Гар нийлсэн уран бүтээлчид буюу удам дамжсан кино найруулагчид

9-р сарын 24, 2012 1:44 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 573

 

Б.ЭНХТУУЛ

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНРТ-ийн сэтгүүлч Гомбын Золжаргал бол уншигч таны хэзээний танил. Тиймээс элдэв маяг, ихэмсэг зангүй, энэ эрхмийг танилцуулах гэж гоё үгийн цуглуулга хийх хэрэггүй байх. Тэрээр Монголын  сэтгүүлзүй, телевизийн хөгжилд  шинийг сэдэж, шинэчлэл хийж  яваа чадварлаг уран бүтээлч гэдгийг хэн хүнгүй сайн мэднэ. Түүний олон сайхан уран бүтээлээс  хүмүүс амьдрал, хайр, ухаарлын үнэ цэнийг олж авдаг болохоор үзэгчид түүнийг “Үдшийн хэмнэл”-ийн Золоо хэмээн дотночилдог. Тиймээс энэ удаагийнхаа “Амьдралын тойрог”-ийн зочноор эрхэм сэтгүүлчийг урьж, амьдрал уран бүтээлийн тухай яриа өрнүүлэв.

 

ТҮҮНИЙГ  ИЛЭРХИЙЛЭХ ЗҮЙЛ УРАН БҮТЭЭЛҮҮД НЬ

 

Хурал цуглаан, хүн­дэт­гэлийн арга хэмжээ, баяр наадам гээд  ямар ч үед  саравчтай малгай духдуулсхийгээд,  энгийн чөлөөтэй хувцасладаг  энэ  эрхэм  энэ л дүр төрхөөрөө олны сэтгэлд хоногш­чих­сон. Зарим хүн түүнийг стиль, имиждээ дэндүү үнэн ч хүн гэж хошигнодог ч, түүний энэ байдал  хэв­лэлийн эрх  чөлөөг эрхэм­лэн дээдэлдэг,  хэлэхээ хэлж, хийхээ хийдэг,  ямар нэгэн  хэв загварт баригдаж амьдрах дургүй, өөрийнхөөрөө бодож сэтгэдэг нэгэн гэдгийг нь  илэрхийлдэг гэж хэлж болно. Тэрээр хэнтэй ч уулзсан хүнийг хүн чана­раар нь хүлээж авдаг, албан тушаал, зэрэг дэв ялгаж салгаж харьцдаг­гүй,  амьдралын гүнд нь орж, асуудлыг шийдэх гэдэг орчин цагт тун хо­ворд­сон өвөрмөц  сэтгэл­гээтэй хүн. Түүний энэ занд залуу уран бүтээлчид тун таатай ханддаг гэсэн.  Тиймээс олны танил,  эр­хэм сэтгүүлчтэй тухтай уулзаж, таван үг солих санаатай нэлээд олон хоногийн өмнө цаг товлож, “ZOLJARGAL and SON “ кино студид нь зочилсон юм. Тэрээр бусад сэт­гүүлч, уран бүтээлчийн нэгэн  адилаар унтах нойр, идэх хоолоо умартан  ажил, мэргэжилдээ дэндүү үнэн ч зүтгэдэг нэгэн. Тийм болохоор ажлынх нь цаг завыг харж,  амрал­тын өдөр ганц цагийн чөлөө хүссэн минь энэ.  Муу нуухаар, сайн илчил гэдэг. Товлосон цагаасаа яльгүй хоцорч очиход  тэрээр  Чингэлтэй дүүр­гийн V дугаар сургуулийн үүдэнд аль хэдийнэ ирчихсэн хү­лээж байв.  Тэрээр цагийг тун нарийн баримталдаг  бололтой юм. Энд уулзсан учир нь түүний уран бүтээ­лийн студи холгүйхэн бай­даг болоод тэр. Биднийг очиход   кино студи нь   хүн цөөнтэй угтав.  

Сэтгүүлч Г.Золжарга­лыг хүмүүс ажил,  мэргэ­жилдээ дэндүү үнэнч, мөн­гөний төлөө ажиллаж үзээгүй нэгэн гэлцдэг юм билээ. Нэгэн үе хүмүүс түүнийг эцгийнх нь нэ­рээр, Монголын кино ур­лагт амьдралаа зориулсан манай алтан үеийн төлөөлөгч, Соёлын гавъяат зүтгэлтэн Ч.Гомбын хүү гэдгээр нь сайн таньдаг байв. Харин одоо тэрээр “Дуудах нэрийг эцэг, эх, дуурсах алдрыг өөрөө олдог” гэдэг шиг  өөрийн бодол, санаагаа онгичин байж,  хийж бүтээсэн олон сайхан уран бүтээлүү­дээрээ олны танил болж чаджээ. Өөрөөр хэлбэл,  түүнийг  илэрхий­лэх ганц зүйл нь түүний уран бүтээ­лүүд.  Ялангуяа, студийн­хээ уран бүтээлч залуус­тай хамтран хийсэн “Амар­батын нэг өдөр”, “Гарын таван хуруу”, “Тай­гын дууч” зэрэг  ний­гэмд  асуудал дэвшүүлсэн, хүнд бодол, эргэцүүлэл хайрла­сан олон арван чансаатай бүтээл, туурвил түүнд цөөнгүй бий.  Тэрээр  2005 оноос хойш хүү З.Бат­билэг­­тэйгээ хамтран “Zoljargal and Son film” нэртэй студи байгуулан ажиллаж байгаа. Телеви­зийн нийтлэл нэвтрүүлэг, тэр дундаа баримтат кино­ны төрлөөр түлхүү уран бүтээл  туурвиж байгаа учраас сүүлийн үед  нийг­мийн асуудал хөндсөн, түүх соёл, улс үндэстний соёлын үнэт өв, аж амьд­ралыг харуулсан олон сай­хан бүтээлүүд түүний га­раас төрөн гарч байгаа.  Тийм болохоор бидний ярилцлага уран бүтээлийн сонин хачнаар эхэлсэн юм. 

 

МҮОНРТ-ИЙН 45 ЖИЛИЙН ОЙ БОЛОХ ГЭЭД ЗАВ МУУТАЙХАН ЯВНА

 

“Сүүлийн үед  та ямар уран бүтээл туурвиж байна даа. МҮОНРТ-ийн 45 жилийн ой болох гээд зав муутай байгаа байх” гэвэл “Харин тийм. Энэ жил МҮОНРТ үүсч бай­гуулагдсаны 45 жилийн ой энэ сарын 27-нд болно. Энэ ойн өмнө бид олон ажил хийхээр төлөвлөөд байна. Монго­лын үндэс­ний телевиз бол Монго­лын телевизүүдийн анх­дагч учраас  Монгол Улсад телевизийн урлаг үүсч бий болоход хувь нэмрээ оруулсан, үе үеийн бүх уран бүтээлч­дийн тухай дөрвөн боть ном гаргаж байгаа. Энэ ном анх 40 жилийн ойгоор гарах гэж  байгаад амжаа­гүй юм. Энэ ажилд нэлээд том групп ажилла­сан. Тэгээд техникийн шалтгаанаар, зарим мате­риалыг  нь МҮОНРТ-ийн хууль батлагдсантай хол­бог­дуулан засварлах шаард­лагатай болсон  учраас тухайн  үед гаргаж амжаагүй. Эхний гурван боть нь Монголын үндэс­ний телевизийн хүрээнд,  1967 оноос хойш эхэлж ажилласан бүх ахмад уран бүтээлчийн тухай, дараа нь 2005 онд  хууль батлагдсанаас хойш­хи телевизийн өөрч­лөлт, хийсэн ажлуудын тухай гээд дөрвөн боть номыг саяхан хэвлэлтээс гаргаж өгсөн. Энэ ажилд хоёр жил хагас редакто­раар ажиллаа. Мөн IV ботийг нь шинээр бичиж дуусгалаа. Дээр нь энэ жил найруулагч Б.Бадар-Ууган агсны 60 насны ойн жил өнгөрч байгаа юм. Гэхдээ энэ тэмдэглэлт ой биш боловч телевиз, кино урлагийн салбарт   манай Б.Бадар-Ууган агсны хийж бүтээсэн зүйл маш их байгаа. Би түүнтэй хамт 1983  оноос хойш  2001он хүртэл хамт ажилласан. Нэг өрөөнд олон жил хамт суусан. Бид хоёр нэг нэвт­рүүлэг дээр редакцийн найруулагч, уран бүтээлч болж, олон жил хамт ажил­ласан. Мөн гэр бүлээрээ найзууд байсан учраас  хамгийн сайн найзынхаа тухай бас нэг ном бичье  гэж бодоод сууж байна. Гэхдээ тэр том ном биш, Б.Бадар-Ууганы амьд­ра­лын тухай хамгийн сонир­хол­той дурсамжийг сий­рүү­лэх, нөгөөтэйгүүр уран бүтээлд ханддаг хандлагыг нь залуу уран бүтээлчдэд, найруулагчдад  хэрэг болох болов уу гээд бичиж байна. Энэ сард дуусна. Дээр нь баримтат кино нэлээд олныг хийж байна” гэсэн юм.

 

ГАР НИЙЛСЭН УРАН БҮТЭЭЛЧИД БУЮУ ААВ, ХҮҮ ХОЁР

 

Сэтгүүлч Г.Золжаргал удам дамжсан уран бү­тээлч.  Түүний аав Ч.Гом­бо гуай кино урлагт бүхнээ зориулж, баримтат киноны найруулагчаар олон жил ажилласан  нэ­гэн. Түүний уран бүтээлд эгэл жирийн ард түмний ариун цагаан сэтгэл, мон­гол ухаан, монгол хүний ахуй, амьдрал нэвт шингэ­сэн байдаг. Түүний   “Анх­ны алхам”, “Моторын дуу”, “Хань”, “Давааны цаана даваа”, “Итгэл гом­дол”, “Их замын тоос”, “Үүрийн цолмон”, “Хаа­ны сүүлчийн хатан” зэрэг кино нь өнөө хэр нь олон түмний сэтгэлд хоногшин үлдэж,  зохиогчийн уран чадвар, зохиол бүтээлийн чанар чансааг гайхуулсаар байдаг. Баримтат кино гэдэг асар их бодож, бол­сон явдлыг шүүж хийдэг амаргүй төрөл зүйл. Тийм учраас эрхэм сэтгүүлч аавынхаа энэ авьяас чадварыг  өвлөн авч, уран бүтээлдээ тусган, өөрөө­сөө илүү өрөөлийг таниу­лах өвчинд автаж яваа нэгэн. Харин түүний энэ занг хүү  З.Батбилэг нь үргэлжлүүлж,  өдгөө зураг­лаач, кино найруулагчийн мэргэжил эзэмшин уран бүтээлээ туурвиж явна.  Тийм учраас аав, хүү хоёрын урын сан руу бас өнгийв.

 

2006 ОНООС ХОЙШ 230 ГАРУЙ БАРИМТАТ КИНО ХИЙЖЭЭ, БИД

 

Өнгөрсөн жил Г.Зол­жаргал хүү  З.Батбилэг­тэйгээ хамтран “Тайгын дууч” баримтат киног  АНУ-ын Лос Анжелос хотноо болсон олон улсын кино наадамд  өрсөл­дүүлж, эл бүтээл нь  “Өв соёлын шилдэг бүтээл”-ээр шалгарсан. Уг наа­дамд  36 орны кино урлагт багагүй туршлага хуримт­луулсан уран бүтээлчид оролцож, шилдээ шалга­руулсан гэд­гийг кино урлаг сонирхдог хүмүүс андахгүй сайн мэднэ. Энэ үеэр аав, хүү хоёрын  бү­тээл шалгарсан нь, тэд­нийг  гар нийлсэн уран   бүтээлчид гэдгийг нь олонд харуулсан юм. Тус кинонд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын клубын ардын дууны багш Н.Цогбадрах мартагдаж байгаа хуучны дархад, уйгар дуунуудыг нутгийн хөгшчүүлээс сурч хойч үеийн залуустаа сургаж байгааг өгүүлдэг. Мөн  хөвч тайгын хүйтэн жаварт  хүн ам цөөтэй бага яст­нууд хэдэн зуун жилийн турш өвөг дээдсээс бий болгож өвлүүлсэн ёс  заншлаа марталгүй авч явах гэж, хичээж зүтгэж байгааг дархад ястны өдөр тутмын амьдралаар  зураг­лан харуул­даг. Энэ мэт­чилэн аав, хүү хоёрын урын санд монгол ахуй үнэртсэн, ёс заншлаа дээдэлсэн, ний­гэмд олон янзын асуудал дэвшүүл­сэн уран бүтээл цөөнгүй байдаг.  Энэ тухай  асуувал “Баримтат киногоо теле­виз дээрээ гэхээсээ илүү “ZOLJARGAL and SON” кино продакшн дээрээ хийж байна даа. Би хүү­тэйгээ болон хамт нэг сургууль дүүргэсэн  оюутнуудтай нь хамтарч  ийм  студи байгуулсан юм.  Тийм болохоор гол төлөв эндээ л ажилладаг даа.  Бид 2006  оноос хойш  230 гаруй баримтат кино хийжээ. Энэ хугацаанд уран бүтээлийн баримтат кино 40 орчим байгаа байх. Бу­сад нь  захиалгатай барим­тат кино байдаг юм. Уран бүтээлийн баримтат кино бол цэвэр киноны төрөл жанртаа багтахаар кино­нууд байдаг. Энэ жи­лийн хувьд,  би өнгөрсөн жил хөдөө явж авсан зурагнуу­даа эргэж хараад, тэндээ­сээ дүгнэлт хийгээд “Хөхийн голын хүүхдүүд” гэсэн  баримтат кино хий­сэн. Хамгийн том бүтээл бол жил хагасын өмнө өс­вөрийн  шатрын дэлхийн аварга  Оюун-Эрдэнийн тухай бүрэн хэмжээний баримтат кино хийсэн. Арван настай хүүхэд яаж дэлхийн аварга болдог юм бэ. Шатрын хөлгөн дээр бодол нүүдэл хийж байгаа хүүхдийн тархинд хэчнээн хувилбар, хэдэн нүүдэл байна вэ. Энэ бүхэн ямар үнээр тэр жаахан хүүхдэд ачаалал ирж, түүнийг даван туулж аврагын болзолыг хангадаг юм бэ гэдгийг харуулсан. Энэ кино саяхан үзэгчдийн хүртээл болсон. Хүмүүс үзсэн байх.

Мөн амьдралдаа 100 гаруй мянган хүнд мэс засал хийсэн, хүний гавьяат эмч, одоо нас сүүдэр 76 хүрч байгаа Санжаа докторын тухай, түүний охин бас нүдний тэргүүлэх зэргийн мэс засалч, зээ нь бас мэс засалч. Ингээд гурван мэс засалчийн тухай”Мэлмий бурхад” гэж  баримтат кино хийсэн.  Мөн одоо Монгол Улсад балетын урлаг үүссэний анхны мэргэжилтэй боловсон хүчин төгсч ирээд 50 жил болж байна. Тиймээс бале­тын урлагийн  50  жилд зориулаад уран бүтээлийн бас нэгэн баримтат кино хийж байна. Энэ киногоо арваннэгдүгээр сард дуусгана. Дээр нь 1945-1958 он хүртэл үргэлжил­сэн Улаан тарианы экспе­дизийн анги гэж бий. Тэр үед Зөвлөлтийн эмч нарыг дагаж явсан 19 настай сувилагч охины тухай, одоо  80 гарсан, өндөр настай хүний тухай, энэ хүний амьдрал дээр суу­рилж, судалгаа хийгээд кино хийж байна. Үүний­гээ бас  энэ намар дуус­гана. Баримтат киноны тухай гэвэл иймэрхүү л сонин хачинтай сууна даа” гэв.  Бидний уран бүтээлийн яриа энэ хүрээд түр завсарлав.

 

ААВ, ЭЭЖ ХОЁР МИНЬ КИНО ҮЙЛДВЭРТ АНХ ТАНИЛЦАЖ, АЙЛ БОЛЖ БАЙСАН

 

Харахад  нэг л зөөлөн зан ааштай  болов уу гэмээр энэ хүн  цаанаа ажил хэрэгч, шулуун шу­дар­га байхыг эрхэмлэдэг нэгэн аж. Сэтгүүлч хүн үргэлж шинийг сэтгэж,   байх ёстой гэдэг шиг эрхэм сэт­гүүлч ах цаг үргэлж л оюу­ны ордоо онгичин байж,  сэтгэлдээ  ямар нэгэн зүйлийг эрэл­хийлж, шинэ санаа хайж явдаг бололтой юм. Магадгүй энэ зан нь  уран бүтээлч гэр бүлд төрж, өссөнтэй ч холбоотой байж болох. Ингээд бидний ярилцлага  аав, ээжийн ажил мэргэжил, анх сэт­гүүлзүйн салбарт хөл тавьсан тэр үеийн сонин хачныг дурсав.  

 

Түүний аав, Чимэ­дийн Гомбо гуай Дорнод айм­гийн Цагаан-Овоо су­мынх. Харин ээж Цэц­гээ нь Сэлэнгийнх аж.  Гэхдээ Улаанбаатар хотод төрж өссөн байдаг юм. “Аав, ижий хоёр  маань хоёулаа кино үйлдвэрт ажиллаж байхдаа анх та­нил­цаж, айл болж байсан.  Ээж маань 19 настайдаа Кино үйлд­вэрт монтажчин хийдэг байсан. Харин аав маань Кино үйлдвэрт тохиолд­лоор ажилд орж байсан гэдэг юм. Би энэ тухай  намтрыг нь бичээд, нэг дурсамжийн ном эмхэтгэж байгаа. Аав маань Германд суралцаж байхдаа бие нь гэнэт муудаад, эмчилгээгүй гээд ирэхэд нь найз нөхөд нь Бээжин явж, эмчлүүлээд, бие нь сайжраад цоо эрүүл болсон гэдэг юм. Энэ эмчилгээний учрыг одоо ч олоход хэцүү санагддаг юм.  Тэгээд  1960 онд Ар­дын хувьсгалын 40 жи­лийн ойд зориулж “Монго­лын сай­хан орон” гэдэг киног Гер­маны уран бүтээл­чид­тэй хамтран хийхээр болж, энэ ажилд аав маань  орчуулагчаар  томи­логдож, кино урла­гийн салбарт анх хөл тавьж байсан түүхтэй.  Төлөвлө­сөн ажил нь дуу­сахад най­руулагч Даш­дорж гуай аавыг минь Кино үйлд­вэрт ажилд орохыг санал бол­госон гэдэг юм” хэмээн тэрээр ярив. Тэгээд Ч.Гомбо гуай 1960 оноос  кино мэдээнд туслах найруулагчаар ажилд орж, кино урлагтай амьдралаа холбожээ. Тэр үед  бич­гийн эрдэмд чамгүй сайн суралцсан, бичих, най­руу­лах авьяас чадвар нь  бус­даас илүү байсан учраас  түүний ажлын үр дүнг  ахмад уран бүтээлчид үнэлж, амьд­ралын на­рийн ширийн зүйлд суралцаж, энэ сал­барт илүү их зүйл хийхийг санал болгожээ. Энэ нь Ч.Гомбо гуайд их л урам  зориг өгч, хөдөө явж, хүмүүстэй уулзаж, хүний амьдралын зовлон жар­гал, эрээн бараан бүхнийг ялгаж салгаж ойлгож,  хүлээж авдаг болгожээ.  Нөгөөтэйгүүр, “Аав минь багадаа хүнд хэцүү амьд­рал туулж өссөн болохоор  хүний дотоод сэтгэлийн нарийн ширийн зүйлийг их сайн ойлгодог тийм хүн байсан” гэх  хүүгийн дүг­нэлт нь Монголын кино урлагт  нэрээ мөнхөлж, хүний амьдралын  бүхий л утга учир, үнэ цэнэ, бод­рол, ухаарлыг  дэлгэцийн хальснаа мөнхөлж үлдээх,   баримтат киноны хөгж­лийг зөв  голдирлоор хөгжүүлж, уран чадвар хийгээд сэтгэлгээний шинэ төвшинд хүргэхийн тулд бүхнээ зориулахад хүргэсэн ч байж болох юм.

Ч.Гомбо гуай 1966 онд уран бүтээлийн ажлыг эхэлж, “Анхны алхам”, “Моторын дуу”, “Хань”, “Давааны цаана даваа”, “Итгэл гомдол”, “Их замын тоос”, “Үүрийн цолмон”, “Хааны сүүл­чийн хатан”, “Хүний тө­лөө”, “Хэцүү ван Тогтох­төр”, “Эцгийн голомт” зэрэг бүрэн хэмжээний кино зохиол бичжээ.  Сэт­гүүлч Г.Золжаргал “Аавын минь  хийсэн кино­нууд өдөр болгон шахуу теле­визээр гарч байгааг нь хараад цаг үеийн биш мөнхийн сэдвээр хийж дээ гэж  бахархаж суудаг юм.  “Гэрлэж амжаагүй явна”, “Хань”, “Давааны цаана даваа” гээд сүүлд гарсан телевизийн олон ангит “Эзэнгүй айл” гэх зэрэг кинонд бидний өдөр тутмын мөнхийн асуудлыг гаргаж тавьснаараа  хэзээ ч хоцрогддоггүй. Аав маань баримтат киноны  найруулагч хүн мөртлөө уран сайхны киног маш сайн бичдэг байсан” хэ­мээн аавынхаа тухай олон сайхан дурсамжийг дэлгэв.

 

БИ АНХ КИНО НАЙРУУЛАГЧИЙН АНГИД ОРОХ ГЭЭД ЧАДААГҮЙ ЮМ

 

Соёлын гавъяат зүт­гэл­тэн, сэтгүүлч Г.Золжар­гал эцэг, эхээс  дөрвүүлээ аж. Тэрээр  доороо гурван эмэгтэй дүүтэй гэнэ. Дүү нар нь гурвуулаа өөр өөр чиглэ­лээр ажилладаг бөгөөд багш, химич, эмч  мэргэ­жилтэй гэнэ. Одоо гурвуу­лаа Америкт амьдардаг гэж байсан. Эрхэм сэт­гүүлч  маань  “Би бага насаа кино үйлд­вэрийн хашаанд өнгөрөө­сөн.  Намайг найм­дугаар ангид сурч байхад манайх  анх бай­шинд орж байсан.  Мэдээ орох үедээ л би кино үйлдвэрийн ха­шаанд,  кино аппратаар яаж кино авдаг гээд бүгдийг нь багаасаа мэдэж өссөн. Жолооч аавтай хүүхэд машин дотор нь суусаар байгаад,  машин барьж сурдагтай адил  би тийм л орчинд өссөн” гэж байв.

Тэрээр аравдугаар ангиа төгсөөд, аавынхаа мэргэжлийг өвлөж, кино найруулагч болохоор шийд­­жээ. Гэтэл Москва­гийн их сургууль кино найруулагчийн ангид элсэх  шинэхэн оюутанд өөрийнхөө хийсэн уран бүтээлтэйгээ ирэх ёстой гэсэн шаардлагыг тавьсан байна. Тийм болохоор найруулагчийн ангиасаа татгалзаж, сэтгүүлч мэр­гэж­лээр суралцжээ. Тэ­рээр эндээс явахдаа теле­визийн нэр дээр  сургуульд явсан учраас  1983 онд  сэтгүүлчийн диплом өвөр­төлж ирээд,  үндэсний  телевизид орж ажиллажээ.  Тэр цагаас хойш өнөөд­рийг хүртэл  камер барьж, сурвалж­лаганд явж, нэ­лээд олон баримтат кино, нийтлэл нэвтрүүлэг хий­жээ. Үүний­хээ хажуугаар нэ­лээд олон ном бичсэн гэж байв. Одоо түүнд сэт­гүүл­чийн уран бүтээлээс бүрд­сэн сурвалжлага, ярилц­лага, тэмдэглэлээс бүрд­сэн нэг ном, хоёр ор­чуул­гын ном, уран бүтээл­чийн ном бий гэсэн.

 

БУРХАН НАДАД САЙН ААВ БАЙХ ХУВЬ ТАВИЛАН, САЙХАН ХҮҮ, ОХИН ХОЁР, СЭТГЭЛ ТАТСАН МЭРГЭЖИЛ ЗАЯАСАН

 

Үзэгчдийн сайн мэдэх “Үдшийн хэмнэл”-ийн Золоо буюу үндэсний теле­визийн сэтгүүлч Г.Зол­жар­галын амьдрал, уран бүтээл олны өмнө  нээлт­тэй байдаг гэхэд бараг хэлсдэхгүй байх.  Тэрээр уран бүтээлийн тал дээр одтой, хийморьтой явдаг ч  хувийн амьдралдаа жаа­хан бүтэл муутай явдаг гэж ярих хүмүүс бас байдаг. Учир нь тэрээр одоо хүү, охин хоёртойгоо амьдардаг аж. Түүний амьд­ралд хань болох бүсгүйчүүд таарч байсан ч,  яагаад ч юм бэ, сэтгэл зүрх нь торгоны хээ шиг эвлэж таараагүй гэх юм билээ. Тийм болохоор энэ удаа элдвийг асууж зүрхэл­сэнгүй. Учир нь, тэрээр  өмнө нь хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Өмнө нь  би 2-3 хүнтэй амьдрах гэж үзсэн, болоо­гүй. Гэхдээ хүүгийнхээ биеийг тэнхрүүлэхийг л  хичээхээс хүнтэй суух тухай бодох ч завгүй яв­саар 10 гаруй жил өнгөрч. Би өөрийгөө хүнтэй таа­ра­хаар­гүй тийм муухай ааш, авиртай амьтан гэж боддоггүй. Надтай ханилж, зовлон жаргалаа хуваал­цаж явсан бүсгүйчүүд ч тийм гэж хэлж байгаагүй. Би ажил амьдрал эмхлэх, хар, бор юм хөөцөлдөхдөө их муу. Уран бүтээлээс өөр хийж чадах юмгүйдээ л хүүхнүүдэд гологдоо биз. Надад сайн хань заяагаа­гүй шиг байгаа юм. Бурхан надад гурван юм заяагаагүй юм байна даа гэж заримдаа боддог  юм. Нэгд сайн хань, хоёрт сайн машин, гуравт хангалттай мөнгө. Бурхан надад гур­ван юм заяагаагүйнхээ хариуд сайн аав байхын төлөө хичээх арга, чар­майлт, сайхан хүү, охин, тэгээд хэзээ ч ханаж дуу­сашгүй мэргэжил гэсэн гурван сайн юм заяасан. Энэ бүгдийнхээ хүчээр жаргалтай сайхан амьдарч байна” хэмээн хариулсан байдаг юм билээ. Тиймээс  хүү, охин хоёрынх нь ээж, анхных нь эхнэрийн тухай  асууж сонирхлоо.

 

ЭХНЭР МААНЬ МАНАЙ КИНО ҮЙЛДВЭРИЙН ХҮҮХЭД БАЙСАН. БИД БАГАДАА ТАНИЛЦАЖ БАЙВ

 

“Би эхнэртэйгээ анх бүр жаахан байхдаа танил­цаж байсан. Эхнэр маань манай кино үйлдвэрийн хүүхэд байсан. Зусланд гардаг байхдаа бид их найзалдаг байлаа. Тэгээд том болоод суусан. Манай хүүгийн өвөө нь, кино зургийн дарга Жамбал гэж хүн байсан. Жигжид гуайн бүх кинонд зургийн даргаар ажилласан хүн. Мөн манай эхнэрийн төрсөн ах нь Ж.Асалбай гэж 16-17 кино зурганд явсан, кино оператор хүн байсан. Одоо өөд болсон. Манай киноныхон биднийг сайн мэднэ.

Манай хүү 2001 онд кино урлагийн их сур­гуульд орсон. Охин маань ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан гимнастикч. Спортын мастер болоод зодог тайлсан. Угаасаа гимнастик гэдэг их богинохон настай. Эмч болно гээд анагаахад шалгалт өгсөн оноо нь жаахан дутсан. Тэгээд  их сургуулийн хүнсний технологийн ангийг төг­сөөд түүгээрээ Солонгост магистр хамгаалсан юм. Хүнс­ний технологич мэр­гэ­жил­тэй. Эхнэр маань биеийн тамир спортын улсын хорооны нарийн бичгийн даргаар ажилла­даг. Бид хоёр 1994 онд хоёр тийш болсон. Түүнээс хойш 17 жил болж байна. Бид ажил төрлийн шуга­маар байнга харилцаатай байдаг. Ээж нь хүүхдүүд­дээ анхаарал тавьдаг” гэсэн юм.

 

Г.Золжаргал: Надад амралт байдаггүй. Би огт амраагүй яваа

 

Ярилцлагынхаа төгсөлд  түүний уран бүтээл, ажил мэргэжилтэй холбоотой хэдэн асуултад хариулт авав.

 

-Өнгөрсөн жил та Монгол улсад эрүүлийг хамгаалахын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулж  эмч нарын тухай олон ангит уран сайхны кино хийгээд зав муутай явсан. Энэ жил  танай телевизийн уран  бүтээлч­дийг бас дахиад эмч нарын тухай кино хийж байгаа гэж байсан болохоор таныг бас л завгүй яваа болов уу гэж бодож байлаа?

-Манай телевиз дээр хэд хэдэн том төсөл хэрэгждэг юм. Түүний нэгийг нь бид өнгөрсөн жил хэрэгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд  эмч нарын тухай “Өдөр, өдрийн нар” гэдэг уран сайхны кино зохиолыг  МЗЭ-ийн шаг­налт зохиолч М.Эрдэнэ­баттай хамтарч бичсэн.  Энэ кино маань  60 анги­тай. Тийм болохоор кино­ныхоо зураг авалтыг хийх гэж эмнэлэг дээр л өнж­сөн дөө. Түүнээс гадна Хавдар судлалын алба байгуулагдсаны 50 жи­лийн ойд зориулж бид нар бас нэг том хэмжээний кино хийсэн. Тэрийг  студи дээрээ хийсэн. Ер нь бол би эрүүл мэндийн сэдвээр жилд  4-5 баримтат кино хийдэг юм. Одоо бо­до­ход, гуч гаруй баримтат кино хийсэн байна шүү.

-Монгол эмч нарын ур чадвар дэлхийн хаана ч гологдохооргүй болсон. Эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, элэг цөсний дурангийн хагал­гааг Монгол эмч нар өөрс­дөө гардаж хийдэг болоод удаж байна. Харин үүнийг кино хальсанд буулгаж, мөнхжүүлж  байгаа нь тун нүдээ олсон ажил юм шиг санагддаг. Энэ жил ямар кино байна вэ. Ер нь та хэзээнээс энэ чиглэлээр баримтат кино хийх болсон юм бэ?

-Би их олон жил америк эмч нартай  хөдөө  явж, хөгжлийн бэрхшээл­тэй иргэдэд туслах ажилд  оролцсон. Бараг 11 жил явсан. Тэдэнтэй  явж бай­хад Монгол эмч нарын  ур чадварыг маш их гайхаж, биширдэг байсан. Хэдий­гээр танай эмч нар ажил­лах нөхцөл бололцоо таа­руу­хан ч гэсэн  чадвартай юм. Үүнийгээ хүмүүст, дэлхий нийтэд харуулах ёстой. Хоёрдугаарт, өнөө­дөр хийж чадаж байгаа зүйлээ хойч үедээ түүх болгож, судлагдахуун болгож үлдээх ёстой. Энэ нь танай эрүүл мэндийн салбарын хөгжлийн  бас нэгэн түүх болж үлдэнэ гэсэн юм. Тийм болохоор эмч нарт суурилсан,  бөөр шилжүүлэн суулгах мэс заслын  тухай болон дурангийн хагалгааны тухай гэх мэтчилэн их олон баримтат кино хийсэн.  Энэ жил  “Улаан тарианыхан” киног хийж байна.  Одоо зүрхний Баасанжав гуайн тухай сайхан кино хийх юмсан гэж бодож явдаг. Бид хоёр яриад л яваад байгаа юм. Үнэндээ, Монголын бүх мэс засалчид Баасанжав эмчийн шавь байдаг юм билээ.

-Та энэ их ажлыг хэдийд нь яаж амжуулдаг байна аа. Амрах зав ер нь гардаг  юм уу. Энэ жил та амарсан уу?

-Надад амралт байдаг­гүй шүү дээ. Би огт амраа­гүй л яваа. Телевиз дээр 13 сар ажиллаад амрах ёстой байдаг. Гэтэл би амраагүй л яваа. Амралтаа авсан ч би студи дээрээ ажилладаг учраас  надад амралт бараг байдаггүй юм. Миний амьдрал өглөөний 7 цагт телевиз дээрээс эхэлдэг. Тэндэх ажлаа амжуулчи­хаад өдрийн 15 цагт студи дээрээ ирдэг. Тэгээд л оройны 23 цаг хүртэл үргэлжилнэ дээ.

-Ийм их  зүйлийг тө­лөв­лөж ажилладаг хүн цаг их нарийн баримталдаг байх даа?

-Гэр, ажил, студи гурав ойрхон л байх ёстой гэж боддог доо. Тийм биш бол замын түгжрэлд ихэнх цагаа өнгөрөөх байсан байх. Бас төлөвлөгөөгөө сайн гаргаад ажиллах юм бол энэ бүхнийг зохи­цуулж болно гэж боддог юм.

-Аав хүү хоёр хамтарч  уран бүтээл хийх сайхан байдаг байх. Гол төлөв ямар уран бүтээл дээр хамтарч ажилладаг вэ?

– Бид хоёр бүх л кинон дээрээ хамтарч ажилладаг даа. Өнгөрсөн жил Лос Анжелос болон Нью Йорк хотноо болсон олон улсын кино наадамд тэргүүн байр эзэлсэн “Тайгын дууч” кино байна. Мөн Ази, Номхон далайн телеви­зүүдийн холбооны барим­тат киноны үзлэгт бас  гуравдугаар байранд орсон байсан. Тэгэхээр бид өөрсдийн хийж байгаа уран бүтээлээ болж байна гэж бодохоос гадна гадны уран бүтээлчдээс сурал­цах, гадаад улс орны хөгжилтэй  харьцуулахад бид ямар төвшинд явж байн а гэдгээ мэдье гэсэн зорилгоор кино фести­вальд оролцсон юм. Олон улсын кино наадамд бид 2006 оноос оролцож эхэл­сэн. 2006 онд Их Британий Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан “Хүүх­дийн эрхийн төлөө” хэвлэл мэдээллийн аянд оролцож Амарбатын нэг өдөр” бүтээлээрээ  амжилттай оролцож байсан. Дараа нь  Киргизд  зохиогдсон Хүний эрхийн сэдэвт олон улсын  кино наадамд “Гэр­тээ л нэг сайхан харих­сан”, “Гарын таван хуруу”-гаар бас тэргүүн шагнал авч байсан. Гэхдээ шагнал авах нь гол биш юм. Бид амьдралыг ойл­гож, үзэж харж, шаналж байгаа энэ бүх сэтгэлийн их эрэл хайгуул маань бусад улс орны хэмжээнд хаахна явна вэ гэдгийг олж харах нь чухал юм. Тэгж байж уран бүтээ­лийн­хээ үнэлэмж, шал­гуу­рыг үзэх хэрэгтэй болж байгаа юм. Энд бие биенээ магтах, муулах нь нэг янз, бид нарын санаа зовж бай­гаа зүйл өнөөдөр дэлхий нийтийн асуудал мөн үү биш үү гэдгийг баримтат кино л хэлнэ. Тэгэхдээ баримтат кино гэдэг дотроо олон янз. Байгалийн, шинжлэх ухааны, түүхийн гээд маш олон сэдэвтэй байна. Уран бүтээлийн сэдэвтэй бай­на. Миний уран бүтээл бол хүний амьдрал, өчиг­дөр, өнөөдөр, маргаашийн цаг хугацааг харуулсан, хүний дотоод сэтгэлийг уудалсан, болж байгаа үйл явдлын бодит мөн чанарыг эрч хайхыг эрмэлзсэн кино­нуудыг хийдэг. Яагаад гэвэл, миний аав үргэлж тийм кино хийдэг байсан. “Эр хүн зорьсон­доо”, “Морьтой дарга”, “Ая ээж”, “Цаст алтайн адуучид” гээд дандаа хүний тухай кино хийдэг байсан. Тэр кинонуудыг үзэхэд хүний сэтгэлд үргэлж нэгийг бодогдуулж  байдаг, иш мухардчихсан хүнд  нэгийг санаж, сэдэх ухаан хайрлаж байдаг юм. Ерөнхийд нь зохиогчийн кино л гэж нэрлэдэг дээ.

-Одоо та хүүтэйгээ хамтраад ажиллаж байна. Харин аавтайгаа хамтарч уран бүтээл туурвих бо­ломж хэр байсан юм бол?

-Аавтайгаа хамтарч уран бүтээл хийж байгаа­гүй. Намайг баримтат кино хийж эхлэх үед 2004 онд аав  маань  тэтгэвэртээ гарчихсан гэртээ сууж байсан. Ардчилал гараад кино үйлдвэр улсын төсөвгүй болохоор уран бүтээлчдийг нь чөлөөт уран бүтээлч гээд бүгдийг нь гаргасан. Гэртээ сууж байх хугацаандаа аав  “Эзэнгүй айл”, “Алтан хөршүүд” гэж хоёр цуврал кино хийсэний нэгийг нь “Улаанбаатар” телевиз   их зоригтой өлгөж аваад,  кино болгосон. Эзэнгүй айл кино бол Монголын анхны олон ангит кино. Түүний дараа 2001 онд “Алтан хөрш” гээд кино нь гарсан.

-Ер нь “Үдшийн хэм­нэл”-ийн Г.Золжаргал хэзээнээс баримтат кино хийж эхэлсэн юм бэ?

-Би 1989 оноос хойш телевизийн сурвалж­ла­ганд явсан гэж бодохоор бараг 20 жил сурвалж­лаганд явж. Энэ бүхэн маань намайг баримтат кино хийхэд нөлөөлсөн байх. Энэ хугацаанд би маш олон хүнтэй уулзсан. Хүний сэтгэлийн гүнд хүрч ажиллахсан гэж хи­чээж явсан. Хүний амьд­ралын гүнд хүрч ажилла­хад, тэнд гуниг зовлон, айдас хүйдэс, харуусал, эмгэнэл их байдаг. Ингэж янз бүрийн зүйлтэй учирч явсан минь, “Үдшийн хэмнэл”-д хийж байсан сурвалжлагнууд маань  баримтат кино хийх  бэлт­гэл болсон. Телевизийн нэвтрүүлэг бол ганц өд­рийн настай, тэр оройдоо л гараад өнгөрчихдөг. Гэтэл баримтат кино бол  бидний хажуугаар урсан өнгөрч буй цаг хугацааг хальсан дээр буулгаж, тэрэн дээр хүн  өөрийгөө болон болж байгаа үйл явдлыг бодох хэрэгтэй болдог учраас нэвтрүүл­гээс арай өөр байдаг. Та бид хоёр өчигдрийн өнгөрсөн цаг хугацааг дурсана уу гэхээс ухаарч ойлгохгүй явдаг. Баримтат кино бол цаг хугацааны ээдрээтэй агшин бүр дээр зогсч очоод, эргэж бодуул­даг, ухааруулдаг, ойлгуул­даг. Би ийм чиглэлийн л уран бүтээл хийдэг. Ер нь баримтат кино хийнэ гэдэг бол маш их тэвчээр бас их  хугацаа шаардагддаг. Зураг авалтыг өвөл, хавар, зун, намар авах хэрэгтэй болдог. Тэр хүний амьд­ралд тохиолдож байгаа үйл явдлыг хүлээж байгаад авах хэрэгтэй болдог. Тийм учраас нэгэн зэрэг их олон кино эхлүүлчихдэг юм. Зураг авалтыг нь зун авчихдаг бол өвлийнхөө зураг авалтаыг хүлээх гэх мэтээр амжуулдаг даа.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *