Г.Занданшатар: Оюутолгойгоор 35 сая долларын татвар төлүүлнэ

10-р сарын 11, 2018 8:20 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 11
10-11-8

Т.САЙХАН

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.  Энэ талаар хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв. 

Засгийн газраас Оюутолгойн гэрээг сайжруулах асуудлаар “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй  ямар хэлэлцээ хийсэн бэ?

 -Оюутолгойн гэрээг сайжруулах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлээд олон удаагийн яриа хэлэлцээрийг Оюутолгой, “Риотинто” компанийн төлөөлөгчидтэй уулзсан.  Ингээд Монгол Улсын ашиг хүртэх хугацааг наашлуулах, Монголын талд ирж байгаа зээлийн хүүгийн дарамтыг бууруулах гэх мэт таван үндсэн зарчим дээр тохиролцсон. Оюутолгойн гэрээ илүү ашигтай болох суурь нөхцөл бүрдэж байна.

Оюутолгой, Тавантолгойд цахилгаан станц барих асуудал ямар шатанд байгаа бол?

-Цахилгаан станц барих асуудал маргаантай байсан. Гэрээ ёсоор дотоодоос эрчим хүч авах ёстой ч энэ заалт хэрэгжихгүй байсан. Жилд 150 сая ам.долларын цахилгаан эрчим хүчийг Оюутолгой импортоор авдаг. Үүнийг дотоодоос авах боломжийг бүрдүүлэхийн тулд цахилгаан станцыг Тавантолгой юм уу Оюутолгойд барих, эсвэл дотоодын эрчим хүчний шугмаар хэрэглээгээ хангахаар тохиролцлоо.

Зээлийн хүү бууруулахаар тохирсон гэж байна. Яг хэд хүртэл бууруулахаар тохирсон бэ?

– Бид олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Одоогоор яг тодорхой тоо хэлэх боломжгүй, зарчим дээрээ тохирсон. Мөн Оюутолгойгоор 35 сая ам.долларын татвар төлүүлэхээр ярьж байна.  Нийтдээ 150 сая ам.долларын татварын акт тавигдсан байдаг. Үүнийг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх бололцоотой.

Нийтдээ 150 сая ам.долларын татварын акт тавигдсан ч 35 сая ам.доллар төлүүлнэ гэхээр хангалтгүй байгаа юм биш үү?

-Энэ татварын хувьд яг үнэндээ Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой учраас гэрээний дагуу чөлөөлсөн, хөнгөлсөн эсвэл Дубайн төлөвлөгөөгөөр чөлөөлсөн татвар байсан учраас татварын акт ногдуулахдаа ч эргэлзээтэй зүйл бий. Эцсийн дүндээ татвартай холбоотой заалтууд Дубайн төлөвлөгөөтэй холбогдож байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *