Г.Болортуяа: Багшийн ажлыг хүүхдийн сурлагаар үнэлдэг болъё

10-р сарын 17, 2012 11:40 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 688

Б.ЭНХЗАЯА

 Сумын багш. Энэ л хүний мэдлэгийн цонхоор хөдөөгийн хөрслөг бор жаалууд дэлхийг тольдож, ертөнцтэй танилцана. Сумын багш малчны хотоос ирээдүйн эрдэмтэн, жүжигчин, бүжигчин гээд их авьяасын үүдийг нээж, амьдралын их далайд хөтөлдөг ачтангууд юм. Тиймээс сониныхоо энэ удаагийн “Миний багш”-аар Өвөрхангай аймгийн Уянга сумын сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит ахлах сургуулийн бага ангийн багш Г.Болортуяаг онцоллоо. Тэрээр хөдөөгийн буйдхан нутгийн багачуудад боловсролыг түгээхээр зорьж буй бүсгүй. Энэ салбартаа 10 гаруй жил ажиллахдаа багш, сургалтын менежер хоёрын аль алиныг хийж явжээ. Тийм болохоор бага ангийн багшийн зовлонг ч мэднэ, асуудлыг ч ойлгоно. Боловсрол шинжлэх ухааны яамныхан хөдөө нутгийн салбартаа хөгжлийн түлхүүрээ “илгээсэн”-ээ зарласан. Харин хөдөөгийн багш нарт яамны “илгээлт” хэрхэн буудаг бол. Энэ талаар хөөрөлдсөнөө толилууъя.

 

ХӨДӨӨГИЙН БАГШ НАР ХАМГИЙН БҮТЭЭЛЧ БАЙДАГ

 

-Залуус мэргэжлээрээ хотод ажиллахыг хүсдэг. Харин та төгссөнөөсөө хойш суманд ажилласан байна?

-Сүүлийн үеийн за­лууст төв газар руу хо­шуур­даг хандлага байдаг. Гэхдээ ажлын гараагаа хөдөөнөөс эхлэх нь багш хүний үндсэн суурь сайн тавигддаг гэж боддог. Хо­тод орчин нөхцөл, сур­галтын материал бэлэн байдаг бол хөдөөгийн багш нарт тийм биш. Бид га­раараа бүх юмаа хийж, толгойгоо ажиллуулан илүү бүтээлч байдаг. Тэр нь багш хүний хөгжих нөхцөл гэж боддог юм.

-Яагаад бага ангийн багшийн мэргэжил сонгов?

-Бага ангийн багш болохыг арван жилд байхдаа мөрөөддөг байсан. Миний багш алтан гадас одонт Тогоотав гэж хүн бий. Багш маань нэлээн настай болсон хойноо манай ангийг дааж авч байсан юм. Гэвч биеэ яаж авч явдаг, хүүхдүүдийн төлөө сэтгэлээсээ хэрхэн өгдөгийг багшаасаа л харсан юм. Багшийгаа хараад ийм л багш болох юмсан гэж боддог байсан.

-Тэгвэл багшаасаа үлгэр дууриал авсан байх?

-Багш маань их сайхан хүн бий. Одоо хүр­тэл сургалтдаа ашиглаж байгаа нэг зүйл бол хүүхдийг ном уншуулах. Хүүхдийн дотны нөхөр бол ном гэж багш маань ямар ч хичээл дээр хэлдэг байсан юм. Багш маань номыг хайрладаг, номыг шүтдэг хүн.

-Өмнө нь сургалтын менежер хийж байсан гэсэн. Багш байх, тэд­нийгээ удирдах хоёр ялгаатай байх?

-Сургалтын менежер хийж байхад багш на­раасаа маш их туршлага хуримтлуулсан. Багш нар маань дөрвөн цагийн хи­чээлээ яаж боловсруулдаг, гарын доорхи материалаар ямар сайхан уран бүтээл хийдгийг харсан. Мөн давтлага конселтазыг үр дүнтэй зохион байгуулах, шалгалтын материалд дүг­нэлт гаргаж түүн дээ­рээ тулгуурлан давт­лагаа яаж өгдөг болохыг анзаар­сан юм. Өөрөө баг­шилдаг байхад ангийн­хантайгаа ажиллахаас цаашгүй, бусдын юу хийж байгааг мэдрэх сө­хөөгүй, сурагч­даа хамаг анхаарлаа төвлөрүүлдэг байж.

-Таныг аймаг бүсийн багш нараасаа ур чадва­раараа шалгарсан гэж дуулсан. Сурагчдыг жолоо­доход юу чухал юм бол?

-Сурагчдаар өөрс­дөөр нь мэдлэг бүтээлгэх нь хамгийн чухал юм. Одоо ч боловсролын сал­барт багш бүх мэдлэгийг өгөх биш, удирдан чиг­лүүлэгчийн үүрэгтэй хичээлд оролцох ёстой. Мөн үнэлгээний зарчмыг өөрчлөх ёстой. Өөрөөр хэлбэл, багш хүн өнгөцхөн хараад үнэлэх биш хүүх­дийг өөрсдөөр нь үнэ­лүүлэх ихээхэн ач холбогдолтой юм. 

-Сумын сургуульд хөдөөний хүүхдүүд их байдаг. Багийн хүүх­дүүд гэрээсээ хол, аав ээжээ санах зэргээр янз бүрийн асуудал гарна. Тэдэнтэй ойлголцож харь­цах нь багшийн бас нэг ур чадвар. Та тийм хүүхэдтэй хэр таарч байв?

-Хүүхдийн нүд рүү хара­хад бүх зүйл мэд­рэгд­дэг. Түүний гэрт өчигдөр юу тохиолдож вэ, баяртай зүйл үү эсвэл гунигтай юу. Энэ хүүхдийн амьдрал хэр байгаа нь тэдний нүднээс илт, бас өдөр бүр өөр өөр байдаг. Хотын багш нарын дэргэд бид янз бүрийн төвшний хүүхдүүдтэй харьцана. Хотын хүүхдүүд соёлжчихсон, бүх мэдээ­лэлтэй байна. Тэгвэл сумынхан өөр. Тэдний зарим нь айлд амьдардаг, зарим нь дотуур байрт амьдардаг. Бүр 100 км-ийн холоос ирдэг хүүхдүүд ч бий. Энэ байдал зургаан настнуудад хэцүү. Дэвтэр дээр биччихдэг хүүхдүүд байхад дэвтэр мэддэггүй, бал харандаа барьж үзээгүй ч хэсэг бий. Тиймээс бага ангийн багш нар тэдний ээж, аав шиг л байх ёстой. Багш нар маань хоорондоо ярихдаа тэр хүүхдийн бие өвд­чихлөө гэртээ хэвтүүл­чихлээ гэхэд зарим нь дулаан хувцас нь гэрээс нь ирээгүй байна. Хүүх­дийнхээ хувцасыг өгчихье гэх багш бий. Ойр зуурын хичээлийн хэрэглээ багш нараас байнга гарна. Хи­чээл дээр сурагчийн дэвтэр нь дүүрчихнэ. Бага ангийн багш нар ши­рээндээ дэвтэр бал гээд олон янзын хичээлийн хэрэглэл жоорлочихдог. Бараг л анги дэвшлээ гээд хүүхдүүдтэйгээ ижил хэрэглэл цуглуулж эхэлнэ шүү дээ.

-Багш мэргэжлээр арав гаруй жил ажил­лачихлаа. Та шавь нарынхаа юугаар бахарх­даг вэ. Зарим багш нар шавийнхаа амжилтаар бахархдаг гэдэг?

-Хамгийн анхны төг­сөлт маань их сургуулийн гуравдугаар курсийн оюут­нууд байна. Тэд­нийгээ уралдаан тэмцээн, олимпиадад түрүүлэхэд баярлалгүй яахав. Түүнээс гадна хүн болж төлөвшиж байгаад нь хамгийн их баярладаг. Ангийн маань 30 хүүхэд алдаа эндэг­дэлгүй, хүн болж төлөвшиж байгааг харахад сайхан санагддаг.

-Таны нэг өдрийн хи­чээл хэрхэн үргэлжилдэг юм бол?

-Багш нар өглөө ирээд хичээлдээ бэлддэг. Манай багш нарын давуу тал нь багаар ажиллахыг эрхэм­лэх болсон. Хүн бүр гэртээ дөрвөн цагийн консвект бичиж  ирээд батлуулдаг байсан бол одоо өөр систем нэвтрүүлж байгаа. Ба­гаараа ажилласнаар багш бүр нэг хичээлийг дааж аваад бэлдээд бусдадаа тараачихдаг. Ингэхээр ачааллаа хөнгөлөөд, дөр­вөн цагийн хичээл бэлддэг байсан бол нэг цагийн чанартай хичээл бэлдээд ирэх жишээтэй. Энэ нь их авууштай зүйл. Тэгээд хичээлийнхээ хуваарийн дагуу хичээллэдэг дээ. Бага ангийн хүүхэд цагаан цайлган сэтгэлтэй, анги руугаа ороход хамаг муу юм арилчих шиг болдог. Хүүхдийн энерги сайхан. Тэр олон хүүхдийн гэнэн цайлган энергиэр бидний амьдрал, ажил үйлс өөдрөг явдаг гэж бодож явдаг.

-Танай сум аймгийнхаа хэмжээнд хамгийн том нь. Хөгжил  сайтай ч юм. Сайн ноён хан Т.Намнан­сүрэнгийн нэрэмжит сур­гуулиараа бахархдаг болов уу?

-Манай сургууль Өвөр­хангай аймгийн өв­гөн түүхтэй анхны сур­гууль гэдгээрээ бахархаж явдаг. Мөн Халхын сайн ноён Т.Намнансүрэнгийн нэрэмжит сургууль. Тэр агуу хүний нэрээр овоглож байгаа болохоор багш ажил­чид болон сурагчид маань хариуцлагатай байдаг. Энэ хүний нэрийг өндөрт өргөж явах ёстой. Тэр хүний нөмөр нөөлөг, энерги бидэнд ирдэг байх гэж шүтэж явдаг юм.

-Залуу хүн бо­ловс­ролоо дээшлүүлэхийг хүс­дэг байх. Цаашдын зо­рилго юу вэ?

-Ажлын туршлагатай болчихлоо. Харин суман­даа хэдэн сайн бага ангийн багш нар бэлдээд өгчих юмсан. Тэднийг арван жилд байхаас нь шалгаад бэлдүүлэх юмсан. Тэдэнд бага ангийн баг­шийн мэргэжлийн сайхан мэдрэмжийг толгойд нь хийж, сургуулиа хэдэн сайн багштай болгочих юмсан гэж боддог. Тэр л миний зорилго доо.

 

БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ХҮҮХДИЙН СУРЛАГА, ТӨЛӨВШИЛӨӨР ҮНЭЛЭХ НЬ ЗӨВ

 

-Манай улс боловс­ролын салбарыг дэлхийн жишигт нийцүүлэхээр олон шинэчлэл хийж байгаа. Зургаан настнууд нэг­дүгээр ангид ордог болсоор удаагүй байна. Хөдөөний багачууд хичээлдээ хэр дадаж байна?

-Би өнгөрсөн жил зур­гаан настнуудыг гардаж авсан. Найман настай хүүхэд, зургаан настай хүүхэд хоёр шал өөр. Сэт­гэн бодох чадвар, хичээлд оролцож байгаа байдал ялгаатай. Ингэхээр баг­шаас өөр ур чадвар шаард­даг. Би багшийн  сур­гуульд  долоо, найман настай хүүхдийг яаж сур­гах тухай заалгасан.  Гэтэл зургаан настнууд яг л ээж, эгч шиг байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, тэд гэр бүлийнхэн шиг байвал сурах боломжтой. Зургаан настнуудын анхаарал хамгийн дээд тал нь 10 минут төвлөрдөг. Тэр хугацаанд багш нь яаж хичээлээ ойлгуулах вэ гэдэг нь чухал. Тэд аливаа зүйлийг хурдан тогтооно, харин маргааш нь март­чихсан ирдэг. Нэг зүйлийг нь олон дахин давтуулж хэлүүлдэг болохоор баг­шаас уйгагүй ажиллагаа шаардана. Бага ангийн багш нар бүтээлч уйгагүй байж л зургаан настан­гуудыг сургаж чадна.

-Манайх Кембрижийн сургалтад шилжиж байгаа. Боловсролын шинэчлэл та бүгдийн санал чухал шүү дээ?

-Кембрижийн тогтол­цоонд шилжих нь зөв. Дэлхий нийттэй хөл ний­лүүлэх ёстой. Харин алхамын хувьд хоцорч яваа. Боловсролын сал­барыг сүлжээнд холбож, гарч байгаа тогтоол шийд­вэр, өөрчлөлтүүдийн мэ­дээллийг цаг хугацаанд нь түгээдэг байвал багш нар зэрэг хөгжих боломжтой. Багш нараас сургагч багш бэлтгэдэг болсон нь сайн зүйл.  Сургагч багш бус­дадаа хичээл заах нь зов­лон жаргалаа сайн ойл­го­дог, тэдэнд юу заахаа сайн мэдэрдэг.

-Сүүлийн үеийн багш нар мэдлэг, боловсрол дутуу гэж шүүмжлэх болжээ. Залуу багшийн хувьд тэдэнд үлгэрлэх, зөвлөх зүйл байдаг байх?

-Зөв бичгийн дүрмээ мэддэггүй, бичгийн хэв соёл муутай хүүхдүүд ирэх болжээ. Тэдний дунд харьцааны соёл муутай ч хэсэг байна. Бидний баг­шийн үед ахмад багш нарын туршлага  хэрэг­жүүлж байгаа гэдэг бай­сан. Энэ хэвшил одоо ч байхад зүгээр. Хуучин бүх зүйлээ хаях биш, хуучин бүхнээс хэрэгтэй зүйлийг авч үлдэх ёстой. Миний бодлоор багш болж байгаа хүүхдийг арван жилээс нь сонгох. Багш болох хүүх­дийг багаас нь төлөв­шүүлье. Мөн багш бэлт­гэдэг сургууль хавар эл­сэл­тийн шалгалтаа авах үед элсэгчдээ бүх талаар нь шалгадаг байя. Сүү­лийн үед бага оноотой хэрнээ танил талаараа, эсвэл хувийн сургуульд сурчихаад ажиллаж байна. Ер нь багшийн сургуулийн босго оноог өндөр тавих ёстой. Багш хүн олон зуун хүүхдийн амьдралын хувь заяаг атгаж, амьдралд хөл тавиулж байгаа. Хүүхдүүд нийгэмд ямар хүн болж төлөвших вэ, эх орондоо юу хийж бүтээх юм, хувийн амьдралаа яаж авч явах юм гэдэг нь багш хүний гарт байдаг.

-Бага ангийн багш нарын цалин хангамж бусад багш нараасаа харь­цангуй бага гэж гомдол­лодог. Ялангуяа хөдөө сумдынх муу байдаг гэдэг?

-Багш нарын ихэнх нь эмэгтэйчүүд байна. Тэд бүгд айл гэрийг авч яваа. Авч байгаа цалин хангамж амьдралд нь хүрэлцдэггүй. Яахав, хэрэглээ, зарлага бага гардаг. Гэтэл цалин нэмэгдэх тусам амьдрал дордоод байгаа юм шиг ажиглагдах юм. Цалин­гийн нэмэгдлээс илүү хэрэглээний барааны үнэ өсчихдөг шүү дээ.

-Боловсролын салбарт тулгамдаж байгаа асууд­лыг хамгийн ихээр мэдэх хүмүүс багш нар. Сал­барын тулгамдаж байгаа асуудлыг юу гэж харж байна?

-Сурагчид хүлээн авах чадвар маш муу болсон. Тэд хичээл хийхгүй, зу­рагт хараад л суух жи­шээтэй. Хүүхдүүдийн идэвх бидний үеэс шал өөр болсон. Тэдэнтэй ажиллах арга барил ч өөр болж. Бидэнд хэлдэг байсан үгийг одооны хүүхдүүдэд хэлээд хүлээж авахгүй. Мөн багш нарын тал дээр залуужих тусам багшлах ур чадвар муудаад байгааг олон нийт хэлдэг шүү дээ. Нөгөө талаар багш нарыг цаасаар дардаг болжээ. Тэдний бүх ажлыг цаасаар үнэлдэг. Үүнийг харин ч эсрэгээр нь хүүхдийн төлөвшил, сурлага хоёроор үнэлэх нь зөв юм. Энэ системд шилжих нь илүү өгөөжтэй юм болов уу гэж боддог. Олон хавтас цаас үзүүлсэн хүн сайн багш болох биш, хүүхдүүдийн сурлага, төлөвшил, хү­мүүжил нь ажлын амжилт шүү дээ.

 

 

Нийт: 3 Сэтгэгдэл

Carrie
2016 оны 12-р сарын 2

Why do I bother canillg up people when I can just read this!

Reegan
2016 оны 12-р сарын 3

What a neat ariltce. I had no inkling.

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Versand Viagra Lioresal Medicament Apply Propecia buy cialis Viagra Y Esteroides No Prescription Discount Pharmacy Keflex Etoh

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *