Г.Баяр: Миний дотоод ертөнц мөнхийн манантай

1-р сарын 3, 2014 9:29 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 1439
“Танихгүй цэцгийн үр” номоороо утга зохиолын дээд шагнал “Алтан өд” хүртсэн яруу найрагч Г.Баяртай ярилцлаа.

Т.БАТСАЙХАН

“Танихгүй цэцгийн үр” номоороо утга зохиолын дээд шагнал “Алтан өд” хүртсэн яруу найрагч Г.Баяртай ярилцлаа. 

-Идэр есийн хүйтэн эхэллээ. Энэ цаг үе танд ямар мэдрэмж хайрладаг вэ. Онгод орох уу. Эсвэл дургүй талдаа юу?

-Яагаад ч юм бэ би өвлийн улиралд дургүй. Нэг л айдастай санагддаг. Дүнсгэр саарал өдрүүд миний амьдралд ноёрхож байна. Энэ цаг үед шүлэг бичихээс илүү бодож бясалгаж өөрийгөө чагнадаг даа.

-Ингэхэд танаас шууд л онгод гээд асуучихлаа. Онгод байдаг эсэх талаар хүмүүс өөр бодолтой байдаг. Таны хувьд?

-Уран бүтээлч бүхэн өөр өөрийн мэдрэмжээр хариулах нь лав. Би онгод  байдаг гэдэгт  итгэдэг.  Бүтээл туурвилын эрчим хүч тархи оюун руу урсан орж ирэх үйл явц юм болов уу.  Тэр үеийг алдахгүй буулгаж авах нь уран бүтээлчийн хамгийн том жаргал байх. 

-Тэр мэдрэмжийг алдах тохиолдол бас байх уу. Шүлгээ бичээд дуусах үеийг юутай зүйрлэх вэ?

-Ойрд шүлэг бичсэнгүй. Ер нь өвөл бичдэггүй гэж дээр хэлсэн. Энэ миний хувь уран бүтээлчийн онцлог. Харин шүлгээ бичиж дуусаад шууд л тамхи татаж эхэлдэг.   Урамтай  татна. Бодож, мөрөөдөөд, бүтээлээ тунгаагаад тэр үе бас  сайхан. Яг л дурлалт бүсгүйнхээ гэзгэнд уруул дүрж суух шиг аятайхан.

-“Танихгүй цэцгийн үр” ном тань “Алтан-Өд” шагнал  хүртлээ. Хэдхэн мөр байдаг атлаа шүлэг гэдэг хүнд сэтгэхүйн таашаал өгдөг нь сайхан юм. Энэ зүйл таны амьдралд ямар орон зайг эзэлдэг вэ?

-Яруу найраг миний бүх зүйл.  Би шүлэг бичихгүй бол амьд явж чадахгүй.  Яг л загас усгүй бол хатаж үхдэг шиг. Тэгэхээр шүлэг миний орон зайд надаас том байр эзэлнэ. Амьдралын гашуун амт, зөөлөн мэдрэмж бүх зүйлийг хамт үүрэлцэж, хуваалцаж яваа яруу найрагтаа хайртай.  Хамгийн сүүлд би  “Танихгүй цэцгийн үр” нэртэй номоо гаргалаа.  Номонд минь хөлгүй их зовлон, гуниг шаналал, гал халуун дурлал, хүний дотоод сэтгэл, амар амгалан, эмзэглэл цөм бий.

-Таныг яруу  ертөнцөд тунхаглан зарласан  уран бүтээл гэвэл. Уншигч бүхэн өөр өөр мэдрэмжтэй учраас олон шүлэг хэлнэ. Таны зүгээс ямар шүлгээ илүү тоодог вэ?

-Үүнд сайн хариулж мэдэхгүй юм. Би зүгээр л бичиж, туурвиж амьдрахын тулд бичдэг. Энгийн нэгэн хөдөөгийн шүлэгч дээ.  Тунхаглаад байх зүйл үгүй.

-Тэгвэл яруу найрагтай холбогдсон үеэ дурсахгүй юу?

-Би дууны шүлгээр дамжин яруу найрагт орж ирсэн. Анхынхаа дууг арван найман настайдаа зохиож байлаа.  Хүн бүхэнд сонсгох гээд их догдолдог байсан. Мөн анхын номоо хэвлэлтэд өгчихөөд долоо хоног хүлээх гэж их юм болж байлаа. Гарсан хойно нь  бараг сар гаруй дэрлэж унтсан. Яруу найргийн ертөнц гэгээн юм. Хүнд баяр баясал, догдлол ухаарал хайрлана. Би тэр бүхнээс харамгүй амсаж яваадаа баярлаж сууна. Яруу найргийг тийм, ийм гээд дүгнээд хэлэх хэцүү. Гэхдээ би яруу найргийг тайлагдашгүй нууц гэж боддог. Яг л зүүд шиг. Өмнө нь бичих гээд чадахгүй байсан зүйл тамхи татаад сууж байхад гэнэт ороод ирнэ. Яг л цаанаас нь хэн нэгэн шивнээд байгаа юм шиг.

-Таны шүлгийн ихэнх нь богинохон  юм. Сүүлийн үед уран бүтээлчид ер нь богинохон шүлэг бичдэг болчихжээ?

-Гүларанс,Инжинаш гээд суутнууд хэлэх гэсэн санаагаа  яруу атлаа хэдхэн мөрөөр илэрхийлдэг байсан. Жинхэнэ яруу найрагч хэдхэн мөр бичдэг гэдэг үг ч бий. Би ч гэсэн богинохон бичихийг хичээх болсон. Гэхдээ ямар нэгэн төрөл жанр гэж уран бүтээлээ хайрцагладаггүй. Нуулгүй хэлэхэд ямар төрлөөр бичээд байгаагаа мэддэггүй, мэдэхийг ч хүсэхгүй байна.

-Гэхдээ өөрийн тань шүлгүүдийг дорнын өнгө аястай хэмээдэг. Үүнтэй санал нийлэх үү

-Тийм байж болох л юм. Ер нь дэлхий нийтийн урлаг дорнолог өнгө аястай болсон байна.  Өрнө бол нэг л хатуу хананд тулчихсан юм шиг. Дорно бол тийм юманд тулахгүй. Яагаад гэхээр дорнын ард түмэнд Зэн Буддизм гэж гайхамшиг байна. Оюун санааг усанд байгаа загас мэт чөлөөтэй сэлүүлдэг. Их чөлөөтэй сэтгэдэг ард түмэн. Буддизм бол хүний баригдсан сэтгэлийг чөлөөлж, задгайлж өгдөг гэж бодож байна.

-Тэгвэл таны туйлын зорилго юу юм бэ?

-Мэдэхгүй юм аа. Гэхдээ нэг хүсэл байдаг. Өөрийнхөө болон Монголын яруу найрагчдын шүлгийг дэлхийд гаргах. Дэлхийн яруу найрагтай эгнүүлж үзэхсэн гэж мөрөөддөг. Тэр цаг ирнэ гэдэгт итгэнэм.  Тэгээд бас би сонгодог руу  тэмүүлж яваа жирийн нэгэн уран бүтээлч.

-Таны дотоод ертөнцийг сонирхмоор санагдлаа. Хэр сэтгэлийн хөдөлгөөнтэй вэ?

-Миний дотоод ертөнц мөнхийн манантай.  Хаа нэг марал урамдахаас өөр сонирхох зүйл байхгүй дээ. Гэхдээ нутаг руугаа явахын өмнөх шөнө яагаад ч юм бэ их догдолдог. Бараг л унтаж чаддаггүй юм.   Би утга зохиолгүй бол амьдарч чадахгүй шиг хайрлаж дурлахгүйгээр бас амьдарч чадахгүй.  Тийм болохоор эдгээр бүхэн нэг цогц байж гэмээнэ би амьд явна.

-Нутагтаа очихдоо их догдолдог гэлээ. Юу нь таны сэтгэлийг тэгж их  хөглөдөг юм бэ?

-Би Архангай аймгийн Тариат суманд төрсөн.  Аав минь Цахирын Очирхайрхан уулын хүн. Энэ уулын зургийг авах гэхээр манан татчихаад болдоггүй их догшин, мөнх цастай хайрхан. Би тэр сайхан уулаасаа энерги авдаг. Мөн Тэрхийн цагаан нуур маань байна. Энэ хоёр газраас хуурын хоёр чавхдас шиг мэдрэмж, энерги над руу урсаж байдаг. Шүлэгч болохоос өөр аргагүй тийм л газар төрсөн дөө.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *