Газрын шарх аньжээ

10-р сарын 31, 2017 9:03 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 11
10-31-4х

Ц.МЯГМАРБАЯР

Монгол Улсын хэмжээнд алтны гарц багасч, нөөц барагдаж байгааг  Баянхонгор аймгийн бичил уурхайчид хэлэв. Аажмаар өөр ажлын байранд шилжүүлэх нь хамгийн зөв гарц гэдгийг олон улсын байгууллага зөвлөдөг. Үүнийг ойлгосон бичил уурхайчид өөр ажлын байранд шилжээд эхэлжээ.Тухайлбал, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт үйл ажиллагаа эрхэлж буй “Батсайхан сэтгэл” ТББ-ынхан мал маллаж, сүү цагаан идээгээ борлуулж байна. Зарим нь ногоо тарьж  жижиг, дунд бизнес эрхэлдэг болжээ. Энэ санал санаачлагыг сум, орон нутгаас нь дэмжин Галуут сумын ойролцоо ногоо тарьдаг 60 га газраас таван га-г нь бичил уурхайчдад өгчээ.

“2000 онд Баянхонгор аймаг “нинжа”- гаар дүүрсэн байв.  Байгаль орчин сүйдэж, хүмүүсийн эрүүл мэнд хохирч байгааг хараад  сэтгэл зовдог байлаа. Хөдөлмөр аюулгүй байдлын талаар ямар ч анхны мэдэгдэхүүнгүй тархай,бутархай хүмүүс байгаль сүйтгэчихээд л явна. Түүнчлэн замбараагүй архидалт, элдэв янзын хэрэг түвэг тасардаггүй. Ийм нөхцөлд  хүмүүсийн санаа сэтгэлийг нэгтгэнэ гэдэг хамгийн хүнд байв. Гэхдээ тэдний дундаас Галуут сумын хэсэг эмэгтэйчүүдийг сонгож “Батсайхан сэтгэл”  ТББ-ыг байгуулсан. Аймаг орон нутаг манай байгууллагыг  маш сайн дэмжсэн учраас оршин тогтносон” хэмээн Д.Батчулуун гэх эмэгтэй ярьж байна.

Цэцэрлэгийн багш мэргэжилтэй энэ бүсгүй эрчүүдтэй ана, мана үзэлцэн алт хувиараа олборлож ар гэр, үр хүүхдүүдийнхээ төлөө тэмцэж буй эмэгтэйчүүдийг хараад  өөрийн эрхгүй энэ нутагт үлдсэн гэдэг.Тэднийг эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварт хамруулж улмаар төсөл бичиж сургажээ. Тэд нэгдэж нийлээгүй байхдаа эрсдэлтэй нөхцөлд хэрхэн ажиллаж байсан үеэс нь бие даасан байгууллага болох хүртэлх түүхийг нь баримтжуулан архивлаж, зааж сургасан гэдэг.

2010 онд тус байгууллага дэргэдээ “Сайн үйлс баян”, “Сайн үйлс мөнх”, “Гал жавхаа” хоршоог үүсгэн байгуулсан. Тус хоршоод цагаан идээ боловсруулах, нарийн ногоо тарих, хадлан тэжээл, овъёос бэлтгэх чиглэлээр ажиллаж байна. 2015 онд 7.2 га, өнгөрсөн онд 7.5 га -д нөхөн сэргээлт хийж сум, аймгийн байгаль орчны газарт хүлээлгэн өгчээ.  Энэ онд зургаан га газарт нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн байв.Эднийх дотроо зургаан нөхөрлөлтэй. Техникийн нөхөн сэргээлтийг  энэ жил арав хоногт хийсэн аж. Харин биологийн нөхөн сэргээлтийг хийхдээ согооворын үр түүж бор хөрсөндөө суулгасан нь зуншлага тааруу байсантай холбоотой гэнэ. Хоршооны дарга нар бүгд эмэгтэйчүүд. Тэдний хийсэн зүйлийг хараад бахархах сэтгэл төрж байв. “Батсайхан сэтгэлт” ТББ-ын УЗ-ийн гишүүн С.Баярсайхан “Нэгдэж зохион байгуулалтад ороогүй байхдаа бид энд тэндээс байнга хөөгддөг. Багаж, хэрэгслээ нууна, хургаалгана гээд хэцүү байсан. Ингээд нэгдсэн зохион байгуулалтад орж  сургалтад сууж, зөвлөгөө авсны үр дүнд  Төрийн бус байгууллага болсон. Одоо  мэргэшсэн хамт олон боллоо.“Гал жавхаа” бичил хоршоо өнгөрсөн онд “Тогтвортой бичил уурхай” төслөөс таван сая төгрөгийн санхүүжилт авч түүгээрээ овъёосны үр худалдан авч  “Сайн үйлс мөнх” хоршоотой хамтарч Талын толгойд таван га газар  овъёос тариалсан. 200 боодол овъёос мөн байгалийн хадлан арван тонныг бэлтгэж сум орон нутагт нийлүүлснээс гадна Сүмбэр багийн малчдад хямд үнээр борлуулсан. Өвөлжилтийн бэлтгэлээ базаан 10 шуудай овъёос нөөцөлсөн. Мөн II багийн малчдад өгөхөөр гэрээ хийсэн. Малчид  Баянхонгор аймгаас нэг шуудай овъёосыг 40 мянган төгрөгөөр авдаг. Манайх 35-38 мянган төгрөгөөр борлуулдаг” гэв.

“Сайн үйлс мөнх хоршоо”-ны дарга С.Жавзандулам “Манай хоршоо 2015 онд байгуулагдаад  Хөдөө аж ахуйн маркетинг төслөөс 18 сая төгрөгийн буцалтгүй  тэтгэлгээр трактор газар хагалах анжис бусад техникүүд худалдан авч гурван хүлэмж барьсан.Сумаас бидэнд хуучин ногоо тариалдаг байсан усжуулалтын талбайгаас газар олгосон. Тэр талбайдаа төмс, байцаа, манжин, лууван  хүлэмжиндээ өргөст хэмх, улаан лооль, тарвас зэрэг нарийн ногоо тариалсан. Манайх таван өрхийн 16 гишүүнтэй. Өнгөрсөн жил нийт таван тонн ногоо хурааж авсан. Бүх өрхүүддээ 400 кг ногоо хэрэгцээнд нь өгсөн. Илүү гарсан ногоогоо сум, багийн хэрэгцээнд нийлүүлсэн” гэв.

Харин “Батсайхан сэтгэл” байгууллагын тэргүүн Д.Гансувд “Манайх энэ онд Баян амны эхэнд нөхөн сэр­гээлт хийж, Шар хурууны жалганд үүссэн 3-5 метрийн гүнтэй 50 гаруй нүхийг булж, техникийн нөхөн сэргээлт хийсэн. Нутгийн малчдын мал унадаг уч­раас нөхөн сэргээлт хий­хээс аргагүй.Энэ жилийн тухайд таван га газарт нөхөн сэргээлт хий­сэн. Жил болгон нөхөн сэргээлтийн тө­лөв­л­өгөөгөө давуулан биелүүл­дэг. Биологийн нөхөн сэргээлт хийхийн тулд говийн нөхцөлд тэсвэртэй, нутгийн онцлогт дасч зохицсон ургамлын үрийг байгалиас нь түүж тарьдаг. Ингэхдээ гар аргаар  нөхөн сэргээлт хийнэ. Том оврын хүнд жинтэй техникээр нөхөн сэргээлт хийснээс гар аргаар нөхөн сэргээлт хийвэл газар хурдан эд­гэр­дэг юм билээ. Том компаниуд бичил уур­хайчидтай хамтран ажил­лаж, нөхөн сэргээлтээ хийл­гэж болно шүү дээ. Ингэ­вэл  бичил уурхайчид маань түр ч гэсэн ажлын байртай болно. Байгальдаа ч хэрэгтэй” хэмээн турш­лагаасаа хуваалцлаа. Ийнхүү алтны харгайгаар сүйтгэгдсэн газрыг тэд нө­хөн сэргээж газрын шархыг эдгээж буй нь бай­гальдаа хийсэн их буян гэлтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *