Г.Золцэцэг: Миний онгод үүрээр ордог

4-р сарын 4, 2014 10:08 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 966
Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг Монголын болон дэлхийн загварын ертөнцөд Katya Zol нэрээрээ алдаршиж буй.

Ч.ГАНТУЛГА

Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг Монголын болон дэлхийн загварын ертөнцөд Katya Zol нэрээрээ алдаршиж буй. Тэрээр саяхан “Mercedes benz”-ийн загварын долоо хоногт оролцоод ирсэн юм. Түүнийг загвараа толилуулах үед дэлхийн загварын хэд, хэдэн агентлагаас хамтран ажиллах санал тавьсан тухай өмнө нь бид мэдээлж байсан билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

 

-Сайн явж ирэв үү Катя. Дэлхийн загварын ертөнцөд эх орныхоо нэрийг дуурсгаж байхыг тань хараад өөрийн эрхгүй бахархаж суулаа шүү?

-Баярлалаа. Энэ үг чинь надад хамгийн сайхан урмыг өгөх шиг боллоо. Одоо бодоход амжилт бүтээл, алдаа оноогоор дүүрэн, дурсамжтай, инээдтэй, нулимстай өдрүүдийг өнгөрөөж. Эх орноосоо анх удаа дэлхийн загварын наадамд оролцсон загвар зохион бүтээгч гэсэн эрхэм мөртлөө хариуцлагатай алдрыг зүүх хүндлэлийг “Mercedes benz”-ийн тайз надад өглөө. Мөн бид чадах юм байна. Зориглоод зүтгэвэл амжилт ойрхон байгааг олж харлаа.

-Тайзан дээр гарч ёслохдоо сэтгэл чинь нэлээд хөдөлсөн харагдсан. Тухайн үед юу мэдрэгдсэн бэ?

-Дэлхийн хэмжээний шоу учраас хариуцлагатай байж, алдаж болохгүй шүү гэж өөртөө шивнэсэн. Мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэлээ базааж, бүх зүйл төгс байх ёстой гэсэн зорилгыг өөртөө болон багийнхандаа тавьсан юм. Үнэндээ загвар зохион бүтээгчийн хувьд тайз, моделиуд, зэрэг бүх зүйлд анхаарлаа хандуулах шаардлагатай учраас өөртөө анхаарал тавих цаг гараагүй. Ямарч байсан намайг урих үед тайзан дээр гарсан. Бас дэндүү аз жаргалтай байгаагаа мэдэрсэн. Багийнхнаараа бахархсан.

-Та анх удаа мэргэжлийн баг бүрдүүлж загварын шоунд оролцлоо. Багаар ажиллахын давуу тал юу байв?

-Дэлхийд загвараараа ноёрхож буй улс бүхэн багийн зарчмаар хамтарч ажилладаг. Бүх зүйл нь төгс харагдана гэсэн үг л дээ. Бид нүүр будагч, үсчин, тайз засалчаа хүртэл авч явсан. Миний оюун ухаанаас ургасан загварыг тэд ч ялаагүй миний нүдээр харж, хэлэх гэсэн санаа, үзүүлэх гэсэн шоуг маань мэдэрсэн байх шаардлагатай. Тиймээс эхлээд сайн ярилцаж, ойлголцсоны үндсэнд хамтарч ажилласан. Өмнө нь манай загварынхан өөрсдийн бор зүрхээр бүх зүйлээ амжуулж, моделиуд нь өөрсдөө будаад л гардаг байлаа. Гэвч одоо цаг үе өөр болж. Манайд мэргэжлийн нүүр будагч, үсчний чадвар нэмэгдэж байна. Тэд бүгдээрээ эвсэж чадвал Монголын загвар дэлхийд ноёрхох үе ойрхон байна гэж бодогдлоо.

-Монгол дизайнерын бусдаас ялгарах гол онцлог нь юу байсан бэ?

-Бид дандаа монгол эд материалаар хувцсаа урласан. Ноос, ноолуур, эсгий гээд. Манай таван хошуу малаас хэрэггүй зүйл гардаггүй гэж үнэн юм билээ. Загваруудаа хараад эх орноороо бахархсан. Бид ямар агуу соёлтой, түүхтэй улсад мэндэлсэн юм бэ. Монгол хувцсаны онцлогийг загвартаа тусгасан.

-Танд бусад орны загварын агентлагууд хамтарч ажиллах санал тавьсан гэж сонссон. Саналыг нь хүлээж авсан уу?

-Гайхалтай саналууд ирсэн шүү. Бүгдтэй нь эргэж холбогдоно. Энэ шоунд дэлхийн алдартай модель Алиса оролцсон юм. Тэр манай моделиудад тусгайлан баяр хүргэсэн. Мөн Америкийн алдартай жүжигчин бүсгүй ирж оролцсон юм. Миний нэг даашинзыг худалдаж авъя гэсэн.

-Түүнд даашинзаа зарчихсан уу?

-Үгүй ээ. Яг адилхан загварыг өөрийнх нь биед тааруулаад тусгайлан урлаж өгөхөөр тохиролцсон. Даашинзыг нь оёчихоод араас нь явуулна даа.

-Та загваруудаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

-Загвар, хийц, материалаасаа шалтгаалаад үнийн хувьд харилцан адилгүй байдаг. Тиймээс тогтсон үнэ хэлж чадахгүй нь. Харин нэг зүйлийг бардам хэлэхэд би хувцсандаа дэндүү өндөр үнэ хэлдэггүй. Дундаж амьдралтай хүмүүс миний хийсэн хувцсыг авч өмсөх боломжтой. Гэхдээ ихэвчлэн захиалгаар л оёдог.

-Зохиосон загварыг тань амилуулж чадах модель манайд хэр олон байна?

-Манай моделиуд гайхалтай чадварлаг шүү. Дэлхийн хаана ч гологдохооргүй дэлхийн хэмжээний стандарттай. Гадаадын нэр хүнд бүхий агентлагуудад ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж байна. 

-Зарим яруу найрагч, зураачид уран бүтээл туурвих сэдэв, санаагаа санамсаргүй байдлаар олсон байдаг. Харин таны хувьд шинэ загварын санаа хэзээ орж ирдэг вэ?

-Яг үүрээр, унтаж байхад шинэ санаа орж ирэх тохиолдол бий. Өглөө сэрэхэд нүдэнд харагдсан хэвээрээ байдаг. Тэгээд л цаасан дээр буулгана даа.    

-Таны загварууд энгийн атлаа эмэгтэйлэг санагддаг. Загвараараа юу илэрхийлэхийг хүсдэг вэ?

-Загвар бүхэн минь хэлэх гэсэн санаа, утгатай байдаг. Магадгүй өөрийн тань хэлснээр эмэгтэйлэг ертөнц давамгайлдаг байж магадгүй. Энэ нь ч миний загварын онцлог болов уу. Миний зохиосон загварын хувцсыг өмссөн хүн тэр өдрөө сэтгэл хангалуун, эрч хүчтэй байвал миний загвар зохион бүтээгч болсны нэг утга учир гэж боддог. Би хүмүүст хувцас урлаж өгчихөөд өмсөөд явж байхыг нь харах дуртай.

-Өөрийнхөө зохиосон хувцсаар гоёдог уу?

-Зөвхөн өөртөө зориулж загвар зохиолгүй яахав. Миний ганц чадах зүйл шүү дээ. Өөрийнхөө бүтээлийг өмсөөд явах сайхан шүү. Гэхдээ хүмүүс өмсчихсөн байхыг харах илүү дуртай. Яагаад ч юм сэтгэл цэлмээд, нэг л сайхан болчих шиг санагддаг юм. Яг дуучин хүн дууг нь сонсогчид сонсож байхыг хараад баярладаг шиг.

-Манайд чадалтай, авъяастай загвар зохион бүтээгчид бий. Гэхдээ бүгд дэлхийд өрсөлдөж чадахгүй байгаа шалтгаан нь юу юм бол?

-Төр, засгаас дизайнеруудаа дэмжих хэрэгтэй гэж боддог. Гадаадын бусад орнууд энэ зарчмаар ажилладаг юм билээ. Нэг загварын шоунд оролцох гэж тухайн загвар зохион бүтээгчээс хэр хэмжээний мөнгө гарах билээ. Дизайнер бүхэн түүнийг өөрөөсөө гаргаад оролцох боломжгүй шүү дээ.

-Гадаа урин дулаан цаг ирлээ. Таны хувьд энэ зуны загварыг хэрхэн тодорхойлж байна?

-Энэ жил сүүн буюу завсрын өнгө моодонд орох хандлагатай байна. Гэхдээ зун бүхэн тод өнгө хэзээ ч моодноос гардаггүй шүү дээ. Ялангуяа бүсгүйчүүд халууны улиралд гэгээлэг, хурц өнгөөр гангарвал зохистой. Сул, хэлхэгэр загварын хувцас илүү эрэлттэй байх шүү.

-Манайхан их хэлбэр хөөгөөд байх шиг санагддаг. Энэ нь зөв юм болов уу?

-Хэн нэгнийг дууриаж хувцаслах нь утгагүй. Өөр хүнд тэр хувцас сайхан зохисон ч өөрт чинь зохихгүй байж болно шүү дээ. Тиймээс хүнд биш, өөртөө тохируулж хувцаслах нь зүйтэй. Хэлбэр биш чанар хөөвөл зүгээр.

-Зарим хүмүүс нэг хувцас авчихаад дараа нь харамсах тохиолдол гардаг. Өөртөө тохирсон хувцсыг яаж зөв сонгох вэ?

-Биеийнхээ онцлогоос шалтгаалж сонголтоо хийх хэрэгтэй. Хэт тарган хүн дэндүү бие барьсан хувцас өмсвөл ямар харагдах бол. Гэхдээ тухайн хувцас хамгийн гол нь биед эвтэйхэн байх хэрэгтэй. Биедээ тохироогүй хувцас өмсчихөөд өдөржин биеэ барьж, суух нь хүсэх ч юм биш.

-Бусдын стилийг тодорхойлдог бүсгүй маань өөрөө ямар загвар сонирхдог бол?

-Би аль болох гэгээлэг, тод өнгийн хувцас өмсөхийг хүсдэг. Загварын хувьд сул тэгсэн атлаа хээнцэр хувцсанд дуртай. Гэхдээ тухайн өдрийнхөө төлөвлөсөн ажлаас шалтгаалаад сонголтоо хийдэг юм.

-Таныг харахад их хээнцэр, дэгжин харагддаг. Хэзээ хамгийн энгийн байдаг вэ?

-Бүсгүй хүн энгийн байхдаа илүү үзэсгэлэнтэй гэдэг дээ. Би аль болох энгийн, гэхдээ нууцлаг байхыг хүсдэг. Мэдээж бүсгүй хүн тэр тусмаа дизайнер болохоор бусдаас илүү гадаад гоо сайхандаа анхаарах шаардлага гардаг нь үнэн.

-Та загвар зохион бүтээгчээс гадна загвар өмсөгч гэсэн. Энэ чиглэлээр цаашид ажиллах уу?

-Малайзад байхдаа загвар өмсдөг байсан. Үргэлж ээж, ааваасаа мөнгө нэхэлгүй, хэрэглээнийхээ мөнгийг өөрөө олчихдог байлаа. Харин Монголд загвар өмсөж байгаагүй. Ямар нэгэн агентлагт харьяалагддаггүй.

-Дуучин Ука та хоёр их адилхан шүү дээ. Зарим нь эгч, дүүс гэж боддог юм билээ?

-Бид сайн найзууд. Бие биенээ ойлгодог, дэмждэг. Манай Ука их дайчин бүсгүй. Хүнд урам өгч чаддаг юм. Бидэнд төстэй зан чанар олон бий. Тийм болохоор сайхан нөхөрлөдөг байх.

-Нөхөрлөлийн үнэ цэнэ нь юунд оршдог юм бол?

-Миний нөхөрлөлийг зөвхөн Укагаар төсөөлж болохгүй. Яг түүнтэй адилхан найзууд бий. Бүгд салбар бүртээ амжилттай яваа бүсгүйчүүд. Би найзуудаараа бахархдаг. Тэд амьдралын маань нэг хэсэг болсон. 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *