Г.Солонго: “Өндөр гэгээн”-ээр үзэгчдийн хандлагыг өөрчлөхийг хүссэн

5-р сарын 9, 2018 10:00 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 79
5-9-10

Ч.ГАНТУЛГА

Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр “Өндөр гэгээн” жүжгээрээ “Гэгээн муза” наадамд өрсөлдөж байна. Тус театрын дарга, Соёлын тэргүүний ажилтан Г.Солонготой ярилцлаа.

-“Өндөр гэгээн” жүжиг  Улаанбаатар хотын эхний үзвэрээ энэ сарын 5-нд нээсэн. Үзэгчид үнэхээр сайхан хүлээж авсан шүү?

-Бид нутагтаа эхний үзвэрээ гуравдугаар сарын 5-нд тоглосон. Тэр үеэс л үзэгчид сайхан хүлээж авсан. Учир нь энэ бүтээл соён гэгээрүүлэх чиглэлээр хийж буй том бүтээл. Үзэгчид энэ хэмжээний бүтээлийг хүлээж байсан нь мэдрэгдсэн. Хотын үзэгчид ч ялгаагүй биднийг халуун алга ташилтаар, олон сайхан урмын үгтэй угтлаа. “Өндөр гэгээн” жүжгийн тухай олон нийтлэл бичсэнийг би уншсан.

-Танай хамт олон “Гэгээн муза” наадамд мэдээж Гранпри шагналын төлөө л ирсэн байх?

-Манай театр өмнө нь энэ наадамд хэд хэдэн удаа оролцож байсан туршлагатай. 2007 онд “Туслах эрэгтэй дүр”, “Туслах эмэгтэй дүр”-ийн шагналыг авч байсан. Энэ удаа том хэмжээний бүтээлээр өрсөлдөж байна. Энэ утгаараа өмнөхөөсөө илүү амжилт руу тэмүүлж ирсэн.

-Уран бүтээлчдийн хувьд ихэвчлэн залуу хүмүүс байх шиг харагдсан?

-Бид театрынхаа залуу уран бүтээлчдэд боломж олгохыг хүссэн. Сургуулиа төгсөөд орон нутгийн театрт ажиллахаар ирэх мэргэжилтэн одоо хэд билээ. Тэднийхээ урам зоригийг сэргээе, эрч хүч хайрлая гэж бодоод гаднаас жүжигчин уриагүй. Ихэвчлэн дөнгөж сургуулиа төгссөн залуу уран бүтээлчид гол дүрийг бүтээж байна. Жүжигчид маань ерөнхий найруулагч Н.Наранбаатараас олон зүйлийг сурсан. Цаашлаад энэ мэдлэг нь дараагийн уран бүтээл хийхэд оюуны том хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна.

-Жүжиг нэлээд урт замыг туулж байж бүтсэн гэсэн. Бэрхшээлтэй зүйл олон байв уу?

-Томоохон, төлөв­лөгөөт уран бүтээл хийх нь зөв юм байна гэсэн бодол 2016 онд надад төрсөн. Орон нутгийн театр жилд дөрвөн бүтээл хийх төдий байдаг. Тиймээс нэг томоохон бүтээл хийх нь материаллаг баазаа нэмэгдүүлэхээс эхлээд уран бүтээлчдэд туршлага суух гээд олон талын ач холбогдолтой. Тиймээс Улаанбаатарт ирж, УДЭТ-ын захиралтай уулзаж, хамтран ажиллах санал тавьсан. Ингээд манай хоёр театр 2020 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм. Миний хувьд эхний удаа Н.Наранбаатар найруулагчтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэхэд найруулагч маань “Очирваанийн оронд очиж ажиллалгүй яахав” гээд их сайхан хүлээж авсан.  Ингээд 2017 оны нэгдүгээр сард манай театрт очиж, нэг бүтээлийг үзэж, мэргэжлийн төвшин тогтоох шалгалт авсан. Үүний дараа хоёр цагийн лекц уншсан. Лекцээс манай уран бүтээлчид томоохон хэмжээний бүтээл хэрхэн бүтэхээс эхлээд театрын жүжигчин ямар байх ёстой талаар бүх талын мэдлэгийг авсан.

-Та найруулагч Н.Наран­баатарт “Өн­дөр гэгээн” жүжгийг най­руу­лах санал тавьсан юм уу?

-Н.Наранбаатар най­руу­лагч манай театрт нэг бүтээл тавих нь уран бүтээлчдэд том сургууль болох юм байна гэж би бодсон. Тиймээс санал тавьж, бид зохиол хайх ажилдаа орсон. Энэ үеэр зохиолч, яруу найрагч Ц.Бавуудорж гуай Завханд ажлаар ирчихсэн, манай театрыг зорьж ирээд  “Би Өндөр гэгээний тухай нэг зохиол бичсэн. Бүтээл болговол ямар вэ” гэсэн санал тавьсан юм. Яг энэ үед бид зохиол хайж байсан учир уншиж үзээд найруулагчдаа өгөхөд Н.Наранбаатар найруулагч “Жаахан янзалчихвал болохоор зохиол байна” гэсэн юм. Ингэж л “Өндөр гэгээн” төрөх эхлэл тавигдсан даа.

-Уран бүтээлчид ингээд завгүй болчихдог юм байна. Харин энэ бүтээлийг босгох хөрөнгө олох асуудал таны толгой дээр буусан байх. 200 гаруй сая төгрөгөөр бүтсэн гэсэн үнэн үү?

-Төсвөө бодоход 200 гаруй сая төгрөг хэрэгтэй болсон. Хэмнэсээр байгаад 180 сая төгрөгийн зардал гарах тооцоо хийгээд хүмүүст танилцуулахад ихэнх нь энэ ч бүтэхгүй ажил байна гэсэн хандлагатай байсан. Тиймээс аймгийнхаа удирдлагад хандахад ямар ч байсан бүтээлээ хийж бай, хөрөнгө мөнгөний асуудалд чадахаараа туслана гэсэн учир урам аваад зүтгэсэн. Наймдугаар сард жүжгээ эхний байдлаар бэлэн болгосон ч хяналтын үзлэгт хувцас, тайзгүй орсон. Удирдлагууд үзээд санхүүгийн асуудлыг шийдэж өгөхийг бодъё гэсэн юм. Энэ хооронд би найруулагчтайгаа хотод ирээд УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай уулзаж, жүжгийнхээ тухай танилцуулсан. Дарга төлөвлөгөөтэй танилцаад эхний ээлжинд 20 сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Удаа ч үгүй аймгаас 33 сая төгрөгийг шийдэж өгсөн. Төслийн удирдагч Я.Санжмятав болон Ерөнхий пордюссер, манай аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар нөлөө бүхий компаниудад санал тавихад бүгд зөвшөөрч бидэнд чин сэтгэлээсээ тусалсан. Энэ мэт олон хүний сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөөр бүтсэн юм даа “Өндөр гэгээн”.

-Хувцас чимэглэл, тайз засалтын хувьд их өвөрмөц санагдсан шүү?

-Нэгэнт л том хэмжээний бүтээл хийж буй учир бүхнийг мэргэжлийн өндөр төвшинд байлгахаар зорьсон. Хувцсаа хотод үнэтэй салонуудад захиалга өгч оёулсан. Харин тайзаа УДЭТ-т үйлдвэрлэлээ. Тайзаа өөрсдөө хийхийн тулд манайхан хотод нэг сарын сургалтад хамрагдсан гээд энэ бүтээл бидэнд олон талаар зэрэг хөгжих боломжийг олголоо.

-Театрын даргын хувьд та энэ бүтээлээс үзэгчид юуг ойлгоосой гэж хүсч байна?

-Энэ бүтээлээр үзэгчдийн хандлагыг өөрчлөхийг хүссэн. Орон нутгийн үзэгчид зохиолын дууны тоглолт, кино үзвэрт л хошуурч байна. Харин театр маань тоглолт төдийхнөөр хэмжигдэж байсан. Тиймээс энэ хандлагыг өөрчилье, манай театр энэ хэмжээний бүтээлийг хийх чадвартай шүү гэдгийг харуулахыг хичээсэн.

-Завханы нээлт их сайхан болсон гэж сонссон. Энэ жүжиг зөвхөн уран бүтээлчдэд төдийгүй театрын соёлыг танай нутагт түгээж ээ?

-Жүжигтэйгээ холбоод бүхий л талаар нь тав тухтай орчинг бүрдүүлэхийг зорьж ажиллалаа. Бид нээлтээ хийхийн тулд театртаа засвар хийсэн. Өмнө нь харанхуй театрт орж ирдэг байсан бол энэ удаад гэрэл цацарсан, дулаахан уур амьсгалтай театрыг цогцлоосон нь үзэгчдэд их таалагдсан. Үүдээр орж ирэхэд угтах үйлчилгээнээс эхлээд энэ хугацаанд олон шинэчлэлийг хийж гүйцэтгэсэн байна.

-Танай театрын түүх хэзээнээс эхтэй юм бэ?

-Манай театр түүхээрээ 1958 онд анх Соёлын ордон гэж байгуулагдсан байдаг. Энэ жил 60 жилийн ой нь тохиож байна. Харин 1983 онд театрын статус руу шилжсэн байдаг. 2001 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит болсон.

-2017 онд танай хамт олон “Өндөр гэгээн” жүжгээс гадна ямар уран бүтээл хийв?

-2017 онд бид амрах завгүй ажиллажээ. Жүж­гээс гадна хүүхдүүдийн урлагийн боловсролд зориулж бүх төрлийн дугуйланг хичээллүүлсэн. Мөн “Нүүдэлчдийн соёлын наадам” гэж том арга хэмжээ болдог юм. Энэ ажлыг амжилттай зохион байгууллаа.

-Театрын цаашдын зорилго юу вэ. Нутагтаа очоод ямар бүтээл хийхээр төлөвлөж байна?

-“Хаврын баяр” буюу урлаг, спортын үйл ажиллагаанд оролцоно. Есдүгээр сараас “Өндөр гэгээн” жүжгээ Орхон, Өвөрхангай, Дарханд тоглохоор төлөвлөж байна. Үүнээс гадна 800 хүний суудалтай шинэ театр маань баригдана. Тиймээс боловсон хүчнээ нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *