Гарааны бизнес эрхлэгчдийг 10 сая төгрөгөөр дэмжжээ

12-р сарын 4, 2017 10:11 am Нийтлэгч: Ангилал Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 9
12-4-6a1

С.УЯНГА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр залуучуудын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг найман аймаг, хоёр дүүрэгт хэрэгжүүлжээ. Төсөл нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм байна. Гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуусыг сургалтад суулгаж мэдлэг мэдээллээ ашиглаж төсөл бичихээс эхлээд шилдэг санаачлагыг санхүүжүүлэх хүртэл бүхий л үе шатанд дэмжлэг үзүүлсэн байна. Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь аймаг. Нийслэлээс Баянгол, Хан-Уул дүүргээс шалгарсан шилдэг гарааны бизнес эрхлэгчид өнгөрсөн баасан гаригт зөвлөлдөж, мэдлэг туршлагаа солилцлоо. Мөн инновацийн шилдэг бүтээгдэхүүн, гарааны бизнесээ дэлгэн үзүүллээ. Тухайлбал, Говь-Алтай аймгаас шалгарсан сульхирын цай  гэхэд жилийн хугацаанд амжилттай ажиллаж,  10 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Мөн арьсан цүнх, тойгны тосоор хийсэн банны бөмбөлөг, хэт хутга  инноваци шингээсэн өвөрмөц бизнес болсныг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байлаа. Түүнчлэн Баян-Өлгий аймгаас шалгарсан хутга гэхэд зах зээл дээрх брэндээс арав дахин хямд аж. Учир нь бизнес эрхлэгч залуучууд өөрсдийн зохион бүтээсэн төхөөрөмж, гарын доорх түүхий эдээр хийсэн нь хөдөлмөрийн зардал, түүхий эдийн өртөг хэмнэж чадсан байна.

Гарааны бизнесийн төслийг хариуцаж хэрэгжүүлсэн “Старт апп Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат “Сонгосон найман аймаг  хоёр дүүрэгт гарааны бизнесийг дэмжих төслийн хүрээнд залуусыг сургалтад суулгаад дараа нь мэдлэгээ ашиглаж баг болж хуваагдаад бизнесийн санаагаа танилцуулсан. Тэгээд менторуудаас зөвлөгөө авч шалгарсан төслүүдээ хурдасгуур хөтөлбөрт хамруулсан. Санхүүгийн дэмжлэг арван сая төгрөгөөр 15 компанийг дэмжсэн. Нийт 110 гарааны бизнес оролцсон.  Нэг аймагт 100 гаруй хүн санал өгөөд 50 залууг шалгаруулж сургалтад хамрууллаа. Нэг аймагт дунджаар 20 гаруй бизнес санаа гарч байсан. Түүнээс 10-ыг нь сонгоод хамгийн сүүлд нэгийг нь шалгаруулсан байгаа. Залуучуудын бизнес санаа хүсэл эрмэлзэл мундаг мөртлөө гарааны бизнесийн талаарх мэдээлэл,  сэтгэхүй хандлага дутагдалтай байлаа. Гарааны бизнесийн хуул эрхзүйн орчин, санхүүжилт гээд цөөнгүй бэрхшээл бий. Төсөлд шалгарсан багуудаа орхичихгүй цаашид дэмжиж хөрөнгө оруулагчидтай уулзуулаад явна.  Гарааны бизнес өвөрмөц байх ёстой. Дөнгөж эхлээд жилийн хугацаанд 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн цай гээд үнэ цэнэтэй өвөрмөц санаанууд олон бий” гэлээ.

Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн үр дүнгийн талаар төслийн захирал Т.Энхтуяа “Төслийн үр дүнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” батлагдсан. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих загвар схем боловсруулсан. Үүний дагуу найман аймаг, хоёр дүүрэгт гарааны бизнесийг дэмжих цогц хөтөлбөрийг туршиж хэрэгжүүллээ. Нийт 890 залуу оролцож, практик чадвар, онолын мэдлэг эзэмшлээ” гэсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд шалгарсан 21 багийг бизнесийн хурдасгуур хөтөлбөрт хамруулж амжилттай хамрагдсан есөн багт арван сая төгрөгийн санхүүжилт олгожээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *