Г.Бямбаа: Аймгаа музейтэй болгоно

11-р сарын 7, 2017 8:30 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 15
11-7-9

Д.ОДОНТУНГАЛАГ

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Энэ онд орон нутгаа хөгжүүлэх асуудлаар ямар ажил хийж хэрэгжүүлэв?

-2017 он гарсаар ИТХ найман асуудлыг хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсэн. Хурлын дэгээс эхлээд хуралдаанд асуудал оруулах журам, төсөвт тодотгол оруулах тухай, Сэлэнгэ аймгийн худалдааны төвд талбай түрээслэх журмын тарифыг шинээр тогтоох зэрэг багтаж байна. Мөн аймаг хөгжүүлэх сангийн журамд өөрчлөлт орууллаа. “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Он гарсаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 11 удаа хуралдаж, 130 гаруй асуудлыг хэлэлцэж, 125 тогтоол гаргасан байна. Хамгийн чухал нь иргэн баян байвал, улс баян гэдэг. Баян байхын үндэс бол эрүүл байх. Иймээс иргэд рүүгээ хандсан асуудлыг чухалчилж хамгийн түрүүнд авч хэлэлцсэн зүйл бол эрүүл мэндийн асуудал. Сэлэнгэ аймгийн хэмжээндэх өвчлөлийн талаар ЭМГ-ын даргын сонсгол тайланг хэлэлцсэний дүнд сүрьеэ, бэлгийн замаар халдварлах өвчнийг бууруулах тогтоол баталсан. Түүнчлэн эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тухай тогтоол гаргаж, “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийг баталлаа. Мөн нийгмийн бүлэг давхаргуудын байдлыг ажиглахад эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо манай аймагт ноцтой байдалд буюу 96 хувьд хүрсэн. Тиймээс аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг баталсан. Ер нь гэмт хэргийг гарсан хойно нь хувь тоо ярьж том дуугарах биш, урьдчилан сэргийлэх ажлыг бид хийх ёстой. Гаргахгүй байх тал дээр ажиллах ёстой. Ийм зарчмыг барьж байна.

Та аймгийн ИТХ-д олон жил төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдож байсан. Энэ салбарт тулгамдаж  байгаа асуудал нь юу  байна вэ?

-Би Тэргүүлэгчээр гэхэд 12 жил ажиллалаа. Мөн ИТХ-ын дарга гэдэг хариуцлагатай албыг хашиж байна. Сэтгэл зовоосон тулгамдсан асуудал байлгүй яахав. Сэлэнгэ  мал аж ахуй, газар тариалан гэсэн хоёр үндсэн том салбартай аймаг. Энэ хоёр хослон хөгжихөөс өөр арга зам байхгүй. Энэ хоёрын хоорондын зөрчлийг арилгах асуудал аймгийн үе үеийн хурлын дарга, тэргүүлэгчид, хурлын ажлын гол бэрхшээл болж явж ирсэн. Нөгөө нэг асуудал нь байгаль хамгаалалтай холбоотой асуудал байна. Сэлэнгэ аймгийн газар нутгийн нэлээд хэсэг нь цөлжсөн, малын бэлчээрийн даац хэтэрсэн. Сэлэнгэ нутагт 40 гаруй жил амьдарч, ажиллаж байна. Энэ үед Сангийн аж ахуй, хагас суурьшсан МАА-тай, газар тариалангаа хослуулан хөгжүүлж байсан. Тэр үед 500-700 мянган толгой малтай байлаа. Сэлэнгийн иргэд мал махаа бусад аймгаас төвлөрсөн журмаар бэлтгэдэг байв. Сүүлийн үед механик өсөлт нэмэгдэж, нэг сая 600 мянга гаруй толгой малтай болж, тэр үеэс хойш сая толгой малаар нэмэгдлээ. Дээр нь бог малын ялангуяа ямааны эзлэх хувь их байна.  Бид Сэлэнгэ аймгийг “Эрчимжсэн МАА, газар тариаланг хослон эрхлэх” ийм шийдвэрийг гаргуулахаар Монгол Улсын засгийн газар, УИХ-д өргөн барих гэж байна.

Сэлэнгэ аймгийн ИТХ-аас цаашдаа ямар ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна вэ?

-Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 10 гаруй хөтөлбөр тусгагдсан. Бид үүнийг дөрвөн жилийн хугацаанд баталж хэрэгжүүлнэ.  Эхний хоёр жилд багтаан бүрэн баталсан байх ёстой. Ингээд үлдсэн хугацаанд нь бид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа орно. Одоогоор нэлээд хэдэн хөтөлбөр батлаад тодорхой хэмжээний санхүүжилттай байж хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэх төсөв хөрөнгийн асуудлыг бид төсөвт тусгаж өгнө. Урд нь баахан хөтөлбөр батлаад л байсан. Төсөв санхүүгүй учраас хэрэгждэггүй. Баталсан хөтөлбөр дээр хөрөнгө тавьж байж ажил болно шүү дээ. Жишээ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хөтөлбөр баталсан. Энд гэрч, хохирогч хоёрыг хамгаалах тухай хууль батлагдсан. Гэмт хэрэг өсч байгаа энэ үед хамгаалах байр зайлшгүй байх ёстой. Үүнд зориулан 50 сая төгрөг тавьж өглөө.  “Эрүүл Монгол мал” гэсэн үндэсний хөтөлбөр батлагдаж байна. Энэ бол манай аймгийн хувьд амин чухал асуудлын нэг. Бид нэг л их малтай байгаад байдаг. Гэтэл манай хөрш ОХУ-ын Буриад Улсын Улан-Үдэ хотын мах консервийн үйлдвэр хаа байсан 4000 км-ийн цаанаас мах махан бүтээгдэхүүнээ бэлтгэж байх жишээтэй. Энд манай аймаг тодорхой хэмжээгээр оролцоод хойд хөршрүүгээ махаа гаргах бодлого баримталж байна.

Таны баримталдаг зарчим юу вэ. Сэлэнгэ нутгийнхаа хөгжлийн төлөө хамгийн их анхаарлаа хандуулж, сэтгэлээ чилээж яваа зүйлийг тань сонирхвол?

-Би цагийн юмыг цагт нь хийхийг л шаарддаг зантай. Цаг хугацаа өнөөдөр хүнийг хүлээхээ больсон. Тэгээд ч манайхан цаг бол алт гэж ярьдаг. Үнэхээр цаг алт юм бол цагийн юмыг цагт нь л хийх хэрэгтэй шүү дээ. Нийгэм биднийг хүлээхгүй, бидний сэтгэж байгаа зүйл маш хурдан өөрчлөгдөж байна. Мөн амласнаа биелүүлдэг байх ёстой. Худлаа ярьж хүн хуурдаггүй байхыг өөрийн алтан зарчим болгон явдаг даа. Ер нь удирдлага хүн хэлсэн бол хийх л ёстой. Шударга байх ёстой. Нялцганаад байх зан ерөөсөө байх ёсгүй. Хэдийгээр бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусах ч гэсэн 2021 онд Сэлэнгэ аймгийн 90 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Энэ 100 жилийн ой бол Сэлэнгийн ард түмэнтэй амин чухал холбоотой.  Сэлэнгийн хэн ч бай өөр аймаг, сум газарт очоод би ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ нутгийн иргэн гэж бахархан хэлдэг. Ардын хувьсгалын өлгий нутаг юм бол үүнийгээ харуулсан олон чухал зүйлийг 100 жилийн ойгоороо хийх ёстой. Үүнийг бид хийж, бүтээж үлдээх үүрэгтэй. Өнгөрснийгөө сэргээх, одоо байгаагаа улам сайхан болгох ёстой. Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээ оруулаад тогтоолын төсөл бэлдээд сууж байгаа. Үүнийгээ заавал ажил болгох ёстой. Ер нь тухайн аймаг орон нутаг гадны хүмүүст аймаг орноо танилцуулдаг эхний зүйл нь музей. Дээр нь хойч үеийг хүмүүжүүлэх том боловсролын байгууллага бол музей байх ёстой. Бид үүх түүхээ мэддэг байх ёстой. Гэтэл өнөөдөр Сэлэнгэ аймгийн музей хаана байна. Алтанбулагийн хувьсгалын музейтэй аваачаад аймгийн орон нутгийн музейг нийлүүлчихсэн. Орон байр нь багтаамжгүй учраас олон сайхан түүхэн үзмэрүүд зориулалтын бус саванд хадгалагдаж байна. Бид тэр сайхан түүхийн үнэт зүйлсийг буцаагаад бүтээж чадахгүй.  Үүнийг л хадгалж хамгаалж явах улс бол Сэлэнгийн ард түмэн, бид нар, ирээдүй үе байх ёстой. Тэгэхээр би Сэлэнгэ аймгаа нэг сайхан музейтэй болгох юмсан гэж бодож явдаг юм.

Иргэдийн төлөөлөгчдийнхөө үнэлэмжийг дээшлүүлэх, тэднийг олон нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах, үйл ажиллагаа зохион байгуулах, чадавхжуулах  тал дээр хэрхэн анхаарч байна?

-Энэ бол маш чухал асуудал. Иргэдийг төлөөлж байгаа энэ хүмүүс хууль эрхзүйн мэдлэгтэй байх ёстой. Чадвартай байх ёстой. Тэгж байж хурлаас гарч байгаа шийдвэрүүд үнэн зөв, хуульд нийцсэн, бодитой байх ёстой. Эндээс гарч байгаа шийдвэр дутуу дулимаг байж яавч болохгүй. Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах асуудлаар УИХ-ын тамгын газар, аймгийн ИТХ-тай хамтарсан сургалтуудыг үе шаттайгаар явуулж байгаа. Бид аймгийн ИТХ-ын төлөөлөгч нартаа сургалт явуулсан. Дээр нь сумын багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарыг чадавхжуулах сургалтад хамруулна. Манай Сэлэнгэ аймаг 56 багтай. Бүх сумын багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарыг чадавхжуулах асуудлыг шат дараатай хийхээс гадна гарын авлага материалаар ханган ажиллаж байна. Гэвч энэ маань тийм ч хангалтай сайн болохгүй байна. Яагаад гэвэл манай тогтолцоо чинь дөрвөн жил болоод солигддог. Уламжлал их муутай. Энэ их учир дутагдалтай гэж надад санагддаг. Зүгээр хаант ёсыг би ярьж байгаа юм биш. Гэхдээ л урд нь боловсон хүчнээ бэлтгэдэг байсан. Тэр их зөв систем байсан байна гэж хуучин луугаа эргэн харж байна л даа. Хуучин ч гэсэн хамгийн сайн систем байжээ. Бид хойд, урд хоёр хөршөө харж байна. Бэлтгэгдсэн хүн л гарч ирж тавигдаж байна. Зүгээр нэг хэн ч хамаагүй хүн шууд гарч ирээд дарга болж боломгүй байна. Нэгэнт хууль нь ийм, тогтолцоо нь ийм болохоор яалтай билээ. Гэхдээ цаашид дуу хоолойгоо хүргэж байвал зүгээр юм уу гэсэн үүднээс хэлж байгаа юм шүү.

Хурлын даргын хувьд дүгнэхэд манай аймгийн ИТХ ардчилсан зарчмын дагуу хэр ил тод нээлттэй ажиллаж байгаа вэ?

-За үүнээс илүү нээлттэй юм гэж байхгүй болов уу.  Бид нэгэнт иргэдээс гарсан санаа бодолд тулгуурлаж, Сэлэнгэ аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чиглэгдсэн бодлого шийдвэрийг гаргаж байгаа. Тэгэхээр энд хаалттай юм гэж ерөөсөө байдаггүй. Хурлаар батлах гэж байгаа асуудлаа иргэдээрээ хэлэлцүүлдэг. Тухайлбал бид өнгөрсөн онд сургуулийн орчинд нийгмийн хэв журам, замын хөдөлгөөнтэй холбоотой гарч байгаа хэрэг зөрчлийг арилгахын тулд эцэг эхийн зөвлөл болон “School polits” гэдэг зөвлөл ажиллуулах журам баталж өгсөн. Үүнийгээ бүх сургуулиудаар, мөн иргэдээр хэлэлцүүлээд саналыг нь аваад баталж гаргасан. Үүнийхээ дараа аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд эргүүлийнх нь хувцсыг өмсүүлээд дохиурыг нь бариулаад бүх сурагчид, эцэг эхийн төлөөлөл, сургуулийн удирдлагуудыг оролцуулж хөтөлбөрөө хэрэгжүүлэх үйл ажил­лагааны нээлтийг хийсэн. Энэ бол бодит ажлын нэг жишээ. Энэ бидний гаргаж байгаа шийдвэр бол Бямбаа миний шийдвэр биш. Тэргүүлэгчдээрээ, олноороо шийдэж, олноороо шийдвэрээ баталгаажуулдаг. Иймээс энэ үйл ажиллагаа бол хурлын байгууллагын ил тод байдлын нэг үндсэн баталгаа гэж ойлгож байгаа. Харин бид хийсэн ажлаа иргэдэд хүргэх тал дээр учир дутагдалтай байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Төлбөртэй мэдээ
2017 оны 11-р сарын 7

Наад сургуулийн эргүүл чинь хэрэгжээд хэдэн жил болж байна. Бас л тууз хайчлах донтон. Нэртэйгээр нь тууз хайчлахгүй яасан юм

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *