Германд 1.5 сая дүрвэгч ирнэ

10-р сарын 6, 2015 10:53 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 58
10-6-2

Н.МӨНХЖИН

Германд оны эцэс гэхэд 1.5 сая дүрвэгч орж ирнэ хэмээн тус улсын эрх баригчид тооцоолж байна. Энэ нь таамаглаж байснаас 1.5 дахин их тоо юм. Өнөөдөр олон нийтэд ил болох Берлиний Засгийн газрын илтгэлд ийнхүү бичсэн хэмээн Bild сонин уламжлав. “Цагаачлал, дүрвэлтийн давалгаа цаашид улам нэмэгдэнэ. Энэ оны дөрөвдүгээр улиралд Германы хилийг давах хууль бус цагаачдын тоо өдөрт 7-10 мянгад хүрнэ” хэмээн илтгэлд дурджээ. Цагаачид олноороо орж ирснээр газрын эзэд, муж, орон нутгийн захиргаанд ихээхэн хүндрэл учруулна хэмээн үзэж байна. Оршин суух эрх авсан дүрвэгсэд ах дүү, хамаатан саднаа Герман руу татна хэмээн Берлиний эрх баригчид болгоомжилж байна. Ойрхи Дорнодын орнуудад айл гэрүүд өнөр өтгөн байдаг тул нэг дүрвэгчийн ард гэр бүлийнх нь 4-8 хүн байдаг аж. Тэдний нэг нь Германд хөл тавибал бусад нь эрт, орой хэзээ нэгэн цагт араас нь орж ирнэ хэмээн таамаглаж байгаа аж.

Улс үндэстэн дамнасан цагаачлалын асуудал Европт бас нэг хямрал авчирна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Энэ янзаараа цагаач, дүрвэгсдийн урсгал хянаж чадахааргүй төвшинд хүрнэ хэмээн үзэх хүмүүс байгаа юм. Европын холбооны Гадаад хил хязгаарын аюулгүй байдлын агентлаг (Frontex)-ийн мэдээллээр, 2015 он гарсаар Европын холбооны хил хязгаарыг 500 мянга гаруй цагаач давжээ. Ойрын хоёр жилд наад зах нь 850 мянган цагаач орж ирнэ хэмээн НҮБ тооцоолсон байна. Европын холбооны хууль зүй, дотоод хэргийн зөвлөл Итали, Грекээр дамжин Европт орж ирсэн 120 мянган дүрвэгчийг Европын холбооны орнуудад тараан суурь­шуулах төлөвлөгөөг есдүгээр сарын 22-нд дэмжин баталсан билээ. Холбооны ихэнх орнууд энэ шийдвэрийг дэмжсэн ч Чех, Унгар, Румын, Словак улс эсэргүүцжээ. Финланд түдгэлзсэн байна. Нэгэнт орж ирсэн дүрвэгсдийг Европын холбооны улсууд хүн ам, эдийн засаг, амьдралын төвшиндөө тохируулан хүлээж авахаар болсон. Цагаач, дүрвэгчдийг хүлээж авахаас татгалзсан орнуудыг дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь мянганы хоёр хувьтай тэнцэх мөнгөөр торгох аж. Словак улс гэхэд л хоёр сая долларын торгууль хүлээхээр болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *