Г.Ганчимэг: Хүүхэлдэйн театрын үзэгчид намайг татсан

7-р сарын 20, 2018 9:02 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 167
7-20-6

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн дугаарын зочноор Улсын хүүхэлдэйн театрын жүжигчин Г.Ганчимэгийг урилаа. Тэрээр театрынхаа шинэ бүтээл “Улаанбаатар нулимсанд дургүй” драмын жүжигт тоглож байгаа юм.

Хүүхэлдэйн теат­рын уран бүтээлчид “Улаан­баатар нулимсанд дургүй” өсвөр насныханд зориулсан драмын жүжиг тоглож байна. Танай хамт олныг үргэлж бага насны хүүхдүүдэд зориулсан бүтээл тоглодог гэж бодож байлаа?

-Манай уран бүтээлчид энэ удаад өсвөр насныханд зориулсан, тэдний үерхэл нө­хөр­лөл, харилцааг харуул­сан бүтээл хийхээр зорьсон. Театрынхаа 70 жилийн ойн босгон дээр ийм сайхан бүтээлээр бэ­лэг барьж байгаадаа баяртай байна. Жүжигт дөн­гөж оюутан болоод амь­д­ралд хөл тавьж буй хүүх­дүүдийн тухай өгүүлнэ.

Таны хувьд эсрэг дүрд тоглож байгаа гэсэн үү?

-Энэ удаад эсрэг дүр  дээр ажиллаж байна. Их ховч, шургуу, охины дүр л дээ.

Жүжигт үр хөндөлтийн тухай өгүүлдэг гэж байсан?

-Сүүлийн үеийн мэ­дээл­­эл, судалгаанаас хара­хад оюутнууд үр хөндөлт их хийлгэж байна. Баян, дун­даж, ядуу гээд бүх дав­харгын охид үр хөндөлт хийлгэж, амьдралынхаа анхны алхмыг буруу хийж байгаа нь эмзэглүүштэй. Тиймээс битгий алдаа гар­гаарай гэж сургамж болгох зорилгоор энэ жүжгийг 16-гаас дээш насныханд зориулсан.

Саяхан танай теат­рын­хан Өвөрмонгол руу явсан гэж сонссон. Хүүхдүүд хэр­хэн хүлээж авав?

-Өвөрмонголд зо­хиолын дуучид, хошин урлагийнхан очдог байсан. Яг хүүхдэд зориулсан уран бүтээлчид ховор очдог юм билээ. Тиймээс хүүхдүүд их сайхан угтаж авсан. Зөвхөн Өвөрмонголд ч гэлтгүй хөдөө орон нутагт хүртэл зөвхөн хүүхдүүдэд, тэдний сэтгэхүйд зориулсан уран бүтээл дутмаг байдаг. Тиймээс бид есдүгээр сард уртын бригад гарч, орон нутгаар аялан тоглолт хийдэг. Энэ жилийн хувьд театрынхаа 70 жилийн ойд зориулж “70 жил, 70 сум” хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлдэж байна.

Тань хувьд яагаад Хүүхэлдэйн театрт ажиллах болсон бэ. Хувь заяа байв уу?

-Үнэндээ Хүүхэлдэйн театр”-т орно гэж бодож байгаагүй. Анх “Нугасны муухай дэгдээхэй” жүжгийг үзэхээр театрын босгоор алхаж байлаа. Жүжиг үзэж байгаа хүүхдүүдийг хараад би яагаад ч юм уйлсан. Хүүхдүүд ийм хөөрхөн байдаг юм уу гээд л. Тиймээс Хүүхэлдэйн театрын үзэгчид намайг татсан гэж боддог. Хүүхдийн энерги их сайхан. Ажилдаа ирэхдээ бухим­далтай байсан ч театртаа орж ирээд, үзэгчдээ хараад бүх зүйлийг мартдаг.

Оюутан байхдаа “Буратино”-д тоглож байсныг чинь санаж байна?

-Би их азтай. 2010 онд сургуулиа төгсөөгүй байхдаа Хүүхэлдэйн театрын бүтээл “Хүслээр ирдэг шинэ жил” баярын хөтөлбөрт оролцож, Буратиногийн дүр дээр ажиллах боломж олдсон. Энэ үеэс хүүхдийн уран бүтээлд дурлаж, улам ихээр тэмүүлэх болсон.

Монголын анхны Буратино бол Соёлын тэр­гүүний ажилтан Норолхоо. Энэ мундаг жүжигчнээс суралцах зүйл их байсан байх?

-Хамгийн их тусалж, дэмжиж, урамшуулсан хүн бол Норолхоо эгч маань. Тиймээс эгчийгээ хайрлаж, хүндэлж явдаг.

Буратино бол эрэгтэй дүр. Энэ дүр дээр ажиллахад бэрхшээлтэй байсан уу?

-Эргээд бодоход би ихэвчлэн эрэгтэй хүүхдийн дүрд тоглосон байдаг юм байна. “Нугасны муухай дэгдээхэй”, “Могжоохон даагатай жогжоохон хүү” гээд л. Учир нь  эмэгтэй жүжигчнээс эрэгтэй хүүхдийн хоолой илүү сайн гардаг. Тиймээс манай театрт эмэгтэй жүжигчид эрэгтэй хүүхдийн дүр бүтээх нь элбэг шүү.

Театрт анх ороход чинь зааж, зөвлөсөн багшийнхаа тухай яриач?

-Би КУДС-ийг тайз, дэлгэцийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Анги удирдсан багш минь Сугарын Болормаа гэж буянтай хүн бий. Харин хүүхэлдэйн урлаг гэж мэдэхгүй намайг анх тосч авч, өнөөдрийг хүртэл зааж, сургасаар яваа хүн бол Соёлын тэргүүний ажилтан Д.Батмөнх эгч маань. Зөвхөн тайзны гэлтгүй амьдралын олон асуудалд намайг түшиж, тулж яваа эрхэм хүн.

Хүүхэлдэй тоглуулахад их тэвчээр, мэдрэмж хэрэгтэй юм шиг санагдсан?

-Бид үргэлж гараа дээш нь өргөж дасгал хийдэг. Тасралтгүй 30-40 минут хүүхэлдэй тоглуулахад гар өвдөх, хуян хөөрөх зэрэг хүндрэлтэй зүйл их. Гэхдээ нэгэнт л сонгосон мэргэжил, дуртай ажил минь болохоор бэрхшээлийг даван туулж, хүүхдүүдэд инээд хөөр, аз жаргалыг мэдрүүлж, өөрсдөө хүүхдийн цанги­на­сан инээднээс эрч хү­чийг мэдэрдэг учир энэ ажилдаа дуртай.

Хүүхэлдэйнүүд хэр хүнд вэ?

-Төрлөөсөө шалт­гаа­лаад олон янз. Миний хувьд хамгийн сүрдсэн хүүхэлдэй бол “Цагаан үнэг” гээд япон жүжгийн хүү­хэлдэй. Шаазан хүү­хэлдэй учир нэг нь л 30-40 кг жинтэй. Би тэр жүжгэнд тоглоогүй ч намайг орохоос өмнө манай театрынхан тог­луулдаг байсан юм билээ.

Хүүхэлдэй тоглуулж сурахын тулд ихэвчлэн ямар дасгал хийдэг вэ?

-Хурууны дасгал хийдэг. Хуруунуудаа сал­га­на. Гэнэт удаан хуга­цаа­гаар гараа өргөвөл цо­чир­дох аюултай учир тог­лолтгүй байсан ч дасал бол­гож байнга гараа өргөдөг.

-“Хүүхэлдэйн театр”-ын уран бүтээлчид бусад жүжигчдээс илүү хүүхэд шиг зантай, хурдан шалмаг хөдөлгөөнтэй байдаг юм билээ?

 -Манай найруулагч, жүжигчид гээд бүгд яг хүүхэд шиг зантай. Ахмад уран бүтээлчид маань ч хүүхэд шиг болчихсон. Манай театрт ямар ч атаа жөтөө, хар бараан зүйл байдаггүй. Энэ бол хүүхдийн буян гэж бид боддог.

Таны хувьд “Гэгээн муза” авч байсан. Театрын жүжигчдийн хувьд энэ шагнал их үнэ цэнэтэй. Тухайн үед ямар мэдрэмж төрж байсан бэ?

-“Арван хоёр сар” жүжгээр “Гэгээн муза” хүр­тэж байсан. Тэр мэдрэмж үнэ­хээр гайхалтай. Би Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайн гараас музагаа авсан. Ц.Гантөмөр гуай “Хоёулаа урлагийн ноён оргил байдаг бол тэнд дахиад уулзана шүү. Ардын жүжигчин болчихоод над дээр ирээрэй” гэж хэлж бай­сан. Тэр үгийг нь сонсоод өөрийн эрхгүй огшсон.

Хүүхдийн энерги цаанаа л шидтэй байдаг байх даа?

-Хүүхдүүдийн алга та­шилт, тэдний надад өгдөг энергээс би үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж авдаг. Хүүхдүүд хөшиг нээгдэхийн өмнө уйлна, шуугилдана. Харин жүжиг эхлэхэд тэд өөрсдөө бас нэг гол дүр болдог. “Хөөе, наадах чинь аюултай, битгий онгойлго, хаагаач ээ” гээд л. Томчууд муухай ч бай, сайхан ч бай чимээгүй л байдаг. Хүүхдүүд бол хэзээ ч мэдрэмжээ нуудаггүй. Эсрэг талын баатрыг чин сэтгэлээсээ үзэн ядна. Хүүхэд гэдэг тийм л гэнэхэн, цав цагаахан цаас. Манай театр шинэ жил, Эх үрсийн баяраар хандивын тоглолтууд хийдэг. Эх нялхас, “Цусны төв” дээр очиж, цусны өвчтэй хүүхдүүдэд зориулж жүжиг тоглодог. Мөн эмзэг бүлгийн, асрамжийн газрын хүүхдүүдэд ч сэтгэлийн дэм өгдөг.

Жүжигчин хүнд ар гэр их чухал. Таны хувьд ааваараа бахархдаг гэж ярьж байсан?

-Миний аав Улаан­баатарын уугуул иргэн. Насаараа сайдын жолооч хийсэн. Саяхан улсаас хөдөл­мөрийг нь үнэлж Алта­н­гадас одонгоор шаг­насан. Аав минь уян зөөлөн сэтгэлтэй, сайхан хүн байдаг. Харин ээж минь эмч мэргэжилтэй. Одоо ч мэргэжлээрээ ажиллаж байгаа

Аавын тань байнга захиж хэлдэг сургааль юу вэ. Охин нь түүнийг хэр сайн биелүүлж явна?

-Аав минь “Хүн шиг л хүн байгаарай” гэж захидаг. Хүн гаднаасаа биш дотроосоо гэрэлтдэг. Ямар ч зүйлийг сэтгэлээсээ хийж байгаарай гэсэн сургаалийг нь байнга санаж явдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *