Г.Наранбаатар: Жолооч нар урт цуваанд зогсохгүй болсноор гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь багасна

12-р сарын 28, 2017 9:10 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 37
26102861_709779985882127_1499019941_n

С.УЯНГА

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатартай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

Нүүрс тээвэрлэлтийн замын өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ. Засгийн газрын 320 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээр ямар үр дүн гарав?

-Нүүрс тээвэрлэлтийн замд урт цуваа үүсэж жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал хөндөгдсөн, урт дарааллаас залхсан зарим жолооч маршрутын бус замаар зорчиж байгаль орчин, малын бэлчээр сүйтгэх зэрэг хүндрэл үүсээд байсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Энхболд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох албан тушаалтнууд газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай танилцаж, үүний дараа Засгийн газраас шуурхай шийдвэр гаргасан. Одоо Засгийн газрын 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Уурхайнуудын ачилтыг зогсоох арга хэмжээ авч дараалалгүй болгосон. Нүүрс тээвэрлэлтийн ачилтыг урт, богино болгосноор дахин урт дараалал үүсэхгүй, тээврийн жолооч нар богино хугацаанд эргэснээр олон өдрөөр цуваанд зогсох, архидан согтуурах, гэмт хэрэг, зөрчилд холбогдох зэрэг сөрөг үзэгдэл буурах юм. ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваагаар ахлуулсан ажлын хэсэг нүүрс тээвэрлэлтийн замд үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, орон нутгийн удирдлагууд, жолооч нар, тээвэр эрхлэгч байгууллагын төлөөлөлтэй уулзан, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулж ажилласан. Цагдаагийн байгууллагаас “Маршрут” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж “Гашуунсухайт” авто замын “Ухаахудаг” уурхайгаас 97 км, 122 км, 163 км-т тус бүр, “Оюутолгой” уурхайн хатуу хучилттай замд нийлдэг хэсэгт болон 217 дахь км-т пост ажиллуулж байна.

Ер нь орон нутгийн замын хяналтыг хэрхэн гүйцэтгэж байна вэ. Нүүрс тээврийн жолооч нар урт дарааллаас шалтгаалан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан хэрэг үү?

-Энэ оны эхний 11 сарын байдлаар нүүрс тээвэрлэлтийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 12 хүн нас барж, 16 хүн гэмтсэн. Эдгээр хэргийн 28 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 10 хувь нь эсрэг урсгалд орсон, 20 хувь нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ анхаарал болгоомжгүй хандаж өмнөөс ирж буй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн, бусад бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон, явган зорчигчийн буруутай үйлдлээс, замын нөхцөл байдалдаа үнэлэлт өгөхгүй анхаарал болгоомжгүй явсан, зай барьж яваагүй, хурд хэтрүүлснээс шалтгаалан үйлдэгдсэн байна. Урт дараалалд олон хоног зогсож буй жолооч нар даарсан, бухимдал үүссэн зэрэг шалтгаанаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг байсан. Нүүрс тээвэрлэлтийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 100 гаруй жолоочийг илрүүлэн болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлсэн.

Нүүрс тээврийн жолооч нар хилээр хориотой бараа нэвтрүүлэхийг завдсан тухай мэдээллүүд байдаг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ? 

-Манай аймаг урдуураа 700 гаруй км газар нутгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альша, Баяннуур аймагтай хиллэдэг. Ханбогд сумын нутагт Гашуунсухайтын, Гурвантэс суманд Шивээхүрэнгийн хилийн боомт байнгын үйл ажиллагаа явуулж байна. Энэ хоёр боомтоор БНХАУ руу нүүрс экспортлож буйтай холбоотойгоор тээврийн компанийн жолооч нар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа бүтээгдэхүүн нууж гаргахыг завдсан гэмт хэрэг гардаг. Энэ онд улсын хилээр хориглосон, хязгаарласан эд зүйл гаргахыг завдсан 10 гэмт хэргийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг хийсэн. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Гааль, Хилийн цэрэг, Тагнуул, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна.

-“Мими” гэх бодистой холбоотой хэргүүд, хяналт, шалгалт, урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өгнө үү?

-Ми Ми гэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр оруулж ирсэн, гар дээрээс худалдан борлуулж байгаа үйлдлийг илрүүлэх чиглэлээр ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газартай хамтарч ажиллагаа явуулсан.  Үүний дүнд, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Ц, Т, Х, Цогтцэций сумын иргэн Т, Ц, Ханбогд сумын иргэн Э нар энэ төрлийн бодисыг гар дээрээс худалдан борлуулж байгаа үйлдэл илэрсэн. Мөн БНХАУ-ын иргэн Фү ДүШи гэгч нь “мими” бодисыг улсын хилээр нэвтрүүлэхээр завдсан гэмт хэргийг илрүүлсэн. Эдгээр хууль бус үйлдэлд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллагын зүгээс бусад мэргэжлийн байгууллагатай хамтран жолооч нар болон нүүрс тээврийн замд үйл ажиллагаа явуулдаг иргэдэд “мими” бодисын сөрөг нөлөө, хуулийн хариуцлага зэргийг таниулах сургалт, зөвлөгөөг өгч байна. Цаашид бусад хууль хяналтын байгууллагатай хамтран энэхүү бодисыг улсын хилээр нэвтрүүлэх явдлыг таслан зогсоох, сөрөг нөлөөллийг таниулах чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудтай хамтрах, БНХАУ-ын цагдаа, гаалийн албан тушаалтнуудтай энэ чиглэлээр мэдээлэл солилцох, хамтран ажиллах зэргээр ажиллаж байна.

Гэрээт цагдаагийн тасгийн алба хаагчдын амьдрах, ажиллах орчин нөхцөл ямархуу байна даа. Ер нь алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

 -Гашуун сухайтын хилийн боомтод  төрийн болон хуулийн байгууллагын  хяналт, хүн хүчний дутмаг байдлаас шалтгаалан бий болсон эмх замбараагүй байдал, иргэдийн эрх ашиг зөрчигдөх явдал, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий гэрээт цагдаагийн тасгийг байгуулсан. Гэрээт цагдаагийн тасаг Ханбогд сумын Хайрхан баг буюу “Цагаан хад”-нд байрладаг. Анх 30 хүний орон тоотой батлагдсан хэдий ч одоогоор 24 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчдын амьдрах, ажиллах байр бариулах асуудлыг шийдвэрлүүлсэн. Цагдаагийн газрынхаа алба хаагчдын ажиллаж амьдрах орчныг сайжруулах, хуулиар хүлээсэн үүргийг амжилттай биелүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр  улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвөөр нийт 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнүүллээ.

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас энэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар дорвитой ажлуудыг хийсэн бэ?

-Сүүлийн жилүүдэд аймаг орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, орон нутгийн удирдлагаас цагдаагийн байгууллагыг бэхжүүлэхэд байнга дэмжиж, бодит хөрөнгө оруулалтыг хийсэн. Иргэдийнхээ аюулгүй амар тайван амьдрах нөхцөл бололцоог хангахын тулд Цагдаагийн газраас санаачилан “Аюулгүй-Амар тайван Өмнөговь”, “Амгалан хот-Даланзадгад”, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Архидан согтуурах, мансуурах, донтолтоос урьдчилан сэргийлэх” хөтөлбөрүүдийг боловсруулан аймгийн болон Даланзадгад сумын ИТХ-аар батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор Даланзадгад сумын 8 багийг квадратын системд хувааж, бүрэн тоноглолтой приус маркийн автомашин үүрэг гүйцэтгэдэг. Гамшгийн хор уршгийг арилгах “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлагад амжилттай оролцож, хамгаалалт, зохицуулалтыг үр дүнтэй  хийсний үндсэн дээр ямар нэгэн гэмт хэрэг зөрчил гараагүй бөгөөд ОБЕГ-аас сайн  үнэлгээ авсан. Гудамж талбайд үйлдэгддэг иргэдийн эрх  чөлөө, эрүүл мэндийн болон хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Даланзадгад сумын төвд 500 сая төгрөгийн өртөгтэй телекамерын хяналтын төвийг ашиглаж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэн цагдаагийн холбоог сайжруулахад нийтээр анхаарч байна. Танайх ямар онцлог ажил хийв?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хуваарьт оруулан  өдөр  бүр тодорхой хугацаанд  нийтийн эргүүлд гаргаж, цагдаагийн алба хаагчтай үүрэг гүйцэтгүүлдэг. ЕБС-ийн орчинд сурагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, нийтийн хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж Даланзадгад сумын 6 сургуульд эцэг, эхчүүдтэй хамт Олон нийтийн цагдаа “School police”-ийн үүрэг гүйцэтгэж байна. Мөн аймгийн 7 сумын сургуульд “School police” ажилладаг. Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар насанд хүрээгүй хүн холбогдсон гэмт хэрэг өмнөх оноос 2.5 дахин буурсан.

Бусад аймагтай харьцуулахад мал хулгайлах гэмт хэргийн гаралт цөөн юм. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажилладаг вэ?

-Манай аймагт мал хулгайлах гэмт хэрэг харьцангуй бага үйлдэгддэг. Энэ онд мал хулгайлах гэмт хэрэг 6 бүртгэгдсэн бөгөөд холбогдогчид нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэн ял шийтгэл эдэлж байсан, мэдлэг боловсролгүй, тогтсон ажилгүй хүмүүс  байна. Цагдаагийн газарт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцсан хэсэг байхгүй. Сум хариуцсан хэсгийн болон эрүүгийн төлөөлөгчид энэ төрлий гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг. Эрүүгийн цагдаагийн тасгаас алдуул болон хулгайд алдагдсан малыг бүртгэлжүүлж сан бүрдүүлж байна. Багийн Засаг дарга нартай хамтран ажиллаж Цэргийн дүйцүүлэх алба хааж буй иргэдийг “Мал сүргийг хамгаалах бүлэг нөхөрлөл”-ийн үйл ажиллагаанд оролцуулдаг. Тэднээр алдуул болон хулгайд алдагдсан малыг эзэнд нь хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд маллуулж хариулгатай байлгаснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *