Г.Оюунбат: Үндэсний статистикийн хорооны статус буурвал НҮБ-д нүүргүй болно

12-р сарын 21, 2015 10:18 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 48
12-21-10h

Б.ЭНХ

2016 оны төсвийн хуульд зарим агентлагийг нэгтгэж, татан буулгахаар болсон. Энэ хүрээнд Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэх заалт орсон билээ. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан Г.Оюунбаттай ярилцлаа.

Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэхээр болсон. Энэ хоёр байгууллагыг нэгтгэхийг та эсэргүүцэж байгаа гэв үү?

Манай орны хувьд статистик нь өнө эртний уламжлалтай. Эдийн засгийн ууган салбарын нэг. 1911 онд Богд хаант Засгийн газрын байгуулсан таван яамтай зэрэг ажлаа эхлүүлж байсан 100 жилийн түүхтэй байгууллага юм. УИХын дэргэдэх байгууллагыг татан буулгаж Засгийн газрын харьяа Хуульзүйн яамны мэдэлд шилжүүлж агентлаг болгох шийдвэр гаргалаа. Тэгээд болоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэхээр болж байна. Энэ хоёр байгууллага тэс өөр. Нэгдүгээрт, Үндэсний статистикийн хороо судалгаа, шинжилгээний байгууллага. Судалгаан дээр тулгуурлаж ажлаа явуулдаг. Нөгөө нь бүртгэлийн ажил явуулдаг. Ийм хоёр өөр байгууллагыг нийлүүлнэ гэдэг дээд удирдлагуудын эндүүрэл гэж бодож байна. Статистикийн салбарын өмнө тавигдаж байгаа зорилтуудыг УИХ таван жил тутамд хэлэлцэж, үндэсний хөтөлбөрийг баталж байдаг. Манайх маш олон том судалгааг олон улсын байгууллагын хөрөнгө, төслөөр улсын хэмжээнд явуулж ирсэн. Бүх төрлийн тооллогыг олон улсын нийтлэг аргачлалын дагуу явуулж, үр дүнг нь нийтэд хүргэж байна. Хөдөө аж ахуйн тооллогыг 2011 онд анх удаа зохион байгуулсан.

Хоёр байгууллагыг нэтгэх нь Монгол Улс төсвөө хэмнэхийн тулд хийж байгаа үйлдэл. Мэдээж орон тооны цомхотгол явагдах нь ойлгомжтой. Өөр ямар үр дагавар гарна гэж үзэж байна?

Нэгдүгээрт, орон тооны цомхотгол явагдана. Одоо Үндэсний статистикийн төвд мундаг мэдлэг боловсролтой, хоёроос гурван гадаад хэлтэй залуус ажиллаж байгаа. Гэтэл тэднээс 90 гаруй хүнийг цомхотгоно гэж яригдаж байгаа юм билээ. Тэдний цаана цалингийн зээлтэй олон хүн бий. Хоёрдугаарт, статистикийн албан ажил үргэлжлэх боломжгүй болчихож мэдэхээр байна. УИХын дэргэдэх Үндэсний статистикийн хороог буулгаж яамны харьяа болгохоор ажлын статус нь өөрчлөгдөнө. Статистикчид өмнө нь гаргаж байсан мэдээ тайлангаа авч чадахаа болино. Хуульзүйн яаманд очихоор дээд байгууллагын нөлөөнд автах эрсдэлтэй. Уг нь статистикийн байгууллага бие даасан хараат бус, олон нийтэд мэдээ тайлан нь ил тод байх ёстой. Монгол Улсын нэр хүнд олон улсад унах эрсдэлтэй. Үндэсний статистикийн хороог НҮБ маш өндрөөр үнэлж, 200 гаруй орноос онцолж 24 орны нэг болгон гишүүнээр элсүүлсэн байдаг. Энэ байр сууриа ч алдана. Нэг үгээр Үндэсний статистикийн хорооны статус буурвал НҮБд нүүргүй болно.

Цомхотголоор 90 гаруй хүнийг халах талаар ярилаа. Үндэсний статистикийн хороо хэчнээн ажилтантай вэ. Та хэдий үед ажиллаж байв?

Би 1964 оноос энэ байгууллагад ажиллаж эхэлсэн. Эмээ маань 1924 оноос буюу хамгийн анхны ажилтнуудын нэг болон ажиллаж эхэлсэн түүхтэй.  Тэгэхээр манайхан удмаараа энэ байгууллагын 100 жилийн түүхэнд ажиллаж ирсэн гэсэн үг. Одоо бол статистикийн байгууллага маань салбарынхаа хэмжээгээр 340 орчим өндөр мэргэжлийн статистикч, эдийн засагчид орчин үеийн электрон, цахим техник, боловсронгуй технологи, интернет сүлжээ, прог­раммыг ашиглан статистикийн мэдээллээ боловсруулан ажиллаж байна.

Тиймээс Үндэсний статистикийн хороо дагнасан хэлбэрээр бие даасан хараат бус ажиллах ёстой. Статистикийн хуульд ч үүнийг заагаад өгчихсөн байдаг. Олон улсын жишигт бүх орны статистикийн байгууллага хэний ч хараа нөлөөнд автахгүй ажиллах ёстой байгууллага.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 5 Сэтгэгдэл

Jennah
2016 оны 12-р сарын 1

Gosh, I wish I would have had that intfomarion earlier!

Kevrel
2016 оны 12-р сарын 3

Thanks for shniarg. Always good to find a real expert.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *