Г.Ганхуяг: Шүүгч нарын цус ойртсоныг залуучуудын боксын аваргын тэмцээн харууллаа

4-р сарын 29, 2013 10:07 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 1162
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд 2013 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээн гурван өдрийн турш үргэлжлэн аваргуудаа тодрууллаа.

Ц.ЖАМУХА

 

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд 2013 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээн гурван өдрийн турш үргэлжлэн аваргуудаа тодрууллаа. Энэхүү тэмцээн нь 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн мөчлөгийн анхны сорил шалгуур байснаараа онцлог байв. Тиймээс дотоод дахь сорилд хот хөдөөгийн 27 байгууллагын 200 шахам ширэн бээлийтэн өрсөлдсөн билээ. Харин энэ жилийн тэмцээний шүүлт эхний өдрөөсөө л сэжиг бүхий болов. Үүнийг спортын ордонд цугласан олны бухимдал нотлох шиг болсон. Мөн энэ үеэр хөдөө орон нутгаас ирж оролцсон Сэлэнгэ аймгийн баг тамирчид рингээ орхин нутаг буцсан нь урд хожид болоогүй том сенсаци гэхэд болно. Энэ тухай Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс” клубын дасгалжуулагч, спортын мастер, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Г.Ганхуягтай ярилцлаа. 

-Та юуны өмнө өөрийгөө товчхон танил­цуулахгүй юу?

-Би боксын спортод 20-оод жил зүтгэхдээ улсын аваргын рингэнд таван удаа аваргалж, олон улсын тэмцээнүүдэд тогт­мол оролцохдоо цөөнгүй медаль хүртэж байсан. Боксын рингэн дэх залуу нас минь өнгөрсөн ч төд удалгүй дасгал­жуу­лагчийн алба руу орсон доо. Энэ хугацаанд шавь нараас минь өсвөрийн улсын аваргаас дөрөв, залуучуудынхаас багаараа хүрэл, Хүүхдийн наадмын тэмцээнээс багаараа мөнгөн медаль хүртсэн амжилтуудыг гаргаад байна. Бид хойд хөршийн Улаан-Үд, Буриадад бол­сон олон хотын өсвөрийн аварга шалгаруулах тэм­цээнээс ганзага хоосон ирж байгаагүй. Миний боксын спортод оруулсан хувь нэмрийг Буриад улсын төр, засаг өндрөөр үнэлж, гавьяат дасгал­жуулагч цолоор шагнасан юм. Би одоо нутгийнхаа “Улаан ирвэс” боксын клубт ахлах дасгалжуулагч хийж байна.

-Та Залуучуудын аварга шалгаруулах тэм­цээнд хэдэн шавьтай ирэв?

-Сэлэнгэ аймгаас За­луучуудын аваргад 10 та­мирчинтай ирсэн. Охидын 48 кг-ын жинд Г.Номин-Эрдэнэ, 54 кг-д А.Бямбаа, эрэгтэй­чүүдийн 49 кг-д Н.Энхтөр, 67-д С.Ганбат, 52-д Г.Баасан-Эрдэнэ, 64-д А.Анхаа, 60-д А.Номин-Эрдэнэ нар тулалдсан. Миний шавь нар энэ тэмцээнд зориулж хоёр сарын бэлтгэл хийсэн. Гэвч бид зорьсондоо хүрч чадалгүй нутаг буцах боллоо.

-Шавь нараас тань долоо нь шигшээд шал­гарсан шүү дээ. Гэтэл та яагаад тэднийг тоглуул­сангүй вэ? 

-Энэ шийдвэрийг гаргахад надад их хэцүү байсан. Миний хүүхдүүд Залуучуудын шигшээ багийн цалинтай та­мирчдыг бүх үеийн турш бут ниргэсэн. Гэвч шүүгч нар үүнийг олж хараагүй. Магадгүй харахыг ч хү­сээгүй биз. Шүүгч нар луйвар хийснээрээ миний шавь нарын хүсэл мө­рөөдлийг мохооно гэж бо­дож байвал том эндүүрэл. Шүүгч нарын рингэнд гаргасан бусармаг үйлдэл боксын спортын хөгжлийг хойш татсан хэрэг юм. Тэд зөвхөн өнөөдрийг харж маргаашийг төсөөлөхгүй байна. Энэ спортын хөгжлийг өнөөдрийн төв­шинд хүргэх гэж олон хүн хөдөлмөр, сэтгэлээ зо­риулж, хөлсөө урсгасан. Аливаа спортын тулгуур нь шүүгчдээс шууд хамааралтай байдаг. Гэтэл манай шүүгчид 2016 оны олимпийн эхний гараан дээрээ бүдэрлээ. Шүүгчдийн гаргасан алдаа нь тамирчид болоод улсын амжилтанд сөргөөр нөлөөлнө. Учир нь энэ тэмцээний шилдгүүд тив болон Дэлхийн аваргад оролцох эрхээ авах бай­сан. Финалд шалгарсан долоон шавь нараас минь багаар бодоход гурав нь алтан медаль авах байсан. Тиймээс манай баг торох зүйлгүй багаараа аваргалах байсан юм.

-Та шүүгч нар ямар алдаа гаргасан гэж үзэж байгаа юм бэ? 

-Тэмцээний эхний өдрөөс л булхайтай шүүлт мэдрэгдэж байсан. Би шүд зуун гурван өдөр тэвчсэн боловч шавь нарын минь урам хугарсан царай миний тэвчээрийн дээд цэгийг хөндсөн хэрэг. Би шавь нараа л бодож рингийг орхих шийд­вэрийг гаргасан юм. Хүүхдүүдийг минь муу шүүгч нар мэрээд байх шиг санагдсан. Тэдний бусармаг үйлдлийг миний шавь нар тэсч чадна. Гэвч хүүхдүүд маань дараа да­раагийн тэмцээнд сэтгэл зүйн хувьд ямар бэлтгэлтэй орох билээ. Би тамирчин байсан болохоор гарах үр дагаварыг сайн мэдэж байна. Эд нар чинь хүүхдүүд шүү дээ. Тэдний минь мөрөөдөл зорилгыг үгүй хийж болохгүй. Мөн боксын тулааныг хэн нэ­гэн этгээд тал засч шүүж байгаад харамсаж байна. Жишээ нь манай шавь “Алдар”-ын боксчинтой тулалдахад тэр тулааныг “Алдар”-ын хоёр шүүгч шүүж байх жишээтэй. Манай шавь нарын өр­сөлдөгчийн хөгжөөн дэм­жигч шүүсэн гэж бодож байна. Тэд мэдээж “Алдар”-ын хүүхдэд арай илүү оноо өгч таарна. Тэм­цээний шүүлт эхнээсээ л будилаантай болох нь тодорхой юм. Тэгэхээр энэ алдаа нь тэмцээний ерөнхий шүүгч, зохион байгуулж буй бүх хүмүүст хамааралтай.

-Танай боксын холбоо саяхан шинэчлэгдсэн байх аа?

 -Өнөөдрийн хувьд шинэчлэлийг дээрээс бус доороос хийх хэрэгтэй байна. Монголын боксын шүүгч нар номын дуу сонсоход гэмгүй шүү. Зарим үед рингэнд эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хүмүүс шүүсээр байна. Манай шүүгч нарын цус ойртсоныг энэ тэмцээн харууллаа. Манай нэг шавь өрсөлдөгчөө илт давуу ялж байхад тулааны төгсгөлд эсрэг тамирчинд 5:0-ээр ялалт өгч байх юм. Сайн боксчин болох хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд, Залуучуудын аваргын рингэнээс нулимстай буулаа. Иймэрхүү алдаа дутагдлыг тэр дор нь  засахгүй бол энэ спорт цааш хөгжинө гэдэгт олон хүн эргэлзэнэ. Зарим эцэг эх боксын дугуйланд хүүхдүүдээ өгөхгүй болвол хэн хариуцах вэ. Та­мир­чин дасгалжуулагч бидний цаг зав, хөдөлмөрийг шу­дарга бус шүүлтээр нулимж орхилоо.

-Таны бодлоор шүүлтийг яаж явуулбал зохих вэ?

-Хамгийн түрүүнд шүүгч нарын хуваарыг зөв хийх хэрэгтэй. Миний шавь нар өрсөлдөгчөө ялах нь тодорхой байсан учраас би шүүгч нарын хуваарьт гомдол гаргаагүй өнгөрсөн. Гэтэл шүүгч нар шүүлтийг арай өөр гараар шүүлээ. Боксын холбооны шинэхэн удирдлагууд шүүгч нарынхаа асуудалд анхаарахгүй бол хэцүүдэх гээд байна шүү. 

-Дараа жил та арай өөр бодолтой ирэх байх. Тийм үү?

-Энэ удаагийн рингэд орхисон медалиуд ирэх амжилтын буухиа болох ёстой. Би аливааг өөд­рөгөөр харахыг хичээдэг. Миний зарим шавь ирэх жилийн тэмцээнд таны асуултад хариу өгөх байх.

-Хэрэв би андуураагүй бол 1999 онд үүнтэй адил булхайтай шүүлт болсон байх аа?

-Тийм ээ. Энэ үйл явдал 1999 онд Амеркийн Хьюстен хотноо Дэлхийн аваргын алтан медалийн төлөөх тоглолтыг санаг­дууллаа. Тэр тулаанд Кубын баг алтын төлөө шалгараад байсан юм. Тэгээд Кубын багийн эхний хоёр тамирчин нь шүүгчийн буруугаас болж ялагдсан. Цаана нь дөрвөн тамирчин тулалдах байсан боловч дасгалжуулагчийн саналаар тэр тэмцээнийг харамсалтайгаар орхисон. Тухайн үед Кубын дасгалжуулагч улсынхаа тэргүүн П.Кастрод өргөдөл гаргасан. Тэгээд П.Кастро олон улсын боксын холбоонд захидал бичиж сануулга өгсөн гэдэг. Түүний хүсэлтээр зарим шүүгч нарын шүүх эрхийг бүх насаар нь хорьсон юм билээ. Мөн олон шүүгчдэд хатуу сануулга өгсөн юм. Үүнээс хойш дахин ийм том луйвар рингэнд хэзээ ч гараагүй. Харин монголд дээрх үйл явдлыг давтаж байгаа юм байна л даа. Манай баг руу чиглэсэн булхай луйвартай би алчуур шидэхээс өөр яах ёстой гэж. Спортын ордонд цугласан түмэн олон мэдэж байгаа. Тэд ундаа, усны хоосон саваа шидэж эсэргүүцсэн. Үзэгчид шу­дарга зүйлд дуртай. Түүнийг л бид харуулах ёстой. Хүүхдийн тэм­цээнийг луйвардаж байгаа нь бидний ирээ­дүйг өөр тийш чиглүүлж байгаагаас өөрцгүй хэрэг юм.