Г.Шижирболд: Монгол ханхүүд дуулахыг хүсдэг

1-р сарын 11, 2019 7:10 am Нийтлэгч: Ангилал Зочин , Урлаг , Урлаг, спорт , Ярилцах цаг Уншсан: 4
1-11-3й

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн дугаарын зочноор УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Шижирболдыг урилаа. Тэрээр ирэх хоёрдугаар сард тайзнаа амилах “Травиата” дуурьт дуулахаар бэлтгэлдээ оржээ.

-УДБЭТ өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Шинэ оны эхний үзвэр маргааш эхлэх бил үү?

-Манай театрын 2019 оны уран бүтээлийн төлөвлөгөө гарсан. Маргааш үзэгчиддээ “Цэнхэр нүдэн бүсгүй” бүжгэн жүжгийг толилуулахад бэлэн болоод байна. Харин миний хувьд ирэх сард “Травиата” дуурьт дуулахаар бэлтгэл эхэлчихсэн.

-Та Альфредэд өмнө нь дуулж байсан. Магадгүй таны нэрийн хуудас болсон уран бүтээлийн нэг байх?

-Миний хувьд “Травиата” дуурьт дөнгөж театрын дуучин болоод хоёр жилийн дараа дуулж байлаа. Дуурийн хувьд тенор хоолойтонд тохирсон бүтээл. Дүрийн хувьд ч хайр дурлалдаа шатсан цэл залуухан залуу.

-2018 онд хамгийн сүүлд тантай “Сивилийн үсчин” дуурийн гол дүрээр уулзсан. Үнэхээр сайхан тоглолт болсон шүү?

-Россини ихэвчлэн хошин дуурь бичсэн байдаг. “Сивилийн үсчин” дуурийн хувьд их хөнгөн, хүмүүст инээд бэлэглэсэн, гэгээлэг бүтээл. Дэлхийн том, том дуурийн театрын урын санд заавал байх ёстой гэдэг. 2018 онд тус дуурийг манай театрт итали найруулагч ирж тавьснаараа онцлог байсан. Манай уран бүтээлчид итали дуурийг итали хүн хэрхэн найруулдаг тухай мэдлэгтэй болсон.

-Дуурийг нэг зуунаар наашлуулсан байх аа?

-“Сивилийн үсчин” дуурь XVIII зууны үеийн аж амьдралыг харуулдаг. Үүнийг дэлхийн театрууд янз бүрээр тавьсан байдаг. Харин бид нэг зуун татаж тавьсан. 1900-аад оны эхэн үеийг тусгасан нь өөрийн онцлогтой, гайхалтай бүтээл болж чадсан шүү.

-Таныг сонгодог урлагт хайртай үзэгчид бүтээсэн дүрээр тань мэддэг. Харин аль нутаг ус, ямар айлын хүү билээ?

-Би Өвөрхангай аймгийн уугуул. Аав минь Өвөрхангайн театрт уран сайхны удирдагч, ээж хуучир хөгжимчин. Ах маань СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Нутгийнхаа теарт ажиллаж байгаад сурахаар Япон улсыг зорьсон. Манайх гэр бүлээрээ урлагийн хүмүүс.

-Таны бага нас Өвөрхангайн театрт өнгөрсөн бололтой. Сэтгэлд тань үлдсэн сайхан дурсамжаас хуваалцаач?

-Ээж, аавыгаа дагаад театрт бараг амьдардаг байлаа. Тухайн үеийн мундаг уран бүтээлчдийн тоглолтыг үзэж байснаа мартдаггүй. Тэр хүмүүсийн хөг аялгуу урлагт улам  дурлуулсан гэж боддог. Намайг багадаа тайзан дээр хүүхдүүд дуулахаар тогтож сууж чаддаггүй хүүхэд байсан гэж ээж минь ярьдаг юм.

-Яагаад хамгийн хүнд дуурийн дуучин гэсэн мэргэжлийг сонгосон юм бэ. Хөнгөн хөгжим, поп чиглэлээр уран бүтээл хийх боломж дүүрэн байхад?

-Урлагийн гэр бүлд өссөн учир энэ салбарын үнэ цэнийг их ойлгодог байсан. Дуурийн дуучин болоход ээж, аавын нөлөө бий. Урлаг, урлагийн оргил нь сонгодог урлаг. Энэ урлаг урт настай.

-Та сургууль төгсөхөөсөө өмнө УДБЭТ-д данстай болсон. Анх “Чио Чио Сан” дуурьт дуулсан бил үү?

-Анх Өвөрхангайгаас оюутан болж ирээд дуурийн театрын хажуугаар өнгөрөхдөө найзууддаа “Миний ирээдүйн ажил” гээд инээлдэж байсан юм. Жаахан байсан учир театр гэдэг мөрөөдөл л байлаа. Харин сургууль төгсөхөөсөө өмнө “Чио Чио Сан” дуурийг театртаа дуулаад амжчихсан. Тухайн үед тоглолт үзэж байсан хүмүүс алга ташиж, олон урмыг үг хэлсэн. Оюутан хүүхдийг тоож, алтан тайзнаа гаргасан театрын хамт олондоо баярладаг юм.

-“Чио Чио Сан” бол Азид болж байгаа үйл явдлыг харуулдаг. Ер нь Ази, Европ дуурьт дуулах хэр ялгаатай вэ?

-Ж.Пуччинийн аялгуу их уянгалаг. Дуучин хоолойгоо хүчлэх ямар ч шаардлагагүй, эвээр дуулуулдаг юм шиг санагддаг. Дуурьт дуулахад судалгаа их чухал. Европ хүмүүсийн алхаа гишгээ, гарны хөдөлгөөн хүртэл монгол хүнээс тэс өөр. Тиймээс байнга дүрээ судалж, хөдөлмөрлөх хэрэгтэй.

-Анх дуурийн театрыг хэрхэн төсөөлдөг байсан бэ. Дунд нь ороод ажиллахад төсөөллөөс хэр зөрүүтэй байв?

-Оюутан байхдаа дуурийн театр гэж бодохоор сүрддэг байсан. Тайзан дээр дуулж байгаа мундаг уран бүтээлчдийг хараад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг байж билээ. Эхэндээ жаахан эмээдэг байсан. Энэ хүний дэргэд хамаагүй дуулж болох билүү гэж бодогддог юм билээ. Харин нэг хамт олон болж, бие биенээ ойлгоод эхлэхээр энэ урлаг, ягаан театр минь тэс өөр, гэрэл гэгээтэй ертөнц гэдгийг мэдэрсэн.

-Шавийн эрдэм багшаас гэж үг бий. Таны өнөөдрийн урлагийн замнал Д.Банди хэмээх эгэлгүй авьяастны гавьяатай салшгүй холбоотой. Багшийнхаа тухай дурсаач?

-Намайг СУИС-ийн босгоор анх алхахад тосч авсан хүн бол Д.Банди багш минь. Багшаасаа дуулах урлагаас эхлээд амьдралын олон сайн, сайхан чанарыг сурсан. Харамсалтай нь төгсч чадаагүй. Биднийг гуравдугаар дамжаанд байхад багш минь бурхны оронд заларсан.

-Багш тань энгийн үедээ ямар хүн байсан бэ?

-Театрт тайз засагч хийж байсан ахын багшийн тухай бичсэн дурьдатгал байдаг юм. Багшийг жинхэнэ жентельмэн гэж онцолсон байсан. Учир нь театрын шатан дээр багштай таараад “Цаг хэд болж байна” гэж асууж. Багш хэрэг болгон зогсоод цүнхээ онгойлгож, цагаа гаргаад тэр хүнд хэлсэн байдаг. Д.Банди багш тийм л энгийн хүн байсан. Тэр үеэс хойш олон жил өнгөрсөн ч хэзээ ч мартахааргүй дурсамжийг сэтгэлд нь үлдээж чаджээ. Биднийг хааяа тамхинд гүйлгэнэ. “Чи завтай юу, үнэхээр завтай биз” гэж асууж байгаад л явуулдагсан. Хүнд ажил удахыг хүсдэггүй, оюутан, багш, цэвэрлэгч, дарга гээд ямар ч хүнтэй хүн ёсоор харьцдаг байлаа. Багшийн үе, үеийн шавь нар тэр зан чанарыг нь тодорхой хэмжээгээр өөртөө тусгасан байдаг.

-Та “Турандот” дуурьт дуулахыг хүсдэг гэсэн. Яагаад?

-Ж.Пуччинийн хамгийн сүүлд бичсэн бүтээл нь “Турандот” дуурь. Өөрөө дуусгаж амжаагүй учир шавь нар нь дуусгасан гэдэг. Энэ бүтээл дэлхийн бүх тенор хоолойтны мөрөөдөл. Дуурьт монгол ханхүүгийн тухай өгүүлдэг. Хэний ч уярааж чадаагүй, Хятадын гүнжийг монгол ханхүү эр зоригоороо уярааж, өөрийн болгодог. Дэлхийд алдартай гранд дуурь монгол хүний тухай байна гэж бодохоор бахархахгүй байхын аргагүй. Тиймээс л монгол ханхүүгийн дүрд дуулахыг хүсдэг.

-Дуурийн урлагийг та урт настай гэж онцолсон. Хоолой тэгширч, бяр суух үе гэж байдаг байх даа?

-Дуурийн урлагийн бусад дуучнаас ялгарах онцлог нь нас юм. Дуурийн дуучин насаараа өөрийгөө бэлтгэдэг онцлогтой. Олон жил дуулах тусам хоолой нь хүчирхэгждэг. Дэлхийн мундаг дуучдын замнал 40 наснаас эхлэх нь бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.11 № 8 (5975)