Газрыг нөхөн сэргээх нь хүний биеийг эмчлэхтэй адил

11-р сарын 28, 2017 8:16 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 8
11-27-4й1

Ц.МЯГМАРБАЯР

Хариуцлагагүй уул уурхайгаас үүдэж нутаг орон нь сүйдээгүй нэг ч аймгийг Монголын тал нутгаас хайгаад олохгүй болов уу. Нүүрс ухсан газар, нүдийг нь ухаад авсан хохмой толгой шиг харагддаг бол алт ухсан газар алаг гэдсийг нь хүй татсан үнээ лугаа харагддаг гэж манай эрдэмтэд ёжилсон  байдаг. Энэ яасан үнэн хэлсэн үг вэ гэж  уул уурхай олборлолтоор  сүйдсэн газруудаар явж байхад бодогдоно. 2000 оны тэртээгээс ажил, орлогогүй болсон 2000-аад хүн хүрз жоотуугаа барин алт руу хошуурцгааж эхэлсэн. Танил талтай нэг нь уул уурхайн компанид жолооч, ачигч болж ногоон талыг хар шороон тал болтол, нүүрсийг шанага шанагаар ухаж урд хөрш рүү гаргасан он жилүүдэд овоолсон шороо, ухсан нүхтэй үлдсэн. Алтны илэрц ихтэй долоон аймаг бий. Түүний нэг нь Төв аймгийн Заамар суманд огтоно хөёөлөх өвсгүй, уух усгүй болсон. Мөн  мал бэлчээрлэх газаргүй  болж хүн байтугай үлийн цагаан огтоно дайжиж байна гэж нутгийн иргэд ярьдаг. Манай улсад олборлох салбар болон байгаль орчныг хамгаалах хууль эрх зүйн орчин тийм ч муу биш. Усны эх, ойн сан, ухсан газрыг эргэн сэргээх талаар олон дүрэм журамтай. Гэвч бодит байдал дээр нөхөн сэргээлгүй орхисон талбай нэмэгдсээр. 2012 онд улсын хэмжээнд нийт 699 нэгж талбарт 3256 га газрыг эвдэж нөхөн сэргээлгүй орхижээ. 2017 оны эхний хагас жилийн байдлаар 13375 га-д буюу 42.02 хувьд техникийн, 7452 га-д биеологийн нөхөн сэргээлт хийжээ. Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг алтны компаниудын балгаар 90 орчим мянган га талбай эвдэрч сүйдсэн билээ.  “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Хайлааст багт энэ намар оройхон очлоо. Нутгийн иргэдтэй цуг сүйдсэн газар тийш хараа бэлчээн зогстол дунд хэсэгт дүүжин гүүр, хажууд нь нэг сандал харагдах шиг болов. Энэ юу билээ гэж иргэдээс асуухад “ УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын компани “Монполимент”- ийн нөхөн сэргээсэн талбай гэв. Яагаад энэ овоолсон  шороо, нүхэн дунд ийм зүйл барьдаг байна гэхэд “Амарч зугаалах газар болгосон царай нь” гэж билээ. Тэгтэл наана нь Туул гол дотор “Монполимент” компаний алт угаах хүчит “Драг” ажиллаж харагдав. Нөхөн сэргээлтийг бусад компаниудаас арай дээр хийдэг гэсэн тус компани иргэдийг ийнхүү дором­жилж нүглийн нүдийг гурилаар хуурах ч гэж дээ гэж харамсаж байлаа.

НУТГИЙНХ НЬ УРГАМЛААР НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХЭД УНАГАН ТӨРХӨНДӨӨ ХУРДАН ОРДОГ

 Уул уурхайн олборлолт явагдсан газар уг нь, уурхай хаах үеэр нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийж өмнө байсан унаган төрхөд нь оруулж  газар нутгийг улсад нь хүлээлгэн өгдөг олон улсын жишигтэй. Энэ жишгийг ярьсаар олон жил болсон ч нөхөн сэргээлтийг төгс хийсэн компани нэг ч байхгүй нь харамсалтай. Хуульд анхнаас нь уул уурхайн олборлолт хийсэн үеэс эхлэн хаах хүртэл үе шаттай нөхөн сэргээлт хийхийг тусгаж өгөөгүйтэй холбоотой. Зөвхөн уурхай хаах үед  нөхөн сэргээлт хийнэ гэсэн нь өрөөсгөл болжээ. Учир нь уурхай хаах үед нөхөн сэргээлт хийхэд асар их хөрөнгө мөнгө шаардлагатай болдог. Гэвч уурхай эдийн засгийн ашигтай ажиллаж байх үедээ нөхөн сэргээлтэд мөнгө нөөцөлдөггүйтэй холбоотой гэж уул уурхайн мэргэжилтнүүд хэлдэг. Нөгөө талаар БОАЖЯ-наас боловсруулсан нөхөн сэргээлтийн аргачлал нь уурхайн үйл ажиллагаа дууссан их хэмжээний газар эвдэгдсэний дараа хийхээр байгаа нь  их зардал шаардаад зогсохгүй үр дүн бага байгааг шүүмжилсээр иржээ. Бусад орны нөхөн сэргээлтийн туршлагыг манай компаниуд авч хэрэглэдэг ч Монгол орны нөхцөлд таарахгүй байгааг олон жилийн явцад харуулсан байна. Том компаниуд ихэвчлэн техникийн нөхөн сэргээлт хийдэг ч анхныхаа унаган төрхөндөө ороогүй. Түүнчлэн ургамал ногоо нь ургаж, ан амьтан нь ирээгүй байгааг Баян­хонгор аймгийн Галтуут суманд “Хаан гарьд” компанийн хийсэн тех­никээр нөхөн сэргээсэн тал­байгаас харж болно. Гэ­тэл тус сумын “Батсайхан итгэлт” ТББ-ын бичил уурхайн нөхөрлөлийн хийсэн биеологийн нөхөн сэргээлт хийсэн талбайд аль хэдийнэ өвс ногоо ургасан байх жишээтэй.

МОНГОЛ ЭРДЭМТДИЙН БОЛОВСРУУЛСАН АРГАЧЛАЛ ҮР ДҮНТЭЙ ЗАРДАЛ БАГАТАЙ

 2014 онд Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр Азийн сан “Бичил уурхайчдын нөхөн сэргээлтийн аргачлал”- ыг боловсруулж мөрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл гадны орны туршлагыг Монгол  орны онцлогт тохируулж бичил уурхай нөхөрлөлүүдийн боломж, байгаль цаг уурын онцлог зэргийг харгалзан монгол эрдэмтэд хоёр жилийн турш боловсруулжээ. Монголын хөрсөнд энэ аргачлал илүү үр дүнтэй гэж  батлагдсан юм байна. Аргачлал нь гурван онцлоготой. Тухайлбал, биео­логийн нөхөн сэргээлтэд тухайн нутагт ургадаг ургамлын үрийг нь хатааж улмаар тэрхүү хатаасан үрээр сэргээдэг учраас буцаж унаган төрхөндөө хурдан орох боломжтой байгальд ээлтэй юм. Нөгөө нэг онцлог нь нутгийн иргэдээс ямар аргачлалаар  нөхөн сэргээлт хийх талаар санал авч хэлэлцүүлдэг. Дараа нь энэ талбайг юуны зориулалтаар ашиглах тухайд нутгийн иргэдээс мөн санал авдаг онцлогтой ажээ. Бэлчээрийн, ойн үржүүлгийн, аялал жуулчлал, хиймэл нуур гэх мэтээр цаашид ямар чиглэлээр газрын эргэлтэд оруулах уу гэдгийг нутгийн иргэдтэй ярилцаж ажлын тө­лөв­лөгөө гаргадаг байна. Түүнчлэн бага зардал­тайгаар онцлогтой. Мон­голын цаг агаар, байгалийн тог­тоц харилцан адилгүй бүс нутагт энэ аргач­лалаар 2014, 2015 онд Швейцарийн хөгжлийн агентлаг есөн аймгийн 14 сумын нутагт 17 талбайд 210 гаруй га-д бичил уурхайчдын нөхөр­лө­лүүдээр биологийн нөхөн сэргээлт хийлгэсэн байна. Энэ жилийн тухайд  таван аймгийн  найман газарт 37.5 га газарт хийгээд байгаа тухай Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогт­вортой бичил уурхай төслийн орон нутгийн засаглалын мэргэжилтэн Ч.Оюунчимэг ярьж байв. Уул уурхай олборлолт явагдсан газарт байгаль орчин биологийн тө­рөл зүйлд  нөлөөлөх нь  зайлшгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нө­лөөлөхгүй гээд олборлолт эхлүүлдэг. Үүнээс болж том  хар нүх энд тэндгүй үүсдэг. Тэгэхээр сөрөг нөлөөллийг тооцохгүйгээр төслүүдийг хэрэгүүлжсэнээс болж асуудал үүсдэг гэж уг  аргачлалыг боловсруулсан Тогтвортой хөгжилд талуудын оролцоо ТББ-ын тэргүүн П.Болормаа хэлэв.

МӨЧЛӨГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ШИЛДЭГ АРГА БОЛЖ БАЙНА

Сүүлийн үед дэлхийн нийтэд байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг шат дараалан бууруулах  аргыг нөхөн сэргээлтэд өргөнөөр ашиглаж байна. Уул уурхайн сөрөг нөлөөллөөс зайлсхийх арга. Сөрөг нөлөөллүүдийг саармагжуулах, үр дүнтэй нөхөн сэргээлт хийх гэсэн. Нөхөн сэргээсэн гээд хаяад явдаггүй. Байгаль хамгаалах нэмэлт аргыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх  ёстой. Нэгэнт өөрчилсөн байгаль дэлхийг нөхөн сэргээлт хийснээр боллоо гэж үздэггүй аж. Өөрөөр хэлбэл тухайн нутагт ургамал нь ургаж унаган төрхөнд орлоо гэхэд дараагийн ажил нь тэнд нутагладаг ан, амьтан, хулгана зурамыг нь авчирч тавьдаг юм байна. Уул уурхайн компани олборлолт хийж хөрсөө хуулахдаа  эхлээд шимт хөрсийг хуулж аваад уурхайгаас арав орчим метрийн зайнд тусад нь тавьж салхинд хийсэхээс хамгаалж хучдаг аж. Дараа нь хөрсний дараагийн үе болох жижиг чулууг гаргаж мөн тав орчим метрийн зайнд тавина. Түүний дараа том чулуутай хэсгийг авч мөн тусад нь тавьдаг юм байна. Ингээд уурхай хаагдах үед биеологийн нө­хөн сэргээлтийг  хийхдээ анх авсан энэ дараалалаар бу­­цааж хийдэг ажээ. Ин­­гээд хамгийн сүүлд шимт хөрсөө тавьж нут­гийнх нь хатаасан урга­мал,  өтөг, бууцаар бор­дож өгдөг ажээ. Ингээд дараа жил гэхэд тэнд урга­мал нь ургаж амьтад, хор­хой шавьж нь ирдэг байна. Мөн нөхөн сэр­гээлтэд мөчлөгийн үе шаттай нөхөн сэргээлт хийх арга байна. Энэ нь хүний биеийн онцлогт тохируулж эмчилдэгтэй адил  уул уурхайн хайгууль ол­борлолт, ашиглалт, уурхай хаах бүхий л үе шат, мөчлөг бүрт нөхөн сэр­гээлт хийхийг хэлдэг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *