Г.Гантуяа: Хүндлэл, зэмлэл хур бороо шиг дээрээс минь буусан

6-р сарын 29, 2018 9:15 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 243
6-29-1

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн дугаарын зочноор 2007 оныМонголын сайхан бүсгүйуралдааныАлтан эрдэнэ”-ийн өргөмжлөлт Г.Гантуяаг урилаа. Тэрээр одооАльфа Азиакомпанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна

Та хамгийн сүүлийнМонголын сайхан бүсгүйуралдааны ялагч. Тэр үеийн сайхан дурсамжаар ярилцлагаа эхэлье?

-Тухайн үед би 20 настай байсан. Одоогоос 10 гаруй жилийн өмнө энэ тэмцээнд орох нь зориг, зүрх шаардсан сонголт байлаа. Загвар өмсч үзээгүй, тайзан дээр алхаж байгаагүй, дуулж, бүжиглэдэггүй хүний хувьд өөрийгөө сорьсон, өөрчилсөн алхам болсон.

Таныг уралдаанд оролцоход гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?

-Эгч минь их дэмжсэн. Өөрөө аваачиж бүртгүүлээд, ороод үз, өөрийгөө нээ гээд л. Харин аав минь эсэргүүцэж байсан. Ааваасаа нууцаар шалгаруулалтад орж явсаар 2007 оны долдугаар сарын 9-нд титмийн төлөө өрсөлдөж байлаа.

Аавдаа хэлэлгүй явсаар, түрүүлээд очсон юм уу?

-Сүүлийн шатны шалгаруулалтын өглөө аавдаа хэлсэн. Аав минь тэр өдөр ирж үзсэн. Надаас бусад бүх бүсгүй гарч ирэхэд алга ташсан хэрнээ ганцхан намайг гарч ирэхэд алга ташаагүй цор ганц хүн нь миний аав байсан даа.

2007 оны “Монголын сайхан бүсгүй” уралдааны “Фото модель” өргөмжлөлт найз н.Ариунучралтайгаа.

Хэцүү байсан байх даа?

-Тайзан дээр алхахад үзэгчид их тод харагддаг. Тэмцээнд оролцож байгаа охид тайзнаас гэр бүлийнхнийхээ хандлагыг харахыг хүсдэг. Энэ тэмцээн миний хувьд амьдралдаа хийсэн том алхам. Хүндлэл, магтаалаас эхлээд нийгмийн шүүмжлэл, зэмлэл хур бороо шиг зэрэг буусан амьдралын минь сайхан дурсамж, алтан үе гэж нандигнадаг юм.

Сайхан бүсгүйн уралдааныг бид үзэхдээ охидыг өрсөлдөгчид л гэж хардаг. Гэтэл тайзны ард их өөр амьдрал, уур амьсгал бүрддэг юм билээ?

-Тэмцээнд оролцож байхдаа бие биедээ тусалж, сайхан үгээр урамшуулахыг хүсдэг. Үүнээс гадна  тэмцээнээс насан туршид нөхөрлөх найзаа хүртэл олдог. Одоо ч бид холбоотой байдаг. Миний хувьд хамт тэмцээнд оролцсон Б.Ариун-Учралтайгаа амьдралын найзууд болсон. Найз маань 2007 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний “Фото модель” төрөлд тэргүүлж байсан юм. Өнөөдөр ч миний хажууд байна. Энэ уламжлал бүх цаг үед байсан. Мисс Д.Уянгалянхуа, А.Сэлэнгэ, Б.Мичидмаа гээд эгч нар хүртэл уралдааны тайзнаас бие, биетэйгээ нөхөрлөж, хүмүүнлэгийн ажилд хоёргүй сэтгэлээр оролцож байгааг хараад бахархах сэтгэл төрдөг.

Таныг хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож, бүсгүйчүүдээ уриалдаг гэж байсан?

-“Монголын сайхан бүсгүй” уралдаанд оролцож байхдаа анх “Өнөр бүл” асрамжийн газар очиж хүмүүнлэгийн ажил хийсэн. Тэр үеэс өнөөдрийг хүртэл би энэ төвтэй холбоотой ажиллаж байна. Зөвхөн “Өнөр бүл” ч гэлтгүй манай үе үеийн бусад сайхан бүсгүйчүүд  нэгдээд охид, эмэгтэйчүүд, хүүхэдтэй холбоотой олон ажил зохион байгуулдаг ч олон нийтэд тэр бүр зарлаад байдаггүй.

Тэмцээнд түрүүлсэн бүсгүйчүүдэд клип, кинонд тоглох санал их ирдэг. Таны хувьд хувийн карьер хөөх, загварын тайзан дээр алхах санал ирж байсан уу?

-Би сайхан бүсгүйн болон загварын тэмцээнийг тэс өөр гэж боддог. Миний хувьд хэзээ ч загварын тайзан дээр алхаж байгаагүй. Ганцхан удаа тайзан дээр гарсан минь 2007 оны тэмцээн байсан. Харин олон телевиз, сонин, сэтгүүлээс санал тавьж байсан ч татгалздаг байлаа. Би долдугаар сарын 9-нд “Алтан эрдэнэ” өргөмжлөл хүртээд, 13-нд нь Солонгос руу Онгоцны багийн гишүүнээр суралцахаар явсан. Солонгосын “Korean Air” компанид ажиллаж, дэлхийгээр аялах боломжийг өөртөө нээсэн. Мөн Сингапурт Европын холбооны их сургуулийг Бизнес удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Одоогоор “Альфа Азиа” компанийг удирдаж байна.

-“Монголын сайхан бүсгүй”, хүмүүнлэгийн ажилтан, бизнесмэн гээд салбар бүрт амжилттай ажиллаж байна. Энэ их ажлын хажуугаар ээжийн үүргээ хэр биелүүлж байна?

-Би хоёр хүүтэй. Эх хүн, тэр тусмаа хөвгүүдийн ээж байна гэдэг эмэгтэй хүнээс их хариуцлага шаарддаг. Цэвэр ичимтгий байдал, нягт нямбай, хүнлэг энэрэнгүйг эх хүн өөрөө л үлгэрлэнэ. Миний эргэн тойронд ихэвчлэн сэтгэлзүйчид байдаг. Тиймээс энэ салбарт би ажиллах сонирхолтой. Хүнлэг сайхан сэтгэлтэй, бусдад туслахын төлөө явж, хайраа харамгүй зориулдаг ээжийн хүүхдүүд яг л тэгж хүмүүжнэ гэж би боддог. Миний хувьд хажууд минь хүүхэд хүмүүжиж байгааг мартахгүй байх нь амьдралын минь алтан дүрэм.

Таныг тэмцээнд орж байх үед сайхан бүсгүйн тэмцээн цөөхөн, чанартай болдог байж ээ?

-“Монголын сайхан бүсгүй” наадам хамгийн өрсөлдөөнтэй, нэр хүндтэй уралдаан байсан. Энэ наадмын “Алтан эрдэнэ” өргөмжлөл хүртсэн бүсгүйд нэр хүндээс гадна их хариуцлага ирдэг байлаа. Тиймээс ч уралдааныхаа нэр хүнд, чансааг хадгалж үлдэхийн тулд 2007 оноос хойш зохион байгуулахаа больсон. Харин энэ жил уралдаан маань 30 жилийн ойтойгоо золгож байна. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос дахин сэргээхээр шийдсэн.

Монголд сайхан бүсгүйн тэмцээн зохион байгуулагдаад 30 жил өнгөрсөн гэж бодоход бахархам сэтгэл төрж байна. Энэ жилийн өрсөлдөх охид хэр олон шалгуурыг давж байна?

-Энэ жилийн уралдааныг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулах гэж байна. Сүүлийн шатны шалгаруулалтад 20 бүсгүй үлдсэн байгаа. Уламжлалын дагуу “Хүмүүнлэг мисс”, “Оюунлаг мисс” гээд үндсэн шалгуурууд бий. Бид охидыг шалгаруулахдаа зөвхөн гадаад үзэмжээс илүү дотоод гоо сайхныг нь чухалчилсан. “Монголын сайхан бүсгүй” зөвхөн хөөрхөн байгаад зогсохгүй зөв төлөвшил, зөв хүмүүжилтэй, мэдлэг боловсролтой хүчирхэг нэгэн байх ёстой.

Зарим хүн сайхан бүсгүйн тэмцээнээр яадаг юм. Хий мөнгө үрэхийн нэмэр гэж үзэх нь бий. Уралдааны зорилгын тухай яриач?

-Сайхан гэдэг дотоод агуулга, гадаад хэлбэрийн зохистой нийлэмжийг хэлдэг. Энэ утгаараа монгол бүсгүйн оюун билэг, авьяас чадвар, гоо сайхныг нээн хөгжүүлэх, энэрэнгүй үйлсэд татан оролцуулахад энэ уралдааны утга оршиж байна. Мөн өв тэгш хойч ирээдүй, зөв бодолтой, хүмүүжилтэй бүсгүйчүүдийг нээж, уралдаанаар дамжуулан төлөвшүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээх эрхэм зорилготой билээ.

Миссийн тэмцээний хамгийн оргил үзүүлбэр нь “Усны хувцастай гараа”. Харин “Монголын сайхан бүсгүй” уралдаанд энэ гарааг хассан гэж сонслоо?

-Уралдаанд оролцож буй охидын дунд ирээдүйн гэргий, ээж, эмч, багш, удирдагч болох бүсгүйчүүд бий. Тэдний эрхэмсэг, нандин, гоо байдлыг хадгалж, гадаад үзэмж бус дотоод мөн чанар, хүмүүнлэг энэрэнгүй байдлыг нь илүү тодотгохын тулд “Усны хувцастай гараа”-г хасч, “Гоо охины гараа”-г нэмлээ.

Үзэгч багасахаас эмээгээгүй юү?

-Ирээдүйн нөхөр, үр хүүхдүүд нь хожим гэргийнхээ, ээжийнхээ зургийг цахим сүлжээнээс олж харвал тийм ч сайхан санагдахгүй байх. Зохион байгуулагчид болон оролцогч охид энэ шийдвэрийг баяртай хүлээж авсан. Бид уралдаанаа ашгийн төлөө зохион байгуулдаггүй. Тасалбараас олсон орлогын тодорхой хувийг хүмүүнлэгийн ажилд зориулна. Мөн ялагчийн мөнгөн шагналын тодорхой хувийг ч сайн үйлсийн аянд зориулахаар төлөвлөж байна.

Зохион байгуулагчдын зүгээс тэмцээнийхээ чанарыг хадгалахын тулд олон ажлыг зохион байгуулж байна. Харин оролцогч охидын хувьд хэр найдвартай бол?

-Оролцогч охидын хувьд сургуульдаа, салбартаа тэргүүлдэг бүсгүйчүүд. Бид сургуулиас нь дипломын хуулбар, сургалын дүн, голчийг нь хүртэл авчруулсан. Үүнээс гадна нэг нууц дэлгэхэд сайхан бүсгүйн тэмцээнд оролцож буй охид бүр зохион байгуулагчидтай гэрээ байгуулдаг. Эцэг эхтэй нь гурвалсан гэрээ байгуулж, гарын үсэг зуруулж байж оролцуулдаг уламжлалтай.

Гэрээнд юу гэж заадаг вэ?

-Тэмцээнд ялагч болсон бүсгүй задгай зураг авахуулахгүйгээс гадна тэмцээний нэр хүндийг үргэлж өндөрт өргөж, нийгэмд үлгэр дууриал болох ёстой гэдгээс эхлээд олон заалт бий. Хэрэв гэрээгээ зөрчвөл титмийг нь хураана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

naranhuu saidiin sain duu ni yvlaa
2018 оны 7-р сарын 5

naranhuugiin sain duu uhaalag yrij bna shuu ter temtseendss shudargaar turuulsen ym shig l 2005 onoos hoish temtseen yvtsgui bolood irsenshd ter yvtsgui ueiin miss geheer oilgomjtoi shd

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *