“Гамлет” хөшгөө нээлээ

11-р сарын 12, 2012 10:46 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 593

Ч.ГАНТУЛГА

 

Английн жүжгийн зохиолч, яруу найрагч, сэргэн мандалтын хожуу үеийн энэрэнгүй үзэлтэн Уильям Шекспир хүн төрөлхтний түүхэнд хосгүй бүтээлээрээ мөнхөрсөн. Цаг хугацаа өнгөрсөн ч үзэл санаа, үнэ цэнээ алддаггүй нь сонгодог бүтээлийн онцлог. Манай театрын уран бүтээлчид 33 жилийн дараа дахин утга зохиолын ноён оргил болсон “Гамлет” жүжгээ амжилттай нээлээ. Шинэ зууны шинэ үзэгчдэдээ зориулсан уг жүжиг хөшиг нээгдсэн цагаасаа л үзэгчдийг гайхшруулсан. Жүжиг эхлэхийг мэдэгдэх мэт хонх гурвантаа дуу­гарахад хөшиг нээгдсэн юм. Жүжиг Данийн ван Клавдий Гертруда нарын хуримын ёслолоор эхэл­сэн. Аливаа уран бүтээл бүтэхэд тайз засалт хамгаас чухал байдаг. Тайз засалт үнэхээр гайхалтай болжээ. Олон хүний хүч хөдөлмөр, ур ухаан шингэсэн гэдэг нь харагдаж байлаа. 33 жилийн өмнө Гамлет жүжгийг үзэж байсан, оролцон тоглож байсан олон уран бүтээлч энэ удаад хүндэтгэлийн суудалд заларчээ. Тэд шинэхэн “Гамлет”-ийг үнэлж байсан юм. Жүжиг Гамлет хан хүү эцгийнхээ сүнстэй уулзаж буйгаар үргэлжилнэ. Эцэг нь одоогийн хаан Гамлетийн авга ахын гарт үрэгдсэнээ хэлж өш хонзон авахыг даатгадаг.  Үүнийг сонссон ханхүү галзуу хүний дүрд хувилан хаан эцгийнхээ өшөөг авахаар тэмцдэг юм. Жүжигчин С.Болд-Эрдэнэ “Гамлет”-”ийг өөрийнхөөрөө урлажээ. Дотоод сэтгэлийн зөрчил, дүрийн хувирал гайхалтай. Монголын хоёр дахь Гам­лет залуухан эрч хүчтэй харагдсан. Жүжигчин С.Болд-Эрдэнэ ган­цаардан шаналсан гуниг­лал, галзуу солиотой дүр төрх, дайчин эрэмгий хөдөлгөөн, хөгжин хөөрөх хунтайж, эртний язгуурт­ны эрхэмсэг төрхийг нэгэн дор харуулж чадав. Гурван цаг орчим үргэл­жилсэн жүжиг үзэгчдийг уйдаагаагүй юм. “Гамлет” жүжиг мөнхийн төгсөш­гүй, нууцлаг, сэтгэл татам байсаар ирсэн. Харин энэ удаагийн Монгол “Гамлет”-ийг залуу уран бүтээлчдийн гэсэн нэг онцлогтой гэж хэлж болох. Анх 1979 онд Оросын шко­лоор төгссөн уран бүтээлчид уг жүжгийг амилуулж байсан бол энэ удаад Монголын урлаг соёлын сургуулийг төгссөн уран бүтээлчид тогложээ. Хэдийгээр олон уран бүтээлээрээ үзэгчдээс сайн үнэлгээ авсан ч Н.Наранбаатар харьцангуй залуу найруулагч. Тэрээр энэхүү бүтээлээрээ эрийн цээнд хүрсэн авьяаслаг найруу­лагч гэдгээ нотолсон. Хувь хүний мөн чанар, хүн байхын утга учрыг жүжгийн суурь болгожээ. Гамлетийн золиос болсон үзэсгэлэн гоо, цэвэр ариун, гэнэн хонгор Офелиягийн дүрд залуу жүжигчин А.Ганчимэг чадварлаг тогложээ. Үнэхээр ч үзэс­гэлэн гоо, нялх турьхан Офелияд А.Ганчимэгээс өөр хэн ч таарч тохиромгүй байж дээ гэж бодогдохоор. Жижигхэн, турьхан, цэвэр ариунхан, үзэсгэлэн гоо Офелия аавынхаа үхэлд цочирдон галзуурчихсан байхыг ха­рахад үнэхээр цочирдом. Офелиягийн дүр жүжгийг тэр чигээр нь чимжээ. Залуу жүжигчний хувьд олон хүний анхаарлыг татаж, магтаал сайшаалыг сонсч чадсан.  А.Ганчимэг Монголын хоёр дахь Офелия хэмээх эрхэм алдрыг нэр хүндтэйгээр зүүсэн юм. Жүжгийн үйл явдал, хувь заяаг шийддэг хамгийн том хүч хөгжим байдаг. Хөгжим жүжигчидтэй хамт тоглож, тухайн дү­рийг тодотгож өгдгөөрөө онцлог. “Гамлет” жүж­гийн  хөгжим тэр чигээрээ сонгодог. Хөгжмийг нь үйл явдлаас салгаад дангаар нь сонсоход ч гайхалтай сэтгэл догдлуулам. Най­руулагч Н.Наранбаатар хөгжмийн зохиолчоороо С.Сансаргэрэлтэхийг сонгосон нь тохиолдол биш гэлтэй. Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх зөвхөн “Гамлет” жүжигт зориулж уг хөгжмийг бичсэн. Уран яруу, сонсголонтойгоос гадна дүрүүдийн сэтгэл хөдлөл, дотоод ертөнцийг тодотгож өгчээ. Гамлет жүжгийг УИХ-ын дарга З.Энхболд гэргийтэйгээ мөн тэргүүн хатагтай болон Ерөнхий сайдын гэргий гээд олны танил хүмүүс ирж үзсэн юм. Театрт цугласан хүмүүс ойрд ийм гайхалтай бүтээл үзээгүй гэдгээ ярьж байлаа. “Гамлет” жүжиг үнэхээр Мон­голын театрын түүхэнд  шинэ хуудсыг  нээсэн шилдэг бүтээл болж чад­жээ. Хөшиг хаагдсаны дараа ч үзэгчдийн халуун алга ташилт үргэлжилсээр байсан юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *