapoxetin No 1 Canadian Pharmacy cialis 5 mg best price usa Acquisto Levitra Orosolubile Canadian Pharmacies Buy Viagra

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *