Франко Черри: Дуурьт дуулахын зэрэгцээ балет бүжиглэдэг

7-р сарын 2, 2017 11:55 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 3
_MG_0852

Р.ОЮУН

Италийн “Пуччини сан”-гийн дуучин Франко Черриг “Өөр зочин” булангийн зочноор урилаа. Тэрээр Монгол, Испани, ОХУ-ын уран бүтээлчидтэй хамтарч УДБЭТ-т “Үнсгэлжин” дуурьт тоглохоор ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайхан аялж ирлээ, нэлээд урт удаан аялал байлаа. Намайг Франко Черри гэдэг. Баритон хоолойтой, Италийн дуучин. Анх балетын бүжигчин, төгөлдөр хуурч, мөн загвар өмсөгчөөр ажиллаж байгаад мэргэжлээ сольж дуурийн дуучин болсон. Миний хөгжмийн карьер эхэлснээс хойш их аялж байгаа. Саяхан Хятадын 15 хотын дуурийн томоохон төсөлд уригдаж аялан тоглолтод оролцсон. Мөн Венийн хамгийн том алдартай театрт дуулсан. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Лондонд дуулах завшаан тохиосон. Энэ үеэр Монгол Улсын соёлыг сурталчилж байсан өдөрлөгт оролцсон нь анх удаа Монголын соёлтой танилцах боломж олгосон.

Яагаад дуурийн дуучин болсон юм бэ?

-Би балетын бүжигчин байсан. Нэг өдөр орчин үеийн бүжиг бүжиглэж байтал бүжиг дэглээч маань надаас “Энэ хэсгийг дуулж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд дуулсан чинь тэр үед дуурийн алдартай дуучин байж таараад “Ийм сайхан хоолойтой юм чинь дуурьт дуулах хэрэгтэй” гэж зөвлөснөөр дахин суралцаж өөрийн дуртай сонгодог урлагийг нэгтгэж чадсан.

Дуурийн дуучин байх, балетын бүжигчин байхын ялгаа нь юунд байна?

-Миний бодлоор ялгаа байхгүй. Яагаад гэвэл энэ хоёр урлаг хоёулаа тайзан дээр сэтгэлийн хөдлөлөө гаргадаг. Тиймээс балетын бүжигчин байснаараа удаан дуулах ноотыг балетын үсрэлттэй төсөөлж дуулдаг. Би дуулахдаа бүх бие сэтгэлээ зориулдаг. Энэ хоёр бие биенийхээ үргэлжлэл нь. Хоорондоо ялгаагүй гэж хэлж болно.

Дуулахынхаа хажуугаар балетад бүжиглээч гэвэл яах вэ?

-Би аль хэдийнэ ингэж бүжиглэсэн. Нэг дуурьт дуулж байтал миний бүжиглэдгийг мэддэг найруулагч байж таарсан. Тэгээд “Та энэ хэсэгт дуулаагүй байхдаа бүжиглээч” гэхэд нь бүжиглэхэд нэлээд хүч шаардсан ч сонирхолтой, сайхан санагдсан.

Өмнө нь Монголд ирж байв уу?

-Үгүй ээ, анх удаа ирж байна.

Юу нь их таалагдав?

-Хамгийн их таалагдаж байгаа нь монголчууд их тайван хүмүүс юм. Тэдний сайхан энергийг мэдэрч байна. Баруунд хүмүүс завгүй, сандарч гүйлдсэн хэцүү байдаг. Монголчуудын хувьд сайхан мэдрэмж, энерги ялгарч байгаа нь мэдэгддэг. Монгол охид их царайлаг юм билээ. Дараа нь ганцаараа тухтай ирж, аялна гэж бодож байгаа. Яагаад гэвэл гайхамшигтай, сайхан орон учраас эргэж ирж танилцахыг хүсч байна. 

Монгол хоол идэж үзэв үү. Ямар хоол нь их таалагдсан бэ?

-Бууз идэж үзсэн. Мах хийсэн паста байсан. Мөн ногоотой хонины мах идэж үзлээ. Маш их таалагдсан. Спортоор хичээллэдэг болохоор уураг ихтэй махан төрлийн хоол идэх дуртай. Би гүйхээс гадна усанд сэлдэг. Эрүүл мэндээ бодож хийдэг. Гэхдээ бас нэг гол шалтгаан нь дуулахад бэлэн байх ёстой. Хэдий чинээ бэлтгэл хийнэ төдий чинээ сайн дуулдаг.

Бэлтгэл сайн хийснээр хоолой сайн гарна гэсэн үг үү?

-Тийм ээ. Бид удаан хугацаагаар бэлтгэл хийдэг. Тухайлбал, 10 цагийн бэлтгэл хийх үе ч бий. Хэрэв сайн бэлтгэлтэй байхгүй бол дуулж чадахгүй.

Дуучид хоолойгоо сайхан байлгахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Та яадаг вэ?

-Хүн бүр өөрийн гэсэн заншилтай байдаг. Үүнийг буруутгах аргагүй. Миний хувьд дуулна гэдэг сэтгэл санаа сайхан байхтай холбоотой гэж боддог. Тиймээс өөрийгөө сайн, сайхан байлгах, амрахын төлөө ажилладаг. Хэдий чинээ сэтгэл санаа төвшин байна төдий чинээ хоолой гардаг.

Монгол дуучидтай хамтарч ажиллахад бэрхшээл байна уу?

-Ямар ч асуудал байхгүй. Өндөр төвшинд дуулдаг мундаг дуучид байгаа. Миний хувьд энэ хүмүүстэй өмнө нь хамт ажиллаж байсан юм шиг сэтгэгдэл төрж байна. Өмнө нь монгол дуучидтай хамтарч дуулж байгаагүй. Америк, Англи, Хятад, Герман, Австрийн дуучидтай дуулж байсан. Мөн дэлхийгээр тойрч дуурьт дуулдаг байсан.

Монгол дуучдыг бусад орны дуучидтай харьцуулахад ямар байна вэ?

-Монгол дуучид өндөр төвшинд байна гэж хэлмээр байна. Ялангуяа, италичуудын хэмжээнд, итали дуудлага, итали дуурийг дээд төвшинд сайн дуулж байна. “Үнсгэлжин” дуурьд хамтарч дуулснаар миний хувьд Монголтой харьцах эхлэл маань гэж бодож байна.      

Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Чөлөөт цагаараа төгөлдөр хуур тоглох, усанд сэлэх, ном унших, мөрөөдөх дуртай. Үүнээс гадна өөрийнхөө төлөвлөгөөнүүдийг их боддог. Тухайлбал, ямар хүнтэй яаж ажиллавал карьер маань сайн явах вэ, мастер классиа хэзээ нь хийвэл дээр вэ гэдгээ бодож төлөвлөдөг. Би далайтай ойрхон амьдардаг болохоор зав гарвал далай руу үсэрч ороод сэлэх дуртай.

Таны хобби юу вэ?

-Хоол хийх дуртай. Тэр тусмаа загасаар хоол хийх дуртай. Монголд ирээд хонины мах идэж үзсэн. Маш гоё зөөлхөн болгосон байсан. Тэрийг яаж хийж сурдаг юм билээ гэж бодож байна. Ямар ч гэсэн хийх гэж оролдож үзнэ ээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *