Г.Лхамноржмаагийн уран бүтээлийн “Даяарын амгалан” цэнгүүн болно

2-р сарын 1, 2018 4:56 pm Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 10
20

Ч.Зотол

МЗЭ-ийн болон “Болор цом” наадмын тэргүүн шагналт, яруу найрагч Ш.Лхамноржмаагийн   “Даяарын амгалан” уран бүтээлийн цэнгүүн  ирэх сарын 3-ны 15:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Түүний шүлгүүдэд  хөгжмийн зохиолч, хань  Цэн.Эрдэнэбат нь аялгуу  хийсэн олон сайхан дуу бий. Цэнгүүнд  гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Ө.Уянга нар “Ижий улирал”, гавьяат жүжигчин Л.Болдбаатар “Санахын гэгээ”, “Шуранхайт нутаг” дуунуудыг дуулах бол  “Би чамд хайртай”, “Зүрхний гижиг”  дууг нь  Соёлын тэргүүний ажилтан Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар хослон дуулах ажээ. Мөн Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Чулуунбаатар “Цаг мөнхийн хайр”, дуучин Э.Оюумаа  “Өнө мөнхийн хайлан”, “Ертөнцийн наран ээж”, дуучин Э.Болормаа  “Уйдашгүй эх орон”, Ш.Лхагвасүрэн  “Хайрын тавилан”, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат нарын аялгуу “Сүүн замтай Монгол” дууг нь  Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Жамсранжав, Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс нар дуулж  үзэгчдэд хүргэх юм.

Тоглолт дуунаас гадна шүлэг, яруу найргаар үзэгчдийг хөглөх юм байна. Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Равдан, хөтлөгч Д.Цовоо, Б.Гантигмаа нар  яруу найрагчийн шүлгүүдээс уншиж, Төрийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Д.Нацагдоржийн болон “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо нарь оролцож уран бүтээлийн дээжээ өргөх ажээ.  Тоглолтын найруулагчаар хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр, продюссерээр Улсын драмын эрдмийн театрын ахлах менежер, Соёлын тэргүүний ажилтан Б.Гэрэл ажиллаж байна.  Ш.Лхамноржмаа үүний өмнө  “Ижий улирал”, “Цаг мөнхийн хайр”, “Гийнгоо” нэртэй  гурван  цомог  хэвлүүлсэн.  2006 онд “Зүрхний гижиг” дан яруу найргийн, 2009 онд “Даяарын амгалан” яруу найраг, дууны цомог гаргаж байв. Тэрээр уран бүтээлийн цэнгүүнийхээ тухай  “Даяарын амгалан гэхээр яагаад ч юм бэ,  мөнх цаст дүнжгэр их уулс, саруул уудам тал нутаг  миний нүдэнд  харагддаг юм. Нутаг амьтай, уул ус үг сонсдог, хүнээ санадаг гэдэгт би итгэдэг. Бид ядарч зүдрэхээрээ уул усандаа ханддаг хэрнээ эргүүлээд юу ч өгч чаддаггүй. Сайхан дуу дуулахад уул ус баярлаж, сайхан магтаал сонсоод уул овоо инээдэг гэдэг юм билээ” хэмээн тодотгосон байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *